Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2022/00024

 

******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00429/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1240 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 55,330,000 төгрөг гаргуулах тухай,

Нэхэмжлэгч ******* гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгч Л.Батжаргал цахимаар, нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага :

Хариуцагч ******* нь барилгын суурийн ажил хийлгэсэн, ажлын хөлс 8,330,000 төгрөг болсныг төлөөгүй.

******* нь нэг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулж надаар *******-аас 30,000,000 төгрөгийн зээл авхуулсан бөгөөд 10,000,000 төгрөгийг би авч, 20,000,000 төгрөгийг ******* авч хэрэглэсэн. ББСБ-аас авсан зээлийг бид өөр өөрсдийн авсан мөнгөний хэмжээгээр төлөх талаар тохиролцсон. Гэтэл ******* нь өөрийн авсан 20,000,000 төгрөгийн зээлээ огт төлөөгүй учраас ******* нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гээд 47,000,000 төгрөг гаргуулах эвлэрлийн гэрээ байгуулж, тус гэрээгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар өгч одоо миний байрыг битүүмжилж данс хаалгасан байна.

*******, ******* нар нь надаар авхуулсан зээлээс тус бүрдээ 10,000,000 төгрөг авчхаад үндсэн зээл болон хүү алдангийг төлөхгүй, хууран мэхэлж эвлэрлийн гэрээ хийлгэж 47,000,000 төгрөгийн өрөнд оруулж хохироож байна.

Иймд 47,000,0000 төгрөгийг хувь тэнцүүлэн *******, Ө.Амартуяа нараас тус бүр 23,500,000 төгрөг гаргуулах, *******аас 8,330,000 төгрөг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

2.    Хариуцагч нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003016683 дугаартай, Дархан сумын 15 дугаар баг, Олон улсын худалдааны төвийн урд байрлах 120 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч банкинд барьцаалан үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөр санал тавьсан. 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгчөөр нэмж улсын бүртгэлийн Ү-2003016683 дугаартай өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******т шилжүүлэн өгсөн.

Нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч улмаар 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-тай №130700 тоот Баталгаат ипотекийн гэрээ, Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээл авч үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг төлсөн.

Хариуцагч ******* би нэхэмжлэгч *******аас удаа дараа үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж, 2015 онд нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийг чамд буцааж өгье, урьдчилгаанд төлсөн 10,000,000 төгрөгийг буцааж авч ******* ХХК-аас зээлсэн төлбөрөө барагдуулж барьцаанаас чөлөөлж өмчлөх эрхийг шилжүүлье гэхээр нь би *******т 10,000,000 төгрөгийг нь өгсөн.

Нэхэмжлэгч ******* нь 8,330,000 төгрөгийн байшингийн суурь хийсэн зүйл огт байхгүй бөгөөд ******* нь тухайн ажил хийж байгаагүй болох нь эрүүгийн 201609000609 дугаартай хэрэгт авагдсан гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр болон бусад нотлох баримтаар нотлогдох болно.

Хариуцагч ******* миний бие хууль болон гэрээнд заасны дагуу бусдын авсан зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөх үүрэггүй. Иймд нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга :

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч *******аас 10,000,000 төгрөг, хариуцагч *******гаас 6,660,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 38,670,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 174,950 төгрөгийг, хариуцагч *******гаас 121,510 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд, 

Зээлийн гэрээний үүрэгт 23,500,000 төгрөг, ажил гүйцэтгэсэн ажлын материалын үнэ 8,330,000 төгрөг нийт 31,830,000 төгрөг гаргуулах, *******гаас 23,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Энэ шаардлагатай холбогдолтой хангалттай нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байхад үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэн зээлийн гэрээний үүрэгтэй холбогдолтой шаардлагаас хасаж *******аас 10,000,000 төгрөг, *******гаас 6,660,000 төгрөг гаргуулж, ажил гүйцэтгэсэн 8,330,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

*******, ******* нар нь надаар Болор Зоос ББСБ-аас зээл авхуулж тус бүртээ 10,000,000, 10,000,000 төгрөг 2013 онд авчхаад зөвхөн авсан мөнгөө л төлөөд хүү, нэмэгдүүлсэн хүү, төлөхгүй байх нь шударга ёсонд нийцэхгүй байна.

4.б. Нотлох баримтуудыг үнэлсэн тухайд: 

******* нь эрүүгийн хэргийг хэлэлцэх анхан шатны шүүх хурал дээр Болор Зоос ББСБ-аас зээлүүлж авсан 10,000,000 төгрөг, хийсэн ажлын материалын үнэ 8,330,000 төгрөг нийт 18,330,000 төгрөг бэлнээр өгье гэхээр нь дутуу мөнгө авахгүй ээ, зээлийн хүү алдангийг нь хэн төлөх юм бэ гээд би түүнээс мөнгө аваагүй. хх/122-123/ тал

Гэтэл шүүхэд худлаа тайлбар гаргаад байгаа хүмүүст боломж олгосонд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талаас давж заалдах гомдлын хариу тайлбарт:

Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү, алданги авах эрхээ алдсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас нэхэмжлэгчийн суурийн ажил хийж гүйцэтгэснээс өөр ажил хийж гүйцэтгэсэн тогтоогддоггүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбаруудыг үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргааны агуулгыг зөв тодорхойлж чадаагүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангуулахыг хүссэн гомдлыг хүлээн авч, зөвхөн давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, талуудад хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулж, 55.330.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар *******г татан оролцуулж, зээлийн гэрээний үүрэг 23.500.000 төгрөг, хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэг 23.500.000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой ажлын хөлс 8.330.000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 47.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 2013 онд *******-аас 30.000.000 төгрөг зээлж, 10.000.000 төгрөгийг *******т, 10.000.000 төгрөгийг ******* нарт тус тус дамжуулан зээлдүүлж, зээлдэгч нар нь авсан 20.000.000 төгрөгийн зээлээ хүү алдангийн хамт төлөхөөр тохиролцсон гэж, 10 айлын барилгын ажлын суурийн ажлыг надаар хийлгэсний 8.330.000 төгрөгийн ажлын хөлс өгөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч ******* ...*******аас 10.000.000 төгрөг зээлж аваагүй... гэж, хариуцагч ******* ... ******* нь худалдан авахаар тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 10.000.000 төгрөг өгсөн. Дараа нь худалдахаас татгалзаж 10.000.000 төгрөгийг *******т буцааж өгсөн... гэж тус тус татгалзлын үндэслэлээ тодорхойлсон байна.

Болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл хариуцагч *******, ******* нар нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *******аас тус бүр 10.000.000 төгрөг зээлж авсан болох нь хэргийн 47 дугаар талд авагдсан баримтаар нотлогдох бөгөөд энэ талаарх хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагч ******* нь *******т 10.000.000 төгрөг буцааж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, хариуцагч ******* нь зээлсэн 10.000.000 төгрөгөөс 3.340.000 төгрөг буцаан төлсөн болох нь хэргийн 47 дугаар талд авагдсан хариуцагч *******гийн гарын үсэгтэй 10 сая төгрөг өгнө. Төлсөн дүнгээ хасч тооцно, ногдсон хүү, алданги өгнө, ******* нь 10.000.000 төгрөг зээлсэн болох нь түүний гарын үсэгтэй 10.000.000 төгрөг хүлээн авсан гэх баримтаар нотлогдоно.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.  

Энэ талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг тайлбарлан дүгнэлт хийж, *******гаас 6.660.000 төгрөг, *******аас 10.000.000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Орон сууцны суурийн ажлын хөлс 8.330.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь орон сууцны суурийн ажил хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэзээ ямар ажил гүйцэтгэсэн, ажлын хөлсийг хэрхэн тохиролцсон, ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн эсэх зэрэг нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнээд тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 346.1-т заасныг тайлбарлан хэрэглэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж чадаагүй, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй буюу хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.  

Хэргийн материалаас үзэхэд: 2013 оны 09 дүгээр сард хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* Мөнх зангилаа ХХК-аас амины орон сууцны барилгын ажилд зарцуулахаар арматур төмөр, цемент, кабель утас зэрэг барилгын материал авсан болох нь хэргийн 70, 71 дүгээр талд авагдсан зарлагын баримтууд, 65 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Мөн хэргийн 123 дугаар талд авагдсан 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Хохирлын мөнгө хүлээн авсан тухай гэх баримтаас үзвэл хариуцагч ******* нь барилгын суурийн ажилд зарцуулсан 8.330.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна.

Хариуцагч ******* нь *******аас 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зарлагын баримтаар барилгын суурийн ажилд зарцуулахаар 8.330.000 төгрөгийн барилгын материал авсан болохыг үгүйсгэсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл хариуцагч ******* нь амины орон сууцны суурийн ажилд зарцуулах зорилгоор нэхэмжлэгч *******аас нэр бүхий барилгын материалуудыг худалдан авсан байна гэж үзэхээр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч *******аас материалын үнэ 8.330.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1240 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг

Иргэний хуулийн ... 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч *******аас 10,000,000 төгрөг гэснийг, 18.330.000 төгрөг гэж, ... 38,670,000 төгрөгийг гэснийг 30,340,000 төгрөгийг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351.300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Х.БАЙГАЛМАА

                                                                 ШҮҮГЧ                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                 ШҮҮГЧ                   Л.АМАРСАНАА