Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01809

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Д-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШШ2020/00293 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Д-ы хариуцагч С- ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц захиалан бариулах гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д- миний бие 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороонд баригдаж буй С- ХХК-тай харилцан тохиролцож, орон сууц захиалан бариулах хоёр гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус компанийн 5087272875 тоот дансанд шилжүүлсэн. Хоёр байр худалдан авахаар тохиролцож, 1 давхарт 38.9 м.кв талбайтай, нэг өрөө Б1 байр, 6 давхарт 38.9 м.кв талбайтай, нэг өрөө Б6 байруудыг авах гэрээ байгуулсан. 1 давхарт 1 өрөө байрыг 1 м.кв-ыг 1 200 000 төгрөгөөр тооцож 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 500 000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөг төлсөн. 6 давхарт 1 өрөө 38.9 м.кв 1 өрөө байрыг 1 м.кв-ыг 1 100 000 төгрөгөөр тооцож 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15 000 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 19 000 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг сар сард нь төлж байтал гэрээгээ нотариатаар батлуулж өгөхгүй болохоор нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр барилга дээр нь очиж уулзахад Д.Гүндсамбуу гэх хүн би барилгаа мэднэ чамд байр өгөхгүй, одоо эндээс зайл гэж доромжилсон. Өнөөдрийг хүртэл бид байрны гэрээгээ нотариатаар батлуулж авах эсвэл мөнгөө авна гэсэн боловч өгөөгүй тул шүүхэд хандсан. Н.Д- Монгол Улсад байсан тул гэрээг байгуулж, нөхрийнхөө төрсөн дүү Б.Батчимэгт байр авч өгөхөөр гэрээг хийсэн. Дээрх нийт 23 000 000 төгрөгийг дүү Б.Батчимэгийн Хаан банкны 5035325955 тоот данснаас 6 удаа хувааж шилжүүлсэн. Б.Батчимэг нь 2018-2021 оны 7 дугаар сарын хооронд Солонгос Улсад амьдарч байсан тул би гэрээг байгуулсан. Би өнөөдрийг хүртэл хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар хохирч, бусдад элдвээр доромжлуулж байсандаа гомдолтой байна. Би дээрх 23 000 000 төгрөгийг хадгаламжийн дансандаа хадгалахгүй С- ХХК-аас байр авна гэж итгэж өгч байсан тул одоо 23 000 000 төгрөгийг хүү /Хаан банкны энгийн хугацаатай хадгаламжийн хүү 13 хувь/ тооцож нийт 24 990 000 төгрөгийг С- ХХК-аас нэхэмжилсэн. Өнөөдрийг хүртэл гэрээгээ нотариатаар батлуулаагүй, мөнгөө буцаан аваагүй тул гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэлийг өөрчилж байна. Хариуцагч С- ХХК-д нийт 23 000 000 төгрөгийг дүү Б.Батчимэгийн данснаас 6 удаа хувааж шилжүүлсэн. Өнөөдрийг хүртэл хөрөнгө, мөнгө, сэтгэл санаагаар хохирч, амьдрах байргүй, хувьдаа мөнгөгүй, санхүүгийн асуудал алдагдсан, гэрээний үүрэг зөрчигдсөн байдалтай байна. С- ХХК ь 2021 оны 4 сард байр өгөхгүй гэж гэрээний үүргийг хууль бусаар зогсоосон тул 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 2 гэрээний төлбөрийг нэгтгэж, 1 давхарт авахаар тохирсон номер 44 тоот гэрээг хэвээр байлгаж, гэрээний үүргийг хангуулахыг хүсэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Д- С- ХХК-нд холбогдуулан 24 990 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэгчтэй 2 гэрээ байгуулсан. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх үндэслэл, нөхцөл байдал юугаар нотлогдсон бэ, гэрээ цуцлагдсан юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Гэрээг өөрчилье гэсэн энэ гэрээний юу нь болохгүй, юуг зөрчөөд байгаа нь тодорхойгүй байх тул дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй. Гэрээг хэвээр байлгая гээд байна. Энэ гэрээ хэвээрээ байгаа. Мөн 2 байрны гэрээг нэгтгээд 1 давхрын байрыг авъя гээд байх юм. Орон сууц авахын тулд төлбөрөө бүрэн төлсөн байж шаардах эрх нь үүсэх ёстой. Нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Нэхэмжлэгч талаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байгуулсан хоёр гэрээний төлбөрийг нэгтгэн 1 давхарт авахаар тохирсон 44 тоот гэрээг хэвээр байлгаж, гэрээний үүргийг хангуулах гэж тодорхойлсон нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д-ы С- ХХК-тай байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Налайх дүүргийн 2 дугаар хороонд Хулан Тауэр төслийн хүрээнд баригдаж буй 1 орцтой 9 давхар орон сууцны 6 давхарт 38.9 м.кв талбай бүхий 1 өрөө Б6 орон сууцны худалдах худалдан авах 43 дугаартай гэрээг цуцалж, урьдчилгаа 19 000 000 төгрөгийг хариуцагч С- ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Н.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 8 600 төгрөгийг буцааж, хариуцагч С- ХХК-аас 388 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Д-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэхийн зэрэгцээ нэхэмжлэлээс хальж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдаагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Д-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 24 990 000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 44 тоот гэрээг хэвээр байлгаж гэрээний үүргийг хангуулахыг хүсэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж тодорхойлсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх ... эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэж заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байхыг шаарддаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага нь 44 тоот гэрээг хэвээр байлгаж гэрээний үүргийг хангуулахыг хүсэж байгаа гэж тодорхойлсон нь хуулийн дээрх зохицуулалттай нийцэхгүй, 44 тоот гэрээний ямар үүргийг хангуулахыг хүсэж байгаа нь тодорхойгүй, шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй учраас тодруулах шаардлагатай, тодруулснаар мэтгэлцэх зарчим хангагдах талаар удаа дараа хэлж байсан ч анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг нь шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаас эрс зөрүүтэй тайлбар хэлж 19 000 000 төгрөгийг шаардаж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь төрийн байгууллагад хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан эрх зүйч, хуульч хүний хувьд тодорхой бус, шүүхээс юу хүсээд байгаа нь тодорхойгүй тайлбар гаргаж оролцсон гэж үзэхэд хүргэж байна. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шинээр тодорхойлж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж буй үндэслэлээ уг байрыг бусдад худалдсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд намайг уг үндэслэлийг үгүйсгээгүй, зөвшөөрсөн гэж миний хэлээгүй зүйлийг шүүхийн шийдвэрт тусгаж өгсөн нь хуульд нийцэхгүй юм. Ямар эд хөрөнгөд ямар доголдол гарсан, уг доголдлыг арилгуулахаар хэрхэн хандаж байсан, энэхүү доголдол нь ямар баримтаар тогтоогдож байгаа талаар огт дүгнээгүй төдийгүй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эд хөрөнгийн доголдолтой хамааралгүй атал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл гэрээг ямар үндэслэлээр цуцлах болсон, хэнд, хэзээ орон сууцыг давхардуулан зарсан, ямар эд хөрөнгөд ямар доголдол гарсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 44 тоот гэрээг хэвээр байлгаж гэрээний үүргийг хангуулахыг хүсэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж тодорхойлсон атал анхан шатны шүүхээс нэхэмжлэлд хамааралгүй асуудлаар буюу хариуцагчаас 19 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцох боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Д- нь хариуцагч С- ХХК-д холбогдуулан 43, 44 тоот орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, 24 990 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 44 тоот гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилжээ. /хх-ийн 1-2, 4-р тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарахаар заасан бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийх ёстой.

 

Хэргийн 4 дүгээр талд авагдсан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаас үзвэл нэхэмжлэгч Н.Д- нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 43, 44 тоот орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн төлбөрийг нэгтгэж, 44 тоот гэрээний үүргийг гүйцэтгэхийг хариуцагчид даалгуулах агуулгатай шаардлага гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүх 43 тоот гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу төлсөн 19 000 000 төгрөгийг буцаан шаардсан мэтээр нэхэмжлэлийг тодорхойлон хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн хөндлөнгийн байх зарчимд нийцэхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хүрээнд дүгнэлт хийдэг. Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим бол зохигчдын буюу талуудын зарчим байдаг бөгөөд шүүх энэхүү зарчмыг хангахын тулд хөндлөнгийн байх зарчмыг хэрэгжүүлэх учиртай.

 

Түүнчлэн, зохигчийн хэн аль нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, 40 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.Д-ы төлсөн төлбөрт тооцож өгөхөөр тохиролцсон гэх тайлбарыг гаргасан байна. /хх-ийн 33, 53-р тал/. Энэ тохиолдолд талууд өмнөх гэрээний үүргийг сольсон эсэх, мөн талуудын хооронд хэдэн удаагийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч аль гэрээний үүргийг хэрхэн шаардаж байгааг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Энэ талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнд өгөх хариуцагчийн хариу тайлбар тодорхой болсны дараа талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэх боломжтой болно.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШШ2020/00293 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Г.ДАВААДОРЖ