Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/00030

 

Пюрхаус ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/05122 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1789 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч : Пюрхаус ХХК,

Хариуцагч : Х.Эрдэнэцэцэгт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 13.284.800 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу,  хариуцагчийн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Эрдэнэцэцэг нь автомашин авах зорилгоор 2014 оны 8 дугаар сард Пюрхаус ХХК-тай зээлийн гэрээ байгуулж сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэй байхаар тохиролцож 12 сая төгрөг зээлдэж авсан. Хариуцагч 2014.9.17-ны өдөр 700.000 төгрөг, 2014.10.16-ны өдөр 700.000 төгрөг нийт 1.400.000 төгрөг төлсөн. Гэрээний хоёр тал тохиролцож төлсөн 1.400.000 төгрөгийг 2014 оны гэрээний хүүнд тооцож, зээлийн гэрээг шинэчилж 2015.11.03-ны өдөр 12 сая төгрөг 1 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй байхаар зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч Пюрхаус ХХК-ийг төлөөлж Э.Ууганчимэг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Түүнд компаниас зээлийн гэрээг шинэчлэн хийж гарын үсэг зурах итгэмжлэл олгогдсон. 12 сая төгрөгийг зээлсэн эсэхэд хариуцагч маргадаггүй. Хариуцагч Х.Эрдэнэцэцэгээс үндсэн зээл 12 сая төгрөг, 1 сарын хүү 480.000 төгрөг, гэрээнд заасан алданги 77 хоногоор тооцож 4.804.800 төгрөг нийт 17.284.800 төгрөг нэхэмжилсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2016.5.12-ны өдөр хариуцагч 4 саятөгрөг төлсөн. Энэ төлбөрийг зээлээс хасч 13.284.800 төгрөг нэхэмжилж байгааг Х.Эрдэнэцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 онд анх мөнгө зээлсэн учир нь бол  Toyota camry машин авах зорилготой байсан юм. Нэхэмжлэлийн эхний төлбөр болгон 2016.5.12-ны өдөр 4 сая төгрөг бэлнээр төлсөн. Ийм байдлаар зээлсэн мөнгөө төлж дуусгах саналтай байна. Toyota camry машиныг өр төлбөртөө өгөх саналтай байна. Нэхэмжлэгч тал 2015.11.03-ны өдрийн зээлийн гэрээний хүүг бодохдоо үндсэн зээл 12 сая төгрөгөөс бодож нэхэмжилсэн. Хариуцагчид 2014.9.17-ны өдөр 700.000 төгрөг, 2014.10.16-ны өдөр 700.000 төгрөг тус тус төлсөн. Тиймээс 2015.11.03-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 10.600.000 төгрөг тул үүнээс хүү бодогдоно. Пюрхаус ХХК-ийн гэрчилгээн дэх үндсэн зорилго нь гадаад худалдаа эрхлэх бөгөөд  мөнгө зээлсэн нь Иргэний хуулийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл тул зээлийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус юм. Х.Эрдэнэцэцэг зээлээс 4 сая төгрөг төлсөн. Өмнө нь 2014 онд 1.400.000 төгрөг төлсөн.Иймд үндсэн зээлээс 5.400.000 төгрөг төлөгдсөн гэж хасаад үлдэх 6.600.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Гэрээ хүчин төгөлдөр бус тул хүү, алданги нэхэмжлэх эрхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/05122 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Х.Эрдэнэцэцэгээс 13 284.800 төгрөг гаргуулж Пюрхаус ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.450 төгрөгийг улсын орлогод  үлдээж, Х.Эрдэнэцэцэгээс 224.374 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1789 дугаартай магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/05122 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...13.284.800 төгрөг...” гэснийг “...11268.240 төгрөг” гэж, “...олгосугай...” гэснийг “...олгож” гэж, “...олгож” гэсний дараа “...нэхэмжэллийн шаардлагаас үлдэх 2.016.560 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 2 дахь заалтын “...224.374 төгрөг...” гэснийг “...195.242...” төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасан хүүгээс анз тооцохгүй гэх заалтыг зөрчсөн. Мөн хариуцагчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн, “нотариатч О.Цэвэлмааг асуулгах хүсэлтийг хангахгүй орхисон нь буруу биш байна” гэх боловч анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалд хууль зүйн үндэслэл тусгагдаагүй нь нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Зээлийн гэрээний 2.7-д заасан алдангид 4.244.240 төгрөг нь илт их байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу анзын хэмжээг 2.000.000 төгрөгөөр багасгаж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:  

Пюрхаус ХХК  Х.Эрдэнэцэцэгээс үндсэн зээл 12.000.000 төгрөг, хүү 480.000 төгрөг, алданги 4.804.800 төгрөг нийт 17.284.800 төгрөгөөс төлсөн 4.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 13.284.800 төгрөг гаргуулахыг шаардсан /хх 57/ байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ /хх 25, 26/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилж, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 10.600.000 төгрөг, зээлийн хүү 424.000 төгрөг, алданги 4.244.240 төгрөг нийт 15.268.240 төгрөгөөс төлөгдсөн 4.000.000 төгрөгийг хасаж үлдэх 11.268.240 төгрөг гаргуулахаар болжээ.     

Хариуцагч магадлалыг эс зөвшөөрөхдөө “...шүүх хүүгээс анз тооцосон нь буруу... гэрч О.Цэвэлмааг асуулгах хүсэлтийг хангаагүй... алданги илт их байна...” гэж гомдсон байна.

а/. Шүүх хүүгээс анз тооцсон нь буруу гэх хариуцагчийн гомдлоор шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэдэг бөгөөд  анзын талаар талууд тохиролцсон байхыг шаардана.    

Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнээс үзвэл Пюрхаус ХХК нь 12 сая төгрөгийг хариуцагчид нэг сарын хугацаатай, сарын 4 хүүтэй зээлүүлэх, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна. /хх 9/ Хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй байх тул шүүх зээлдэгчээс алданги гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-г зөрчөөгүй гэж үзнэ. Үндсэн зээл, түүнд төлөх хүү нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2, 2.4-т заасан үүрэг байх бөгөөд уг үүргийг хариуцагч биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар Х.Эрдэнэцэцэгээс алданги гаргуулсан буруу биш юм. Шүүх гэрээний үүрэгт алданги тооцсон тул хүүгээс анз тооцосон гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.6, 232 дугаар зүйлийн 232.6-г зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

б/. Алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д нийцэх бөгөөд энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгчээс анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан байхыг шаардана. Алдангийн хэмжээг багасгах хүсэлтийг хариуцагч анхан шатны шүүхэд гаргаж байгаагүй /хх 25, 39, 45/ тул энэ тухай гомдлоор магадлалд өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.2, 116 дугаар зүйлийн 116.3, 120 дугаар зүйлийн 120.4-т нийцэхгүй.

в/. Хариуцагч нь /хх 56/ нотариатчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасныг шүүх хангахгүй орхиж 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 102/ШЗ2016/23783 дугаар захирамж гаргасан /хх 59/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105, 123  дугаар зүйлийг зөрчөөгүй байна. Хариуцагч нь гэрчийг оролцуулах хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө гаргаагүй шалтгааныг буюу хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нотлох баримтыг /гэрчийн мэдүүлэг/ урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1789 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 49.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ