Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 5122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Алтай хотхон, 16 дугаар байр хаягт байрлах Пюр хаус ХХК /РД:5672805/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 16 дугаар байрны 187 тоотод оршин суух, 1988 онд төрсөн 28 настай, Лхагва овогт Хүрэлбаатарын Эрдэнэцэцэг /РД:НЬ88020465/

Гэрээний үүрэг 17.500.000 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Пюрхаус ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагч Х.Эрдэнэцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Пюрхаус ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Х.Эрдэнэцэцэг нь автомашин авах зорилгоор 2014 оны 08 дугаар сард Пюрхаус ХХК-тай зээлийн гэрээ байгуулж сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэй байхаар тохиролцож 12.000.000 төгрөг зээлдэж авсан. Хариуцагч 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 700.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 700.000 төгрөг нийт 1.400.000 төгрөг төлсөн. Гэрээний хоёр тал тохиролцож төлсөн 1.400.000 төгрөгийг 2014 оны гэрээний хүүнд тооцож, зээлийн гэрээг шинэчилж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй байхаар зээлийн гэрээг байгуулсан. Үүнээс хойш зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч Пюрхаус ХХК-ийг төлөөлж Э.Ууганчимэг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Түүнд компаниас зээлийн гэрээг шинэчлэн хийж гарын үсэг зурах итгэмжлэл олгогдсон. 12.000.000 төгрөгийг зээлсэн эсэхэд хариуцагч маргадаггүй. Хариуцагч Х.Эрдэнэцэцэгээс үндсэн зээл 12.000.000 төгрөг, 1 сарын хүү 480.000 төгрөг, гэрээнд заасан алданги 77 хоногоор тооцож 4.804.800 төгрөг нийт 17.284.800 төгрөг нэхэмжилсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч 4.000.000 төгрөг төлсөн. Энэ төлбөрийг зээлээс хасч 13.284.800 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч Х.Эрдэнэцэцэгээс гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Х.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дээрх нэхэмжлэлийг шүүхээс хүлээн аваад 2016 оны 05 дугаар сарын эхээр захирал Д.Золжаргалтай Пюрхаус ХХК-ийн офиссын байранд очиж уулзсан бөгөөд нэхэмжлэлийн дагуу төлбөрөө паркетан шалаар тооцоо хийх эсвэл 2014 онд орж ирсэн Toyota camry машинаа /анх мөнгө зээлсэн учир нь Toyota camry машин авах гэж зээлсэн/ өгөх санал тавьсан. Ингээд энэ байдлаар тохиролцоё гэж ярилцсан. Нэхэмжлэлийн эхний төлбөр болгон 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 4.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Ийм байдлаар зээлсэн мөнгөө төлж дуусгах саналтай байна. Хэрвээ миний дээрх санал дээр тохиролцохгүй бол надад байгаа ганц хөдлөх хөрөнгө болох Toyota camry машиныг өр төлбөртөө өгөх саналтай байна гэжээ.

 

Хариуцагч Х.Эрдэнэцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч тал 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний хүүг бодохдоо үндсэн зээл 12.000.000 төгрөгнөөс бодож нэхэмжилж. Хариуцагч 2014 оны 09 дүгээр сарын 17-нд 700.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 700.000 төгрөг тус тус төлсөн. Тиймээс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 10.600.000 төгрөг тул үүнээс хүү бодогдоно. Пюрхаус ХХК-ийн гэрчилгээн дэх үндсэн зорилго нь гадаад худалдаа эрхлэх бөгөөд Х.Эрдэнэцэцэгт мөнгө зээлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллгааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл тул зээлийн гэрээ бүхэлдээ  хүчин төгөлдөр бус гэрээ. Х.Эрдэнэцэцэг зээлээс 4.000.000 төгрөг төлсөн. Өмнө нь 2014 онд 1.400.000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээлээс 5.400.000 төгрөг төлөгдсөн гэж хасаад үлдэх 6.600.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Гэрээ хүчин төгөлдөр бус тул хүү, алданги нэхэмжлэх эрхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад                                                                    

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Пюрхаус ХХК шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Х.Эрдэнэцэцэгээс 17.500.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж гэрээний үүрэгт 13.284.800 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч Х.Эрдэнэцэцэг нь автомашин авах зорилгоор нэхэмжлэгч Пюрхаус ХХК-наас сард 1 хувь, жилд 12 хувийн хүүтэйгээр 11 сарын хугацаатай буюу 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарын дотор төлж дуусгахаар тохиролцон 12.000.000 төгрөгийг зээлдэн авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, 2014 онд байгуулсан зээлдүүлэгч зээлдэгчийн хоорондох зөвшилцлийн тухай гэрээ, гэрээний эргэн төлөлтийн хуваарь гэсэн баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2014 оны 09, 10 дугаар сард тус тус 700.000 төгрөг нийт 1.400.000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш гэрээний эргэн төлөлтийн хуваарь буюу хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс талууд гэрээг дүгнэн дуусгавар болгож 2015 оны 11  дүгээр  сарын 03-ны өдөр зээлийн гэрээг шинэчилж 12.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож төлөхөөр тохирч гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч Пюрхаус ХХК, хариуцагч Х.Эрдэнэцэцэг нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг харилцан хүлээхээр заажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Пюрхаус ХХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн тул хэлцэл нь хүчин төгөлдөр бус, зээлээс 6.600.000 төгрөгийг төлнө” гэж тайлбарладаг боловч зохигч харилцан тохиролцон мөнгө зээлдэж зээлийн гэрээг байгуулсан нь хуулийн этгээдээс эдийн засгийн үйл ажиллагаа явуулах боломж орон зайг хуулиар хориглоогүй тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдохгүй юм.

Пюрхаус ХХК-ийн ажилтан Э.Ууганчимэг  нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар компанийн өмнөөс Х.Эрдэнэцэцэгтэй зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нь зээлийг авч ашигласан тул гэрээний дагуу хүү, алдангийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч гэрээний үүрэгт үндсэн зээл 12.000.000 төгрөг, 1 сарын хүү 480.000 төгрөг, алданги 4.804.800 төгрөг нийт 17.284.800 төгрөг нэхэмжилж үүнээс 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийн төлсөн 4.000.000 төгрөгийг хасч, шүүх хуралдаанд 13.284.800 төгрөг нэхэмжилсэн тул хариуцагч Х.Эрдэнэцэцэгээс 13.284.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Пюрхаус ХХК-нд олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Эрдэнэцэцэгээс хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.

          

Иргэний хэрэг шүүхэд  хянан шйдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.Эрдэнэцэцэгээс 13.284.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Пюрхаус ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Эрдэнэцэцэгээс 224.374 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Пюрхаус ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                                                                    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА