Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1789

 

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/05122 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХт холбогдох

 

Гэрээний үүрэг 17 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

ХХ нь автомашин авах зорилгоор 2014 оны 8 дугаар сард “Х” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэй байхаар тохиролцож 12 000 000 төгрөг зээлдэж авсан. Хариуцагч 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 700 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 700 000 төгрөг нийт 1 400 000 төгрөг төлсөн. Гэрээний хоёр тал тохиролцож төлсөн 1 400 000 төгрөгийг 2014 оны гэрээний хүүнд тооцож, зээлийн гэрээг шинэчилж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12 000 000 төгрөг 1 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй байхаар зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийг төлөөлж ХХХХХ зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Түүнд компаниас зээлийн гэрээг шинэчлэн хийж гарын үсэг зурах итгэмжлэл олгогдсон. 12 000 000 төгрөгийг зээлсэн эсэхэд хариуцагч маргадаггүй. Хариуцагч ХХээс үндсэн зээл 12 000 000 төгрөг, 1 сарын хүү 480 000 төгрөг, гэрээнд заасан алданги 77 хоногоор тооцож 4 804 800 төгрөг нийт 17 284 800 төгрөг нэхэмжилсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч 4 000 000 төгрөг төлсөн. Энэ төлбөрийг зээлээс хасч 13 284 800 төгрөг нэхэмжилж байгааг ХХээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч ХХийн тайлбарт:

            2014 онд орж ирсэн Toyota camry машинаа /анх мөнгө зээлсэн учир нь Toyota camry машин авах гэж зээлсэн/ өгөх санал тавьсан. Ингээд энэ байдлаар тохиролцоё гэж ярилцсан. Нэхэмжлэлийн эхний төлбөр болгон 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 4 000 000 төгрөг бэлнээр төлсөн. Ийм байдлаар зээлсэн мөнгөө төлж дуусгах саналтай байна. Хэрвээ миний дээрх санал дээр тохиролцохгүй бол надад байгаа ганц хөдлөх хөрөнгө болох Toyota camry машиныг өр төлбөртөө өгөх саналтай байна. Нэхэмжлэгч тал 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний хүүг бодохдоо үндсэн зээл 12 000 000 төгрөгөөс бодож нэхэмжилсэн. Хариуцагч 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 700 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 700 000 төгрөг тус тус төлсөн. Тиймээс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 10 600 000 төгрөг тул үүнээс хүү бодогдоно. “Х” ХХК-ийн гэрчилгээн дэх үндсэн зорилго нь гадаад худалдаа эрхлэх бөгөөд ХХт мөнгө зээлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл тул зээлийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус юм. ХХ зээлээс 4 000 000 төгрөг төлсөн. Өмнө нь 2014 онд 1 400 000 төгрөг төлсөн.

                Иймд үндсэн зээлээс 5 400 000 төгрөг төлөгдсөн гэж хасаад үлдэх 6 600 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Гэрээ хүчин төгөлдөр бус тул хүү, алданги нэхэмжлэх эрхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ХХээс 13 284.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХээс 224.374 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэл болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан няцаалтыг үгүйсгэсэн бөгөөд 2014 оны 8 дугаар сард байгуулсан зээлийн гэрээг дүгнэн дуусгавар болгох тухай хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээлийн төлбөрт 10 600 000 төгрөг гэх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн баримт авагдаагүй байхад шүүх үндсэн төлбөрт 12 000 000 гаргуулахаар шийдвэрлэсэн. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээнд ХХХХХ нь "Х ХХК"-ийг төлөөлөн зээлийн гэрээ байгуулах итгэмжлэл нь тухайн зээлийн гэрээг байгуулах үед байсан эсэх талаар гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэсэн. Гэвч хэргийг хянан шийдвэрлэхдээ 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээг үндэслэсэн. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн "Х ХХК"-иас ХХХХХт олгосон итгэмжлэлээс үзэхэд зээлийн гэрээг зээлдэгчийн хүсэлтийн дагуу шинэчлэн хийж .., гэх өгүүлбэр байх боловч хариуцагчийн хүсэлт хавтаст хэрэгт авагдаагүй.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/05122 тоот шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журамд нийцүүлэн явуулсан, талуудын нотлох баримт бүрдүүлэх эрх бүрэн хангагдсан учраас хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч ХХт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 10 600 000 төгрөг, хүү 2 280 000 төгрөг, алданги 4 620 000 төгрөг, нийт 17 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 13 284 800 төгрөг гаргуулахаар шаарджээ.  

 

            Хариуцагч ХХ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч үйл ажиллагааны зорилгоо зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан тул уг гэрээгээр хүү, алданги шаардах эрхгүй, өмнө нь төлсөн 1 400 000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 4 000 000 төгрөгийг зээлийн дүгнээс хасч, үлдэгдэл 6 600 000 төгрөгийг төлнө” гэж маргасан байна.

 

            Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч “Х” ХХК нь  хариуцагч ХХт 2014 оны 8 дугаар сард 12 000 000 төгрөг сард 1 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн, хариуцагч гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүйгээс зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дээрх гэрээг дүгнэж 12 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.  

 

Шүүх талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн гэрээг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар тайлбарлаж, “Х” ХХК болон ХХ нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Мөнгөн хөрөнгө зээлдүүлсэн талуудын тохиролцоо Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, мөнгөн хөрөнгийг  зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцох тухай мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй болно.

 

            Талуудын хооронд 2014 онд 12 000 000 төгрөгийн зээлийн харилцаа үүсч энэ гэрээний үүрэгт хариуцагч нийт 1 400 000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагчийн төлсөн дээрх төлбөрийг зээлийн хүүд тооцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

 

            Иймд зохигчдын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дүн болох 12 000 000 төгрөгөөс хариуцагчийн өмнө нь төлсөн 1 400 000 төгрөгийг хасч зээлийн үлдэгдэл 10 600 000 төгрөгөөс хүү, алданги тооцох нь зүйтэй байна.

 

            Хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 10 600 000 төгрөг, түүний 1 сарын хүү 424 000 төгрөг нийт 11 024 000 төгрөг төлөх үүрэгтэй боловч уг үүргийг биелүүлэх хугацааг 77 хоногоор  хэтрүүлсэн байх тул гэрээний 2.7-д зааснаар алдангид 4 244 240 төгрөг тооцох хуулийн үнэдслэлтэй байх ба хариуцагчийн гүйцэтгэвэл зохих нийт үүргийн дүн 15 268 240 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 4 000 000 төгрөгийг хасч 11 268 240 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

           

            Шүүх хариуцагчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн, “нотариатч ХХХХХХХХг асуулгах хүсэлтийг хангахгүй орхисон нь буруу биш байна.

           

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 016 560 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/05122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “… 13 284 800 төгрөг ….” гэснийг “…11 268 240 төгрөг” гэж, “…олгосугай” гэснийг “…олгож” гэж, “…олгож” гэсний дараа “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 016 560 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 2 дахь заалтын “…224 374 төгрөг…” гэснийг “…195 242 төгрөг…” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХын төлсөн 224 370 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                А.МӨНХЗУЛ