Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 5

 

Ц.М , Ц.М  нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Ц.М ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ц.М ын өмгөөлөгч Б.Баясгалан, хохирогч Б.У , түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1123 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 969 дугаар магадлалтай, Ц.М , Ц.М  нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ... овогт Ц.М,

2. Монгол Улсын иргэн, ... овогт Ц.М  нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.М , Ц.М  нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.М , Ц.М  нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Б.У , түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Ц.М , Ц.М  нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нар хамтран гаргасан гомдолдоо “...Магадлалд ”...хохирогч Б.У-ийн дэвтрийг зээлсэн болон буцаан өгсөн тооцоо нийлэхэд ач холбогдолтой тул уг дэвтрийг олж шинжлэн судлах шаардлагатай. ” гэж дүгнэсэн. Гэтэл хохирогч нь 2015-2018 оны хооронд шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн зээлийн тооцоог хөтөлдөг дэвтэр байхгүй талаар удаа дараа мэдүүлсэн байдаг. 8хх-72, 7хх-87, 8хх-94 дүгээр талд авагдсан баримтуудад тодорхой тусгагдсан байгаа. Үүнээс өөр дэвтэр хэрэгт авагдаагүй. Харин хохирогчийн өөрийнх нь хэрэгт гаргаж өгсөн дэвтрийн 2 хуудас хуулбар баримт 5хх-199 дугаар хуудсанд авагдсан.

Өөрөөр хэлбэл хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаагүй дэвтрийг шинжлэн судлах нь эрх зүйн боломжгүй бөгөөд “дэвтэр шинжлэн судлагдаагүй” гэх магадлалын үндэслэл ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх энэ талаар бодит дүгнэлт хийлгүй төөрөгдсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна. Хэргийг шалгасан 4 жилийн хугацаанд хэргийн материалд хохирогчийн гэх дэвтэр ерөөсөө байдаггүй.

Давж заалдах шатны шүүх нь цагаатгах тогтоолд дурдсан “...гэрээний харилцаа нь ...залилах гэмт хэрэг гэж үзэхгүй гэж дүгнэсэн”-ийг үндэслэлгүй гэж үгүйсгэсэн боловч ийнхүү дүгнэлт хийхдээ ойлгомжтой, тодорхой тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь хохирогч, яллагдагч нарын хэн аль нь тодорхой хугацааны туршид харилцан тохирч зээлийн харилцаатай байсан зээлийн хүү, хүүгийн хүү зэрэг асуудалд маргаан үүссэнийг тэд хүлээн зөвшөөрдөг. Зээлийн харилцаанаас үүдэлтэй зээл төлсөн, төлөөгүй гэх асуудлаар тэд маргасан бөгөөд зээлдэгчээс бэлнээр болон дансаар зээлдүүлэгч буюу хохирогчид мөнгө төлсөн нь тогтоогдсон.

Ц.М  нь Б.У-ээс анхнаасаа гэмт санаа зорилго агуулж мөнгө зээлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэтэл улсын яллагч зээлийн харилцаа нь “Залилах” гэмт хэрэг гэж үзэн М, М нарыг ялласан. Анхан шатны шүүх яллах дүгнэлтэд дурдсан үйлдлийг хэрэгт авагдсан бүхий л баримтуудад тулгуурлан үнэлж дүгнээд гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэж цагаатгасан нь үндэслэл бүхий болсон.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо нотолгооны талаар болон онолын үүднээс хангалттай, маш тодорхой үнэлэлт дүгнэлт өгсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Түүнчлэн улсын яллагчийн удаа дараагийн яллах дүгнэлтүүд, хохирогчийн мэдүүлгүүд, тооцооллын дүн, хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргаж байсан гомдол, улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдийг хэрэгт цугларсан бусад баримтуудтай харьцуулан судалбал өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, бодит үнэнд нийцээгүй, хэт яллах талыг баримталсан болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.

Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч Б.Баясгалан нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “..анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн...” мэтээр дүгнээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосныг нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт өгч хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

1. ...Давж заалдах шатны шүүх хэргийг сайтар нягтлаагүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хангалттай шинжлэн судалж, үнэлэлт дүгнэлт өгсөн нь цагаатгах тогтоолоос тодорхой харагддаг. Харин давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэх атлаа цагаатгах тогтоолыг хүчингүй болгож буй үндэслэлээ ойлгомжтой, тодорхой тайлбарлаагүй, шинжлэн судлаагүй гэх дэвтэр нь хэрэгт хэрхэн нөлөөлж болохыг ч тодорхой дүгнээгүй, хохирогч болон улсын яллагч өмнө нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд олон удаагийн хуралд дэвтрийн талаар огт дурдаж байгаагүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй.

Хохирогч нь 2015 оноос 2018 оны хооронд шүүхийн бүх хэлэлцүүлэгт өөрийн зээлийн тооцоог хөтөлдөг дэвтэр байхгүй талаар удаа дараа мэдүүлж байсан бөгөөд хэрэгт авагдсан эд зүйл болох дэвтрийн талаарх мэдээлэл хэргийн 6хх-72, 7хх-87, 8хх-94 дүгээр хуудсанд авагдсан баримтуудаас тодорхой харагдана. Хохирогч нь энэ бүх хугацаанд дэвтэр гэх зүйл хэрэгт гаргаж өгөөгүй.

Хэргийн материалтай удаа дараа танилцахад хохирогчийн гэх эд мөрийн баримтаар хураагдсан эх хувь дэвтэртэй танилцаж байгаагүй.

Хэрэгт хохирогчийн дэвтрийн хуулбар гэх баримт авагдсан тохиолдолд эх хувиар авагдаагүй дэвтрийг шинжлэн судлах шаардлагатай гэж үзэж буй давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.

2. Ц.М ыг ганцаараа болон эгч Ц.М тэйгээ бүлэглэн хохирогчийг залилсан гэж үзэж прокурорын удаа дараа үйлдсэн яллах дүгнэлт нь хэрэгт цугларсан баримтаар няцаагдаж Ц.М ыг цагаатгах үндэслэлийг бүрдүүлж байгааг давж заалдах шатны шүүх хэргийг бүх талаас нь хянасан гэх боловч тэдгээр нотлох баримтуудад бодит дүгнэлт өгөөгүй байна.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь Ц.М аас нэхэмжилсэн 42 сая гаруй төгрөгийн гүйлгээ тус бүрийг нотлох баримтаар үгүйсгэсэн бөгөөд хохирогч “...мөнгө зээлээд нэг ч төгрөг өгөөгүй” гэх боловч 10 удаагийн гүйлгээгээр буцаан өгснийг “...мөнгөө аваагүй залилуулсан” гэж байгаа нь үндэслэлгүй.

Прокурор нь давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ хэргийн материалд байхгүй тооцоо баримтыг дурдсан байхад давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийг хууль ёсны мэтээр хүлээн авсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрвээ Ц.М ыг хохирогчоос шилжүүлсэн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэж үзэж буруутгаж байгаа бол 42 сая төгрөгийг хэрхэн, яаж зарцуулсныг тогтоох ёстой.

Залилах гэмт хэрэг гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан ямар ч баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.М ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Ц.М ийн хувьд урьдын харилцаанд үндэслээд хохирогчийн итгэлийг эвдэж залилах санаа зорилго байхгүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх нотлох баримтад дүгнэлт хийж, хууль бус аргаар авсан нотлох баримтуудыг үнэлэхгүй гэж зөв дүгнэлт хийсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдээгүй дэвтрийн талаар дүгнэлт хийх ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Сүүлд хохирогчийн зүгээс хэд хэдэн нотлох баримтуудыг гаргаж өгсөн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Ц.М  нь хохирогчийн итгэлийг эвдэх, залилах санаа зорилгогүй байсан гэж зөв дүгнэлт хийсэн. Бичгийн хэлбэрээр хийгдээгүй боловч зээлийн харилцаа байсан, удаа дараа хүүтэй зээл төлж байсан талаар тогтвортой мэдүүлдэг. Хохирогчийн зүгээс Ц.М  бусадтай, дангаар залилангийн үйлдэл хийхдээ зориулалтын бус мөнгөө ашигласан гэдэг үндэслэл гаргадаг. Энэ нь үндэслэлгүй юм. Үүнийг анхаарч үзнэ үү. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.М ын өмгөөлөгч Б.Баясгалан хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэдэг үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Тухайн дэвтэр нь анхнаасаа хэрэгт авагдаагүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр дэвтэр яригддаг бөгөөд энэ нь Ц.М ийн дэвтэр байдаг. Хохирогчийн дэвтрийн хоёр хуудсыг хэрэгт хавсаргасан асуудлыг давж заалдах шатны шүүх үнэлээгүй, шинжлэн судлаагүй гэдгийг залруулж гомдолдоо дурдсан байгаа. Манай үйлчлүүлэгчийн хувьд хохирогч Б.У ээс дансаараа авсан, буцааж хохирогчийн данс руу шилжүүлсэн мөнгөн дүнгийн хувьд илүү төлөлттэй байгаа. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хэлсэн саналдаа “...Хохирогч Б.У  нь тооцооны хар дэвтрийг эд мөрийн баримтаар хураалгасан. 5 дугаар хавтаст хэргийн 43 дугаар талд мөрдөгчийн тогтоол авагдсан байдаг. Дээрх дэвтрийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлах шаардлагатай байна гэдэг хүсэлтийг тавьсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан хохирогчоос хураалгасан хар дэвтэр шүүхийн хэлэлцүүлгийн явцад байхгүй байна, шинжлэн судлуулах шаардлагатай гэдэг хүсэлтийг мөн гаргасан. Анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхэд энэ талаар хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргасан. Тооцооны дэвтрийг шинжлэн судлах зайлшгүй шаардлагатай байсан. Учир нь шүүгдэгч нар тооцооны талаар маргадаг. Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн дэвтрийг шинжлэн судлах нь ач холбогдолтой байна, хохирлын тооцоог тогтоосон, үгүйсгэсэн, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, банкны хуулга, хувийн тооцооны дэвтрүүд, санхүүгийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт хийлгүй хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан учир магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нар нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийн 125 596 160 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд зээлийн харилцаанаас үүдэлтэй, иргэний эрх зүйн маргаан гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Ц.М  нь ганцаараа болон дүү Ц.М тэй бүлэглэн 125 596 160 төгрөгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ хэрэгт дөрвөн жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Хэрэг шүүхээс удаа дараа буцах болсон нэг үндэслэл нь хуучин, шинэ хуулийг харьцуулан хууль буцаан хэрэглэх асуудал гарсан зэргээс хамаарч хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан. Яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд байр, лангуугаа зарж хохирлыг барагдуулна гэж итгүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаар өөрсдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг зарж их хэмжээний ашиг олсон төлөх боломж удаа дараа гарсан байдаг. Дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад Ц.М ын дансанд 207 800 000 төгрөг, Ц.М ийн дансанд 144 000 000 төгрөгийн орлого орсон болох нь тогтоогддог. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Яллах талын нотлох баримтуудыг цагаатгах талын ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн болох нь тодорхойгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаж байна. Хохирогчийн эд мөрийн баримтаар хураалгасан тооцооны дэвтрийг шинжлэн судлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь цагаатгах тогтоол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Магадлалыг хэвээр үлдээж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ц.М , Ц.М  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ц.М , Ц.М  нарыг бүлэглэж Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт иргэн Б.У ээс “Бараа материал татна, байрны урьдчилгааны мөнгө төлнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэн нийт 71 удаагийн үйлдлээр дансаар болон бэлнээр 248 885 000 төгрөгийг авч, уг зээлсэн мөнгөө өөрсдийн хувийн хэрэгцээнд болон банкны зээлийн төлбөрт зарцуулах зэргээр ашиглаж, 38 удаагийн үйлдлээр авсан 107 691 000 төгрөгийг 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 06  дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 123 288 840 төгрөг болгон эргэн төлж барагдуулах зэргээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ц.М  нь ганцаараа Хаан банкны .... тоот дансаар 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 42 973 550 төгрөг, Ц.М , Ц.М  нар нь бүлэглэн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Хаан банкны ... тоот, Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансуудаар болон бэлнээр 82 622 610 төгрөг буюу 33 удаагийн үйлдлээр нийт 125 596 160 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Б.У т их хэмжээний хохирол учруулан залилсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг жагсаан бичээд энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.М , Ц.М  нар нь “Залилах” гэмт хэргийн субъектив санаа зорилго агуулаагүй тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, харин бодит байдалд шүүгдэгч нар нь хохирогчийг ямар нэгэн төөрөгдөлд оруулалгүйгээр харилцан тохиролцож аман хэлцэл хийсэн, зээлийн гэрээний гол үндсэн нөхцлийн талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.М , Ц.М  нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн тухайн хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй, мөн хэрэгт хохирогчийн эд мөрийн баримтаар хураагдсан дэвтрийг шинжлэн судлаагүй, санхүүгийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг хохирлын тооцоотой холбоотой баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн, няцаасан нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадласан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийх бөгөөд эдгээрийг шийтгэх, цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах талаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.9 дүгээр зүйлүүдэд хэм хэмжээ тогтоож, үүнийг зөрчсөн нь тус хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохоор хуульчилжээ.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо яллах талын нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулахад ямар үндэслэлээр үгүйсгэгдэж буюу няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийгээгүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож буй хууль зүйн дүгнэлт тодорхойгүй болсон байна.

Залилах гэмт хэрэг эхэлсэн, төгссөн цаг хугацааг нарийвчлан тогтоож, дүгнэлт хийх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хөөн хэлэлцэх хугацаа дуусах болон бусад эрх зүйн үр дагаварт шууд нөлөөлдөг.

Прокурор Ц.М , Ц.М  нарыг хохирогч Б.У ээс урьдын харилцаа буюу зээл авч, буцаан төлж байсан харилцаа буюу итгэлийг урвуулан ашиглаж 125 596 160 төгрөгийг зээл нэрээр буцаан төлөх зорилгогүйгээр авсан гэсэн агуулга бүхий “Залилах” гэмт хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг тогтоож  шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл шүүх дээрх нөхцөл байдал буюу аль үеэс итгэлийг нь урвуулан зээл авах нэрээр залилах гэмт хэрэг үйлдсэн, хэдийд төгссөн зэрэг эрүүгийн эрх зүйн тодорхой үр дагавар үүсгэдэг нөхцөл байдалд няцаасан дүгнэлт хийлгүйгээр ерөнхийд нь иргэний эрх зүйн зээлийн харилцааны үндэслэл зааж, үйл баримтын болон хууль зүйн дүгнэлтээ хооронд нь огт холболгүйгээр шийдвэр гаргасан байна.

Шүүхээс цагаатгах тогтоол гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан агуулга, үндэслэлүүдийг тодорхой илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд үүнийг хангаагүй нь ноцтой зөрчилд тооцогдож шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдог тул давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 969 дугаар магадлалыг  хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН