Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1123

 

 

 

    2019        07         16                                   2019/ШЦТ/1123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Алтанцэцэг,   

Нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

Хохирогч Б.Уранчимэг, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

Шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

Шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Ц.М, Ц.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2501 1780 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш
мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн 14
дүгээр хороо, 13а-26 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд ял шийтгэлгүй, ХБ78012385 регистрийн дугаартай, Халзан
овогт Цогтбаатарын М,

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи
хэлний багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр 3
хүүхдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а-2б тоотод оршин суух
хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ХБ87101581 регистрийн дугаартай, Халзан овогт Цогтбаатарын М.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.М, Ц.М нар нь бүлэглэн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрээс нийт 71 удаагийн үйлдлээр иргэн Б.Уранчимэгээс дансаар болон бэлнээр 248.885.000 төгрөгийг бараа материал татна, байрны урьдчилгааны мөнгө төлнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэн авч, уг зээлсэн мөнгөө өөрсдийн хувийн хэрэгцээнд болон банкны зээлийн төлбөрт зарцуулах зэргээр ашиглаж, 38 удаагийн үйлдлээр авсан 107.691.000 төгрөгийг 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 123.288.840 төгрөг болгон эргэн төлж барагдуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ц.М нь ганцаараа Хаан банкны 5022411034 тоот дансаар 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 42.973.550 төгрөг, Ц.М, Ц.М нар нь бүлэглэн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Хаан банкны 5022431389 тоот данс болон Худалдаа хөгжлийн банкны 452580125 тоот дансаар, мөн бэлнээр 82.622.610 төгрөг буюу 33 удаагийн үйлдлээр нийт 125.596.160 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Б.Уранчимэгт их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                   

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

Миний бие Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Есүс хамгийн эрхэм" сүмд 2006 оноос хойш тасралтгүй очдог болсон идэвхтэй итгэгч юм. Манай сүмд 2010 оны үеэс Мөнхбаяраа гэх пастор ирсэн. Тэр үеэс Мөнхбаярааг таньдаг болсон. Хамгийн анх 2012 оны үед Мөнхбаяраа надаас "манай дүү М, М хоёр наймаа хийх гэтэл мөнгө дутаад байна" гээд 1 сая төгрөг 7-10 хоногийн хугацаатай зээлж аваад cap гарангийн дараа эргүүлж өгч байсан. Тэгэхдээ хүүний мөнгө гэж 100.000 төгрөг өгөхөөр нь би аваагүй юм. Тэгээд үүнээс хойш Мөнхбаяраа өөрийн хоёр дүү М, М хоёрыгоо бараандаа явах гэж байна гээд л надаас мөнгө зээлж аваад удаалгүй эргүүлж өгдөг байсан. 2013 оны 03 дугаар сард М, М хоёр надруу залгаад "Бөмбөгөр дээр бид хоёртой хамт наймаа хийдэг хүмүүс 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг хүн асуугаад сайна" гэхээр нь би "та хоёроос өөр хүнд мөнгө зээлмээргүй байна" гэхэд "манай найз нар байгаа юм, Бөмбөгөр дээр мөнгө зээлдэг хүмүүс нь мөнгө байхгүй" гэж байна гэхээр нь би ард нь сүмийн пастор Мөнхбаяраа байгаа болохоор арай ч худлаа ярихгүй байх гэж бодоод 8 сая төгрөгийг Мийн Хаан банкны 5322431389 данс руу шилжүүлж байсан. М энэ мөнгийг зээлэхдээ 8.8 сая төгрөг болгож эргүүлж өгнө гэж авч байсан. Тэгээд 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр М нь 6.300.000 мянган төгрөгийг Хаан банкны 5022411034 тоот дансаар авсан. Эргүүлж өгөхдөө 7 сая твгрөг болгож өгнө гэж, 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 1.8 сая төгрөгийг 2 сая төгрөг болгож өгнө гэж Мын дансаар, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1.530.000 төгрөгийг Ц.Мын Хаан банкны 5022411034 тоот дансаар, 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3.500.000 төгрөгийг Ц.Мын Хаан банкны 5022411034 тоот дансаар /Уранчимэгийн төлбөрт Хасуу цамхаг ХХК шилжүүлсэн/, 2013      оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1.350.000 төгрөгийг 1.5 сая болгож өгнө гэж Мийн дансаар, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Мийн Хаан банкны дансаар 900 мянган төгрөгийг шилжүүлж авсан. Энэ мөнгийг 1 сая төгрөг болгож өгнө гэж, 2014       оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 8.100.000 төгрөгийг 9 сая төгрөг болгож өгнө гэж Мийн дансаар, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 4.5 сая төгрөгийг 5 сая төгрөг болгож өгнө гэж Мийн дансаар, 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Мийн дансаар 900.000 төгрөгийг 1 сая төгрөг болгож өгнө гэж, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 4 сая төгрөгийг 4.4 сая төгрөг гэж бичүүлж Мын Хаан банкны дансаар, 2014 оны 03 дугаар сарын 03-нд 3 сая төгрөгийг 3.3 сая төгрөг гэж бичүүлэн Мын дансаар, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 4 сая төгрөгийг 4.4 сая төгрөг гэж бичүүлж Мийн Хаан банкны дансаар, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 3 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй Мийн дансаар, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 5.800.000 төгрөгийг 7 сая төгрөг гэж бичүүлж Мын Хаан банкны дансаар, 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 5.400.000 төгрөгийг 6 сая төгрөг гэж бичүүлж Мын Хаан банкны дансаар, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 6.3 сая төгрөгийг 7 сая төгрөг гэж бичүүлж Мын Хаан банкны дансаар, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 2.7 сая төгрөгийг 3 сая төгрөг гэж бичүүлж Мийн Хаан банкны дансаар, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр М 3.6 сая төгрөгийг 4 сая төгрөг гэж бичүүлэн Хаан банкны дансаар, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Мийн 452580125 тоот Худалдаа хөгжпийн банкны дансаар 27 сая төгрөгийг 30 сая төгрөг болгож өгнө гэж, 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Мийн 452580115 тоот Худалдаа хөгжпийн банкны дансаар 8 сая төгрөгийг 8.8 сая төгрөг болгож өгнө гэж, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Мийн 452580125 тоот ХХБ-ны дансаар 1.8 сая төгрөгийг 2 сая төгрөг болгож өгнө гэж бичүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Мын Төрийн банкны 102500215281 тоот дансаар 3.556.000 төгрөгийг 4 сая төгрөг болгож өгнө гэж, 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Мийн Хаан банкны 5022431389 тоот дансаар 1.4 сая төгрөгийг 1.5 сая болгож өгнө гэж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ц.Мийн Хаан банкны дансаар 1 сая төгрөгийг 1.1 сая төгрөг болгож өгнө гэж, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Мийн Хаан банкны дансаар 3.6 төгрөгийг 4 сая гэж бичүүлж, 2014  оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Мийн Хаан банкны 5022431389 тоот дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлж, 2015            оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Мийн ХХБ-ны дансаар 5 сая төгрөг 5.5 сая төгрөг гэж бичүүлэн шилжүүлж авсан. Эдгээр мөнгийн нийт үнийн дүн нь 146 сая орчим болж байгаа.

Мөн 2014 оны наадмын үеэр Мийн Бөмбөгөр дэх лангуун дээр 3.8 сая төгрөг 10 хувийн хүүтэй зээлж авч байсан. Мөн 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр М нь 8 сая төгрөг бэлнээр зээлж авсан. Энэ мөнгийг авсан мессежний хуулга нь хэрэгт байгаа. Эдгээр мөнгийг би М, М нарт зээлэхэд хүү харж зээлж байгаагүй. Энэ хоёр хүн өөрсдөө л 10 хувийн хүү өгье гэж санал тавьж зээлж авсан юм. Би энэ хоёр хүнд яагаад мөнгө зээлсэн гэвэл цэвэр христэд итгэгч хүмүүс худал ярих, бусдыг хууран мэхлэхийг нүгэл гэж үздэг юм. М, М хоёрын эгч Мөнхбаяраа, Мөнхтогоо нар нь сүмийн пастор, М, М болон тэдний ээж аав нар нь бүгд христийн итгэгч нар юм. Тийм болохоор би эдгээр хүмүүсийг гэр бүлээрээ христийн итгэгч, пасторууд болохоор намайг хуурч мэхэлнэ гэж огт бодолгүйгээр тусалж, дэмжиж байна гэж бодож л мөнгө зээлдүүлсэн юм. М, М нар нь 2013 оны 03 дугаар сарын 07-ноос хойш зээлсэн мөнгөнөөс надад огт төлөлт хийгээгүй. Ганц нэг удаа л бага сага хүү төлж байсан. Харин 2013 оны 03 дугаар сараас өмнө зээлсэн мөнгөнүүдээ төлж тооцоогоо дуусгасан. Эдгээр хүмүүс надаас мөнгө зээлэхдээ эхэн үедээ "Бөмбөгөрт наймаа хийдэг найзууддаа зээлж байгаа, бид хоёр ард нь байгаа болохоор санаа зоволтгүй" гэж хэлж зээлж авдаг байсан. Сүүлдээ М нь "Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 59 дүгээр байрны 6 тоот байрыг худалдан авахад урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна" М нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 13а байрны 26 тоот орон сууцыг худалдан авахад урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж хэлж зээлж авч байсан.

Эдгээр хүмүүс намайг хувиараа бизнес эрхэлдэг ганц бие, өрх толгойлсон эмэгтэй гэдгийг маань болон элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэдгийг маань сайн мэдэж байсан. Миний араас явах хүн байхгүй гэдгийг ч сайн мэддэг. Яаж мэддэг гэхээр манай сүмийн бүх итгэгч нар нэгнийхээ ахуй амьдрал, зовлон бэрхшээлийг сайн мэддэг юм. Хэн нэгний амьдралд ямар нэгэн зүйл тохиолдвол тэрийгээ ярьж бүгдээрээ нийлж залбирал үйлддэг юм. Тийм болохоор эдгээр хүмүүс намайг зээлдүүлсэн мөнгөнийхөө араас хөөцөлдөж чадахгүй гэж бодож элэг барьж, миний цэвэр итгэлийг минь ашиглаж надаас мөнгө залилан авсан гэж бодож байна.

Би эдгээр хүмүүст итгэж байсан болохоор ямар ч баримт, гэрээ хийгээгүй. Харин дансаар шилжүүлж байсан мөнгөний банкны баримтууд байгаа.

Миний зүгээс намайг залилан мэхэлсэн Мөнхбаяраа, М, М нарт маш их гомдолтой байгаа. Мөнхбаяраа нь "Рем хөтөлбөрт манай хоёр дүү болох М, М нар явахаар боллоо, визэнд орохын тулд баталгаа болгож байршуулах 7 сая төгрөг өгч туслаач" гэх мэтээр хандахад нь би мөнгө өгч тусалж байсан. Үүнээс хойш үргэлжлүүлэн 34 удаагийн үйлдлээр өөрсдийнхөө болон өөр бусад хүмүүсийн нэр дээр нийт 90.991.000 төгрөгийг М, М нар надаас зээлж авсан бөгөөд энэ мөнгийг 3 жилийн хугацаанд 27.599.740 төгрөгийн хүү төлж буцаан өгч миний итгэлийг олж авсан юм. Гэхдээ энэ мөнгийг буцааж төлөхдөө 200.000, 300.000 гэх мэтээр бага багаар цувуулан төлж байсан. Хүүтэй мөнгө зээлдүүлсэн болон эргүүлэн авсан асуудал нь ингээд дууссан. Би анх эдгээр хүмүүст мөнгө зээлэхдээ хүү авч байгаагүй. Сүүлд нь энэ хүмүүс "хүний мөнгийг зүгээр өгөөд яах вэ, хүү өгье, манай найзууд 10 хувийн хүүтэй мөнгө зээлье гэж байна" гэж надад санал тавьсан. Би тэгэхэд "би зөвхөн та нарт итгэж байгаа учраас л мөнгө зээлдүүлж байгаа, өөр хүнд би мөнгө зээлдүүлж чадахгүй" гэж хэлэхэд М, М хоёулаа "бид нар найдвартай, ард нь бид хоёр байгаа учраас өөрсдөө хариуцна, тэдгээр хүмүүсийн иргэний үнэмлэхийг канондоод гэрээ хийчихнэ" гэж надад итгүүлсэн. Би манай сүмийн пасторын дүү гэдэг утгаар нь маш их итгэж байсан. Одоо бодоод байхад анхнаасаа нарийн төлөвлөгөөтэй, судалгаатайгаар намайг мөнгөтэй гэдгийг болон татлаа түтлээгүй гэдгийг Мөнхбаяраа судалж мэдэн дүү нартаа хэлж миний онц их хэмжээний мөнгийг залилан мэхэлж авсан. Би М, М нарт 2012 оноос 2015 оны хооронд нийт 232.185.000 төгрөгийг зээлсэн. Энэ мөнгөнөөс М, М нарын Хаан банкны 5022411034, 5022431389 дугаартай данснууд руу нийт 117.429.000 төгрөг шилжүүлсэн. Худалдаа хөгжлийн банкны 452559520, 452580125, 452558941 дугаартай данснууд руу нийт 56.500.000 төгрөг, Хадгаламж банкны 10250021528 дугаартай данс руу 3.800.000 төгрөг, Төрийн банкны 102500215281 данс руу 3.556.000 төгрөг шилжүүлэн өгч байсан. Мөн бэлнээр М болон Мын нөхөр Батболд нарт нийт 34.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн. М "манай нөхөр Батболдын ах японоос машин ачуулсан чинь гааль дээр саатчихаад байна, 16 сая төгрөг хэрэгтэй байна" гэж хэлэхээр нь би 16 сая төгрөгийг Батболдтой хамт Хас банканд очиж бэлнээр авч өгч байсан юм. 2012 онд Мөнхбаяраа пастор Солонгос улс руу сүмийн "Рем" хөтөлбөрт оролцуулахаар сүмийн итгэгч нараас 30 гаруй хүн дагуулж явах болсон. Энэ хөтөлбөрт Мөнхбаяраагийн дүү М, М хоёр оролцоно гээд Мөнхбаяраа пастор визний баталгаа болгож банканд байршуулах 7 сая төгрөгийг сүм дээр бэлнээр авч байсан. Энэ мөнгийг би Мд өгч байсан. 2014 онд М нь бараандаа явна гээд мөнгө зээлээч гэхээр нь би өөрт байсан 2.500 долларыг солиулаад 3.800.000 төгрөгийг Мт бэлнээр өгч байсан. 2015 оны 2 сарын 7-ны өдөр М "манай хамт наймаа хийдэг хүн мөнгө зээлээч гэж байна" гэж хэлэхээр нь би 8 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгтэл М "нөгөө хүн маань зээлэхээ больчихлоо, би энэ мөнгийг чинь хэрэглэе" гээд авч байсан. Мөн М, М нар хамт ажилладаг хүмүүс маань мөнгө зээлээч гэж байна гэж хэлэн нийт 16.000.000 төгрөгийг өөр хүмүүсийн дансаар авсан. М, М нар өөрийн дүү нар болон бизнес эрхэлдэг найдвартай хүмүүс гэх долоон хүнд надаас мөнгө авч өгсөн. Нэрийг нь дурдвал 2013 оны 06 сарын 10-нд Цогтбаатарын Мөнх-Эрдэнэ /Мийн төрсөн дүү нь/-д Хаан банкаар 2.250.000 төгрөгийг Мийн хэлснээр М гэж нэрийг нь бичээд шилжүүлсэн. Энэ мэтчилэн Пүрэвсүрэн Батсүмбэр, Батнасан Азжаргал, Агваан Цэрэннадмид, Минжүүрдорж Батжавхлан, Шагдарсүрэн Нямаа /Мын хадам ээж/, Цогтбаатар Мөнхжаргал /төрсөн дүү нь/. Эдгээр хүмүүсийн нэр дээр нийт 16.100.000 төгрөгийг авч, буцаан төлөхдөө миний данс руу өөрсдийн М, М гэх нэрээрээ эргүүлэн төлж байсан. Энийг ялгаж салгахыг хүсэж байна. Энэ асуудлууд бол М, М нарын зүгээс надад хүү төлж, миний итгэлийг олж авч байсан үед болсон явдал юм. Энэ мөнгөнүүдийг буцаан төлсөн тул ийнхүү зааглан яриад байгаа юм.

Би энэ хүмүүсээс хүү алданги нэхэмжлэхгүй, зөвхөн үндсэн зээлсэн мөнгөө л гаргуулж авмаар байна. Би Солонгос улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай байгаа учир эдгээр хүмүүсээс миний хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 121-128-р хуудас/

Ц.М, Ц.М нар нь нийт 71 удаагийн үйлдлээр 248.885.000 төгрөгийг авсан, үүнээс 123.288.840 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл 125.596.160 төгрөгийг төлөөгүй залилсан. Би Мийг танихгүй учраас Ц.М нь над руу ярьж мөнгө асуудаг байсан. Мөнгө авахдаа М нь тэдэн төгрөг өгөөч бараагаа татах гэсэн юм, хамт явах бараа татах хүндээ зээлүүлэх гэсэн юм гэх зэргээр мөнгө авч байсан. Ц.М нь надаас мөнгө асуувал би өгөхгүй бөгөөд Ц.М нь яриад Ц.М эгч танд дансны дугаар явуулна та тийшээ тэдэн төгрөг явуулаач гэхээр нь би Ц.Мийн данс руу болон Ц.Мийн өгсөн данс руу мөнгө хийдэг байсан. Тиймээс энэ хоёрыг нийлж байгаад бүлэглэн намайг залилсан гэж үзэж байна. Ц.М, Ц.М нар нь надаас мөнгө зээлж бага багаар төлж надад итгэл төрүүлж байсан. Харин дансны хуулгыг нь сүүлд харахад бараа татах биш бусад зүйлд зарцуулж, хувийн хэрэгцээнд хэрэглэж байсан байна лээ. Мөн хүмүүст мөнгө зээлнэ гэж надаас мөнгө авдаг байсан боловч хүмүүст зээлээгүй, өөрсдөө хувийн хэрэгцээнд зарцуулдаг байсаныг би үүнийг хэрэгтэй танилцах үедээ мэдсэн гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 120-р хуудас/

 

Гэрч Ж.Баасанжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би "Есүс хамгийн эрхэм" сүмд 2009, 2010 оны үеэс 2011 оны сүүл үе хүртэл үйлчлэгчийн ажил хийж байсан. Мөн энэ хугацаанд сүмийн санхүүг нэг хэсэг барьж байсан...М, М хоёр Мөнхбаяраагийн төрсөн дүү нар нь, мөн манай сүмийн итгэгч нар юм. М бид хоёр найз нөхдийн харилцаатай. М, М нар Уранчимэг эгчээс мөнгө зээлсэн талаар Уранчимэг эгчээс өөрөөс нь сонссон. Тэр хэлэхдээ М, М нарт мөнгө зээлсэн чинь өгөхгүй байна гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-р хуудас/,

 

Гэрч Б.Азжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:

2013 оны 10 сард би Бөмбөгөр худалдааны төвд лангуу түрээслэн наймаа эрхэлдэг байсан. Тухайн үед бараа авах гээд мөнгөний хэрэгцээ гарсан юм. Тэгээд Маас мөнгө зээлэх хүн байна уу гэхэд таньдаг хүнээсээ зээлээд өгье гээд 2.0 төгрөг зээлж байсан. Тэр хүн нь хүүний мөнгө гэж 200.000 төгрөгийг нь суутгаад 1.8 сая төгрөгийг миний Хаан банкны 5007587437 тоот данс руу шилжүүлж байсан. Тэгээд би удахгүй хүүгийн хамт 2.0 төгрөгийг Мд өгч байсан гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 145-146-р хуудас/,

 

Гэрч Б.Болорын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би Уранчимэг, М, М нар хоорондоо өр авлагатай гэдгийг өөрсдийнх нь ярианаас сонсож мэдэж байсан. Би М, М нар нь Уранчимэгт бэлнээр мөнгө өгч байсныг нь харж байгаагүй. Энэ талаар мэдэхгүй. М, М нар Уранчимэгт мөнгө өгөх гэж байна гэж ярьж байхыг нь харин сонсож байсан. Уранчимэг эгчийг хүмүүст мөнгө зээлдэг гэдгийг нэлээн дээр сүмийн итгэгч нар хоорондоо ярьж байхыг хальт сонсож байсан. Гэхдээ ямар хүнд, хэдэн төгрөг зээлж байсныг мэдэхгүй гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 154-р хуудас/,

 

-Ц.М, Ц.М нарын банкны харилцах дансанд хийгдсэн гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1-р хх-ийн 52-105-р хуудас/,

-Б.Уранчимэгийн банкны харилцах дансанд хийгдсэн гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1-р хх-ийн 106-119-р хуудас/,

-Ц.Мийн Бөмбөгөр худалдааны төвд худалдаа үйлчилгээ эрхлэж байсан тухай гэрээний хуулбар /2-р хх-ийн 28-30-р хуудас/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, үнэлгээ /3-р хх-ийн 71-78-р хуудас/,

-хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /3-р хх-ийн 125-127, 5-р хх-ийн 42-43/,

-Ц.Мийн 2 ширхэг орлого, зарлагын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 82-84/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 4340 дугаартай шинжээчийн дүгнэлт /7-р хх-ийн 48-57/,

-Алтан жолоо аудит ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн аудитын тайлан /7-р хх-ийн 63-75/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлт /7-р хх-ийн 88-97/,

 

Шүүгдэгч Ц.Мийн шүүх хуралдаанд өгсөн:

Би Уранчимэг эгчээс 2012 оноос эхлэн 10 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Энэ хугацаанд зээлсэн мөнгө болон хүүний талаар байнга дэвтэрт тэмдэглэж ирсэн. 2015 оны 10 дугаар сард цагдаагаас намайг дуудаж би 3 хоног цагдан хоригдсон. 2015 оны сүүлээр надад байсан дэвтрээ хураалгасан. Гэтэл Уранчимэг эгч надад дэвтэр байхгүй гээд баримтаа гаргаж өгөөгүй. Сүүлдээ дэвтэр байсан болж мэдүүлэг нь өөрчлөгдсөн. Би бэлэн мөнгө өгч байсандаа буруудаж байна. Би байр авч байгаа, урьдчилгааг нь зээлээч гэж зээл авч байсан. Энэ хугацаанд би ажлуулдаг байсан лангуугаа хураалгаж, 40 гаран сая төгрөгийн зээл төлсөн байраа ч хураалгасан. Урагшаа гарч бараа материал татна гэж зохиомол байдал үүсгэн зээл авсан гэсэн байна. Би худлаа ярьдаг хүн биш. Би 82.000.000 төгрөгийг бэлэн өгсөн байдаг. Уранчимэг гэдэг хүний банкны дансны орлогыг шалгаад өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Мөрдөн байцаагч уг хүсэлтийг хэсэгчлэн хангана гэсэн хариу өгсөн. Бид өөрсдөө Бөмбөгөрийн хажууд байх Хас банкнаас Уранчимэгийн орлогыг шүүлгээд 12.000.000 төгрөгийн баримтыг гаргаж авсан. Тиймээс Уранчимэгийн банкны орлогыг нарийвчлан шалгуулах хүсэлтэй байна. Өөр хүмүүсийн дансаар орсон гэх 16.100.000 төгрөгийг ч шалгуулмаар байна. Дансны хуулга дээр Мт гээд орсон байхад яагаад М дээр нэмээд байгааг ойлгохгүй байна. Уг баримт гараад ирвэл надад Уранчимэгт өгөх төлбөр байхгүй гэж үзэж байна. Урнаа эгчээс мөнгө зээлж авсан нь үнэн. Тооцооны маргаан байгаа нь үнэн. Одоо ч төлөх төлбөр байгаагаа мэдэж байна. Харин хэд гэдгийгээ тогтоомоор байна. Миний дүү энд хамаагүй. Над дээр ажиллаж байсан л хүн ш дээ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Мын шүүх хуралдаанд өгсөн:

Өмнө нь 2017, 2018 онд мөн энэ мөнгөтэй холбоотой яллах дүгнэлт үйлдэж хурал болж байсан. Намайг 42.000.000 төгрөгтэй холбогдуулж яриад байна. Уг 42.000.000 төгрөгний задаргаа нь байна уу гэвэл үгүй. 9 удаагийн Хаан банкны, 1 удаагийн Төрийн банкны баримтаар задлаж байна гэнэ. Тэр нь Уранчимэгийн гаргаж өгсөн тооцоог мөрдөн байцаагч гаргаж өгөөд шинжээч түүнийг нь үндэслэж дүгнэлтээ гаргасан. Шинжээчийн дүгнэлт буруу байсныг өмнө болсон шүүх хуралд шинжээч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Иймд би шинжээчийн дүгнэлт болон яллах дүгнэлтэнд итгэхгүй байна. Өмнөх шүүх хурлууд дээр би бүх зүйлээ үнэнээр хэлсэн. Уранчимэг эгчийн банкны хуулгыг нарийн шалгаад үзвэл бүх зүйл харагдана. Уранчимэг эгч Бөмбөгөр худалдааны төвд наймаа эрхэлдэг хүнд мөнгө зээлдэг. Гэтэл би наймаа хийдэггүй найз Азжаргалд мөнгө зээлж өгсөн болж таарах уу. Уранчимэг өөрийн дансанд орлого гээд ороод ирсэн мөнгийг ч үнэн зөв тайлбарлаж чадахгүй байдаг. М 500.000, 1.000.000 төгрөг гээд олон удаа мөнгө төлдөг байсан.  Уранчимэг өөрийн дансанд орж ирсэн мөнгийг өөрөө мэдэхгүй хэн мэдэх вэ. Өмнөх шүүх хурлын шийтгэх тогтоолд давж заалдахад Нийслэлийн шүүхийн магадлалд мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн алдааг нь зааж өгөөд зас гэхэд прокурор шүүх хурлын явцад засах боломжтой гэж үзсэн. Одоо засаад өгөөрэй. Уранчимэгийн хэлж ярьж байгаа нь байнга өөрчлөгдөнө. Бидний хэлсэн ярьсан зүйл бүгд буруу байдаг. Бэлэн мөнгөнд би оролцдоггүй. Дансаар Уранчимэгээс мөнгө авдаг байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Ц.М, Ц.М нарын бүлэглэн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрээс нийт 71 удаагийн үйлдлээр иргэн Б.Уранчимэгээс дансаар болон бэлнээр 248.885.000 төгрөгийг бараа материал татна, байрны урьдчилгааны мөнгө төлнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэн авч, уг зээлсэн мөнгөө өөрсдийн хувийн хэрэгцээнд болон банкны зээлийн төлбөрт зарцуулах зэргээр ашиглаж, 38 удаагийн үйлдлээр авсан 107.691.000 төгрөгийг 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 123.288.840 төгрөг болгон эргэн төлж барагдуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ц.М нь ганцаараа Хаан банкны 5022411034 тоот дансаар 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 42.973.550 төгрөг, Ц.М, Ц.М нар нь бүлэглэн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Хаан банкны 5022431389 тоот данс болон Худалдаа хөгжлийн банкны 452580125 тоот дансаар, мөн бэлнээр 82.622.610 төгрөг буюу 33 удаагийн үйлдлээр нийт 125.596.160 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Б.Уранчимэгт их хэмжээний хохирол учруулан залилсан гэх үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ц.М, Ц.М, хохирогч Б.Уранчимэг нарын өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг үнэлж дүгнэж үзэхэд гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл болох нь тогтоогдохгүй байна.

 

Залилах гэмт хэргийн тухайд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилготой байх бөгөөд ингэхийн тулд өмчлөгчийг хууран мэхлэж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурах, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол Залилах гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцохоор хуульчилсан байна.

 

Ц.М, Ц.М нар нь Б.Уранчимэгийг ямар нэгэн үг, үйлдэлээр төөрөгдөлд оруулж хуураагүйгээр түүнээс мөнгө зээлэх хүсэлт гаргасны дагуу Б.Уранчимэг нь өөрөө зөвшөөрч, нөхцөл байдалд бодитойгоор үнэлэлт тооцож мөнгө зээлдүүлсэн болох нь тэдний мэдүүлэгээр тогтоогдож байна.

 

Талуудыг зээлийн гэрээний гол үндсэн нөхцлийн талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь хэдэн төгрөгийг хэр хугацаатай зээлэх, хугацаа дууссаны дараагаар хэдэн төгрөг болгож өгөх буюу хэдэн хувийн хүү тооцох тухай нөхцөлүүдийг хэлэлцэж, харилцан зөвшөөрсөн байна.

 

Дээрх хэлцэлийг амаар тохиролцохдоо баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаагүй, мөнгө зээлдэгч нар нь өөрсдийн хувийн нөхцөл байдал, бэлэн хувцас, цүнхний худалдаа эрхэлдэг болох байдалдаа хүч сүр оруулалгүйгээр бодит байдлыг үнэн зөвөөр илэрхийлж ойлгуулсан байна. Маргалдаж буй талууд нь урьд нь хэн хэнийгээ сүмийн итгэгч, пасторын дүү гэх зэрэг байдлаар таньж мэддэг байсан байх ба ямар нэгэн байдлаар хамтран ажил үйлчилгээ эрхлэж байгаагүй, олон жилийн өмнөөс нэгнийгээ мэддэг байгаагүй учир  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх ойлголт Б.Уранчимэг, Ц.М, Ц.М нарын хооронд үүсэхгүй.

Б.Уранчимэгийн христэд итгэдэг итгэл буюу сүсэг бишрэлийг далимдуулсан үйлдэл тогтоогдохгүй байна. Сүсэг бишрэлийг далимдуулах ойлголт нь итгэгч, сүсэгтэний тухайн итгэж сүсэглэж байгаа зүйлд нь тулгуурлаж өөрт нь тааламжтай, давамгай байдал үүсгэнэ, таагүй, тааламжгүй зүйл тохиолдохоос сэргийлнэ, аргална гэх зэрэг байдлаар төөрөгдүүлсэн байх явдал юм.

 

Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдлийг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй.

 

Залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг.

Харин иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал буюу зээлдүүлэгч нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилах гэмт хэрэгт тооцно.

 

Бусдын эд хөрөнгийг зээл нэрээр халхавчлан залилах нь уг зээлийг буцаан төлөх бодит баталгаагүй байсан бол гэмт хэрэгт тооцогдохоос биш зээлсэн мөнгөнөөсөө төлөөд явж байхад үлдэх хэсэгт нь өгөх, авах сонирхол нь зөрчилдөсний улмаас төлөгдөөгүй бол зээлийн төлөгдөөгүй хэсгийг залилсан гэж үзэхгүй.

 

Ц.Мийн “би Урнаа эгчээс мөнгө зээлж авсан нь үнэн. Тооцооны маргаан байгаа нь үнэн. Одоо ч төлөх төлбөр байгаагаа мэдэж байна. Харин хэд гэдгийгээ тогтоомоор байна. Миний дүү энд хамаагүй. Над дээр ажиллаж байсан л хүн” гэх мэдүүлэгээс тэрээр бусдын эд хөрөнгийг авчихаад буцааж өгөхгүй, эсхүл зарим хэсгийг нь өгнө гэсэн санаа зорилго байгаагүй нь тогтоогдож байх ба энэ байдал нь гэмт хэргийн субьектив шинжийг агуулахгүй байна.

 

Хохирогч Б.Уранчимэгээс цагдаагийн байгууллагад нэр бүхий хүмүүст их хэмжээний мөнгө залилуулсан гэх гомдол гарган, прокуророос шүүгдэгч Ц.М, Ц.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн гэрч нарын мэдүүлэг нь Ц.М, Ц.М нарын Б.Уранчимэгийг залилах санаа зорилготой байсан, залилах гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг нотлохгүй бөгөөд тэдний хувийн байдлын талаар болон мөнгө зээлсэн болон зээлсэн гэж ярьж байсан тухай агуулгатай байна.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидинүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй, хуульд заасан журмын дагуу бэхжүүлж хэрэгт хавсаргаагүй, эрх бүхий албан тушаалтаны явуулсан мөрдөн байцаалтын ажиллагааны үр дүнд авагдаагүй байхад эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан дээрх эд мөрийн баримт гэх сиди болон хохирогч, шүүгдэгч нарын өөрсдийн гаргасан тооцооны гэх материалууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг нотолж чадахгүй баримтууд болно.

 

Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгч Ц.М, Ц.М нар нь “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ганцаараа болон бүлэглэж их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.М 64 хоног, шүүгдэгч Ц.М 62 хоног тус тус хэргийн учир цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 3 ширхэг, ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг, цэнхэр өнгийн оруулгатай дэвтэр 1 ширхэгийг тус бүр хэрэгт хадгалаж, шүүгдэгч нарын өмчлөлийн орон сууцнуудыг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Уранчимэг, шүүгдэгч Ц.М, Ц.М нарын хооронд иргэний эрх зүйн зээлийн гэрээний маргаан үүссэн байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.М, Ц.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.М, Ц.М нарыг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Ц.М, Ц.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Хэргийн учир шүүгдэгч Ц.М жаран дөрөв хоног, шүүгдэгч Ц.М жаран хоёр хоног тус тус цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 3 ширхэг, ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг, цэнхэр өнгийн оруулгатай дэвтэр 1 ширхэгийг тус бүр хэрэгт хадгалаж, Ц.Мын өмчлөлийн Ү-22005001412 дугаартай Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13А байрны 26 тоотод байрлах орон сууц, Ц.Мийн өмчлөлийн Ү-2205032473 дугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц худагт Дамдинбазарын гудамж 59 дүгээр байрны 6 тоотод байрлах орон сууцнуудыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ