| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 137/2019/0101/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2019-12-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 14
Б.Т-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М , түүний өмгөөлөгч Б.Т , нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаар магадлалтай, Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ...овогт Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Б.Т ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар прокуророос Б.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Т оос эмчилгээний болон замын зардалд 1 274 800 төгрөг, ажилгүй байсан хугацааны 6 сарын цалин /6 x 629 450 төгрөг/ 3 776 700 төгрөг, хохирогч Г.У ын банктай байгуулсан гэрээний үүрэг буюу түүний ажилгүй байсан хугацааны зээлийн төлөлт 1 848 000 төгрөг, нийт 6 899 500 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.У т олгож, нэхэмжлэлээс 4 152 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар прокуророос Б.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Энхбаярын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М гаргасан гомдолдоо“...Давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийг шүүгдэгчид ял эдлүүлэх агуулгатай гэж ойлгоод давхардуулан гомдол гаргаагүй болно.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгч Б.Т ын хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилснээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан, үндэслэлгүй дүгнэлт хийж ял завшуулсан, мөн хохирогчийн ажилгүй байсан хугацааны мөнгийг дутуу бодож шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Учир нь, хэрэг үйлдэгдэх үед хохирогч Г.У ыг шүүгдэгч Б.Т ганцаараа зодоогүй бусад албан хаагчид гарыг нь барих, хамжих зэргээр бүлэглэн зодсон /мотоциклтой хөөж, хамжиж зодсон/ гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 2.11 дэх хэсэгт тус тус зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж зодсон гэж зүйлчлэх байсан.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил байх байсан. Хохирогч нь зодуулах үеэсээ эхлэн анхан шатны шүүх хурал болох хүртэлх хугацаанд ажилгүй байсан. Гэтэл ажилгүй байсан хугацааны цалинг дутуу тооцсон.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Т хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 4 хоногийн дараа хуралдааныг хийж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч талаас н.Сонин-Эрдэнэ гэх хүн алгадсан, цэргүүд гарыг нь барьсан гэх тайлбар өгсөн боловч мөрдөгч болон прокурор хэргийг тал бүрээс нь шалгаж үзээгүй байна. Миний бие зөвхөн хяналтын шатны шүүх хуралдаанд орж байна.
Иймд дээрх мэдүүлгийг тодруулах нь зүйтэй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Т нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлал нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М ын гаргасан гомдлыг үндэслэн Б.Т од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Б.Т ыг Дорноговь аймгийн ... сумын нутагт 2018 оны 09 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хохирогч Г.У ыг зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Б.Т ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон эсэх, үйл баримттай холбогдох хүмүүс, гэрчүүд, гэмт хэрэгт өөр этгээдийн оролцоо байгаа эсэх нотлох баримтуудыг бүхэлд нь шалгаж дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “хохирогчийн биед доод зүүн эрүүний ясны их бие баруун өнцөг орчмоор, зүүн салаа зөрсөн хоёрлосон хугарал” гэсэн гэмтлийн талаар тайлбар, мэдүүлэг авсан байх бөгөөд “...зүүн 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл...” хэрхэн яаж учирсан, гадны нөлөөтэй учирсан эсэх, хэрэв гадны нөлөөтэй учирсан бол дээрх эрүүний хугаралтай нэг цаг хугацаанд Б.Т ын үйлдлээс эсхүл тухайн үед хохирогчийн сэжиглэж буй этгээдийн үйлдэл, оролцооноос үүссэн эсэх,
хэрэгт гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас хойших үеийн хохирогчийн өвчний түүхийн дэвтэр авагдсан байх ба хохирогчийн алба хааж байх үеийн болон түүнээс өмнөх үеийн өвчний түүхийн талаарх баримт хэрэгт авагдаагүй, шалгагдаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.
Аливаа гэмт хэргийн яллах болон цагаатгах, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдлын хүрээг зөв тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа хийснээр хэргийн бодит үнэний талаарх үйл баримтыг тогтоохоос гадна хууль зүйн дүгнэлт буюу хэргийн зүйлчлэлд нөлөөлхүйц байж болдог.
Гэмт хэрэг гарахад хохирогчийн сэтгэл санааны тогтворгүй байдал, ойлгомжгүй үйл хөдлөл нөлөөлсөн үйл баримт тогтоогдож байх боловч гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд Хилийн цэргийн ... дүгээр ангид Б.Т нь .... орлогчоор, Г.У нь Хилийн ... дугаар салбарын ... алба хааж байсан бөгөөд албан үүрэгтэй нь холбоотойгоор хүч хэрэглэсэн, ямар нэгэн хууль бус үйлдэл хийсэн эсэх нөхцөл байдал гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд шууд нөлөөлсөн эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай.
Учир нь хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь цэргийн алба хаагч бөгөөд захирагч, захирагдагчийн ажил үүрэг, тэдний харьцаанд цэргийн дүрмийн бус байдлаар хандсан эсэх шалгагдвал зохих нөхцөл байдлууд огт судлагдаагүй нь хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлөх үндэслэл болно.
Эрүүгийн хуулиар хориглосон бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулах үйлдлээс гадна өөр өрсөлдөх хэм хэмжээнд тусгагдсан үйлдэл, эс үйлдэхүйн шинжийг зайлшгүй няцааж, эсхүл баталсан дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд энэхүү нөхцөл байдал нь “Шүүх эрх мэдэл”-ийн хувьд төрийн зүгээс хийгдсэн аливаа ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, түүнийг хууль зүйн арга хэрэгслээр баталгаатай хангах, нөгөө талаас төрөөс тогтоосон хууль, хэм хэмжээ буюу “Эрх зүй”-г хамгаалах чиг үүрэгт хамаардаг болохыг дурдах нь зүйтэй.
Тухайлбал, шүүхээс тогтоосон үйл баримт нь шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь цэргийн албаны үүрэг гүйцэтгэж байхад гарсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28 дугаар бүлэгт заасан “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-үүдийн шинж тогтоогдож байгаа эсэх, нийлмэл эсхүл давхар объекттэй нэг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг үнэлж, дүгнэхэд хангалттай нотлох баримтууд мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд цуглараагүй байна.
Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М ын гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Т од холбогдох хэргийг прокурорт буцаасугай.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН