Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/00029

 

Увсдулаан станц ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 522 дугаар шийдвэр,      

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Увсдулаан станц ХХК,

Хариуцагч : Чандмань Увс ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчээр хангасны төлбөр 103.223.806 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч М.Мөнхөө, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чандмань Увс ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийн компанийн 1771.6 м3 бүхий албан конторын халаалтын төлбөрийг 2013 оноос хойш бүрэн төлөөгүй байна. Увсдулааны станц ХХК-аас Чандмань Увс ХХК-ийн албан контор байгуулагдсан цагаас нь хойш дулааны эрчим хүчээр хангаж ирсэн бөгөөд 2013 онд нийт 20.267.104 төгрөгийн дулааны эрчим хүч нийлүүлснээс 7.592.685 төгрөгийг төлж 16.881.442 төгрөгийн үлдэгдэлтэй, 2014 онд 20.267.104 төгрөг, 2016 онд 11.400.246 төгрөг, үндсэн төлбөр нийт 68.815.859 төгрөг  төгрөгийн дулааны эрчим хүчийг нийлүүлсэн байдаг. Нэгэнт дулааны эрчим хүчээр хангагдсан  бол төлбөрөө хуульд заасан үндэслэл журмын дагуу төлөх үүргийг Чандмань Увс ХХК  хүлээх ёстой. Чандмань Увс ХХК-тай 2012.01.01-ний өдөр Дулааны эрчим хүчээр хангах гэрээг манай компаниас байгуулж дулааныг өнөөдрийг хүртэл түгээж ирсэн. Энэ хугацаанд 7.592.685 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 31.3 дахь заалтын дагуу хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги, 31.4 дэх заалтад “...дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн. Иймд Чандмань Увс ХХК-ийн албан конторыг дулааны эрчим хүчээр хангасны үндсэн төлбөр 68.815.869 төгрөг, алданги 34.407.947 төгрөг, нийт 103.223.806 төгрөгийг Чандмань Увс ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай 2 компанийн хооронд дулааны эрчим хүчээр хангагч, хэрэглэгч нарын 2012, 2013 онуудад гэрээ байгуулан баталгаажуулж ажилласан боловч 2014, 2015, 2016 онуудад дулааны эрчим хүч нийлүүлэх гэрээ хийгдээгүй байна. Манай гэрээг эдний компани баталгаажуулж өгдөггүй. 2008 оныг хүртэл хоёр байгууллага харилцаатай байж байгаад түүнээс хойш манайх өглөгтэй болж сард 3.533.388 төгрөгийн дулааны төлбөр бичдэг болж, харин манай компани Увсдулааны станц ХХК-д 2.695.000 төгрөгийн бохир усны бичилт давхар бичээд явж байсан. Чандмань Увс ХХК нь 2013 оноос 2016 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд Увсдулааны станц ХХК-ийн бохир шингэнийг татан зайлуулж, цэвэрлэгээ хийж байгальд нийлүүлсний төлбөр нийтдээ 69.718.880 төгрөг болж байгаа бөгөөд дээрх төлбөрийг он тус бүрээр тооцож хүснэгтээр харуулсан байгаа. Чандмань Увс ХХК нь дулааны станцаас гаргаж байгаа бохир усыг татан зайлуулах тухай жил бүр гэрээний төсөл хийж саналаа тус компанид хүргүүлсэн боловч Увсдулаан станц ХХК гэрээ байгуулахаас татгалзаж ирсэн. Дулааны эрчим хүчээр хангагдсан тухай байгууллага хоорондын тооцоог сар, улирал, жил бүрээр хийж тооцоо нийлсэн акт хийгдээгүй тул аль нэг тал төлбөрөө хугацаандаа төлөгдөөгүй алданги тооцох боломжгүй. Увсдулааны станц ХХК-д дулааны эрчим хүчний 2012 оны эхний үлдэгдэл 4.207.023 төгрөгөөс хойш 2016 оны эхний хагас жил хүртэлх дулааны төлбөрөөс Чандмань Увс ХХК-д дээрх хугацаанд бохир ус татан зайлуулсны төлбөр 69.718.880 төгрөгийг хасаад Увсдулааны станц ХХК-д 5.423.007 төгрөг төлөхөөр байна. Гэтэл 68.815.859 төгрөгийн алданги төлөх тооцоог гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна. Мөн 2014, 2015, 2016 онуудад дулааны эрчим хүч нийлүүлэх гэрээ гэрээ байгуулаагүй учраас дулааны төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Манай компанийн бохир усны тооцоо болон танай компанийн дулааны тооцоог нийлээд зөрүүг нь төлөөд явья гэсэн албан бичиг өгсөн боловч одоо болтол хариу өгөөгүй гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 522 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагч Чандмань Увс ХХК-иас эрчим хүчний төлбөр 16.881.442 төгрөг, алданги 8.440.721 төгрөг, нийт 25.322.163 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 77.901.643 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Увсдулааны станц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647.069 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Чандмань Увс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 284.561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Увсдулааны станц ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай магадлал гаргаж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 522 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 64.608.873 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс  38.614.933 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Увсдулаан станц ХХК нь Чандмань Увс ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа “...хариуцагчийн компанийн байрыг дулаанаар хангасан 2013 оны үлдэгдэл 16.881.442 төгрөг, 2014 оны төлбөр 20.267.104 төгрөг, 2015 оны төлбөр 20.276.104 төгрөг, 2016 оны төлбөр 11.400.246 төгрөг нийт 68.815.859 төгрөгийг алданги 34.407.947 төгрөгийн хамт бүгд 103.223.806 төгрөг гаргуулах шаардлага тавьжээ...” /хх 1-3/. Чандмань Увс ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан /хх 29/ байна. Анхан шатны шүүх зохигчид 2013 онд гэрээ байгуулсан гэж үзэж 2013 оны үлдэгдэл төлбөр 16.881.442 төгрөг, 8.440.721 төгрөг нийт 25.221.163 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хариуцагчаас 2013 оны 12.674.419 төгрөг, 2014 оны 20.267.104 төгрөг, 2015 оны 20.267.104 төгрөг, 2016 оны 11.400.246 төгрөг нийт 64.608.873 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...Эрчим хүчний тухай хуулийн зүйлийн 29.1.7 дэх заалт, Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор баталсан "Дулааны эрчим хүчийг хэрэглэх дүрэм"-ийн 3 дахь заалт, талуудын хооронд  2012.01.01-ний өдрийн гэрээний 1.2, 1.3, 1.4, 2.8, 3.1.1 дэх заалтыг тус тус олж хэрэглээгүй чухам аль зүйл, заалт нь аль харилцааны үндэслэл болж байгааг тодорхойлж чадаагүй. 2012.12.20-ны өдрийн Увс аймаг дахь Хаан банкны дансанд тушаасан "Дулааны халаалтын төлбөр" болох 15.000.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт авагдсан байхад энэ нотлох баримтыг шүүгч үнэлээгүй. Талуудын хоорондын гэрээгээр Чандмань Увс ХХК-нийн 1771,6 м3 талбайтай конторыг дулаанаар хангах хугацааг 2012.01.01-ний өдрөөс 2013.5.15-ны өдөр хүртэл хүчинтэй гэж тодорхой заасан. Эрчим хүчээр хангах гэрээний 1.3-т энэхүү гэрээ нь 2012.01.01-ний өдрөөс 2013.5.15-ны өдөр хүртэл хугацаанд хүчинтэй байх бөгөөд цаашид хугацааны эцэст хоорондын төлбөр тооцоог тэглэсэн нөхцөлд дараагийн "халаалтын улирал"-ын эхлэлийг жил бүрийн 9 дүгээр сарын 15-аас дараа оны 5 дугаар сарын 15 хүртэл хугацаагаар тогтооно гэж заасан нь хариуцагч Чандмань Увс ХХК, нэхэмжлэгч Увсдулааны станц ХХК хооронд байгуулагдсан гэрээ нь 2013.5.15-ны өдөр дуусгавар болсон нь харагдаж байна. Улмаар гэрээнд заасан хугацаанд төлбөрөө аваагүй, төлөөгүй тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 29.1.7-д зааснаар гэрээг цуцлах үндэслэлтэй. Гэвч давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28.1, 31.3-т заасныг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон. Гэрээнд заасны дагуу 2012-2013 онд Чандмань Увс ХХК-ийн 1771,6 м3 талбайтай контор нь дулаан хэрэглэсний 1 жилийн төлбөр болох 25.322.163 төгрөг гарснаас 7.592.685 төгрөгийг төлж 17.729.478 төгрөгийн үлдэгдэлтэй тул 2013 оны төлбөр тооцоо тэглэгдээгүй байсан. 2014, 2015, 2016 онуудад Увсдулааны станц ХХК болон Чандмань Увс ХХК-ийн хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй ч дулааны эрчим хүчээр бодитоор хангагдаж, гэрээг бичгээр байгуулаагүй нь үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Засгийн газрын 2001 оны 263  дугаар тогтоолоор "Дулааны эрчим хүчийг хэрэглэх дүрэм"-ийн 3-т “...хангагч, хэрэглэгч нь хууль тогтоомжид нийцүүлэн дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулна” гэж заасан нь Чандмань Увс ХХК-ийн 1771,6 м талбайтай конторыг дулаанаар хангах 2012-2013 онд байгуулагдсан гэрээ нь дээрх хууль, дүрэмд зааснаар хүчин төгөлдөр болж байгаа нь нотлогдож байна. Гэвч давж заалдах шатны шүүхээс 2014-2016 онуудад хийгдсэн гэрээ байхгүй хэрэгт авагдсан ямар ч нотлох баримт байхгүй атал нэхэмжлэгч Увсдулааны станц ХХК-ийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Увсдулаан станц ХХК нь Чандмань Увс ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа “...хариуцагчийн компанийн байрыг дулааны эрчим хүчээр хангасан төлбөрт 2013 оны   үлдэгдэл 16.881.442 төгрөг, 2014 оны 20.267.104 төгрөг, 2015 оны  20.276.104 төгрөг, 2016 оны 11.400.246 төгрөг нийт 68.815.859 төгрөгийг алданги 34.407.947 төгрөгийн хамт бүгд 103.223.806 төгрөг гаргуулах...” шаардлага тавьжээ./хх1-3/ Чандмань Увс ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан /хх 29/ байна.

Анхан шатны шүүх 2013 оны үлдэгдэл төлбөр 16.881.442 төгрөг, алданги 8.440.721 төгрөг нийт 25.221.163 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хариуцагчаас 2013 оны  төлбөрт 12.674.419 төгрөг, 2014, 2015 оны төлбөр тус бүр 20.267.104 төгрөг, 2016 оны төлбөр 11.400.246 төгрөг нийт 64.608.873 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Нэхэмжлэгч нь 2012 оны 01 дүгээр сарын 01, 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Дулааны эрчим хүчээр хангах” хоёр гэрээг үндэслэсэн /хх 7-14/ байх бөгөөд нэхэмжлэлд заасан мөнгөн дүнгийн хэмжээний талаар зохигчид мэтгэлцээгүй байх тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчихгүй юм.

Увсдулаан станц ХХК нь Чандмань Увс ХХК-ийг дулааны эрчим хүчээр хангасан нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон байх тул шаардсан хэмжээний мөнгийг хариуцагч төлөх үүрэгтэй, энэ тухай шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйл, Эрчим хүчний тухай хуулийн 28-32 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.   

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 284.561 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ