Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 10

 

 

 

           

 

 

 

 

 

Увс дулааны станц ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 522 дугаар шийдвэртэй, Увс дулааны станц ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Чандмань-Увс ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчээр хангасны төлбөр, алданги нийт 103.223.806 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “...Чандмань Увс ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрлах 1771.6 метр3 бүхий албан конторын халаалтын төлбөрийг 2013 оноос хойш бүрэн төлөөгүй байна. 2013 онд 16.881.442 төгрөгийн үлдэгдэлтэй, 2014 онд 20.267.104 төгрөг, 2016 онд 11.400.246 төгрөгийн үндсэн төлбөр нийт 68.815.859 төгрөгийн дулааны эрчим хүчийг нийлүүлсэн байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр 31.3, 31.4 дэх заалтын дагуу нийлүүлсэн дулааны эрчим хүчний төлбөр 68.815.859 төгрөг, хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож үзэхэд алданги 34.407.947 төгрөг нийт 103.223.806 төгрөгийг Чандмань Увс ХХК-аас Увс Дулааны станц ХХК-д төлж барагдуулахаар байна. Иймд Чандмань Увс ХХК-аас тус мөнгийг гаргуулан Увс дулааны станц ХХК-д олгуулна уу.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Манай 2 компанийн хооронд дулааны эрчим хүчээр хангагч, хэрэглэгч нарын 2012, 2013 онуудад гэрээ байгуулан баталгаажуулж ажилласан боловч 2014, 2015, 2016 онуудад дулааны эрчим хүч нийлүүлэх гэрээ хийгдээгүй байна. Чандмань-Увс ХХК нь 2013 оноос 2016 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд Увс дулааны станц ХХК-ийн бохир шингэнийг татан зайлуулж, цэвэрлэгээ хийж байгальд нийлүүлсний төлбөр нийтдээ 69.718.880 төгрөг болж байгаа. Дулааны эрчим хүчээр хангагдсан тухай байгууллага хоорондын тооцоог сар, улирал, жил бүрээр хийж тооцоо нийлсэн акт хийгдээгүй тул аль нэг тал төлбөрөө хугацаандаа төлөгдөөгүй алданги тооцох боломжгүй. Увс дулааны станц ХХК-д дулааны эрчим хүчний 2012 оны эхний үлдэгдэл 4.207.023 төгрөгөөс хойш 2016 оны эхний хагас жил хүртэлх дулааны төлбөрөөс Чандмань-Увс ХХК-д дээрх хугацаанд бохир ус татан зайлуулсны төлбөр 69.718.880 төгрөгийг хасаад Увс дулааны станц ХХК-д 5.423.007 төгрөг төлөхөөр байна.” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагч Чандмань Увс ХХК-аас эрчим хүчний төлбөр 16.881.442 төгрөг, алданги 8.440.721 төгрөг, нийт 25.322.163 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 77.901.643 хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647.069 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Чандмань Увс ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 284.561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-д олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгмэжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар алданги төлөх үүрэг нь гэрээнд зааснаар бус хуульд зааснаар үүсэх үүрэг юм. Анхан шатны шүүх дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ байгуулаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхггүй болгож хуулийг буруу тайлбарласан байна. Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар  тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцдог. 2013-2016 онд Увс дулааны станц ХХК дулааны эрчим хүчээр хангагдаж байснаа үгүйсгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулан нэхэмжлоэийн шаардлагыг бүхэлд нь хангана уу. ” гэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх хэргийн материалд дахин тооцоо судлагаа хийх шаардлагатай байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаас үзэхэд Увс дулааны станц ХХК нь хариуцагчаас 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дулаанаар хангах гэрээний дагуу 7592685 төгрөг төлж, 16881442 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн байна. Гэтэл хариуцагч Чандмань-Увс ХХК 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр  15000000 төгрөг төлсөн баримтыг  ор тас орхигдуулсан байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны биш байх  тул зохих  өөрчлөлтийг оруулж өгнө үү. ” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

“Увс дулааны станц” ХХК нь дулааны эрчим хүчээр хангасны төлбөр 103.223.806 төгрөгийг нийтийн аж ахуй үйлчилгээний “Чандмань Увс” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж,  шийдвэрт  өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн хэрэглэгчийн эрх үүрэг агуулгыг зохицуулсан заалтыг хэрэглэхгүйгээр мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн хангагч, хэрэглэгчийн хууль, дүрэм, гэрээгээр зохицуулсан харилцааг, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсгийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй нөхцөлд алданги ноогдуулах үндсэн хэмжээг тогтоож өгсөн заалтуудыг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэглэх боломжтой гэж үзлээ.            

Зохигчдын хооронд Дулааны эрчим хүчээр хангах гэрээ 2012, 2013 онуудад хийгдэж 2014, 2015, 2016 онуудад Улаангом сумын нутаг дэвсгэрт байрлах нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань Увс” ХХК-ний албан конторын 1771.6 м3 талбайг дулааны эрчим хүчээр хангах гэрээг бичгээр хийгдээгүй боловч дулааны эрчим хүчээр бодитоор хангагдаж, талбайн хэмжээ, үнэ зэрэгт зохигчид маргаагүй, гэрээг бичгээр байгуулаагүй нь үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба харин талууд гэрээг бичгээр байгуулаагүйн улмаас нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Увс дулааны станц”-ын шүүхэд гаргасан халаалтын хөлсний хоорондын тооцоог үндэслэн  2013 онд 12.674.419 төгрөг, 2014 онд 20.267.104 төгрөг, 2015 онд 20.267.104 төгрөг, 2016 онд 11.400.246 төгрөг, нийт 64.608.873 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, тэмдэгтийн хураамжийг хуваарилсан хэсгүүдэд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд хавсаргасан баримтыг (хэргийн 69 дүгээр хуудаст) иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн   161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүхээс үнэлэх боломжгүй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 522 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалт болон 2 дугаар заалтанд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 522 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.3.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК-ийн хариуцагч Нийтийн аж ахуй, үйлчилгээний “Чандмань Увс” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч “Чандмань Увс” ХХК-аас эрчим хүчний төлбөрт 64.608.873 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38.614.933 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “284.561 төгрөгийг” гэснийг “480.994 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547.459 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК-д буцаан олгож, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284.561 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

                                   

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

 

Д.ЖАМБАЛСҮРЭН