Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 522

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн 1511001102, регистрийн 2002302 дугаартай, “Увс дулааны станц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, регистрийн 2002396 дугаартай, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань Увс” ХХК-д холбогдох,

           Дулааны эрчим хүчээр хангасны төлбөр 103.223.806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт, хариуцагч “Чандмань Увс” ХХК-ийн захирал Д.Мөнхөө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс Дулааны станц” ХХК нь Улаангом сумын нутаг дэвсгэр дээр аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс өгсөн тусгай зөвшөөрлийн дагуу дулаан үйлдвэрлэж, зохицуулалттайгаар дамжуулан, хангах үйл ажиллагааг 1986 оноос хойш эрхэлсээр ирсэн шилдэг төлөгч хуулийн этгээд юм. “Увс Дулааны станц” ХХК нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тогтоон өгсөн үнэ тарифийн дагуу дулааны эрчим хүчийг түгээж ажилладаг бөгөөд манай хэрэглэгчдийн нэг нь “Чандмань Увс” ХХК байдаг. Манай компани нь 5736 метр2 талбай бүхий айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад “Чандмань Увс” ХХК-аар дамжуулан дулааны эрчим хүчийг түгээх, “Чандмань Увс” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг албан конторыг дулааны эрчим хүчээр хангах 2 гэрээтэйгээр “Чандмань Увс” ХХК-тай хамтран ажилладаг. Эхний гэрээний үүрэг болох 5736 метр2 талбай бүхий айл өрх, 32.825 метр3 талбай аж ахуйн нэгж байгууллагад дулааны эрчим хүч түгээхтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 1/7 тоот албан бичгээр нэхэмжлэл гаргаж 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрэн тохиролцож тус шүүхийн 2016 оны 272 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин “Чандмань Увс” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийн компаний 1771.6 метр3 бүхий албан конторын халаалтын төлбөрийг 2013 оноос хойш бүрэн төлөөгүй байна. “Увс дулааны станц” ХХК-аас “Чандмань Увс” ХХК-ийн албан конторт байгуулагдсан цагаас нь хойш дулааны эрчим хүчээр хангаж ирсэн бөгөөд 2013 онд нийт 20.267.104 төгрөг /хорин сая хоёр зуун жаран долоон мянга нэг зуун дөрөв/ төгрөгийн дулааны эрчим хүч нийлүүлснээс 7.592.685 төгрөг /долоон сая таван зуун ерэн хоёр мянга зургаан зуун наян тав/ төгрөгийг төлж 16.881.442 төгрөг /арван зургаан сая найман зуун наян нэгэн мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийн үлдэгдэлтэй, 2014 онд 20.267.104 төгрөг/ хорин сая хоёр зуун жаран долоон мянга нэг зуун дөрөв/, 2016 онд 11.400.246 төгрөг / арван нэгэн сая дөрвөн зуун мянга хоёр зуун дөчин зургаа/, үндсэн төлбөр нийт 68.815.859 төгрөг / жаран найман сая найман зуун арван таван мянга найман зуун тавин ес/ төгрөгийн дулааны эрчим хүчийг нийлүүлсэн байдаг. Нэгэнт дулааны эрчим хүчээр хангагдаж үйл ажиллагаа явуулсан бол төлбөрөө хуульд заасан үндэслэл журмын дагуу төлөх үүргийг “Чандмань Увс” ХХК нь  “Увс Дулааны станц” ХХК-ийн өмнө хүлээх ёстой. “Чандмань Увс” ХХК-тай 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Дулааны эрчим хүчээр хангах гэрээг манай компаниас байгуулж дулааныг өнөөдрийг хүртэл түгээж ирсэн. Энэ хугацаанд 7.592.685 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл удаа дараа шаардаад байхад төлөхгүй байна. Хэрэглэгч болон хангагч нарын хооронд гарсан дулааны эрчим хүчний төлбөр төлөхтэй холбоотой маргаан нь тусгай зөвшөөрлийг олгодог Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн ажлын чиг үүрэгт хамаарахгүй байна. Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ “Чандмань Увс” ХХК-аас биелүүлэхгүй байгаа учир гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр 31.3 дахь заалтад “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна”, 31.4 дэх заалтад “Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж хуульчилжээ. Хуулийн дээрх заалтын дагуу нийлүүлсэн дулааны эрчим хүчний төлбөр 68.815.859 төгрөг /жаран найман сая найман зуун арван таван мянга найман зуун тавин ес/,  хугацаа хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож үзэхэд алданги 34.407.947 төгрөг /гучин дөрвөн сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун дөчин долоо/, нийт 103.223.806 төгрөг /нэг зуун гурван сая хоёр зуун хорин гурван мянга найман зуун зургаа/ “Чандмань Увс” ХХК-аас “Увс Дулааны станц” ХХК-д төлж барагдуулахаар байна. Иймд “Чандмань Увс” ХХК-ийн албан конторыг дулааны эрчим хүчээр хангасны үндсэн төлбөр 68.815.869 төгрөг /жаран найман сая найман зуун арван таван мянга найман зуун жаран ес/, алданги 34.407.947 төгрөг /гучин дөрвөн сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун дөчин долоо/, нийт 103.223.806 төгрөгийг /нэг зуун гурван сая хоёр зуун хорин гурван мянга найман зуун зургаа/ “Чандмань Увс” ХХК-аас гаргуулан “Увс дулааны станц” ХХК-д олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

      Хариуцагч “Чандмань-Увс” ХХК-ийн захирал Д.Мөнхөө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай 2 компанийн хооронд дулааны эрчим хүчээр хангагч, хэрэглэгч нарын 2012, 2013 онуудад гэрээ байгуулан баталгаажуулж ажилласан боловч 2014, 2015, 2016 онуудад дулааны эрчим хүч нийлүүлэх гэрээ хийгдээгүй байна. Манай гэрээг эдний компани баталгаажуулж өгдөггүй. 2008 оныг хүртэл хоёр байгууллага харилцаатай байж байгаад түүнээс хойш манайх өглөгтэй болж сард 3.533.388 төгрөгийн дулааны төлбөр бичдэг болж, харин манай компани “Увс дулааны станц” ХХК-д 2.695.000 төгрөгийн бохир усны бичилт давхар бичээд явж байсан. “Чандмань-Увс” ХХК нь 2013 оноос 2016 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд “Увс дулааны станц” ХХК-ийн бохир шингэнийг татан зайлуулж, цэвэрлэгээ хийж байгальд нийлүүлсний төлбөр нийтдээ 69.718.880 төгрөг болж байгаа бөгөөд дээрх төлбөрийг он тус бүрээр тооцож хүснэгтээр харуулсан байгаа. “Чандмань-Увс” ХХК нь дулааны станцаас гаргаж байгаа бохир усыг татан зайлуулах тухай жил бүр гэрээний төсөл хийж саналаа тус компанид хүргүүлсэн боловч “Увс дулааны станц” ХХК гэрээ байгуулахаас татгалзаж өдийг хүрсэн. Дулааны эрчим хүчээр хангагдсан тухай байгууллага хоорондын тооцоог сар, улирал, жил бүрээр хийж тооцоо нийлсэн акт хийгдээгүй тул аль нэг тал төлбөрөө хугацаандаа төлөгдөөгүй алданги тооцох боломжгүй болоод байна. Энэ байдал нь алданги тооцох тухай гэрээнд тусгагдсан заалтыг мөрдлөг болгох үндэслэл болохгүй болно. “Увс дулааны станц” ХХК-д дулааны эрчим хүчний 2012 оны эхний үлдэгдэл 4.207.023 төгрөгөөс хойш 2016 оны эхний хагас жил хүртэлх дулааны төлбөрөөс “Чандмань-Увс” ХХК-д дээрх хугацаанд бохир ус татан зайлуулсны төлбөр 69.718.880 төгрөгийг хасаад  “Увс дулааны станц” ХХК-д 5.423.007 төгрөг төлөхөөр байна. Гэтэл 68.815.859 төгрөгийн алданги төлөх  тооцоог гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна. Мөн 2014, 2015, 2016 онуудад дулааны эрчим хүч нийлүүлэх гэрээ гэрээ байгуулаагүй учраас дулааны төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Манай компанийн бохир усны тооцоо болон танай компанийн дулааны тооцоог нийлээд зөрүүг нь төлөөд явья гэсэн албан бичиг өгсөн боловч одоо болтол хариу өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна”  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК нь хариуцагч “Чандмань-Увс” ХХК-аас тус компанийн конторыг дулааны эрчим хүчээр хангасны төлбөр 103.223.806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

        Хариуцагч “Чандмань Увс” ХХК нь “Манай хоёр компанийн хооронд 2012, 2013 дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ байгуулагдсан, 2014, 2015, 2016 онуудад гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж марга байна.

       Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж, мөн зүйлийн 28.3-т “Хуулийн этгээдтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд энэ хуулийн 28.2-т зааснаас гадна эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа болон шаардлагатай бусад асуудлыг тусгана” гэж, түүнчлэн Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 2-т “Энэхүү дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгчид мөрдөнө”, мөн дүрмийн 3-т “Хангагч, хэрэглэгч нь хууль тогтоомжид нийцүүлэн дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулна” гэж, мөн дүрмийн 18-д “Аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах гэрээнд энэ дүрмийн 17-д зааснаас гадна эрчим хүчний хэрэглээний горим, төлбөрийн барьцаа зэрэг асуудлыг тусгана” гэж тус тус заасан байна. 

     Өөрөөр хэлбэл, дулааны эрчим хүчээр хангагч нь хэрэглэгчтэй заавал гэрээ байгуулсан байхыг шаардах бөгөөд уг гэрээний үндсэн дээр хэрэглэгчээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй болох юм.

       “Увс дулааны станц” ХХК, “Чандмань-Увс” ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ” байгуулагдсан бөгөөд гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул 2013 онд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй.

       Дээрх компаниудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ”-ний 1.2 дахь заалтад “Хангагчаас хэрэглэгчдэд өгөх, хэрэглэгч өөрийн дотоод үйлдвэрлэл ахуйн хэрэглээнд хэрэглэх дулааны эрчим хүчний төрөл хэмжээг Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасны дагуу дор дурдсанаар тохиолцов”,  4.5.3 дахь заалтад “Хэрэглэгч хэрэглэсэн дулааныхаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөлгдөөгүй төлбөрийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги ногдуулна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар алдангийн нийт хэмжээ тухайн төлөгдөөгүй төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус тохиролцжээ.

        Уг гэрээний дагуу 2013 онд “Увс дулааны станц” ХХК нь “Чандмань-Увс” ХХК-д 20.267.104 төгрөгийн дулааны эрчим хүч нийлүүлснээс 7.592.685 төгрөгийг төлж 16.881.442 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

      Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан, мөн “Увс дулааны станц” ХХК, “Чандмань-Увс” ХХК-иудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ”-ээр алданги төлөхөөр тохиролцсон байх тул дулааны эрчим хүчний төлбөр 16.881.442 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.  

      Харин 2014-2016 онуудад тухайн компаниудын хооронд “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хангах боломжгүй байна.

     Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагч “Чандмань Увс” ХХК-аас эрчим хүчний төлбөр 16.881.442 төгрөг, алданги 8.440.721, нийт 25.322.163 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 77.901.643 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн “ЦТП-ээс халдаг төсөв, аж ахуйн нэгж газрууд, байруудын дулааны халаалтын тооцоонууд” гэх 5 хуудас баримт нь хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.  

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647.069 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 25.322.163 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 284.561 төгрөгийг хариуцагч “Чандмань Увс” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК-д олгох нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагч “Чандмань Увс” ХХК-аас эрчим хүчний төлбөр 16.881.442 төгрөг, алданги 8.440.721 төгрөг, нийт 25.322.163 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 77.901.643 хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647.069 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Чандмань Увс” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 284.561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Увс дулааны станц” ХХК-д олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ