| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/01263/И |
| Дугаар | 192/ШШ2025/05537 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/05537
2025 06 27 192/ШШ2025/05537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Энхцэцэг, шүүгч О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, Х овогтой Г.Ч /РД:***/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, Х овогтой А.А /РД:***/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 210 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С, хариуцагч А.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж, Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие Г.Ч нь А.А-д 19-р зууны үеийн есөн эрдэнээр бичигдсэн 380 хуудастай, судрын хуудасны өргөн нь 14 см, урт нь 43.5 см, барын өргөн 11.3 см, урт нь 34 см Гандсан улаан хүрэн торгоор бүрсэн шоголтой, 8 давхар баринтагтай, нүүрэн хэсэгт нь 13-р далай ламын зурагтай, 19-р зууны сүүл үеийн хүрээ барын хийцтэй түүх соёлын хосгүй үнэт бүтээлүүдийн нэг болох "Жадамба” судраа алдсан. Би 2013 онд банкнаас авсан зээлээ төлж чадахгүй гарцаагүй байдалд ороод, эцэг өвгөөс уламжлагдсан ирсэн "Есөн эрдэнээр бүтсэн" Жадамба судраа, Богд хааны ордон музейд худалдах саналыг, 2013.06.07-ны өдөр 210 000 000 төгрөгөөр тавьж, судрыг биетээр үзүүлсэн. Гэвч Богд Хааны ордон музейн яамны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн боловч энэ оны санхүүжилт байхгүй гэсэн хариу өгсөн ба хугацаа алдах гээд байсан. Энэ үед би Хаан банкны зээлийн эдийн засагч Б-д үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдсон байгаа учраас зээл төлөлт хоцрох тухайгаа хэлсэн. Гэтэл зээлийн эдийн засагч Б “танд өөр ямар аргаар зээлээ төлөх боломж байна" гэхэд нь би хариуд нь надад эртний судар байдаг үүнийгээ би Богд хааны ордон музейд зарах санал тавьсан гэдгээ хэлсэн. Гэтэл зээлийн эдийн засагч Б нь музей чинь мөдгүй удах юм байна би танд шууд бэлэн мөнгөөр худалдан авах хүнийг санал болгоё, найдвартай хүн байгаа юмаа, манай банк А.А гэгч хүний оффисоос өрөө түрээсэлдэг юмаа, энэ хүн бол үнэт эдлэлийн цуглуулагч, бэлэн мөнгөтэй хүн байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд намайг зээлийн эдийн засагч Б нь А.А гэгч дээр дагуулж очиж, уулзуулсан. Эхлээд уулзалдахад, А нь Азийн урлаг эртний эдлэлийн галерейн захирал гэж өөрийгөө танилцуулж, надад нэрийн хуудсаа өгч, судраа эхээр нь аваад ирээ, бодитоор үзмээр байна гэсэн. Дараа нь би судраа бодитоор авч очиход, зээлийн эдийн засагч Б, манай найз Х нар надтай хамт очиж үзүүлсэн ба А.А нь "судраа үлдээгээд явчихаа, зарчхаад удахгүй мөнгийг чинь өгчихье, манай бизнес ингэж л явдаг ш дээ, хүмүүс зүгээр л юмаа үлдээгээд явдгаа, үлдээгээд яваач" гэж хэлсэн. Гэвч би судраа А.А гэгчид үлдээлгүй явсан. Намайг судраа үлдээлгүй аваад яснаас хойш, зээлийн эдийн засагч Б нь "та бэлэн мөнгөнд хямдруулаад судраа өгчихгүй, үлдээгээд явсан бол зээл чинь төлөгдөөд, хэвийн болсон байх байсан" гэх мэтээр шахаад байсан. Энэ үед зээлийн эдийн засагч Б-ийн, Ахлах нь сонсож байсан бөгөөд, зээлийн эдийн засагч Б-д хандан “чи ингэж ажиллаж болохгүй ш дээ, чи дараа нь асуудалд орно шүү, өөрөөр зээл төлөх боломжтой аргууд байгаа, чи тэр тал дээрээ ажилла даа" гэж хэлж байсан. Ер нь зээлийн эдийн засагч Б нь намайг судраа зараад зээлээ төлөх боломжтой байхад хэргээр чи санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийж байна гээд шахаад, зовоогоод байсан. Дараа нь зээлийн эдийн засагч Б нь намайг, Модны 2-т байрлах, Хаан банкны оффис Колорида гэх нэртэй оффисын байрны 3 давхарт дуудсан. Би банкнаас зээл авахдаа өөрийн үл хөдлөх эд хөрөнгөөс гадна, барьцаа дутсан учраас өөрийн таньдаг ахын орон сууцыг итгэмжлэлээр зээлийн барьцаанд тавьсан байсан. Намайг яваад очиход, миний зээлийн барьцаанд тавьсан, (таньдаг ахын эхнэрийнх нь нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөгчөөр бүртгэлтэй байсан) үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эмэгтэйг дуудчихсан байсан. Зээлийн эдийн засагч Б болон банкны нэг ажилтан нар нь орон сууцны өмчлөгч эмэгтэйд "таны орон сууцыг зээлийн барьцаанд хураалаа та орон сууцаа чөлөөлж өг" гэж хэлсэн байсан. Ер нь бол шүүхийн шийдвэрээр энэ асуудал явагдах байсныг хууль бусаар зээлийн эдийн засагч Б нь дарамт шахалт үзүүлээд, уурлуулсан байсан. Намайг орж ирэнгүүт нөгөө эмэгтэй над руу дайрч, намайг үсдэж, нүүр ам самардаж, доромжилж, тэнд байсан хүмүүс болон шилний хаалтын цаана байсан олон хүмүүс уг болж байгаа үйл явдлыг харсан бөгөөд ийм хүнд байдалд оруулсан.Тэгээд аргагүйн эрхэнд зээлийн эдийн засагч Б-ийн хамт А гэгчтэй дахин очиж уулзсан. Тэгээд очиж уулзахад, А гэгч нь судраа аваад, ир гэснээр дахин судраа авч очсон. Судараа анх очиж үзүүлэхдээ болон дараа нь дахин судраа авч очихдоо өөрийн найз Х-ын хамт явж байсан. Ер нь би бодохдоо А.А, Б нар нь нийлж, миний судрыг авсан гэж ойлгодог. Учир нь зээлийн эдийн засагч Б, А.А нар нь нэг нутгийн нэг сумын хүмүүс болохыг Цагдаагийн байгууллагад энэ асуудал шалгагдаж байхад, хожим мэдсэн. Би судраа А.А гэгчид, 2014.03.25-ны өдөр биетээр, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших Арт хаус-ийн гадаа, А.А нь өөрийн автомашиндаа нэг эмэгтэйн хамт авсан, энэ үед зээлийн эдийн засагч Б-ийн хамт байсан. Тэгээд А нь намайг дээшээ гараад санхүүгээс, урьдчилгаа 3 000 000 төгрөг авчихаа гээд явуулсан ба зээлийн эдийн засагч Б.Б-ийн хамт орж, санхүүгээс нь 3 000 000 төгрөгийг бэлэн авч, санхүүгийн баримт бичүүлж авсан. Санхүүгийн баримтын гүйлгээний утга дээр "Судрын төлбөрийн урьдчилгаа" гэж бичсэн байгаа. Харамсалтай нь Цагдаагийн байгууллагад энэхүү санхүүгийн баримтыг, эх хувиар нь бичиг хэрэгт нь албан ёсоор хүлээлгэн өгсөн байхад, Энэ чухал нотлох баримтыг Цагдаагийн байгууллага алга болгосон ба энэ талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан, мөн Шүүхийн журмаар нотлох баримтуудыг гаргуулж, хэрэгт хавсаргасан байгаа. Гэтэл Анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд хариуцагч нь анхнаасаа баримт өгөөгүй, Азийн урлаг эртний эдлэлийн галерей гэж хуулийн этгээд огт байдаггүй мэтээр худал хэлж байсныг мөн дурдах нь зүйтэй байна. 2014.03.25-ны өдөр А.А нь судрыг, хүнд зуучилж зарж өгье гэж хэлж авчхаад, сүүлд "чамаас судар аваагүй, чамайг танихгүй байна, чамаас судар авснаа санахгүй байна" гэх зүйл гэнэт ярьсан тул, хохирогч миний зүгээс Цагдаагийн байгууллагад шууд хандсан. Цагдаагийн байгууллага А.А гэгчийн залилангийн шинжтэй үйлдлийг 2017.09.12-ны өдрөөс эхлэн шалгаж, 2020.02.21-нийг хүртэл 2 жил 6 сарын хугацаа болгосон байдаг. Харамсалтай нь Цагдаагийн байгууллага түргэн шуурхай, бүрэн гүйцэд, шалгаж чадаагүй, А.А-ээс хоёр удаа мэдүүлэг авах төдийхнөөр ажиллагаа хийж, А.А гэгчээс миний Жадамба судрыг гаргуулж чадаагүй, хэнд зарсныг нь ч тогтоож чадаагүй, шалгаж байна, шалгаж байна гэдэг үндэслэлээр, эрүүгийн хэргийн хугацааг маш удааж, А.А-д хуулийн хариуцлага цаг тухайд нь хүлээлгэж чадаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр А.А нь судрыг 3 500 000 төгрөгөөр зарсан, Өвөрмонгол хүнд зарсан гэж хэлж байсныг бас дурдах нь зүйтэй байна. Мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн 96 дугаар "Нэмэлт хэрэг бүртгэлт явуулах тухай" Прокурорын тогтоолд: "Жадамба” судрыг хэнд зарсан, худалдан авсан хүн хэн болохыг олж тогтоох, А.А-ээс "Жадамба” судрыг 4 000 000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан баримтыг гаргуулж хэрэгт хавсаргах ... зэрэг ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай байна гэж эрүүгийн хэргийг Нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар буцаасан боловч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2019.11.20-ны өдрийн *** дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоолоор: "... А.А нь тухайн судрыг 3 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэж тус тус маргах боловч А.А-ийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй, тэрээр судрыг зарсан хүнээ зааж чадахгүй буюу мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадахгүй байна. Хохирогч Г.Ч-ийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Б-ийн мэдүүлэг, Богд хааны музейн 2017 оны 04 сарын 26-ны өдрийн *** дугаартай албан бичгийн хуулбар болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх үйл баримтаас дүгнэхэд иргэн А.А нь зараад үлдэгдэл мөнгийг өгнө гэж хуурч, иргэн Г.Ч-ийн өв уламжлагдан ирсэн "Жадамба” судрыг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байна ..." гэж дүгнэсэн ба "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэлээр хариу өгсөн, үүнийг эс зөвшөөрч хохирогч Г.Ч-ээс шат шатанд нь гомдол гаргасан боловч Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсэн байдаг. Иймээс нэхэмжлэгч Г.Ч намайг А.А нь залилж, олон сая төгрөгийн үнэ бүхий өвөг дээдсээс уламжлагдсан ирсэн ховор судрыг гуравхан сая төгрөгийн урьдчилгаанд өгч намайг хуурсан юм. Иймээс нэхэмжлэгч би өмнө тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, Богд Хаан Ордон музейд дээрх судраа биетээр нь үзүүлж, худалдах саналаа 210 000 000 төгрөгөөр гаргаж байсан тул, энэ үнэ буюу 210 000 000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна. Учир нь намайг 2013 онд Богд Хаан Ордон музейд судраа худалдах санал гаргахад, Үзмэр худалдан авах зөвлөл хэлэлцээд. Протоколд бичигдсэнээр: "... Гишүүд хэлэлцээд: Ийм том хэмжээний судар манайд байдаггүй боловч эзэмшигчийн санал болгож байгаа үнийн хувьд хараахан санал нийлэхгүй байна. Иймээс яамны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж Комиссын нарын бичгийн дарга А.Г холбогдох бичиг баримтыг бүрдүүлж хүргүүлэхээр шийдвэрлэв ..." гэж хэлэлцсэн байдаг. Үүнээс хойш 10 жил өнгөрсөн байна. Ер нь түүх соёлын хосгүй үнэт бүтээл нь өдөр өдрөөр үнэ цэнэ нь улам өсөн нэмэгдэж байдаг тул, үүнээс хойш 10 жил болсон тул үнэ нь хэд дахин өссөн гэж би ойлгож байгаа. Иймд гэм хорын төлбөр 210 000 000 төгрөгийг, хариуцагч А.А-ээс гаргуулж өгнө үү...гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Г.Ч нь А.А намайг өөрийг нь залилж, үе дамжиж ирсэн судрыг нь залилж авсан мэтээр гүтгэлгийн шинжтэй гомдлыг 2017 оноос хойш цагдаагийн байгууллагад гаргаж улмаар гэмт хэргийн шинжгүй хэмээн хаагдсан асуудлаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрээд байна. Анх, 2017 оны намар 10 сард Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгч н.Ч намайг дуудаж, ганцхан удаа гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд сүүлд 2019 онд дахин нэг удаа дуудаж, гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн асуудал цааш хэрхэн шалгагдсан, хэрхэн шийдвэрлэгдсэн талаар цагдаа, прокурорын байгууллагаас надад огт мэдэгдээгүй. Гэтэл, 2020 оны хавар 4 сарын дундуур Хан- Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс надад зарлан дуудах хуудас ирсэн ба Г.Ч нь надаас судрын үлдэгдэл төлбөр 13 000 000 төгрөг нэхэмжилсэн байсан. 2017 оны хавар 4 сард над дээр нэг залуу ирж уулзаад, гурван жилийн өмнө надад 3 000 000 төгрөгөөр зарсан судраа буцааж авмаар байна гэсэн. Тухайн үед би тэр залууг танихгүй, өмнө нь тухайн хүнээс судар авснаа санахгүй байсан тул санахгүй байна гэдгээ хэлээд явуулсан. Гэтэл, Г.Ч нь ирж уулзсанаасаа хойш 6 сарын дараа буюу 2017 оны намар 9 сард цагдаагийн байгууллагад судрынхаа үлдэгдэл мөнгийг авч чадахгүй надад залилуулчихлаа гэх утгатай өргөдөл гаргасан байдаг. Хавар нь надтай ирж уулзахдаа үлдэгдэл төлбөр байгаа гэж огт хэлээгүй бөгөөд зөвхөн гурван саяар зарсан судраа буцааж авмаар байна аа л гэсэн. Миний хувьд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тухайн асуудлыг сүүлд шалгаж хаахдаа гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн талаар огт мэдээгүй бөгөөд яагаад цагдаа, прокурорын байгууллага зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан хүнээ гэмт хэрэгт холбогдуулан шалгаснаа албан ёсоор мэдэгдэж, эрх ашгаа хамгаалах боломжийг олгоогүйг гайхаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол, уг тогтоолыг эс зөвшөөрч 2020.01.14-ны өдөр өмгөөлөгч Д.С-ийн гаргасан гомдол, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020.01.28-ны өдрийн *** дугаар хариу мэдэгдэх хуудас, Ерөнхий прокурорын газрын 2020.02.21-ний өдрийн 1/631 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2017.09.12-ны өдөр Г.Ч-ээс Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, 2017.08.18-ны өдрийн МУ-ын мэргэшсэн үнэлгээчин Ж.А-ын үнэлгээ, Богд Хаан ордон музей 2017.04.26-ны өдрийн *** дугаар тодорхойлолт, судрын фото зураг, Ж.А-ын Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2017.09.20-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Нэмэлт хэрэг бүртгэлт явуулах тухай 2018.05.01-ний өдрийн Чингэлтэй дүүргийн прокурорын *** дугаар тогтоол, нэрийн хуудас, холбогдох албан бичгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар бичгээр гаргасан.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын архиваас 2017.09.18-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2017.10.09-ний өдрийн Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, гэрчийн мэдүүлгүүд, уг ажиллагаанд гаргасан өмгөөлөгчийн хүсэлт, Гомдлыг хүлээн авахаас татгалзсан Ерөнхий прокурорын газрын 2020.02.20-ны өдрийн *** дугаар тогтоолыг, Богд Хааны ордон музейгээс Г.Ч-ийн 2013 онд Богд Хааны ордон музейд 380 хуудас бүхий есөн эрдэнээр бичсэн Жадамба судрыг худалдахаар санал болгож байсан өргөдөл, өргөдөлд хавсаргасан баримт, үзмэр худалдан авах зөвлөлийн хурлын протоколыг тус тус нотлох баримтаар гаргуулсан.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр А.Х, Ж.А, Б.Б нарыг гэрчээр асуух, шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Б.Б-г дахин гэрчээр асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч А.А-д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 210 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...А.А нь миний өв уламжлан ирсэн есөн эрдэнийн “Жадамба” судрыг залилан мэхэлж авсан нь гэмт хэргийн шинжтэй болохыг прокурорын тогтоолоор тогтоосон тул Богд Хааны ордон музейд худалдахаар санал тавьж байсан үнэ 210 000 000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч “...Г.Ч-ээс “Жадамба” судрыг 3 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохироод үнийг тухайн үед нь бүрэн төлсөн. Уг судрыг цааш нь 4 000 000 худалдаад ашгаа авсан. Үйл ажиллагаа ингэж л явагддаг...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Нэхэмжлэгч Г.Ч нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст А.А-д холбогдуулан “Жадамба” судрыг залилан мэхэлж авсан үндэслэлээр гомдол, мэдээлэл гаргасан байна.
5.2. Уг гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Г.Ч-г хохирогчоор тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байх ба Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор, “...иргэн А.А нь зараад үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж хуурч, иргэн Г.Ч-ийн өв уламжлагдан ирсэн “Жадамба” судрыг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байна. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон...” гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэжээ.
5.4. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээс үзэхэд зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг тодорхойлж байх бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
5.5. Тодруулбал, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд хууль зөрчиж санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс уг гэм хорын хохирлыг хариуцан арилгуулахаар шаардах эрхтэй юм.
5.6. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан.
5.7. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгосон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор хариуцагч А.А-ийг гэм буруутай болохыг тогтоосон гэж үзэхгүй юм. Прокурорын тогтоол, уг тогтоолд дурдсан баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг нь тодорхой үйл явдал болсныг тодорхойлж байгаа ба А.А нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүй дүгнэх баримт биш тул нэхэмжлэгч хариуцагчаас гэм хорын хохирол шаардах эрхгүй болно.
5.8. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт, гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5.9. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
5.10. Нэхэмжлэгч Г.Ч нь үе уламжилж ирсэн есөн эрдэнээр бичигдсэн 380 хуудас “Жадамба” судрыг хариуцагч А.А-д өмчлөлд нь шилжүүлсэн, хариуцагч А.А судрын үнэд 3 000 000 төгрөгийг Г.Ч-д өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин хэлэлцэн тохирсон үнэ нь маргааны зүйл болсон.
5.11. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т “...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.” гэж заасан.
5.12. Гэрч А.Х-ын “...2014 оны хавар, 3-4 сарын үед байсан. Анх Г.Ч бид хоёр эртний эдлэл авдаг хүн гээд А.А-тэй очиж уулзаж байсан. Судраа эхлээд авч очоогүй, тэгэхэд А.А нь судраа биетээр нь хармаар байна гэсэн. Тэрнээс хойш удаагүй байсан хэд хоногийн дараа Г.Ч “банкнаас байнга залгаад байна. нөгөө судраа аваачиж үзүүлье” гээд би болон Г.Ч, банкны эдийн засагч залуу хамт явсан. Үнэлгээний асуудал яригдсан бид 150 000 000 төгрөгийн үнийн санал гаргахад А.А нь “150 000 000 төгрөг өндөр байна, үлдээгээд явбал 60 000 000 төгрөгөөр би бусдад санал больё” гэсэн санал гаргасан. Тэгээд эртний эдлэл гэдэг утгаараа үлдээж яваагүй. Г.Ч банкнаас зээлээ нэхээд байна дахиад А.А-тэй яриад үзье гээд бид утсаар А.А-тэй ярьсан. Тэгэхэд судраа аваад ир гэсэн. Аваад ирвэл 25 000 000 төгрөг бэлэн өгөөд авъя гэсэн. Уулзахад газар дээрээ А.А дахиад үнээ буулгаад 15 000 000 төгрөгөөр авна гэсэн ба бид дахиад санал болгосон үнийг зөвшөөрөөгүй тул миний машинд суугаад бид явсан. Буцаад явж байсан чинь А.А *** дугаарын миний утас руу залгаад “бэлнээр 18 000 000 төгрөгт авъя, одоо хүрээд ир” гэсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б-ийн “...зээлийн төлөлт хийгдэхгүй байсан. Өдөр шөнөгүй л шаардаж явж байсан. Анх шууд судар зараад зээл төлнө гээгүй. Машин болон бусад хэрэгслээр зээлээ төлөх арга хайдаг байсан. Тэгээд сүүлдээ өөрөө надад ирж уулзаад “одоо надад зарах ганц зүйл байна, судар байгаа. Судраа зараад зээлээ хаана” гэж хэлээд сар гаруй хугацаа өнгөрсөн. Тэгэхэд нь би өөрөө дагаж яваад л мөнгийг нь авч, зээлээ төлүүлэхгүй бол болохгүй юм байна гэж ойлгоод хамт явсан. Хамт явсан тул мэднэ 18 000 000 төгрөгөөр зарж байгаа гэж ойлгосон...” гэх мэдүүлэг,
Нэхэмжлэгч Г.Ч-ээс 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр музейд эд өлгийн зүйл санал болгох өргөдөлдөө уг судрын үнийн саналыг 210 000 000 төгрөг гэж тодорхойлсон байх ба үзмэр худалдан авах зөвлөлийн саналыг хэлэлцсэн зэргээс дүгнэхэд талуудын хэлэлцэн тохирсон үнийг 3 000 000 төгрөг байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5.13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар зохигч шаардлага болон татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх цуглуулах үүрэгтэй.
5.14. Хариуцагч А.А нь худалдах, худалдан авах гэрээгээр хэлэлцэн тохирсон үнэ 3 000 000 төгрөг байсан, би цааш нь 4 000 000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, тэрээр татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.
5.15. Гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч анх шаардлагын үндэслэлээ “...би А.А-д 16 000 000 төгрөгөөр “Жадамба” судрыг зарсан ба А.А-ээс 3 000 000 төгрөгийг авсан тул үлдэх 13 000 000 төгрөгийг гаргуулах...” гэж тодорхойлж байсан зэргээс үзэхэд талуудын хэлэлцэн тохирсон үнэ 16 000 000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна.
5.16. Иймд нэхэмжлэгч Г.Ч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 13 000 000 төгрөгийг хариуцагч А.А-ээс шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй болно.
6. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 76.1-т “...хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно...” гэж заасан.
6.1. Гэрч А.Х-ын “...Г.Ч-д А.А нь “хүмүүс сонирхоод байна, хүмүүс аваагүй байна.” гэж ярьдаг байсан. Жилийн дараа хүртэл ийм асуудал хэлдэг байсан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн “...судрыг зараад үлдэгдэл мөнгийг өгнө, 3 000 000 төгрөгийг буцааж төлбөл судрыг эргүүлж өгнө гэж А.А хэлсэн...” гэх тайлбараас үзэхэд талууд үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй гэж үзэхээр байна.
6.2. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “...миний бие банкнаас авсан зээлээ төлж чадахгүй гарцаагүй байдалд ороод эцэг өвгөөс уламжлагдан ирсэн Жадамба судраа зарахаас өөр аргагүй болсон. 2013-2014 оны хооронд А.А нь надтай олон удаа уулзалдаж 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүнд зуучилж зарж өгье гэж хэлж судрыг маань авчаад одоо чамаас судар аваагүй, чамайг танихгүй байна, чамаас судар авснаа санахгүй байна гэх зүйл яриад байна...” гэх агуулгаар өргөдөл гаргасан байх бөгөөд энэ үеэс эрх зөрчигдсөн гэдгээ мэдэж, шаардах эрх үүссэн гэж үзнэ.
6.3. Нэхэмжлэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын *** дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан бөгөөд уг шийдвэрт гаргасан гомдлыг Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар прокурорын тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсанаар уг ажиллагаа дуусгавар болжээ.
6.4. Улмаар нэхэмжлэгч Г.Ч нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч А.А-ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 197 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэлээ.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
9. Томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нар иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.А-ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 197 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 207 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 222 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ч-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЭНХЦЭЦЭГ
О.ЧУЛУУНЧИМЭГ