Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 224/МА2022/00002

 

 

“О-Э” ХХК-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 488 дугаар шийдвэртэй,

“О-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Х-О” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 18.674.872 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “О-Э” ХХК-ийн  захирал  Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагч “Х-О” ХХК-ийн захирал Ү.Мягмаржав, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О-Э” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ба цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 6 дугаар сард Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас Увс нуурын хөвөөн дэх ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам, 2 АТП барих зэрэг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан. Тухайн тендерт барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хамтарч оролцох нөхцөлтэй тендер зарлагдсан.

Уг тендерт барилгын тусгай зөвшөөрөлтэй “Х-О” ХХК (захирал Ү.Мягмаржав), эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй Оточ-Эрчим ХХК (захирал Д.С) бид нар харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээ байгуулан оролцсон. Бид тухайн үед төсвөө хамтран хийлгэж, 197.347.401 төгрөгийн нийт төсөвт өртөгтэй тендерт оролцож, улмаар уг тендерт шалгарч, “Х-О” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр, манай компани туслан гүйцэтгэгчээр оролцож, аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газартай “Х-О” ХХК гэрээ байгуулсан. Нийт төсөв 197.347.401 төгрөгөөс цахилгааны ажил нь 78.768.872 төгрөгийн төсөвт өртөгтэй хийгдсэн. 118.578.529 төгрөгийн төсөвт өртгөөр Хос-Отор ХХК ариун цэврийн байгууламж барьсан. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар, норм, норматив боловсруулах сангийн шимтгэл, захиалагчийн хяналтын зардал, зураг төсвийн үнэ, магадлашгүй ажлын зардал, бусад зардлууд төсөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл, “Х-О” ХХК-ийн гүйцэтгэх ажлын өртөг манай компаниас арай илүү байсан тул уг компанийг тендерт ерөнхий гүйцэтгэгчээр, харин манай компанийг туслан гүйцэтгэгчээр оруулсан. Ингээд манай компани гэрээний дагуу цахилгааны ажлыг 2018 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хийж гүйцэтгэсэн. Цахилгааны ажлыг гүйцэтгэх нийт төсөвт өртөг нь 78.768.872 төгрөг бөгөөд “Х-О” ХХК-аас манай компанид 60.094.000 төгрөгийн санхүүжилт орж ирсэн ба үлдэх 18.674.872 төгрөгийг “Х-О” ХХК одоо хүртэл төлөхгүй байна. Ерөнхий гүйцэтгэгч “Х-О” ХХК нь аймгийн төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний  өдөр  197.347.401 төгрөгийн санхүүжилтийг бүрэн гүйцэд авсан боловч цахилгааны ажлын хөлсөө бүрэн гүйцэд төлөхгүй биднийг чирэгдүүлж байна.

Хариуцагч нь сүүлд гаргаж өгсөн баримтаа хийгдээгүй үлдсэн,  одоо хийгдэх ажилд зарцуулагдах зардал гэж хэлж байна. Хийгдээгүй ажил гэж огт байхгүй. Бидний ажлын ялгаа нь тус тусын ажлын зураг байдаг. Анхнаасаа мэргэжлийн зураг төсөвчин тус тусын ажлын зураг төсвийг гаргаад тус зургийн хүрээнд л манай хоёр компани ажлаа хийсэн. Би зураг төсөвт тусгагдсан бүх л ажлаа хийсэн. Ү.Мягмаржав гуай бүр сүүлд ажил дууссаны дараа өөр төсөв хийлгэж ирээд, цахилгааны ажлын төсөв өндөр байжээ, үлдэгдэл санхүүжилт өгөхгүй гэх зүйл ярьж эхэлсэн.  Анх ажил хийгдэж эхлэх гэж байхад Ү.Мягмаржав гуай тэр төсвөө гаргаж ирээд танилцуулсан бол тухайн үедээ манай компани энэ ажилд оролцохоос татгалзах боломжтой байсан.

Бүх ажлаа хийлгээд улсын комисст хүлээлгэж өгсний дараа дахин төсөв хийлгэсэн нь үндэслэлгүй. Манай компани Б Х ХХК-аар зураг төсвөө гаргуулж хийсэн. Тэр барилгын гадна дотор гэрэлтүүлгийн ажлыг манай компани хийх боломжгүй бөгөөд хариуцагч компанийн хийх ажлыг зурагт орсон ажил байгаа юм. Одоог хүртэл манай барьж байгуулсан цахилгааны ажил ашиглагдаад явж байгаа. Гэтэл хариуцагч 700 метр гаруй шугам татаагүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэв тийм бол тухайн цахилгааныг ашиглах боломжгүй. Эрчим хүчний тухай хуулиар АТП бариад тоолуур тавьсан тохиолдолд түүнээс хойшхи асуудлыг хэрэглэгч байгууллага хариуцах ёстой.

Иймд “Х-О” ХХК-аас  “О-Э” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 18.674.872 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ү.Мягмаржав анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани “О-Э” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээн дээр 2 тал ямар ажил хариуцах талаар тодорхой заасан байгаа. Манай компани барилга, гүний худаг, ариун цэврийн систем гэсэн ажлуудыг хийж гүйцэтгэхээр, харин Оточ-Эрчим ХХК нь гадна цахилгаан хангамж, дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмжийн угсралт цахилгааны ажлыг бүрэн хариуцахаар тус тус гэрээнд заасан байгаа.

Тухайн үед түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер тул үнийн дүнг зураг төсөв хийгдсэний дараа тохиролцохоор болсон. Харин уг ажлын төсөвт өртгийн хувьд Д.С Ховд аймагт миний найз байгаа, утсаар яриад төсөв хийлгэчихнэ, асуудалгүй гэсэн. Энэ төсвийг би тендерийн материал өгөх өдрийн өмнөх орой буюу 7 дугаар сарын 05-ны 20:00 цагийн үед материалаа бэлдэхээр цуглах үед Д.Сийг авч ирэхэд нь анх харсан. Т.Амаржаргал гэх хүний гарын үсэгтэй, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хуучин программаар хийгдсэн төсөв байсан. Тухайн үед төсөвтэй танилцахад гадна цахилгааны ажлын зардал өндөр байсан ч угаасаа түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер учир барилгын ажлын зураг хийгдэж байж жинхэнэ төсөв гарах учраас тендерийн бичиг баримтын шаардлагын дагуу үнийн санал өгөх зорилгоор уг төсөв, хамтарч ажиллах гэрээг үйлдэж өгсөн. Т.Амаржаргал гэж төсөвчний эрх нь 2007 онд дуусгавар болсон байсан.

Оточ-Эрчим ХХК нь өөрт оногдсон, хийх ёстой 4 ажлынхаа хоёрыг нь л хийсэн. Тендерт ялсны дараа тендерийн бичиг баримтыг өөрчлөх ёсгүй гэж нэхэмжлэгч тал ярьж байна. Гэтэл өөрөө Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ ТӨХК-д ажилладаг талаа ашиглаад техникийн нөхцөлийг өөрчилсөн. 0,4-ийн төмөр шугамыг 0,25 болгож багасгах зэргээр өөрчилсөн. Оточ-Эрчим ХХК нь 4 к.ватын цахилгаан дамжуулах шугам хийх ёстой байсан боловч хийгээгүй. Нэхэмжлэгч тал цахилгааны ажилд гадна, дотно гэрэлтүүлгийн ажил орж байгааг мэдэж байна уу, ажлаа дутуу хийгээд надаас үлдэгдэл санхүүжилт гэж нэхээд байгааг ойлгохгүй байна.

О Э ХХК нь ажлаа дутуу хийсэн тул 2 трансформатороос байгууламж хүртэлх 90 метр гаруй кабелийг манай байгууллага өөрөө хийсэн. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр барилгын ажлыг хүлээн авах комисс ажиллаад Оточ-Эрчим ХХК-д 5 үүрэг даалгавар өгсөн боловч өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгээгүй байна. Оточ-Эрчим ХХК ажил хүлээн авах комиссын үүрэг даалгаврыг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгээд, ажлаа манай компанид тайлагнах ёстой. Гэтэл дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн зүйл байхгүй. Би Д.Сийн хийсэн ажлуудыг тэр өөрийнх нь гаргасан төсвөөр бодож, тооцоог гаргахад 40.000.000 төгрөгийн зардал л гарсан байсан. Үүнийг би давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хэлж байсан.

Би Д.Сид 61.094.000 төгрөг бэлэн өгсөн байгаа. Анх Амаржаргал гэх төсөвчнөөр хийлгэсэн төсөвт цахилгааны ажил гээд 12 ажлыг жагсаасан байгаа. Энэ ажлаас 8 төрлийн ажлыг нэхэмжлэгч тал хийгээгүй. Үүнийгээ өөрөө мэдсээр байж мөнгөө бүрэн нэхэмжлээд зогсож байгааг ойлгохгүй байна. Бидний оролцсон тендер нь түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер тул зураг хийгдэх нь тодорхой байсан бөгөөд би тухайн үед зураг хийгдэхээр төсөв дахин гарна шүү гэж Д.С захиралд хэлж л байсан. Тиймээс бидний байгуулсан гэрээнд үнийн дүн тавигдаагүй юм. Намайг ажлынхаа зураг төсвийг Пэтронус Тауэр ХХК-аар хийлгээд ирэхэд Д.С захирал дур мэдэн техникийн нөхцөлөө өөрчлөөд хоёр салаа цахилгааны шугам явах байсныг нэг шугам болгосон байсан. Би экспертизээр батлагдсан төсөв гаргуулаад ирэхэд би анх гаргуулсан төсвийн дагуу ажиллана гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 488 дугаар шийдвэрээр:

“Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “Х-О” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18.674.872 /арван найман сая зургаан зуун далан дөрвөн мянга найман зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “О-Э” ХХК-ийннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.324 /хоёр зуун тавин нэгэн мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч “О-Э” ХХК-ийнзахирал Д.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

“Хос Отор” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргатай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан УВАОНӨГ/201812065 дугаартай гэрээ/ 2-р хавтасны 206-210 тал/ нь түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ бөгөөд тус гэрээний дагуу хийгдэх бүх ажил болон тус ажлуудын зураг төсөв хийгдэхэд зарцуулагдах зардал нь нийт гэрээний үнийн дүнд бүгд багтсан байдаг.

Тус гэрээний дагуу ариун цэврийн байгууламжийн ажил болон цахилгааны ажил хийгдэж эхлэхээс өмнө тусгай зөвшөөрөл бүхий ажил гүйцэтгэгч хуулийн этгээдүүд ажлын зураг төсвийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж үндсэн гэрээний захиалагч тал болох Аймгийн Засаг даргын тамгын газрын ажлын албаны холбогдох албан тушаалтнуудад өөр өөрсдийн ажлын зураг төсвийг хянуулж, баталгаажуулаад ажлын зураг төсвийн нэг нэг хувийг ажил гүйцэтгэгч хуулийн этгээдүүд нөгөө нэг нэг хувийг нь УВАОНӨГ/201812065 дугаартай гэрээний захиалагч тал болох Засаг даргын ажлын албанд хүлээлгэж өгсний үндсэн дээр ажлаа эхэлдэг байна. Учир нь тус батлагдсан зураг төсвийн дагуу ажлын гүйцэтгэгч нар ажлаа хийж, захиалагч тал болох Засаг дарга ариун цэврийн байгууламжийн ажлыг хүлээж авахдаа, явцын хяналт хийхдээ тус батлагдсан зураг төсвүүдийн дагуу хийгдсэн эсэхэд хяналт хийж ажлыг хүлээн авдаг.

Хэрэв хамтран ажиллах гэрээний 1.1-д заасны дагуу ариун цэврийн байгууламжийн дотор цахилгааны ажил болон гэрэлтүүлэг нь манай компанийн хийж гүйцэтгэх ёстой ажилд анхнаасаа багтаж байсан бол цахилгааны ажлын зураг төсөвт тус ажлын зураг орж хийгдэх байсан. Ариун цэврийн байгууламжийн барилгын  ажлыг хийж гүйцэтгэх үүрэг бүхий үндсэн ажил гүйцэтгэгч “Хос Отор” ХХК-ийн “П т”ХХК-ар хийлгэсэн барилгын ажлын зурагт тус ариун цэврийн байгууламжийн дотор цахилгааны ажлын зураг багтаж хийгдэх ёсгүй байсан. Барилгын ажил хийгдэж эхлээгүй байх үеийн барилгын ажлын зураг төсөвт тус барилгын дотор цахилгааны ажил багтаж зураг төсөв хийгдэж батлагдсан байгаа нь тус ажил бол хариуцагч “Хос Отор” ХХК-ийн хийж гүйцэтгэх ажилд анхнаасаа багтаж байсныг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн тус хамтран ажиллах гэрээний 1.1-т заасны дагуу дотно, гадна гэрэлтүүлэг нь нэхэмжлэгч “Оточ Эрчим” ХХК-ийн хийж гүйцэтгэхээр тусгасан байна гэж үзэж байгаа үндэслэлгүй.

Мөн манай компанийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн дугаар зүйлийн 350.1.5 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу ажлын үр дүнг захиалагч болох “Хос Отор” ХХК-д хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, тодорхой ажлуудыг дутуу гүйцэтгэсэн гэж дүгнэсэн байна.

Гэтэл хэрэгт авагдсан улсын комиссын гишүүдийн хурлын тэмдэглэл болон “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт” зэргээс нэхэмжлэгч “Оточ Эрчим” ХХК цахилгааны ажлыг хийж гүйцэтгэгч улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг бөгөөд улсын комисс тус ариун цэврийн байгууламжийн барилгын ажил болон цахилгааны ажлыг 100% саналтайгаар аймгийн Засаг даргатай хариуцагч “Хос Отор” ХХК-ийн байгуулсан ВАОНӨГ/2018 12065 дугаартай гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.13 дахь хэсэг, гэрээний тусгай нөхцөлийн 13 дугаар хэсэгт заасны дагуу ажлын гүйцэтгэлээр буюу гэрээнд заагдсан ажил бүрэн гүйцэт хийгдсэн тул ажлын хөлс болох 197.347.401 төгрөгийг хариуцагч “Хос Отор” ХХК-д бүрэн шилжүүлсэн болох нь хариуцагч талын хариу тайлбар, гэрч Шинэбаяр, М.Улаанхүү нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогддог. УВАОНӨГ/201812065 дугаартай гэрээний 5дугаар зүйлийн 5.2.7, 5.2.8, 5.3.1 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу туслан гүйцэтгэгч болох “Оточ Эрчим” ХХК гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй буюу дутуу гүйцэтгэсэн байсан бол хариуцагч “Хос Отор” ХХК үлдэгдэл санхүүжилтээ бүрэн гүйцэт авч чадахгүй байх байсан, мөн улсын комисс тухайн ариун цэврийн байгууламжийн ажлыг хүлээн авахгүй байх байсан.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэртээ “нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн зардлын баримтуудаар нэхэмжлэгч нь нийт 78.768.872 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтогдохгүй байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18.674.872 төгрөгийг хариуцагч “Хос Отор”' ХХК-аас гаргуулж олгох үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч "Оточ Эрчим" ХХК-ийн захирал Д.С миний бие шүүх хуралдаан дээр удаа дараа гаргасан тайлбарууддаа "тухайн ажлыг хийж гүйцэтгэх үедээ ажлын хөлсөн дээр маргаан гарна гэж бодоогүй учраас материал авах жижиг урсгал зардлууд болон цахилгааны ажлыг хийж гүйцэтгэх үедээ хэрэглэсэн материалуудыг авахдаа нэг бүрчлэн санхүүгийн баримт бүрдүүлээгүй” гэдгээ хэлсэн. Нийт гаргасан зардлаа нэг бүрчлэн нотолж чадахгүй байна гэдэг нь зардал гаргаагүй эсхүл төсөвт өртөг бүхий ажлаа хийж гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон тендерт оролцохдоо зохиосон ажлын нийт төсвийн дагуу цахилгааны ажил 78.768.872 төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд манай компанийн зүгээс батлагдсан зураг төсвийн дагуу тухайн зураг төсөвт дурдсан материалын түүвэрт багтсан бүх материалын дагуу цахилгааны ажлыг хийж хүлээлгэн өгсөн байхад санхүүгийн баримт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нийт 78.768.872 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18.674.872 төгрөгийг хариуцагч “Хос. Отор” ХХК-ас гаргуулж олгох үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний хөлснөөс тусдаа анх талууд тендерт оролцохдоо дэнчин болгож 4 сая төгрөг байршуулсан бөгөөд үүний 2 сая төгрөгийг хариуцагч “Хос Отор” ХХК-ийн зүгээс надад шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл уг мөнгийг ажлын хөлс болгож авсан 61.094.000 төгрөг дээр нэмээд нийт 63.094.000 төгрөгийг хүлээн авсан гэж шүүх  дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 488 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Хос Отор” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18.674.872 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “О Э ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн. Уг гэрээнд О Э ХХК ариун цэврийн байгууламжийн дотор талын цахилгааны ажил, унтраалга хийнэ гэсэн заалт байхгүй. Гэрээнд “Оточ эрчим” ХХК-ийн гүйцэтгэх ёстой цахилгааны ажил гэдэгт 3.3 км-ын агаарын цахилгаан дамжуулах шугам, гадна дотно цахилгаан, 25 ква, 100 ква-ын хоёр дэд өртөө барих ажлыг хийж гүйцэтгэхээр цахилгааны ажлын зурагт тусгагдсан байдаг. 100 ква-ын дэд станцыг манай компани хийж гүйцэтгэсэн. Гадна цахилгааны ажил гэдэгт 3.3 км-ын агаарын цахилгаан дамжуулах шугам орж байгаа. Дотно цахилгаан гэдэг нь дэд станцын шитийн дотор талын монтажийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл дэд станцын шитэд угсрагдаж байгаа тоноглолууд буюу цэнэг шавхагч 3.80, 2.20 тоолуур, 2.20, 3.80 автомат ОО-ийн хлем тус бүрээр монтажилсныг дотор монтайж гэж ойлгоно. “Оточ эрчим” ХХК нь хамтран ажиллах гэрээнд тусгагдсан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн зүгээс: нэхэмжлэгч “О-Э” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Барокко хийц ХХК-тай зураг төсөл боловсруулах талаар байгуулсан гэрээ байгуулж, Барокко хийц ХХК-аар зөвхөн 6кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 6/0,4 кВ-ын 25 кВА болон 100 кв чадалтай АТП барих ажлын зургийг гаргуулж, уг зургийнхаа дагуу 0,6 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам буюу урт нь 3,3 км бүхий 38 төмөр бетон шон суулгаж, 25 кв-ын оронд 30 кв-ын хүчин чадал бүхий дэд өртөө болон 100 кв-ын дэд өртөөнүүдийг барьсан талаар талууд маргаагүй гэж үзсэн. Хамтран ажиллах гэрээнд О Э ХХК 30 кв-ын дэд станц барьж байгуулахаар заагдаагүй боловч техникийн нөхцөл зураг төсөл дээр 30 ква-ын дэд станц барьж байгуулахаар тусгагдсан учир манай компани уг ажлыг хийж гүйцэтгэсэн.

Анхан шатны шүүхийн зүгээс “талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.1-д дурдсан дотно, гадна гэрэлтүүлэг гэх хэсгийг нэхэмжлэгч гүйцэтгэх ёстой байсан эсэх талаар талууд маргасан боловч хамтран ажиллах гэрээндээ уг ажлыг Б тал буюу нэхэмжлэгч Оточ-Эрчим ХХК хийж гүйцэтгэхээр тусгасан байна” гэж үзсэн. дотно, гадна гэрэлтүүлгийн ажил дээр маргаан байгаагүй. Зөвхөн хийсэн ажлынхаа хөлс мөнгөө маргасан байдаг. Хос-Очир ХХК-ийн зүгээс манай компанийг дутуу ажил хийж гүйцэтгэсэн ба ариун цэврийн байгууламжийн ОО-ийн унтраалга, розеткийг манай компанийг хийх ёстой гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн зүгээс “Хэрэв нэхэмжлэгч дээрх ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй байсан бол гэрээ байгуулагдсаны дараа гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан өөрчлөх боломжтой байхад энэ талаар санал гаргаагүй байна” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Уг ажлыг манай компани 2018 онд барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгээд 2018 оны 11 дүгээр сард ариун цэврийн байгууламжийг улсын комисст 100 хувийн саналаар хүлээлгэн өгөхдөө энэ ажлыг танай компани хийх ёстой гэдэг байдлаар маргаан гараагүй тул гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага гараагүй. 2019 оны 5 дугаар сараас хойш сүүлийн санхүүжилтийн үед талуудын маргаан үүссэн. ариун цэврийн байгууламжийг барилга угсралтын ажил явагдаж байх үед Хос Отор ХХК-ийн зүгээс ОО-ийн унтраалга, розеткийг “Оточ Эрчим” ХХК хийж гүйцэтгэх ёстой гэдэг шаардлага тавьж байгаагүй. Хамтран ажиллах гэрээнд заасан ажлыг зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн.

Анхан шатны шүүхийн зүгээс “О Э ХХК-ийг ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах үүргээ нэхэмжлэгч нь туслан гүйцэтгэгчийн хувьд биелүүлээгүй” гэж үзсэн.

“О Э ХХК болон “Хос Отор” ХХК хоорондоо хамтран ажиллах гэрээ байгуулж ажлаа хийж гүйцэтгэх явцдаа манай ажил ийм түвшинд явагдаж байгаа талаараа тогтмол харилцан ярилцаж ирсэн. Хос Отор ХХК-ийн захирал Ү.Мягмаржавын зүгээс “та ажлаа бүрэн хийж дуусгаарай, би сүүлийн санхүүжилтийн мөнгөнөөс танай компанийн мөнгийг өгнө” гэж хэлсэн. Би хамтран ажиллах гэрээний дагуу зураг төсвийн хүрээнд ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн боловч сүүлийн санхүүжилт өгөөгүйгээс болж, 2021 оны 5 дугаар сараас хойш маргаж байгаа.

Анхан шатны шүүхийн зүгээс “улсын комиссын гишүүдийн хурлын тэмдэглэл болон Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комиссын хурлын протоколд өгөх санал гэх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Оточ-Эрчим ХХК-д 2 ширхэг 0,4 кВ-ын шкаф солих, цахилгааны шит самбарыг хаягжуулах, АЦӨ-ний байгууламжийн барилгын оруулгын кабель далдлах, хуурай салгуурын хийц муу учир солих, хөндлөн трансформаторыг боосон боолт хуучин гагнууртай, давхар контур боолтгүй, газардуулга байгаа боловч үндсэн пласаар хийгдээгүй, трансформаторын давхар бэхэлгээ хийх зэрэг ажлыг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгүүлэх, дахин шалган хүлээн авахаар тэмдэглэсэн зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь өөрт ногдсон ажлыг мөн дутуу гүйцэтгэсэн” гэж дүгнэсэн байсан.

О Э ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн ажил гэж байхгүй. Уг ажлыг хийж гүйцэтгэхдээ барилгын зураг төсвийн дагуу барилгын мэргэжлийн инженерийн хяналтад хамтран ажиллах гэрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлыг дутуу хийвэл эрчим хүч дамжуулах боломжгүй байдаг учир ажил дутуу хийх үндэслэлгүй юм.  Уг барилга байгууламжийг улсын комисс хүлээн авахдаа О Э ХХК болон Хос Отор ХХК-ийн аль алинд нь үүрэг даалгавар өгсөн. О Э ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилд улсын комисс дүгнэлт хийж барилга байгууламж болон дэд станцыг хаягжуулж, номерлох, ганц нэг шайв, боолт давхарлаж хийх шаардлагатай байна гэж үзсэн. Уг үүрэг даалгаврын дагуу 2019 оны 5 дугаар сард барилга байгууламж дээр очиж дэд станцыг 217, 218 дугаараар дугаарлаж, дутуу шайв боолтыг давхарлаж, будах ажлыг хийж гүйцэтгээд Увс цахилгаан түгээх ТӨК-д хүлээлгэн өгсөн.

Би улсын комиссын дүгнэлтэд дурдсан дутуу ажлыг хийж гүйцэтгэсний дараа 2019 оны 5 дугаар сард “Хос Отор” ХХК-ийн захирал Ү.Мягмаржавыг дагуулж Увс нуурын дэргэдэх үйлчилгээний ариун цэврийн байгууламжийн цахилгаантай холбоотой ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэсэн мөн улсын комиссын дүгнэлтэд дурдсан дутуу ажлыг хийж дуусгасан талаараа үзүүлж харуулсан. Тухайн үед аймаг буцах замд “Хос Отор” ХХК-ийн захирал Ү.Мягмаржавын зүгээс нэгэнт ажил дууссан болохоор сүүлийн санхүүжилтээс чамд 8.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Би өр шир ихтэй хоцорсон учир 8.000.000 төгрөг арай бага байна гэж хэлтэл тэгвэл хууль шүүхийн байгууллагаар яваад мөнгөө заргалдаад долоогоорой гэж хэлснээс хойш маргаан эхэлсэн. Иймээс анхан шатны шүүхийн зүгээс О Э ХХК-ийг ажил дутуу хийсэн гэдэг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч О-Э ХХК-ийнзахирал Д.Сийн Хаан банк дахь 5819104448, 5800446142 тоот дансны хуулга, мөн хэргийн 3 дугаар хавтаст хэргийн 2-5 дугаар хуудаст авагдсан орлого, зардлын баримтаас үзэхэд хариуцагч Хос-Отор ХХК-аас нэхэмжлэгч Оточ-Эрчим ХХК-д нийт 61.094.000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй” гэж үзсэн байтлаа дараагийн үндэслэх хэсэгт “63.094.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас хүлээн авсан гэж үзэх нь зүйтэй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Яагаад гэвэл нэхэмжлэгч, хариуцагч нар тендерт оролцохдоо дэнчингийн 4.000.000 төгрөгийг тухайн үед иргэн Н.Доржсүрэнгээс зээлж авсан байсан. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хос-Отор ХХК-ийн захирал Улаанбаатар хотод явж байхдаа 2.000.000 төгрөгийг над руу шилжүүлсэн учир би өөрт байсан 2.000.000 төгрөгөө нэмээд 4.000.000 төгрөгийг Н.Доржсүрэнд хүргэж өгсөн. Н.Доржсүрэнгээс 4.000.000 төгрөг зээлэхдээ миний машины бичиг баримт барьцаанд нь өгсөн байсан тул 4.000.000 төгрөгийг буцааж өгөхдөө машиныхаа бичиг баримтыг авсан.

Анхан шатны шүүхийн зүгээс “Барилга байгууламжид Оточ-Эрчим ХХК нь 0,6 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон 30 ква, 100 ква-ын дэд өртөөнүүдийг барьж гүйцэтгэсэн гэдэгт талуудыг маргаагүй гэж үзсэн. Талууд энэ талаар маргаангүй учир тайлбар гаргах шаардлага байхгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн зүгээс “барилга байгууламжийг барьж байгуулахад нийт хэдэн төгрөгийн зардал гарсан нь тогтоогдохгүй байна” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Яагаад гэвэл О-Э ХХК-ийнзүгээс жижиг сажиг зардлыг нарийн тооцож баримт бүрдүүлээгүй. Жишээ нь: хоол хүнс, гагнуурын хадаас, боолт, ундаа усны баримт цуглуулаагүйг хариуцагч тал далимдуулж байгаа. Зардал тогтоогдохгүй байгаа учир 40.000.000 орчим сая төгрөгийн дансны хуулга гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхийн зүгээс уг дансны хуулгыг ойлгомжгүй гэж үзсэн. Барилга байгууламжийн материалын үнэд 4.795.000 төгрөгийн зардал гарсан. 13.910.000 төгрөгийн үнэ бүхий хоёр трансформатор авсан үнэ нь дансны утга дээр материалын үнэ гэж бичигдсэн байсан. О Э ХХК-ийн 13.000.000 төгрөгийн баганын үнийн урьдчилгаа гэсэн зарлага гарсан байдаг. Багана гэсэн гүйлгээний утгыг анхан шатны шүүхийн шүүгч ойлгоогүй байж магадгүй. Эрчим хүчнийхэн багана, шон, тулгуур гэж нэрлэж нэршилдэг. Барилга байгууламжийн материалын үнэд 40.000.000 гаруй сая төгрөгийн зарлага гарсан гэж дансны хуулгаа гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхийн шүүгч уг дансны хуулгыг ойлгомжгүй, үндэслэлгүй гэж үзсэн байдаг.

“Хос Отор” ХХК-ийн захирал Ү.Мягмаржав нь шүүх хуралдаан бүрд өөр өөр тайлбар гаргаж намайг гүтгэн доромжилдог. Анхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Д.Сэд өгөх ёстой мөнгөний хагас нь аймгийн төрийн сангийн архивын барьцаанд байгаа тул уг мөнгө орж ирсний дараа өгнө” гэж тайлбар гаргасан. Дараагийн шүүх хуралд гаргасан тайлбартаа “О Э ХХК ажил дутуу хийсэн ба түүний дутуу хийсэн ажлыг “Хос Отор” ХХК хийж гүйцэтгэсэн учир мөнгө өгөх боломжгүй” гэсэн тайлбар гаргаж байсан.

“Хос Отор” ХХК-ийн захирал Ү.Мягмаржавын зүгээс “О Э ХХК-ийг 10 ажил хийж гүйцэтгэх ёстой байснаас 2 ажлыг хийж гүйцэтгэж, 8 ажлыг хийж гүйцэтгээгүй гэж тайлбар гаргасан ба уг 10 ажлыг нотолж өгөхийг хүссэн боловч нотолж чадахгүй гэж хэлсэн. Гэтэл сүүлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “О Э ХХК-ийн дутуу хийгдсэн ажлыг хийхээр төлөвлөж байна” гэж тайлбарласан. “О Э ХХК болон Хос Отор ХХК хоорондоо нөхцөл байдлаа тохироод хамтран ажиллах гэрээ байгуулсан. О Э ХХК нь хамтран ажиллах гэрээнд заагдсанаар ариун цэврийн байгууламжийн барилгын угсралтыг хийж дуусгаад улсын комисс хүлээн авсан акт байдаг. “О Э ХХК нь хамтран ажиллах гэрээнд заасан ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн учир дутуу хийгдсэн ажил байхгүй” гэв.

Хариуцагч Ү.Мягмаржав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани “О-Э” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээн дээр 2 тал ямар ажил хариуцах талаар тодорхой заасан байгаа ба түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ учир үнийн санал өгөхийн тулд тендерийн өгөгдлийг биелүүлэхийн тулд “Оточ Эрчим” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Манай компани барилга, гүний худаг, ариун цэврийн систем гэсэн ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Харин “О-Э” ХХК нь гадна цахилгаан хангамж, дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмжийн угсралт цахилгааны ажлыг бүрэн хариуцна гэж заасан байгаа. Тухайн үед түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер тул үнийн дүнг зураг төсөв хийгдсэний дараа тохиролцохоор болсон. Харин уг ажлын төсөвт өртгийн хувьд Д.С Ховд аймгийн иргэн Т.Амаржаргал гэх төсөвчний эрх 2007 онд дуусгавар болсон байх ба хуурамч тамгатай төсөвчнөөр 2018 онд төсөв хийлгэж авч ирсэн байсан. Уг төсөвтэй танилцахад гадна цахилгааны ажлын зардал өндөр байсан ба /78.768.872 төгрөгийн үнэтэй байсан/ угаасаа түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер учир барилгын ажлын зураг хийгдэж байж жинхэнэ төсөв гарах учраас тендерийн бичиг баримтын шаардлагын дагуу үнийн санал өгөх зорилгоор уг төсөв, хамтарч ажиллах гэрээг үйлдэж өгсөн.

2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсны дараа Увс нуурын хөвөө орж ажлаа заалгаж авсны дараа Улаанбаатар хотын геологийн байгууллагаар геологийн хайгуул хийлгэж дүгнэлт гарсны дараа аймгийн Засаг даргын гаргасан техникийн нөхцөлийг үндэслэн хийх ажлын төлөвлөгөө гаргаж, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр стандартын дагуу шинээр зураг төсөв гаргуулж, Д.Сэд танилцуултал “би хүлээн зөвшөөрөхгүй, би Ховд аймгийн Т.Амаржаргалын хийсэн төсвөөр хамтран ажиллах гэрээ хийсэн учир уг төсвийн дагуу ажлаа хийнэ” гэж хэлээд миний зураг төсвийг үзээгүй. Эндээс болж нэхэмжлэгчтэй маргалдаж байгаа.

Ховд аймгийн Т.Амаржаргалын хийсэн төсөвт 78.768.872 төгрөгийн үнийн дүнтэй цахилгааны ажил гэсэн хэсэг байгаа. Цахилгааны ажил гэсэн хэсэгт 12 төрлийн ажил байдаг ба уг 12 төрлийн ажлаас 4 төрлийн ажлыг “О-Э” ХХК хийж гүйцэтгэсэн. Бусад 8 төрлийн дотор цахилгааны ажлыг манай компани гардаж хийсэн. “О-Э” ХХК хамтран ажиллах гэрээний заалтыг зөрчиж төсөвт заагдсан ажлыг дутуу хагас хийсэн учир би манай компани ерөнхий гүйцэтгэгч учир ариун цэврийн байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгч чадахгүй нөхцөл байдал үүссэн учир өөрсдөө Д.Сийн орхигдуулсан 8 төрлийн ажлыг хийсэн. Д.С уг ариун цэврийн байгууламжаас 80 метрийн зайтай 2 трансформатор угсраад хаясан.

Уг трансформатораас ариун цэврийн байгууламж хүртэл 90 метрийн гадна цахилгааны ажлыг манай компани хийсэн. Д.Сийн хамтран ажиллах гэрээнд заагдсан хийх ёстой ажлын хувьд “0,6-ийн 3.3 кват-ийн шугам, Увс нуурын гэр баазаас пост хүртэл 2 төрлийн 0,4-ийн төмөр шугамтай 900 метр шугам хийх ёстой байсан. Гэтэл Д.С эрчимд ажиллаж байсан давуу талаа ашиглаж 2018 оны 4 дүгээр сард гарсан техникийн нөхцөлийг өөрчлүүлж өөрт ашигтайгаар 1 шугам тавьж ажлыг хийж гүйцэтгэсэн байсан. Трансформаторын гадна талаар ЦТП хийх ёстой боловч бас л дутуу хагас хийгээгүй байдаг.

Би О Э ХХК-ийн захирал Д.Стэй уулзаад дутуу ажлаа хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон боловч би мөнгөө бүрэн авсны дараа ажлаа хийнэ гэж хэлж байсан. Д.С 61.094.000 төгрөгийг надаас авсан ба Д.Сийн хамтран ажиллах гэрээнд заагдсан үлдсэн ажлыг би хийж гүйцэтгэсэн. 2018 оны 12 дугаар сард ариун цэврийн байгууламж дээр улсын комисс ажиллаж улирлын чанартай ажил учир 2019 оны 5 дугаар сард дутуу ажлуудаа гүйцээж хийгээд ашиглагчдад хүлээлгэн өгөөрэй гэж хэлсэн. Улсын комиссын зүгээс О Э ХХК-ийг 5 төрлийн зөрчил дутагдалтай ажил байна гэж дүгнэсэн боловч О Э ХХК 5 төрлийн дутуу ажлыг одоо хүртэл хийж гүйцэтгээгүй байгаа.

Нэхэмжлэгч “Оточ Эрчим” ХХК-ийн захирлын зүгээс хамтран ажиллах гэрээнд зааснаар барилгын дотор цахилгаан гэдэг нь трансформаторын дотор талын цахилгааны ойлгож байгаа гэж тайлбарлаж байгаа нь үнэхээр доромжлол юм. Трансформаторын дотор талын самбарыг дотор цахилгаан, дотор гэрэлтүүлэг гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна. “Оточ Эрчим” ХХК 12 төрлийн ажлаас 2 төрлийг хийсэн ба хагас дутуу хийсэн. Ховд аймгийн Т.Амаржаргал гэх хүнээр хийлгэсэн төсөв нь захиалгаар хийлгэсэн төсөв гэдэг нь мэдэгдэж байгаа. Уг төсөвт 2,9 км газарт S35 мм/кв хүртэл огтлолтой утас зөрүүлэхгүй татах гэж тусгагдсан байсан. Тухайн үеийн ханшаар бодож үзвэл 1 тонн 1.200.000 төгрөгийн үнэтэй учир 3.000.000 төгрөгийн материалын дүнтэй байх ёстой байтал материалын түүвэр дээр автоматаар өөрчилж 0,5 мм/кв ажлыг 0,85 мм/кв болгосон байдаг. Жингийн хувьд 5 тонн 256 кг болгож, 1 тонн 2.500.000 төгрөгийн үнэтэй гээд 13.140.000 төгрөгийг нэмсэн байсан. 2007 онд Т.Амаржаргал төсөвчний эрх дууссан байхад хуурамч төсөв авч ирж өнөөдрийг хүртэл 4 жил надтай заргалдаж байгаа нь учир дутагдалтай байна. Д.Сийн нэхэмжилж байгаа 78.000.000 төгрөг дотор ариун цэврийн байгууламжийн дотор цахилгааны хийгдээгүй ажлууд байгаа. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг зөвшөөрөх боломжгүй” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “: Анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.1-д зааснаар гадна дотно гэрэлтүүлгийг Б тал буюу “Оточ Эрчим” ХХК хийж гүйцэтгэх ёстой гэж дүгнэсэн.

Хамтран ажиллах гэрээнд гадна талын гэрэлтүүлгийг Б тал буюу “Оточ Эрчим” ХХК хийж гүйцэтгэнэ гэсэн үг өгүүлбэр орсон боловч хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл гадна дотно гэрэлтүүлэг буюу барилга доторх цахилгааны ажлыг А тал буюу “Хос Отор” ХХК хийж гүйцэтгэх ёстой ажил байсан гэдэг нь харагдаж байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 214-р хуудаст “Хос Отор” ХХК болон “П т”ХХК-ийн хооронд байгуулагдсан барилгын ажлын зураг төсвийн гэрээ нотлох баримтаар авагдсан. Уг барилгын ажлын зураг төсөв нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангуулж нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн байдаг. “Хос Отор” ХХК барилгын ажлын зураг төсвийг 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд буюу 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байдаг.

“Оточ Эрчим” ХХК болон “Бароко хийц” ХХК-ийн хооронд байгуулагдсан цахилгааны ажлын зураг төсвийн гэрээ хэрэгт авагдсан байгаа. Уг гэрээнд зааснаар зураг төсвийн ажлыг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 14-ний хооронд хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг.

Уг гэрээний хугацааг хараад үзвэл хариуцагч “Хос Отор” ХХК нь нэхэмжлэгч О Э ХХК-ийн цахилгааны ажлын зураг хийлгэхээс 26 хоногийн өмнө “П т”ХХК-тай гэрээ байгуулж барилгын ажлын зураг төсөв хийгдээд эхэлсэн байсан гэдэг нь харагдаж байна. Уг барилгын ажлын зураг төсөвт барилгын дотор цахилгаан болон хүчит төхөөрөмж нь орж хийгдсэн байдаг. Талууд шүүх дээр ирээд маргахаараа энэ бүх ажлыг нэхэмжлэгч “Оточ Эрчим” ХХК-ийн хийж гүйцэтгэх ёстой ажил гэдэг байдлаар хандаж байгаа нь үндэслэлгүй юм. Барилгын дотор цахилгааны ажил нь “Хос Отор” ХХК-ийн хийж гүйцэтгэх ёстой ажил гэдгийг мэдэж байсан учир 26 хоногийн өмнө өөрсдөө барилгын ажлын зургаа хийлгэхдээ барилгын дотор цахилгаан болон хүчит төхөөрөмж гэх ажлыг өөрийн хийх ажилдаа оруулсан хийлгэсэн нөхцөл байдал харагддаг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг анхаарч үзээгүй ба ямар үндэслэлээр нотлох баримтыг ач холбогдолгүй гэж үзсэн талаараа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй байсан.

Талуудын барилгын болон цахилгааны ажлын зураг төсөв хийгдэхээс өмнө үндсэн захиалагч буюу аймгийн Засаг даргын зүгээс цахилгааны болон барилгын ажлуудын зургийг ямар дарааллаар яаж хийлгэх талаар албан даалгаврыг баталж өгсөн байдаг. 2 дугаар хавтаст хэргийн 217-р хуудаст авагдсан техникийн нөхцөлийн 6 дугаар зүйлд зураг төсвийн ажлын иж бүрдэлд цахилгаан хангамжийн ажил багтаж хийгдсэн байдаг. Барилгын дотор гадна гэрэлтүүлэг нь барилгын ажлын зураг төсөвт анхнаасаа багтаж хийгдэхээр заагдсан байсан. 2 дугаар хавтаст хэргийн 229-230-р хуудаст 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Увс аймгийн Засаг даргын ажлын албанаас Бат-Ерөөлт гэх хүний гарын үсэг тамга тэмдэгтэй барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ ажил эхлэхийн өмнө олгосон байдаг. Уг барилгын ажлын гэрчилгээний 7 дугаар зүйлд барилгын ажлын зураг төсвийг “П т”ХХК гэж заасан ба уг гэрээний 8 дугаар зүйлд барилгын ажлын гүйцэтгэгч нь Хос Отор ХХК гэж заагдсан байдаг.

Уг гэрээний 9 дүгээр зүйлд “инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг батлагдсан зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэх үүргийг өгсөн байдаг. Тэгэхээр барилга, инженерийн шугам сүлжээ гэсэн зүйлд заалт орсон. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-д “инженерийн шугам сүлжээ" гэж ус хангамж, цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг хэлнэ” гэж заасан байгаа. Барилгын ажил гэдэг нь барилга бариад хаяхыг хэлэхгүй ба уг барилгын бохир цэвэр ус, агааржуулалт, цахилгаан дулааны асуудал нь багтдаг учир уг барилгын дотор цахилгааны ажил, дотно гадна гэрэлтүүлгийн ажил нь анхнаасаа хариуцагч талын хийх ёстой ажил гэдэг нь харагдаж байна. 2 дугаар хавтаст хэргийн 232-р хуудаст 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор цахилгааны угсралтын ажилд туршилт хийж шалгасан акт гэх нотлох баримт авагдсан. Барилгын дотор гэрэлтүүлэг, дотор цахилгааны ажлыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн буюу тухайн үеийн ажил хүлээлцэх комиссын гишүүнээр ажиллаж байсан Батболд, Цахилгаан түгээх сүлжээ газрын инженер Соёл-Эрдэнэ гэх хүмүүсээр шалгуулж, хариуцагч Хос Отор ХХК-ийн захирал Ү.Мягмаржав хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Анхан шатны шүүх талуудын хамтран ажиллах гэрээнд заасан гадна талын гэрэлтүүлгийг Б тал буюу “Оточ Эрчим” ХХК хийж гүйцэтгэнэ гэсэн үг өгүүлбэрт дүгнэлт хийхээс гадна хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн дотор гадна гэрэлтүүлэг буюу цахилгааны ажлыг аль компани хийж гүйцэтгэх ёстой байсан талаар үнэлж дүгнэх ёстой байсан гэж үзэж байна. Уг хэрэг Дээд шүүхээс буцаж ирэхдээ “цахилгааны ажил гэдэгт яг ямар ажлуудыг хамааруулж ойлгож байгааг тодруулж, дотно гадна гэрэлтүүлэг гэдэгт цахилгааны ажилд батаж байгаа эсэхийг нотолсон баримт хэрэгт байхгүй учир хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэдэг үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Ийм нөхцөл байдал үүссэн учир “Оточ Эрчим” ХХК болон “Хос Отор” ХХК-ийн цахилгааны болон барилгын ажлуудын зураг төсвүүдийг шүүхэд гаргаж өгсөн. “Бароко хийц” ХХК-ийн цахилгааны ажлын зураг төсвийн цахилгааны ажил гэдэгт 3,3 кват-ийн агаарын шугам дамжуулах шугам, 25, 100 кват-ийн 2 дэд өртөө бүхий ажлыг цахилгааны ажил гэж үзэхээр зураг төсөв хийгдсэн. Анхнаасаа талуудын хоорондох тохиролцоо ийм байсан. Хариуцагч Ү.Мягмаржавын гаргаж байгаа тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Барилгын дотор талын цахилгааны ажлыг хариуцагч тал хийсэн гэдэгт маргахгүй яагаад гэвэл дотор цахилгааны ажлыг хийх үүрэг нь хариуцагч талд байсан. Барилгын дотор цахилгааны ажил хийсэн 2 хүнд 150.000, 150.000 төгрөг буюу нийт 300.000 төгрөгийн хөлс төлсөн ба барилгаас дэд өртөө хүртэл 70 метрийн нүх шуудуу ухсан хүнд ажлын хөлс 35.000 төгрөг төлсөн байдаг. Нийт барилгын дотно цахилгааны ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 335.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. 335.000 төгрөгийн зардал гаргасны төлөө хариуцагч тал барилгын дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгэсэн учир О Э ХХК-д 18.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийг төлөх боломжгүй гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ажил хүлээн авсан комиссын хурлын тэмдэглэлд нэр бүхий ажлуудыг “Оточ Эрчим” ХХК дутуу хийсэн гэдэг байдлаар дүгнэсэн. Улсын комиссын хурлын тэмдэглэлд тусгагдсан “Оточ Эрчим” ХХК-ийн ажил нь дутуу хийгдсэн ажил биш юм. Яагаад гэвэл батлагдсан зураг төсвийн дагуу ажил хийгдсэн учир 100 хувийн саналтайгаар улсын комиссын барилгын ажлыг хүлээн авч, санхүүжилт олгосон гэх баримт хэрэгт авагдсан байгаа. Улсын комиссын хурлын тэмдэглэлд тусгагдсан ажлын хувьд “Оточ Эрчим” ХХК-ийн хийгдсэн ажлуудад нэмэлтээр засан сайжруулалт хийх үндэслэлээр нэмэлтээр ажил хийх санал гаргасан байдаг. Ажил хүлээн авахдаа гаргасан санал болон дутуу хийгдсэн ажлуудын хоорондын ялгаа заагийг гаргах ёстой гэж үзэж байна

“Оточ Эрчим” ХХК-ийн дутуу хийгдсэн гэх ажил гэдэгт “тулгууруудыг дугаарлаагүй, цахилгааны самбарыг хаягжуулаагүй, хуурай залгуурын хийц солих, эрэг, шүргэ боолт нэмэлтээр давхарлах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай” гэж үзсэн. Ариун цэврийн байгууламж байнгын ашиглалтад орсны дараа 38 тулгуур багана дугаарлаж, цахилгааны шийт самбар хаягжуулах ажил хийгдэх ёстой байсан. Улсын комисс барилгын ажлыг хүлээн аваагүй байхад энэ мэт ажлууд хийгдээгүй байсан нь зүй ёсны асуудал юм. Улсын комисс барилгыг хүлээн авсны дараа дэд өртөөг 217, 218 дугаараар хаягжуулаад, тулгуур төмрийн дугаарлалтыг хийж хэрэгжүүлсэн учир Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас тодорхойлолтыг авч хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч “Оточ Эрчим” ХХК-ийн шүүхэд гаргасан зардлын баримт болох 78.768.878 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэдэг нь ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдохгүй байгаа учир ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 78.768.878 төгрөг гаргах боломжгүй гэж үзсэн байдаг.

Гэтэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ нь ажлын үр дүнг шаарддаг гэрээ юм. Ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр гүйцэтгэгч хөлс авах эрх үүсдэг. Тухайн ажил хийхдээ гаргасан зардлаа нотолж чадаагүй гэдэг үндэслэлээр ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэж үзэх боломжгүй юм. Ажлыг үр дүнг хүлээлгэн өгсөн гэдэг нь хавтаст хэргийн 221-222-р талд авагдсан улсын комиссын актаар нотлогдон тогтоогддог. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5:3.13-д заасан тусгай нөхцөлийн дагуу ажил гүйцэтгэснээр санхүүждэг гэрээ юм.

 Хамтран ажиллах гэрээнд заасан батлагдсан төсвийн дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн учир улсын комисс хүлээн авч санхүүжилт болох 197.000.000 төгрөгийг “Хос Отор” ХХК бүрэн хүлээн авсан байдаг. Иймд нэхэмжлэгч талын зардлын баримт байхгүй учир гэрээнд заасан барилгын ажлыг бүрэн хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй гэх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна.

Хариуцагч тайлбартаа сүүлд Улаанбаатар хотын мэргэшсэн төсөвчин Жигжиджав гэх хүнээр нэхэмжлэгч талын барилга угсралтын төсөвт өртгийг хийлгүүлсэн гэж тайлбар гаргасан. Төсвийг тендерт оролцохоос өмнө хийлгэж, төсвөө батлуулсны дараа тендерт оролцдог. Төсвийн үнийн дүнд итгэж үнэмшээд захиалагч тал “Хос Отор” ХХК болон “Оточ Эрчим” ХХК-ийг тендерт сонгон шалгаруулсан. Нэгэнт төсөв батлуулж тендерт сонгон шалгаруулсны дараа бид буруу төсөв хийсэн гэж үзэх боломжгүй байдаг. Төсөв дахин хийлгэх эсэх асуудлыг үндсэн гэрээний захиалагч буюу аймгийн Засаг даргын шийдэх асуудал юм. Хэн нэгэн этгээд дураараа дахин төсөв хийж шинэчлэх хуулийн зохицуулалт байхгүй.

Хариуцагч талын зүгээс барилгын цахилгааны ажлын зураг төсөвт заагдсан “Оточ Эрчим” ХХК-ийн хийх ёстой 8 төрлийн ажлаас 4 төрлийн ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн ба үлдсэн 4 ажлыг “Хос Отор” ХХК хийж гүйцэтгэсэн гэсэн тайлбар гаргасан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар цахилгааны ажилд 3,3 кват-ийн агаарын цахилгаан дамжуулах шугам болон 2 дэд өртөө бүрэн хийгдэж дууссан ба хэвийн үйл ажиллагаатай ашиглагдаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Оточ эрчим ” ХХК болон “Хос Отор” ХХК хамтран Увс нуурын дэргэдэх ариун цэврийн байгууламжийн барилга барьж, О Э ХХК цахилгааны ажлыг гүйцэтгэхээр 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс талуудын хамтран ажиллах гэрээнд заасан ажлыг хариуцагч тал хийх ёстой гэдэг байдлаар тайлбар гаргаж байна. Хамтран ажиллах гэрээнд зааснаар Б тал буюу О Э ХХК нь Увс нуурын дэргэдэх ариун цэврийн байгууламжийн цахилгааны дотно, гадна талын цахилгаантай холбоотой бүх ажлыг гүйцэтгэнэ гэж гэрээнд заасан байгаа.

Д.Сийн зүгээс цахилгааны дотор талын ажил гэдгийг трансформаторын дотор талын ажил гэж буруу ойлгож тайлбарлаад байгаа. Хамтран ажиллах гэрээнд зааснаар барилгын гадна болон дотор талын цахилгааны ажлыг “Оточ Эрчим” ХХК бүрэн хариуцаж хийж гүйцэтгэх ёстой. “Хос Отор” ХХК-ийн зүгээс “Оточ Эрчим” ХХК-ийн Т.Амаржаргал гэх хүнээр хийлгэсэн төсөвт нэхэмжлэгч талыг цахилгааны 12 ажил хийх ёстой гэж тусгагдсан байх боловч “Оточ Эрчим” ХХК нь 2 төрлийн цахилгааны ажлыг хагас дутуу хийж, 8 төрлийн цахилгааны ажлыг огт хийгээгүй гэж маргаж байгаа ба О Э ХХК-ийн хийгдсэн ажлын хөлсөнд 18.000.000 төгрөг гаргах боломжгүй гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “ажлыг гүйцэтгэл бүрэн хийгдсэний үр дүнд “Хос Отор” ХХК Увс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнийхээ санхүүжилтийг бүрэн авсан” гэж тайлбар гаргасан. “Хос Отор” ХХК нь гүйцэтгэгч компани учир барилгын зураг төсөв гаргахаас эхлээд бүгдийг хариуцаж, зөвхөн цахилгааны ажлыг хийж гүйцэтгэхээр О Э ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан учир барилгын дотно цахилгааны ажил хийнэ гэсэн ойлголт байхгүй. Нэхэмжлэгч тал нөхцөл байдлыг гуйвуулж худал тайлбар гаргаж байна. Тендерийн үнийн саналд орох зорилгоор Д.Сийн анх хийлгэсэн төсөвт тулгуурласан боловч түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа учир дараа нь мэргэжлийн төсөвчнөөр төсөв гаргуулах саналтай байгаагаа “Хос Отор” ХХК-ийн захирал Ү.Мягмарсүрэн анхнаасаа хэлж байсан. Анх хийгдсэн техникийн нөхцөлийг ажил хийгдэх явцад өөрийнхөө нөхцөл боломжид нийцүүлээд “Оточ Эрчим” ХХК-ийн захирал Д.С өөрчилж, өөрчилсөн техникийн нөхцөлийн дагуу ажил хийгдсэн байдаг. Иймд “Хос Отор” ХХК-ийг хамтран ажиллах гэрээний дагуу ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм. Барилга байгууламжийг улсын комисс хүлээн авсан учир ажил гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр комисс хуралдаж “Оточ Эрчим” ХХК-д дутуу хагас хийгдсэн ажлыг хийж дуусгахаар олон үүрэг даалгавар өгсөн боловч уг улсын комиссын өгсөн үүрэг даалгаврыг “Оточ Эрчим” ХХК хийж гүйцэтгээгүй учир “Хос Отор” ХХК нь барилгаа хугацаандаа хүрээлгэн өгөх зорилгоор “Оточ Эрчим” ХХК-ийн хамтран ажиллах гэрээнд заасан болон улсын комиссын хурлын тэмдэглэлд дурдагдсан үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.

Анх “Оточ Эрчим” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө “Оточ Эрчим” ХХК-ийн Т.Амаржаргал гэх төсөвчнөөр хийлгэсэн төсвийн дагуу 40.000.000 төгрөгийн ажил хийсэн гэдгээ нотлохын тулд “Хос Отор” ХХК-ийн захирал Ү.Мягмаржав Улаанбаатар хот явж мэргэжлийн төсөвчнөөр төсөв хийлгэж ирсэн байдаг. “Хос Отор” ХХК нь Увс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу улсын комисс ариун цэврийн байгууламжийг хүлээн авсан учир О Э ХХК хамтран ажиллах гэрээнд заагдсан ажлаа хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Оточ Эрчим” ХХК нь хариуцагч “Хос Отор” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг буюу ажлын хөлс 18.674.872 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, бид тендерт шалгарсан төсвөөс өөр төсөв буюу экспертээр батлагдсан төсвөөр ажлаа гүйцэтгэсэн, уг төсөвт гадна цахилгааны угсралтын ажлын нийт өртөг 63,473,383 төгрөгөөр төсөвлөгдсөнөөс баталгааны барьцаанд 3.379.383 төгрөг үлдээж, “Оточ Эрчим” ХХК-ийн ажлын хөлсөнд нийт 61.094.000 төгрөг өгсөн. О Э ХХК нь ажлаа гүйцэтгээгүй дутуу орхисон тул манайх дутуу ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэж өгсөн. Хариуцсан ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй, ажлын үр дүн хангалтгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч “О-Э” ХХК-ийн захирал Д.С эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч “Оточ Эрчим” ХХК нь хариуцагч “Хос Отор” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу ажлын хөлс 18.674.872 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн  шаардлагатай иргэний хэргийг урьд нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаартай шийдвэрээр хянан шийдвэрлэсэн ба уг  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “О-Э” ХХК  давж заалдах журмаар гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг буцаахдаа: “Талууд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 06/18 дугаар гэрээндээ тус тусын хийх ажлыг тусгасан гэх боловч хийж гүйцэтгэх ажил, уг ажлын төсөв болон  гүйцэтгэсэн ажлын хэмжээ, өртгийн талаар маргаж байгаа бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт  хийж чадаагүй байна. Тухайлбал, ажил гүйцэтгэгч “О-Э” ХХК-ийнгэрээнд зааснаар хийж гүйцэтгэх ёстой гэх “цахилгааны ажил”-д ямар ямар ажлууд багтаж байгаа, талуудын маргаж буй  гадна, дотно гэрэлтүүлэг хийх нь барилга байгууламж барих ажилд, эсхүл 0,4 болон 0,6 квт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих, 2 АТП барих ажлын бүрдэлд хамаарах уу гэдэг нь  тодорхойгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Түүнчлэн хариуцагч “Х-О” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “нэхэмжлэгч тал ажлаа дутуу хийсэн” гэж тайлбарлаж байгаа боловч “Оточ Эрчим” ХХК-ийн дутуу хийсэн, эсхүл огт хийгдээгүй ямар ямар ажлууд байгаа, уг ажлыг өөрөө ямар өртөг зардлаар хийж гүйцэтгэсэн, мөн “О-Э” ХХК-ийнхийж гүйцэтгэсэн ажлын нийт өртөг хэд болох талаар нотлоогүй, энэ талаар хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй буюу хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтууд тогтоогдоогүйгээс хэрэгт цугларсан  баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтуудыг зайлшгүй тодруулж, шаардлагатай тохиолдолд шүүх тусгай мэдлэг бүхий шинжээч томилох, үзлэг хийх, зохигчдыг мэтгэлцүүлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна” гэх дүгнэлт хийсэн, өөрөөр хэлбэл, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй  байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхиий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул   шаардлагатай ажиллагааг хийлгүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалыг хариуцагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа эс зөвшөөрч Улсын Дээд Шүүхэд гомдол гаргасныг Улсын Дээд Шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 00221 дугаартай тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байх ба давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан магадлал хүчинтэй байна.

Гэтэл дээрх шүүхийн магадлалд заасан ажиллагаа хийгдээгүй буюу хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийх болон хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн магадлалд заасан ажиллагааг хийсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 251.324 /хоёр зуун тавин нэгэн мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Оточ Эрчим” ХХК-д олгох үндэслэлтэй байна .

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 488 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.324 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч “О Э” ХХК-д олгохыг дурдсугай.

            3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                         Н.МӨНХЖАРГАЛ

Л.АЛТАН