Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 224/МА2022/00004

 

С.П-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаар шийдвэртэй,

С.П-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч С.М-д холбогдох, хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхрын 3, 5, 6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хамтран ажиллах, эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.П, хариуцагч С.М /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.П анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь С.М-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2013 оны 6 дугаар сараас эхлэн С.М-ын эзэмшлийн газар дээр хамтран цэцэрлэг орон сууцны зориулалттай барилга барьсан. Гэрээний дагуу би барилгын 2 дугаар давхрыг гүйцээж шавардаад, өрөө тасалгаануудын тусгаарлалтыг хийж, барилгын 50 хувийг барьж гүйцэтгээд миний мөнгө дууссан.

Хамтрагчид нь төсөв санхүүг зарцуулахад харилцан тэгш эрхтэйгээр оролцож, өдөр бүрийн үйл ажиллагаанд хяналт тавина гэсэн гэрээний нөхцөлтэй байсан ба бид өдөр бүр авсан зүйлээ бичиж тэмдэглэдэг дэвтэртэй байсан, би дүүгээсээ санхүүжилт авахаар Улаанбаатар хот явахдаа С.М-д чи үргэлжлүүлээд хөтөлж байгаарай гээд дэвтрээ өгч үлдээгээд 12 хоноод ирэхэд санаа сэтгэл нь бүрэн өөрчлөгдөж, тэмдэглэлийн дэвтрээ ч алга болгосон байдалтай байсан. Уг байр нь 1 дүгээр давхартаа цэцэрлэг, 2 болон 3 дугаар давхартаа 10 айлын орон сууц байна гэж гэрээнд заасны дагуу барьсан боловч барилга баригдаж дууссаны дараа 2 дугаар давхрын 5 байрыг надад үлдээгээд 1 дүгээр давхрын цэцэрлэгийн байрыг дундаа хамтран эзэмшинэ гээд айлууд оруулчихсан. Талууд 10 байрнаас нэг нэгийг өөрсдөө авч, үлдэгдэл 8 байрыг зарж барилгыг барихад гарсан зардлаа төлөөд үлдсэнийг нь тэнцүү хэмжээгээр хувааж авна, орон сууцны урьдчилгааг авах болон бусад санхүүгийн орлогыг нэг дансанд төвлөрүүлж дансыг 2 тал хамтран эзэмшинэ гэж гэрээнд заасны дагуу Голомт банканд төвлөрүүлж 2 талын гарын үсгээр гүйлгээ хийгдэж байсан.

Барилгыг гурван давхраар тооцож бохироор 864 м/кв гэж үзэж, дуусаагүй барилгын ордер гаргуулаад газар нь С.М-ын нэр дээр байсан учраас Х б-аас зээл авах гээд очиход С.М банканд өмнө нь их зээлтэй байсан тул зээл авах боломжгүй гэсэн хариуг эдийн засагч өгсөн. Банкнаас зээл авах боломжгүй болсон учраас хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлдэх замаар хөрөнгө оруулалт босгож барилгын ажлыг дуусгасан. Тухайн цэцэрлэгийг 4 ангитай байгуулах бөгөөд гэрчилгээг үл хөдлөх хөрөнгийн газарт хүсэлтээ гаргаж С.М, С.П нарын хуваарьт өмч болгон хамтран өмчлөгчөөр бүртгэж, цаашид цэцэрлэгийн үйл ажиллагаанаас олсон орлогыг тэнцүү хэмжээгээр эзэмшинэ гэж гэрээнд заасан ч С.М айлуудад зарчихсан тул гэрээний нөхцөл хангагдах боломжгүй болсон.

С.М нь гэрээнд заасан ёсоор газар эзэмших гэрчилгээг хамтран эзэмшигчээр гаргуулж өгөөгүй учраас банкны зээл авч чадахгүй дандаа хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлдэж зээл, хүү, эд хөрөнгийн хохирол амссан. С.М бид хоёр энэ барилгын 50 хувь хүртэл өөрийн хөрөнгөөр барьж, нэмж банкны зээл авч нэг давхрыг цэцэрлэгээр ажиллуулах, хоёр, гурван давхрын 10 өрөөнөөс нэг нэг байрыг өөрсдөө авч үлдэгдэл байраа зарж барилгад оруулсан мөнгөө төлөөд үлдэгдлийг нь хувааж авах ёстой байтал С.М нь барилгад бага хөрөнгө оруулсан хэрнэ 16 байрны 11-ийг нь авчихсан.

С.М нь хувь хүмүүсээс авсан мөнгөө барилгад оруулахгүйгээр банкныхаа зээлийг төлчхөөд хувь хүмүүсээс барилгын материал зээлдэж аваад барилгад бага зэргийн ажил хийчхээд гэрээнд заасан хувь хэмжээг зөрчиж, тухайн барилгын гэрээнд заасан цэцэрлэгийн байрыг бусдад худалдан борлуулж айл оруулаад байна. Би цэцэрлэг барих л гэж гэрээ хийж энэ барилгыг хамтран барьсан. Бид гэрээнд заасны дагуу тухайн барилгын нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах, зарах шаардлагатай бол надад бичгээр мэдэгдэж харилцан ашигтайгаар зарах ёстой. Гэтэл цэцэрлэгийн зориулалтаар барьсан нэг давхрын байранд надтай огт зөвшилцөхгүй, айлууд оруулаад зогсохгүй, миний нэр дээр ордер нь гарчихсан 3 байрыг надад өгөхгүй айлууд оруулаад байна.

С.М нь банкны зээл авах эрхийг хааж мөн бусадтай хуйвалдан барилга барьж байгаа газраа зарж, хугацаа алдагдуулж, гэрээгээ удаа дараа ноцтой зөрчсөнд би маш их гомдолтой байна. Гэхдээ би хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний дагуу 16 айлын орон сууцны нэг давхрын 4 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудаасаа татгалзаж байна. Иймд хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний 3.1-д хуваарьт өмчөө хамтран эзэмшинэ гэж заасны дагуу намайг 1, 2 тоот байрны эзэмшигчээр тогтоож өгнө үү. С.М-ын гаргасан хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 246.700.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.М анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн Улаангом сум 3 дугаар баг, Бадрах хороолол 22 дугаар байрны 16 тоотод оршин суух З овогт С-ийн М нь Увс аймгийн Улаангом сум 3 дугаар баг 30 айлын 11 тоотод оршин суух Санж овогтой Пүрэвжавтай 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хамтран ажиллах болон хамтран эзэмших, өмчлөх гэрээ байгуулан С.М миний эзэмшлийн газар дээр 617.000.000  төгрөгийн төсөв бүхий гурван давхар 16 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн юм.

Бидний байгуулсан гэрээний 2.3 дахь заалтаар 16 айлын барилгын ажлын 50 хувийн гүйцэтгэлийг С.П дангаар хариуцаж, үлдэгдэл 50 хувийн гүйцэтгэлийг хамтран хариуцахаар харилцан тохиролцсон. Тодруулбал С.Паас тухайн 16 айлын орог сууцыг барьж дуусгахад 462.750.000 төгрөгийг, харин миний бие С.М 154.250.000 төгрөг дээр нэмж өөрийн эзэмшил газраас барилга барих газрыг гаргахаар харилцан тохиролцсон байдаг. С.М би тухайн гэрээний дагуу өөрт хамаарах үүргээ хэрэгжүүлэн 517.000.000 төгрөгийн төсөв бүхий гурван давхар 16 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2016 оны 4 дүгээр сарын 05-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн.

Харин нэхэмжлэгч С.П нь энэ хугацаанд тухайн барилгад 61.800.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд харилцан тохиролцсоны дагуу үлдэгдэл мөнгөө одоог хүртэл гаргахгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулан хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж Санжийн Пүрэвжаваас 246.700.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

Хариуцагч С.М анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хоолны газар ажиллуулдаг байхдаа 2012 оны 3 дугаар сард С.Птай анх танилцсан. Тухайн үед би барилга барих талаар мэддэггүй, энэ салбарт ажилладаггүй байсан, 2015 оны 5 дугаар сард С.П Би цэцэрлэгийн арга зүйчийн ажлаасаа гарчихсан, цэцэрлэг болон орон сууцны зориулалттай 2 давхар барилга барих гэж байгаа надад 80 сая төгрөг байна гэж хамтарч ажиллах санал тавьсан. 2012 онд би уг газрыг 90 сая төгрөгөөр худалдаж авсан, авахдаа Хаан банкнаас 68 сая төгрөгийн зээл авсан.

Барилгыг барихын тулд гаршаа нурааж газрын 50 хувийг чөлөөлсөн. 2015 оны 6 дугаар сард барилгын ажил эхлэх болоход анхнаасаа нэхэмжлэгчид хөрөнгө оруулах мөнгө байгаагүй тул барилгын суурийн бүх материалыг зээлээр авсан. Бид 2 хамт Тоосгон Уул ХХК-аас 20 сая төгрөгийн 100.000 ширхэг тоосго зээл авахаар очоод 8 дугаар сарын 05-ны өдөр гэхэд мөнгө орж ирэхээр өгнө гэж амаар тохиролцоод авсан. Барилгын 1 дүгээр давхар дуусахад С.П ямар ч мөнгөгүй болчихсон. Хучилт болон 2 дугаар давхрыг битүүлэхэд бүх материалыг зээлээр авч хийсэн.

С.П нь би санхүүжилтийн асуудал шийдэхээр Улаанбаатар хот явах шаардлагатай боллоо явахаасаа өмнө гэрээ хийх шаардлагатай байна гээд 2015 оны 08 дугаар сарын 05-нд бид гэрээ байгуулсан. Барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй, гүйцэт баригдаагүй байхад танилын хүрээ, нутгийн хүмүүстээ би ийм барилга барьж байгаа зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээгээр аваарай гэх мэтээр хуурч мэхэлж авсан мөнгөө хувьдаа хэрэглэдэг байсан. Хоёр дугаар давхрын өрлөгийг 9 дүгээр сард дуусаад 3 дугаар давхрыг би нэхэмжлэгчээс ямар ч хөрөнгө оруулахгүйгээр Тоосгон-Уул ХХК-ийн захирал Алдар гэдэг хүнтэй 30 саяын гэрээ байгуулж тоосго авч барьсан. Ийм учраас 50:50 хувиар эзэмших боломжгүй. Миний хүргэн Голомт банканд ажилладаг, барьцаалах хөрөнгөтэй бол надад зээл гаргаж өгнө гэсэн гэхээр нь та хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх гэж байгаа бол та 864 м.кв-аас 2 давхрын 288 м.кв-ыг шилжүүлье гэхэд, тэгвэл эгчдээ нэгдүгээр давхраас 45 м.кв-ыг нэмээд өгчих тэгвэл 333 м.кв-т талбайд арай ахиухан зээл гарна гэхээр нь би бэлэглэлийн гэрээ хийсэн, тухайн үед дахин боловсруулсан гэрээн дээр намайг гарын үсэг зуруулсан. 2 хоногийн дараа нэхэмжлэгч уруу залгахад би чамаас авах ёстой зүйлээ авсан хохино, чаддаг юм бол шүүхдээд аваарай гэсэн.

2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 50 хувийн гүйцэтгэлтэй байрны 333 м.кв байрыг салгаж, тусад нь 8 хувааж гэрчилгээ гаргаад, гаргасан гэрчилгээгээ барьцаалж хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээллэж хувьдаа хэрэглэсэн. Би Нямсамбуу гэдэг хүнээр гүйцэтгүүлж бариулах гэхэд С.П би хамт барилцсан энэ миний барилга чи надаас 200.000.000 төгрөгөөр худалдаж ав гэсэн асуудал яригдаад барилга баригдахгүй дахиад нэг жил царцсан. Тэгэхээр нь Нямсамбуу нь С.П ажил хийх боломж олгохгүй байна хоёулаа гэрээ байгуулж, эсвэл чи байрны гэрчилгээ миний нэр дээр шилжүүлбэл хөрөнгө оруулалт хийж барилгын ажлаа эхэлье гээд бид ажлаа эхлээд 1 болон 3 дугаар давхрыг битүүлсний дараа 2 дугаар давхрын паар болон цонх бусад материалууд хэрэгтэй болсон учраас би Улаанбаатар хот руу материал авахаар явсан.

Гэтэл С.П нь Н-ийн эхнэр Ц.Б болон орон сууцанд захиалга өгсөн өөрийн найзуудаа байлцуулаад өөрийн гараар хурлын протокол хөтлөөд хурал хийсэн ба уг тэмдэглэлдээ Тухайн барилгын 2 давхрын С.П, 1 болон 3 дугаар давхрыг -Ц.Б мөнгө гаргаж С.М-тай хамтарч дуусгахаар тохиролцов, тус барилгын цонхны тавцан, сангийн материал Улаанбаатар хотод бэлэн болчихсон байгаа, ирэхээр нь мөнгийг Хорлоогийн төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөрийн мөнгөнөөс Баясгаланд өгөхөөр тохиролцов. Хорлоо нь тус байранд захиалга өгөөд 28 сар болж байгаа бөгөөд Хорлоод 20 сарын хүү тооцож өгөхөөр тохиров гээд гарын үсэг зурсан байсан. Би 3 дугаар давхарт 1 байр, одоо Гэрэлмаа Дамдинсүрэн нарын байгаа байрыг өгч байж Нямсамбуу Баясгалан нар хөрөнгө оруулж уг барилгыг гүйцээж ашиглалтад оруулсан.

Анх байгуулсан гэрээний дагуу би 1 давхрыг эзэмших ёстой, мөн 3 дугаар давхрыг нэхэмжлэгчийн оролцоогүй би өөрөө барьсан учраас 3 давхар барилгын 50 хувийг нэхэмжлэх нь үндэслэлгүй. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр барилгаа улсын комисст албан ёсоор хүлээлгэж өгсөн. Тэрнээс өмнө 2014 онд С.П нь 2014 онд байрны 8 гэрчилгээ гаргаад гэрчилгээгээ барьцаалаад хувь хүмүүсээс зээл авсан ч 2019 онд зээл өгсөн хүмүүс нь гэрчилгээ нь үнэ цэнгүй цаас юм байна гээд гараад ирсэн. 100 хувь гүйцэтгэлтэй барилгад гэрчилгээ гаргах ёстой байхад Улсын бүртгэлийн хэлтэс тухайн үед өрөө тасалгаагаа ч хуваагаагүй байранд 8 гэрчилгээ хууль зөрчиж гаргаж өгсөн ба энэ нь хүний өмчлөх эрхийн харилцааг зөрчсөн.

Барилгын 1 дүгээр давхарт шийдвэр гүйцэтгэлийн өрнөөс нуух зорилгоор дундуур нь цоолж нэгтгээд цэцэрлэг болгочихсон байдаг. 3 давхар барилгын зураг 3 сая төгрөгөөр гаргуулсан гээд ирэхээр нь тухайн зургийг барилгын инженер хүнд харуулахад энэ шаардлага хангахгүй зураг байна гэхээр нь би 2015 онд өөр зургийн компаниар 14 сая төгрөгөөр м.кв болон бусад зүйл нь тодорхой зураг гаргуулсан ба тэр зургийн дагуу улсын комисс хүлээж авсан. 2016 онд улсын комисст албан ёсоор хүлээлгэж өгөөд гэрчилгээнүүдээ гаргуулж авсны дараа С.П м.кв нь тодорхойгүй 2014 онд гаргуулсан 1, 2, 3 тоот орон сууцны хууль бус 3 гэрчилгээ гаргаад ирсэн. Барилгын 3 дугаар давхарт нэхэмжлэгч огт оролцоогүй, хөрөнгө оруулаагүй тул 3 давхраас нэхэмжлэгч эзэмших эрхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар нэхэмжлэгч С.П-ыг гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхрын 2 тоот байрыг эзэмших тухай шаардлагыг хангаж, үлдэх 16 айлын орон сууцны 1 давхрын 1 тоот байрыг эзэмших тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Мын хамтран ажиллах, эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.П-ын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.П-аас шинжээчийн ажлын хөлс 2.000.000 төгрөгийг гаргуулан Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын төрийн сан банкин дахь 100150005401 дансанд оруулж, хариуцагч С.М-аас улсын тэмдэгтийн хураамж 1.396.450 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулахаар” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.П давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Уг 2 тоот байрыг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасны дагуу мөн гэрээг үндэслэж уг байрыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Гэтэл 1 тоот байрыг хангаж шийдвэрлээгүй байгаа нь тус байрын ордерыг хүчинтэй байгаа гэдгийг Захиргааны хэргийн шүүхээр дахин хянуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх байрыг олгохгүй байх үндэслэлээ “Цаашид талууд 10 ордер бүхий орон сууцнаас нэг нэг байрыг өөрсдөө авч үлдэгдэл 8 ордер бүхий байрыг  зарж уг барилгыг барихад гаргасан зардлыг төлөөд үлдэх хэсгийг талууд тэнцүү хэмжээгээр хувааж авна гэж тохиролцсон ба нэхэмжлэгч  С.П 16 айлын орон сууцны барилга барихад гаргасан зардлыг тооцохгүйгээр 10 ордер бүхий байрыг шууд хувааж авахаар нэхэмжилж байгаа нь дээрх гэрээний заалттай нийцэхгүй байна” гэж үзжээ.

Гэтэл бид 2,3 давхрын 10 ордер бүхий байраа 5:5-аар тэнцүү хувааж авсан бөгөөд бидний цэцэрлэг байгуулна гэж барьсан 1 давхрын 6 өрөөг С.М айлууд оруулчхаад өгөхгүй байна. 1 давхрын 6 байрны 3 байрыг  би авах ёстой. Тэр 3 байрны 1 нь 1 тоот байр юмаа гэж маргаан үүсгээд 7 жил болж байна. Би С.М-тай байгуулсан хамтран ажиллах болон хамтран эзэмших өмчлөх гэрээний 3.1-т зааснаар тухайн цэцэрлэгийг 4 ангитайгаар байгуулах бөгөөд ордерыг үл хөдлөх хөрөнгийн газарт хүсэлтээ гаргаж С.М, С.П нарын өмчлөлд хуваарьт өмч болгон хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, тус тусын өмч болгон гаргана гэж гэрээ байгуулсан.

Уг гэрээний дагуу бид барьсан барилгын 1-р давхарт цэцэрлэг ажиллуулах байтал тус барилгыг барьж дуусангуут С.М цэцэрлэгийн бүх анги танхим руу айлууд оруулчихсан Цаашид цэцэрлэг ажиллуулах боломжгүй болсон тул би 1 давхрын цэцэрлэгийн 6 байрны 3 байр болох /1,2,4/ тоот   байруудыг  нэхэмжлээд байгаа юм. Би энэ нэхэмжлэлээс 4 тоот байрыг Ж.Мягмар олон жил түрээсэлж байгаа учраас Ж.Мягмараас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан тул 1,2 тоот байрыг чөлөөлүүлж өгөх нэхэмжлэл гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг гэрээний 2.6-т заасан нөхцөлийг зөрчиж, шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.М давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С.М миний бие С.П-ын  гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлгэрэнгүй тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргах болно” гэжээ.

Нэхэмжлэгч С.П нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оноос хойш 9 жилийн хугацаанд намайг ийм байдалд оруулж, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 95.000.000 төгрөгийн өр төлбөртэй үлдээж байгаад гомдолтой байна. Би 36 жил төрд ажилласан ба цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Намайг олон түмэнд нэр хүндтэй байгаа байдлыг минь С.М ашиглан миний толгойг эргүүлж ийм заваан юманд намайг хутган оруулж, өр төлбөртэй үлдээсэн. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд удаа дараа олон нэхэмжлэл гаргаж, олон жил шийдэгдэхгүй удсаар байгаад өнөөдрийн шүүх хуралдаан болж байна.

С.М-аас 25.000.000 төгрөг нэхэмжилж байгаад одоо больсон бөгөөд маргаантай буй 3 байраа авч өр төлбөрөөсөө салах зорилготой байгаа. Барилга баригдаж байсан газрыг С.М өөр хүний нэр рүү шилжүүлснээр 1, 2 жил шүүхээр явж байна.Маргаан бүхий барилгыг миний хийлгэсэн зураг төсвөөр баригдаж дууссаны дараа 2016 онд С.М 617.000.000 төгрөгийн төсөвтэй Дархан дизайн ХХК-иар барилын зураг хийлгэж ирээд надаас 267.000.000 төгрөг нэхэж эхэлсэн. С.М-аас болж 2, 3 жилийн хугацааг Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээр явсаар байгаад алдсан. Маргаан бүхий барилгын 1 давхар нь цэцэрлэг бөгөөд 2, 3 давхар нь орон сууцтай байхаар төлөвлөж, 10 байрыг тэнцүү хэмжээгээр хуваан авахаар С.М бид хоёр тохирч гэрээ хийсэн байсан. Тухайн үед миний амьдралд түр зуурын бэрхшээл таарч би ажлаас халагдаж, 1 жилийн хугацаанд ажилгүй байх хугацаанд С.М надтай уулзаж, хувийн цэцэрлэгтэй болгож өгнө гэж ятгаж эхэлсэн.

Би өмнө нь наймаа хийж барилга барьж үзээгүй учир С.М-ыг барилга барихад нь мөнгө олж өгөх зорилготой болсон. Ингээд 1 давхрын барилга баригдаж дууссаны дараа С.М цэцэрлэгийн зориулалттай байрууд руу айлууд оруулж эхэлсэн. С.М бид хоёрын хамтран байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Уг цэцэрлэгийг 4 ангитай байгуулах бөгөөд гэрчилгээг үл хөдлөхийн газарт хүсэлт гаргаж С.М, С.П нарын өмчлөлд хуваарьт өмч болгон хамтран өмчлөгчөөр бүрдүүлж, тус тусын өмч болгон гаргана.

Цаашид цэцэрлэгийн үйл ажиллагаанаас олсон ашгийг 50, 50 хувиар эзэмшинэ” гэж заасан байдаг. Гэтэл С.М уг заалтыг зөрчиж, цэцэрлэг байгуулах гэж байсан байранд айлууд оруулж эхэлсэн. Тухайн үед би шүүхэд өгчихвөл үнэн зөвөөр бүх зүйлийг тогтоож өгнө гэдэг байдлаар хандаж, чимээгүй өнгөрсөн боловч 7 жилийн хугацаанд шүүх дээр маргаантай явж байна.

Миний нэр дээр маргаан бүхий байрны 1 тоот байрны гэрчилгээ гарчихсан  байхад   С.М  2018 онд  О.Г-ын нэр рүү  шилжүүлж өгсөн. О.Ганбат нь уг байрны өмчлөгчөөр  тогтоож өгнө үү гэх агуулгатай нэхэмжлэлийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Уг хэргийг захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаж үзээд О.Ганбат нэхэмжлэл гаргах эрхгүй субъект гэж үзэж шийдвэр гаргасан ба  3 шатны шүүхээр хянагдаж, О.Ганбатын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

2016 онд барилгын маргаан үүсэж эхэлсэн учир Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын зүгээс С.М, С.П нарын хамтран барьсан барилга маргаантай байгаа тул маргаан хянан шийдвэрлэгдэх хүртэл ямар нэгэн байдлаар үл хөдлөх хөрөнгийг хөдөлгөөн хийж болохгүй гэх албан бичгийг Улсын бүртгэлийн газарт өгсөн.

Гэтэл С.М ямар зальжин арга хэрэгжүүлснийг сайн мэдэхгүй, маргаантай байх хугацаанд 2 байрыг дахин 2 хүнд шилжүүлж давхардуулан гэрчилгээ гаргуулсан байсан. Маргаан бүхий байрны 1 давхарт цэцэрлэг байгуулах зорилгоор 6 анги танхимтай байхаар зохион байгуулж, зураг төслөө гаргасан байсан боловч С.М 6 өрөөнд 6 айл оруулчихсан байсан. С.М бид хоёрын байгуулсан гэрээнд тулгуурлан би цэцэрлэг ажиллуулахгүй боловч 1 давхрын 6 байрны тал нь буюу 3 байрыг нь авна гэж маргаж, 6, 7 жил шүүхээр явж байна.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дахь шийдвэр гарч байгаа бөгөөд С.М-ын сөрөг нэхэмжлэлийг 2 удаагийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.М шүүхэд гаргасан тайлбартаа С.П уг маргаан бүхий барилгад 68.000.000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэж дурдсан байдаг. Гэтэл С.М 2014 онд барилга баригдаж байх үед С.П уг барилгад 94.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбар өгсөн байдаг.

С.М удаа дараа шүүхийн өмнө худал тайлбар мэдүүлэг өгч явсаар байж олон жилийг өнгөрөөж байна. Би маргаан бүхий байрыг хамтран барьсан шударга өмчлөгч байсаар байхад С.М уг байрыг өөр хүний нэр рүү шилжүүлсэн. Гэтэл миний нэр дээр гэрчилгээ гарсан байрнууд дээр С.М давхцуулан гэрчилгээ гаргуулж хүмүүсийг төөрөгдөлд оруулсаар явж байна. С.М бид хоёрын хамтран байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар маргаан бүхий байрны 1 давхрын 1, 2 тоот байрны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч С.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.П бид хоёр анх ямар нэгэн гэрээ хийхгүйгээр барилга барихаар болж байсан. Тухайн үед би хоолны газар ажиллуулдаг байсан бөгөөд С.П надтай ирж уулзаад “надад 80.000.000 төгрөг бэлэн  байгаа тул хамтран байр барих” санал тавьсны үндсэн дээр би саналыг хүлээн авсан. Маргаан бүхий барилга баригдсан газрыг би Б.Сэржим гэх хүнээс 2012 онд 90.000.000 төгрөгөөр худалдан авсан байсан тул хажуудах машины гаршийг нурааж барилгын ажлыг эхлүүлсэн.

Барилга эхлээд сар хүрээгүй хугацаанд С.П мөнгөгүй гэдгээ харуулсан. Анхнаасаа мөнгөгүй байж намайг хууран мэхлэх замаар хөрөнгө оруулах мэтээр худал хэлж барилгын ажлыг эхлүүлсэн байсан. С.П өөрөө мөнгөгүй учир барилга эхлүүлэх түүхий эдийг зээл хэлбэрээ хүмүүсээс авч байрыг барьж эхэлсэн. Хүмүүсээс зээлээр авсан түүхий эд материалаар маргаан бүхий барилгын 1 давхрын баригдаж эхэлсэн. Барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан ажилчдын цалин болох 1.800.000 төгрөгийг С.П-ыг өгөөрэй гэж хэлсэн боловч зах дээр очиж танил хүнээсээ 1.800.000 төгрөгийн зээл авч ажилчдын цалинд өгөхгүйгээр хүүхдүүдийнхээ зээлийн эргэн төлөлтийг төлсөн учир би итгэхээ больсон.

Тухайн үед С.П бид хоёрын дунд гэрээ хийгдээгүй байсан. Маргаан бүхий барилгын 1 давхрын өрлөгийн ажлыг дуусгах гэж би “Тоосгон Уул” ХХК-ийн захирал Алдартай 30.000.000 төгрөгийн 150.000 тоосго авах гэрээ хийсний үндсэн дээр зээлээр өрлөгийн ажлыг хийж дуусгасан. 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр С.П надтай ирж уулзаад хүнээс авах ёстой мөнгөө авахаар Улаанбаатар хот явахаар болсон учир хоёулаа гэрээ хийе гэж ятгасаар байж гэрээ хийлгүүлж аваад явснаараа ирээгүй. С.П барилга барьж байгаа хүний дүр үзүүлж, хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж авсан мөнгөө хувьдаа зарцуулдаг байсан.

Маргаан бүхий барилгын 1 давхрын өрлөг өрөгдөж араг яс хэлбэрээ олсны дараа би хавтан хучилтыг хавтан үйлдвэрлэдэг компаниас зээлийн хэлбэрээ авч тавьсан. С.П 2013 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотоос хөрөнгө оруулалтын мөнгө төгрөггүй ирсэн учир би барилгын 2 давхрын ажлын урсгал зардлыг хүнээс хүүтэй мөнгө зээлж барилгын материал авч барьсан.

Тухайн үед С.П-т хандан та барилга барихад хөрөнгө оруулалт хийгээгүй мөн гар бие оролцож, мөнгө санхүү гаргаагүй учир би дангаараа хариуцан барилгын 3 давхрыг босгоно гэдгээ хэлж ганцаараа 3 давхрыг босгосон тул барилгын 3 давхар С.П-т хамаарал байхгүй. С.П-аас барилгын 3 давхарт 1 төгрөг ч гараагүй. Тухайн үед С.П өөрийн танил, нутаг усны хүмүүст хандан “би барилга барьж байгаа гэж хэлээд орон сууцны урьдчилгаа мөнгө авч байснаа надаас нуусан” байсан. Худал хэлж хүмүүсээс авсан байрны урьдчилгаа мөнгөнүүдээ дандаа хувьдаа хэрэглэдэг байсан болох нь сүүлд тогтоогдсон. Баригдаж байгаа барилгын 1 өрөө байрыг С.П нутгийн хүндээ худалдан борлуулах зорилгоор урьдчилгаа 12.500.000 төгрөг авч барилгад хөрөнгө оруулан гэж худал хэлээд өөрийн хүүхдийн сургалтын төлбөрийг төлж байсан.

2013 оны 10 дугаар сарын 30-ны орой С.П надтай ирж уулзаад “Хаан банкны захирлаар ажиллаж байгаа Өнөрөө бид хоёр найзууд юм. Намайг барьцаалах барьцаалбар аваад ирвэл зээл гарна гэж байна” гэж намайг хууран мэхэлж, надад итгүүлсэн. Угаасаа барилгын ажлын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон байсан бөгөөд хурдан барилга барьж дуусгах зорилготой байсан тул би С.Пт итгэсэн.

Барилгын бохир хэмжээс 864 м/кв байсан ба С.П уг бохир хэмжээнээс 333 м/кв талбайг надаас авсныхаа дараа би чамаас авах ёстой байсан хөрөнгөө авсан гэж хэлээд Улаанбаатар хот явсан. Би С.Пыг хүлээн ядаад уг барилгын 3 давхрыг барих мөнгийг хүнээс зээлж өөрөө босгож байтал өвөл болоод барилга царцаж эхэлсэн. Гэтэл С.П 2013 оны 11 дүгээр сард надаас хууран мэхлэх замаар авсан байрны гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст очиж 8 салгуулж гэрчилгээ гаргуулж авсан байсан.

Барилгыг улсын комисс хүлээн аваагүй байтал С.П надаас авсан байрны гэрчилгээг 8 салгуулж гэрчилгээ гаргаж авсан талаар би мэдээгүй байж байгаад 2018 онд мэдсэн. Маргаан бүхий барилга 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар ашиглалтад орсон тул би Улсын бүртгэлийн газарт очиж хууль ёсны гэрчилгээг гаргуулсан. Гэтэл С.П-ын  2014 онд надаас авсан гэрчилгээг 8 болгож салгуулан гэрчилгээ гаргуулахдаа байрны дугаарлалтыг давхцуулан м/кв зөрүүтэй, хаана байгаа нь тодорхойгүй гэрчилгээ гаргуулсан. С.П барилгад хөрөнгө оруулсан шударга өмчлөгч байсан бол 2016 онд барилга ашиглалтад орж байхад гэрчилгээнүүдээ гаргах ёстой байсан. Гэтэл 2016 онд 8 салгуулж гэрчилгээ гаргуулснаа нуун дарагдуулж байгаад 2018 онд гаргаж ирээд маргаан үүсгэж эхэлсэн. С.П маргаан бүхий барилгад оруулсан хөрөнгө байхгүй байж ингэж маргаж байгаад гомдолтой байна. Барилга барих хөрөнгө болон түүхий эдийг авах мөнгийг би хүмүүсээс хүүтэй зээл авч барилгыг босгосон тул өөрөө өртэй үлдсэн. С.П-ын  хийсэн буруу үйлдлийн улсаас би эхнэрээсээ салсан ба гэр оронгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 60.000.000-70.000.000 төгрөгийн өртэй зээлтэй амьдарч байна.

Увс аймаг дахь Улсын бүртгэлийн 100 хувийн алдааны улмаас давхардуулж гэрчилгээ гаргаж бүртгэл хийснийг улсын бүртгэлийн ажилтан хүлээн зөвшөөрч гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. С.П барилгад хөрөнгө оруулаагүй байж надаас 8 байр авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж явааг ойлгохгүй байна. С.П надаас 5 байр аваад захиран зарцуулчихсан байж дахин 3 байр авна гэж маргаад байгаад гомдолтой байна. Би өөрийнхөө барьсан барилгаас нэг ч орон сууц аваагүй ба олсон ашиг гэж байдаггүй. Би барилга барихаар хүмүүсээс зээлээр авсан түүхий эд материалын үнийг одоо болтол С.П өгөөгүй байгаа.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа тул С.П-ын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.П-ын  хөрөнгө оруулах нэрээр надаас залилан авсан 333 м/кв талбайны 2 давхрын 288 м/кв нь бохир хэмжээс юм. С.П надтай уулзаад барилгын 1 давхраас 45 м/кв нэг байр өгчих гэдэг байдлаар гуйсан учир 288 м/кв бохир хэмжээ дээр 1 давхрын 45 м/кв нэмээд 333 м/кв бохир хэмжээ шүү гэдгээ хэлээд гэрчилгээ гаргуулж өгч байсан. Анхнаасаа С.П гэрээний үүргээ биелүүлээгүй байж одоо гэрээ ярих нь үндэслэлгүй юм. С.П барилгын 3 давхарт хөрөнгө оруулалт хийгээгүй байж 3 давхар барилга баригдаж дууссаны дараа 16 айлын айлын орон сууцны 50 хувийг гэрээний дагуу авах ёстой гэдэг байдлаар 8 байр эзэмшинэ гэж хандаж байгаа нь үндэслэлгүй юм. Барилга барихад хөрөнгө оруулсан хүмүүсийн байр болон надад урьдчилгаа өгч хууль ёсны эзэмшигчээр амьдарч байгаа хүмүүсийн байрыг хууль бусаар авахыг завдаж байгаа нь учир дутагдалтай байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, С.П-ын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж байна. С.М, С.П нарын хооронд 2013 онд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байдаг. Уг гэрээнд талууд оруулсан хөрөнгийн хэмжээгээр 50, 50 хувийн ашиг хүртэхээр зохицуулагдсан байсан. 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дээрх 333 м/кв талбай нь асуудал гэрээнд нэмэлтээр тусгагдсан.

С.М-ын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн зохих ёсны ажлаа хийж байсан гэдэг нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон учир Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй юм. С.П-ын  хувьд уг барилгын үйл явцад хөрөнгө, санхүү оруулсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддоггүй. С.П-ын  Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харахад яг юуг хүсэж, хэдэн байрны өмчлөгчөөр тогтоолгох гээд байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

С.П-ын  хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ба уг барилгад оруулсан хөрөнгө тодорхойгүй бөгөөд яг хэдэн төгрөг оруулснаар хэдэн байр авах ёстой талаар тооцоо байхгүй. Уг барилга барихад зарцуулагдсан зардлыг тооцохгүйгээр байр авна гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан учир анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаар шийдвэртэй, С.П-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч С.М-д холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.П ньхамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний дагуу Улаангом сумын 3 дугаар баг 8-1 тоотод байрлах 16 айлын орон сууцны 1 дүгээр давхрын 3, 5,6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр тогтоолгох, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.М-д холбогдуулан, хариуцагч С.Мхамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг С.П-т холбогдуулан  тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч С.П нь хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Улаангом сумын 3 дугаар баг 8-1 тоотод байрлах 16 айлын орон сууцны 1 дүгээр давхрын 3, 5, 6 тоот байрыг эзэмших гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа  Улаангом сумын 3 дугаар баг 8-1 тоотод байрлах 16 айлын орон сууцны 1 дүгээр давхрын 1, 2 тоот байрыг эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох гэж өөрчлөн,  4 тоот байр эзэмших болон 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр тогтоолгох, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагуудаасаа тус тус татгалзсан байна.

Нэхэмжлэгч С.П нь С.М-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч С.М үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тус тус маргажээ.

Анхан шатны шүүх С.П-ын  16 айлын орон сууцны 1 дүгээр давхрын 2 тоот байрыг эзэмших тухай шаардлагыг хангаж, 1дүгээр давхрын 1 тоот байрыг эзэмших тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.М-ын хамтран ажиллах, эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг нэхэмжлэгч С.П  эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлж дүгнээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч С.П хариуцагч С.М нар нь анх  харилцан тохиролцож С.М-ын эзэмшил газар болох Улаангом сумын 3 дугаар багийн 8-1 тоот хашаанд орон сууц, цэцэрлэгийн зориулалт бүхий барилгыг хамтран барьж цаашид хамтран ажиллахаар 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөрХамтран ажиллах болон хамтран эзэмшихгэрээ байгуулж, улмаар уг 3 давхар барилгыг барьж, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ашиглалтад оруулж, хариуцагч С.М барилгын 3 дугаар давхрыг, нэхэмжлэгч С.П барилгын  2 дугаар давхрыг эзэмшиж авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх бөгөөд зохигчид эдгээр үйл баримттай маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч С.П нь Улаангом сумын 3 дугаар баг 8-1 тоотод байрлах 16 айлын орон сууцны 1 дүгээр давхрын 1,2 тоот байрны эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

Хариуцагч  С.М хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч С.П нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээС.М нь уг барилгын 1 дүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж, ашгийг хувь тэнцүү авахаар тохиролцсон гэрээний үүргээ биелүүлэхгүй 1 дүгээр давхрын орон сууцыг  бүхэлд нь авч, айлууд оруулсан тул гэрээний нөхцөл хангагдахгүй болсон. Гэрээний 3.1-дхуваарьт өмчөө хамтран эзэмшинэгэж заасны дагуу  миний өмчлөлд гэрчилгээ гарсан, уг барилгын нэгдүгээр давхрын 1 болон 2 тоот байруудын  эзэмшигч, өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэж тайлбарлажнэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  нотлохоор маргаан бүхий байрны  буюу    

- С.П-ын  өмчлөлийн  Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 байр, 1 тоотод байрлалтай, 21 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай, 90 хувийн гүйцэтгэлтэй  Ү-1520004451 дугаарт бүртгэсэн  үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

- мөн  С.П-ын  өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 байр, 2 тоотод байрлалтай, 45 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай, 90 хувийн гүйцэтгэлтэй  Ү-1520004449  дугаарт бүртгэсэн  үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.   

Хариуцагч С.М нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч С.П нь анх  80 сая төгрөг байна гэж хамтарч ажиллах санал тавьж бид хамтарч ажиллах гэрээ байгуулсан.Би 90 сая төгрөгөөр худалдаж авсан газар дээр байсан гаршаа нурааж газрын 50 хувийг чөлөөлсөн.2015 оны 6 дугаар сард барилгын ажил эхлэх болоход нэхэмжлэгч С.П-т хөрөнгө оруулах мөнгө байгаагүй тул барилгын суурийн бүх материалыг зээлээр авсан. Нэхэмжлэгч С.П нь гэрээний дагуу  санхүүжилт хийгээгүй  ба барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй, гүйцэд баригдаагүй байхад хүмүүстби барилга барьж байгаа зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээгээр аваарайгэх мэтээр худал хэлж мөнгө авч, өөртөө хэрэглэж  байсан. Хоёрдугаар давхрын өрлөгийн ажлыг дуусаад 3дугаар давхрыг би нэхэмжлэгчээс ямар ч хөрөнгө оруулахгүйгээрТоосгон-Уул ХХК-ийн захирал Алдар гэх хүнээс 30 саяын гэрээ байгуулж тоосго авч барьсан. Ийм учраас 50, 50 хувиар эзэмших боломжгүй. С.П нь миний хүргэн Голомт банканд ажилладаг, барьцаалах хөрөнгөтэй бол надад зээл гаргаж өгнө гэсэн гэхээр нь та хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх гэж байгаа бол та 864 м.кв-аас 2 давхрын 288 м.кв-ыг шилжүүлье гэхэдТэгвэл эгчдээ нэгдүгээр давхраас 45 м.кв-ыг нэмээд өгчих тэгвэл 333 м.кв-т талбайд арай ахиухан зээл гарна гэхээр нь би бэлэглэлийн гэрээ хийсэн. 2 хоногийн дараа нэхэмжлэгч уруу залгахадБи чамаас авах ёстой зүйлээ авсан хохино, чаддаг бол шүүхдээд аваарай гэж хэлсэн. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 50 хувийн гүйцэтгэлтэй байрны 333 м.кв байрыг салгаж, тусад нь 8 хувааж гэрчилгээ гаргаад, гаргасан гэрчилгээгээ барьцаалж хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээллэж хувьдаа хэрэглэсэн.2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр барилга улсын комисст албан ёсоор хүлээлгэж өгсөн. Тэрнээс өмнө С.П нь 2014 онд байрны 8 гэрчилгээ гэрчилгээ гаргуулж авсан байсан. 100 хувь гүйцэтгэлтэй барилгад гэрчилгээ гаргах ёстой байхад Улсын бүртгэлийн хэлтэс тухайн үед өрөө тасалгаагаа ч хуваагаагүй байранд 8 гэрчилгээ хууль зөрчиж гаргаж өгсөн байсан ба энэ нь хүний өмчлөх эрхийн харилцааг зөрчсөн зөрчил болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байгаа боловч тайлбарын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан  нотлох баримтуудыг баримтаар  няцааж  чадаагүй байна.

Хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар С.М нь  2013 оны 10 сарын 30-ны өдөр Улаангом сумын 3 дугаар баг 8-01 тоотод 864 м.кв талбайтай нийтийн орон сууцны зориулалттай дуусаагүй  барилгыг хамтран барьсан гэх үндэслэлээр С.Пыг орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгчөөр нэмж оруулах тухай гэрээг байгуулснаар С.П нь дуусаагүй 3 давхар барилгыг хамтран өмчлөхөөр болж, мөн өдрөө улсын бүртгэлд бүртгүүлснээр С.М, С.П нар нь  864 м.кв талбай бүхий  дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000200486 тоот гэрчилгээ олгогджээ / 2 дугаар хавтаст хэргийн 17 дугаар, 3 дугаар хавтаст хэргийн 80 дугаар тал/.

Маргааш нь буюу 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр С.М, С.П нар нь  бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 864 м кв дуусаагүй барилгыг 2 хувааж 531 м.кв талбайг С.М, 333 м.кв талбайг С.П тус тус өмчлөхөөр харилцан тохиролцож, эрхийн улсын бүртгэлийн Ү-1520003912 дугаарт С.М-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг, Ү-1520003940 дугаарт С.П-ын  өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг тус тус бүртгэж улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ./ 3 дугаар хавтаст хэргийн 78, 81, 4 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр тал/

Улмаар С.П нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн өмчлөлийн 333 м.кв талбай бүхий байрыг салгуулж, 21 м.кв бүхий нэг байр, 45 м.кв бүхий 5 байр, 30 м.кв бүхий нэг байр, 57 м.кв бүхий 1 байр буюу нийт  8 айлын орон сууц болгож ,тус бүрт нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогджээ./ 2 дугаар хавтаст хэргийн 18-25 дугаар тал/.

С.М, С.П нар нь  хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгө буюу 3 давхар барилгынхаа хэн хэдэн өрөө, хаана байрлалтай хэдэн тоот орон сууцыг өмчлөх талаар тохиролцоогүй боловч бэлэглэлийн гэрээгээрээ хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгийг талбайн хэмжээгээр хуваан өмчлөхөөр тохиролцсон байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.

Мөн нэхэмжлэгч С.П нь өөрийн өмчлөлийн Ү-1520004449 дугаарт бүртгэлтэй  Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 байр, 2 тоотод байрлалтай, 45 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд давхардуулан бүртгэл хийгдсэн тул уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар  Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл  гаргасан байх ба Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 тоот шийдвэрээр С.П-ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 5 тоот хаягт байрших 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004722 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр  хүчин төгөлдөр байна.

Иргэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар  нь хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх бөгөөд 5.3 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.

            Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.4-д зааснаар улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, 4.1.5-д зааснаарнотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимтай тул нэхэмжлэгч С.П-ын  шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 8-1 тоотод байрлах 16 айлын / Бадрахын 22-р байр/ орон сууцны 1 дүгээр давхрын 1 тоот 21м.кв, 2 тоот 45 м.кв байрны гэрчилгээг тус тус няцаан үгүйсгэх боломжгүй байна.

Иймд хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, нэхэмжлэгч С.П-ын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч С.П-ын  нэхэмжлэлд тусгагдсан 3-р баг, 8 дугаар байр гэх нэршил нь Улаангом сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн 452 тоот захирамжаар Бадрахын 22 дугаар байр болгон нэрлэсэн байх ба энэ талаар маргаангүй болно.

Анхан шатны шүүх  С.М-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар   үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх ба С.М нь хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтын шаардлага хангасан  баримтаар нотлоогүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдэл үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалт болон шүүхийн зардал төлүүлэхэд   зохих өөрчлөлт оруулах шаардлагатай байна.Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М-аас өөрчлөгдсөн шаардлагыг хангагдсан үнийн дүнгийн хэмжээнд 70200 төгрөг гаргуулан С.П-т олгож,мөн С.М-ын шүүгчийн захирамжаар төлөхийг хойшлуулсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх 1396450 төгрөг гаргуулан төрийн сангийн санд оруулах нь зүйтэй. Нэхэмжлэгч С.П нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан тул түүний төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас татгалзсан шаардлагад тохирох хэсгийг С.М-аас гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.П-ын  хүсэлтээрГ э ХХК-ийг шинжээчээр томилж барилгыг барихад гарсан зардлын тооцоог гаргуулсан ба шинжээчийн ажлын хөлс 2000000 төгрөгийг Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас төлсөн байна.

Шинжээчийн ажлын хөлс нь шүүхийн зардалд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгтшүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээс нөхөн төлүүлнэ гэж заасан ба  нэхэмжлэгч С.П-ын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн ажлын хөлс 2.000.000 төгрөгийг С.М-аас гаргуулж, Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын төрийн сан  банкин дахь 100150005401 тоот дансанд оруулах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтынИргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар нэхэмжлэгч С.П-ын  гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 дүгээр давхрын 2 тоот байрыг эзэмших тухай шаардлагыг хангаж, үлдэх 16 айлын орон сууцны 1 давхрын 1 тоот байрыг эзэмших тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.П-ын  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 8-1 тоотод байрлах 16 айлын / Бадрахын 22-р байр/ орон сууцны 1 дүгээр давхрын 1 тоот 21м.кв, 2 тоот 45 м.кв байрны эзэмшигч, өмчлөгчөөр С.П-ыг тогтоож, ...гэж,

шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1,56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.П-ын   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М-аас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнгийн хэмжээнд 70200 төгрөгийг гаргуулан С.Пт олгож, мөн С.М-ын шүүгчийн захирамжаар төлөхийг хойшлуулсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх 1396450 төгрөгийг С.М-аас гаргуулан  төрийн сангийн 150000941 тоот санд оруулж, хариуцагч С.М-аас шинжээчийн ажлын хөлс 2.000.000 төгрөг гаргуулан Увс аймаг дахь Тамгын газрын Төрийн сан банкин дахь 1001500005401 тоот дансанд оруулсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,нэхэмжлэгч С.П-ын  давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч С.П-ын  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалданхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,” шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн  гэх үндэслэлүүдээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ  

ШҮҮГЧИД                                                     Н.ТУЯА        

                                                                                    М.НЯМБАЯР