| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 184/2021/01574/И |
| Дугаар | 210/ма2022/00418 |
| Огноо | 2022-03-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/ма2022/00418
| 2022 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 210/МА2022/00418 |
Б.И-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2021/03185 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.И-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М т- ХХК-д холбогдох хувьцаа худалдах, худалдан авах гэрээний алдангид 55,500,000 төгрөг, 2019 оны ногдол ашиг 11,111,111 төгрөг, 2020 оны ногдол ашигт 20,000,000 төгрөг, цалин буюу тэтгэмжид 8,580,000 төгрөг, нийт 95,191,111 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч Г.Урантогос, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1а. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны алдангид 55,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Миний бие өөрийн эзэмшлийн 7,27 хувийн хувьцаагаа 2019 оны 08 дугаар сарын 30-нд М т- ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигч нарт 500 сая төгрөгөөр худалдах санал гаргасан. Компанийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын 01 дугаартай тогтоолоор хувьцааг худалдан авахаар шийдвэрлэн М т- ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 2.2.3-т зааснаар худалдан авагч нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 500 сая төгрөг төлөх, төлөөгүй бол гэрээний 2.4.5-д зааснаар алданги төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч 500 сая төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн. Иймд алданги гаргуулна.
1б. Би хувьцаагаа 2020 онд худалдсан. 2019 оны ногдол ашгийг хуваарилах тухай шийдвэрийг М т- ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/14/01 дугаартай тогтоол гаргахдаа надад ногдол ашиг хуваарилалгүй орхисон байна. Иймд Компанийн тухай хуулийн 3.3, 32.1, 46.16, 17.9-ийг үндэслэн 2019 оны ногдол ашиг 11,111,111 төгрөгийг гаргуулна.
1в. Хариуцагч компани Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.4.2-т заасан 21 хоногийн хугацаандаа миний хувьцааны шилжилтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, одоо ч бүртгүүлээгүй байх тул миний бие тус компанийн хууль ёсны эрх бүхий хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа. Мөн миний бие компанид хувьцаагаа худалдсан ч компанидаа үргэлжлүүлэн ажилласаар байсан. Иймд миний бие тус компанийн хувьцаа эзэмшигчийн эрхээ эдэлж, хувьцаа эзэмшигч компанидаа ажилласан эсэхээс үл хамааран цалингаа 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс хойш аваагүй тул 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сарын 660,000 төгрөгөөр тооцож, нийт 13 сарын цалин 8,580,000 төгрөг гаргуулна.
1г. Мөн компанийн хувьцаа эзэмшигчээр ажилласаар байсан тул 2020 оны ногдол ашгийн 20,000,000 төгрөг гаргуулна. Иймд нийт 95,191,111 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2а. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 тоот ногдол хувь худалдан авах, төлбөр барагдуулах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор гэрээг тохирсон хувьцааны үнэ болох 500,000,000 төгрөгийг Б.И-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 458024009 тоот дансанд шилжүүлэхийг гүйцэтгэх захирал Д.Дэлгэрбалд үүрэг болгож шийдвэрлэсэн боловч тэрээр заасан хугацаанд төлж барагдуулаагүй байсан тул 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлын 3 хоногт багтаан төлбөрийг шилжүүлж, Төлөөлөн удирдах зөвлөлд хариу мэдэгдэх тухай албан даалгавар хүргүүлсэн. Үүнээс хойш гүйцэтгэх захирал Д.Дэлгэрбал ажлаа хүлээлгэж өгөлгүй хаяж явсан тул компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй байдалд хүрсэн. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирал Д.Дэлгэрбалыг 2020 оны 04 дүгээр сарын сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж гүйцэтгэх захирлаар У.Солонгыг томилсон. Гүйцэтгэх захирал солигдсон тул 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд гарын үсэг солих тухай албан тоот хүргүүлсэн бөгөөд тус банк Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулаагүй байгаа тул данснаас зарлагын гүйлгээ хийх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Ингээд 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн боловч бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Гүйцэтгэх захирал У.Солонго Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Эрдэнэбилэгийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 200520022 дугаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, М т- ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, гүйцэтгэх удирдлагаар У.Солонгыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 128/ШШ2020/0594 тоот Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэхэд компанийн буруу байхгүй, тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Дэлгэрбал үүргээ биелүүлээгүй тул компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2б. Ковид-19 цар тахлын улмаас М т- ХХК 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг хуваарилахгүй байхаар тогтоож, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бичгээр хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчдэд хувьцааны 20 хүртэл хувийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Б.И- нь 2019 оны хувьцааны ногдол ашиг авах талаар бичгээр хүсэлт гаргаж байгаагүй. Зохигчдын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь одоог хүртэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй, уг гэрээ хуулийн хүчин төгөлдөр болоогүй тул алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд цар тахлын улмаас М т- ХХК нь бүх гишүүдийн хурал, хувьцаа эзэмшигчдийн хурал, ногдол ашиг зэрэг асуудлыг шийдвэрлээгүй байгаа болно.
2в. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх гэрээнд эрх шилжүүлэгч нь хувьцаанд ногдох эрх, үүргээ эрх шилжүүлэн авагчид шилжүүлнэ гэж заасны дагуу эрх шилжүүлэн авагчид хувьцаанд ногдох эрх шилжсэн. Гэрээний талуудаас үл шалтгаалах нөхцөл байдлаас компанийн эрх шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд үүнийг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй. Иймд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.11, 46.16, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг тус тус удирдлага болгон М т- ХХК-иас 37,749,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.И-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 57,441,112 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 793,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М т- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 346,699 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.И-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 57,441,112 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.
4а. М т- ХХК 2020 оны 01 дүгээр сарын 18-нд төлөх хувьцааны төлбөрийн хугацааг 222 хоног хэтрүүлж 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн бөгөөд энэ хугацааны алданги 55,500,000 төгрөг болсон. Гэтэл шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 гэсэн заалтыг баримтлан алдангийн дүнг 50 хувиар бууруулан ...илт их гэж үзсэн үндэслэлээ шийдвэртээ тодорхой заагаагүй, хариуцагч илт их гэж тайлбар өгөөгүй байхад уг заалтыг хэрэглэсэн нь буруу. Мөн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хамаарах алданги шаардсан байхад уг гэрээнд огт хамаарахгүй, ногдол ашигтай холбоотой үндэслэлийг зааж алдангийн хэмжээг хассан нь Иргэний хуулийн 232.6, 232.8 дахь хэсэгт нийцээгүйгээс гадна тухайн тохиолдолд хэрэглэх ёсгүй Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийг хэрэглэсэн байна. Түүнчлэн алдангийн хэмжээг хассан шийдвэрээ цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбосон нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжилсэн алдангийн 55,500,000 төгрөгийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү.
4б. М т- ХХК-ийн хувьцаа эзэмшигч би 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн хувьцааг компанидаа худалдсан тул миний бие 2019 оны ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигч. Хариуцагч нь ногдол ашиг хуваарилахдаа намайг оруулаагүй бусад 9 хувьцаа эзэмшигч тус бүрт 11,111,111 төгрөг хуваарилсан. Шүүх намайг 2019 оны ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигч гэж үзсэн боловч бусад хувьцаа эзэмшигч тус бүр 2019 оны ногдол ашигт 11,111,111 төгрөг авсныг эс харгалзан надад 9,999,999 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл, 9 хувьцаа эзэмшигчийн 99,999,999 төгрөгийг намайг оролцуулан 10 хувьцаа эзэмшигчид хуваасан нь үндэслэлгүй болсон. Би бусад хувьцаа эзэмшигчдийн нэгэн адил 2019 оны ногдол ашигт 11,111,111 төгрөг авах ёстой.
4в. Шүүх нэхэмжлэгчийг 2020 оны ногдол ашиг авах эрхгүй хэмээн түүний 2020 оны ногдол ашгийн 20,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ 2020 оны 01 дүгээр сарын 18-ны дотор буюу гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор төлөх ёстой байсан хувьцааны төлбөр 222 хоногоор хоцорч, 2020 оны 9 сар хүрч байж төлөгдсөн асуудалд дүгнэлт хийгээгүй. Компанийн зүгээс миний худалдаж байгаа хувьцааны үнийг 2020 оны 9 сард төлсөн нь зөвхөн алданги тооцох үндэслэл төдийгүй Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ бүрэн хэрэгжээгүй, миний хувьцаа эзэмшигчийн бүрэн эрх дуусгавар болоогүй байсны бас нэг нотолгоо юм. Түүнчлэн анхан шатны шүүх 2020 оны байдлаар ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигч байсныг нотлох баримт хэрэгт авагдсан байхад бодит байдлыг буруу үнэлж, Компанийн тухай хуулийн 47.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
4г. Хувьцаа эзэмшигчийн цалинг компанийн 2021 оны орон тоо, цалингийн сангийн хүснэгтийн төгсгөлд менежерийн цалин нэрээр тусгасан байдаг бөгөөд Б.И- ороод 11 хувьцаа эзэмшигчид ногдох цалингийн дүн тэндээс харагдана. Миний бие хувьцаагаа худалдсан боловч улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй. Иймд хувьцаа эзэмшигчийн хувьд цалин шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Гэрээний талуудаас үл шалтгаалах нөхцөл байдлаас компанийн эрх шилжүүлэх гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд үүнийг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Бидний байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр байгаа тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шаардах эрхгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хувьцаа худалдах худалдан авах гэрээний төлбөр төлөгдөж дууссанаар түүний хувьцаа эзэмшигчийн эрх дуусгавар болсон. Алдангийн хувьд компани гэрээний үүргээ биелүүлээгүй гэм буруу байхгүй. Мөн алдангийг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.И- нь хариуцагч М т- ХХК-д холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний алдангид 55,500,000 төгрөг, 2019 оны ногдол ашиг 11,111,111 төгрөг, 2020 оны ногдол ашигт 20,000,000 төгрөг, хувьцаа эзэмшигч нарт сар олгодог тэтгэмж буюу цалинд 8,580,000 төгрөг, нийт 95,191,111 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Алданги гаргуулах шаардлагын тухайд:
3а. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.
Тодруулбал, талууд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Б.И- нь М т- ХХК-ийн 7,27 хувийн эзэмшлийн нийт 1 багц хувьцааг бүхэлд нь 500,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч М т- ХХК нь гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногт багтаан үнийг төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан М т- ХХК-ийн 7.27 хувийн хувьцаанд ногдох эрх, үүргийг шилжүүлэхээр тохиролцжээ. /хх 6-9, 10-11/
Хариуцагч М т- ХХК нь Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон 1 багц хувьцааны үнэ болох 500,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.И-ийн данс руу шилжүүлсэн байна. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, талууд энэ талаар маргаангүй байна. /хх-13/
3б. Зохигчид алданги шаардаж буй үндэслэлийн талаар маргажээ. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.2.3-т худалдан авагч нь төлбөрийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор буюу 2020 оны 01 дүгээр сарын 21-ний дотор 100 хувь төлж барагдуулах, 2.4.5-д үүргээ тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх алданги төлөх-өөр заасан талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд хариуцагч М т- ХХК нь гэрээний үүргээ 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гүйцэтгэж гэрээнд заасан хугацааг 222 хоногоор хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Б.И- нь уг хугацаагаар тооцож алданги шаардах эрхтэй. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн байна.
Хариуцагч тал гэрээгээр тохирсон хугацаанд хувьцааны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй шалтгаанаа компанийн гүйцэтгэх удирдлага Д.Дэлгэрбалтай холбон тайлбарлажээ. Хэргийн баримтаас үзвэл М т- ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Элбэгдаваа улсын бүртгэлд бүртгэгдсэн, энэ бүртгэлд өөрчлөлт ороогүй байна. Иймд тус компанийн гүйцэтгэх удирдлагатай холбоотой дотоод асуудал нь талуудын гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн алданги төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүх анзын хэмжээг илт их гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад алдангийг багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан дүгнэж, энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.
3в. Нэхэмжлэгч Б.И-ийн гаргасан хариуцагч компанийн 2019 оны ногдол ашиг 11,111,111 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг 9,999,999 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна. Учир нь хэрэгт авагдсан бичгийн баримт болох М т- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 01, 03 тогтоолоор 2019 оны ашиг 490,634,270.40 төгрөгөөс хувьцаа эзэмшигчдэд ашгийн 20 хувиас ихгүйгээр ногдол ашиг хуваарилах, мөн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 12/14/-01 дугаартай тогтоолоор хувьцаа эзэмшигчдэд 2019 оны ногдол ашигт 99,999,999 төгрөг хуваарилахаар шийдвэр гаргажээ. Анхан шатны шүүх уг нотлох баримтыг харьцуулан үзээд нэхэмжлэгч Б.И-д ногдох 2019 оны ногдол ашиг 9,999,999 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.16 дахь хэсэгт нийцсэн байна. /хх-15-19/ Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
3г. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны ногдол ашигт 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Б.И- нь хариуцагч компанийн 2020 оны нийт хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигчийн саналын эрхтэй оролцож байсан болох нь хэргийн 109-115, 120 дугаар талд авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. Мөн өөрийн эзэмшлийн хувьцааг худалдсан үнийг авах хүртэл буюу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хувьцаа эзэмшигчийн хувиар тус компанийн үйл ажиллагаанд оролцож байсан үйл баримтууд тогтоогдож байх тул Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.16 дахь хэсэгт зааснаар 2020 оны ногдол ашиг шаардах эрхтэй. /хх50, 51, 62/
Хариуцагч М т- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор 2020 оны цэвэр ашиг 943,774,182 төгрөгөөс ногдол ашиг хуваарилах боломжит дүнг 222,222,222 төгрөгөөр тогтоожээ. Үүнийг эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр тооцон хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг хуваарилсан болох нь баримтаар тогтоогдож байна. /хх144-146/ Тухайлбал, 7,27 хувийн хувьцаа эзэмшигч нарт 22,222,222 төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Нэхэмжлэгч Б.И-ийн хувьд 20,000,000 төгрөгөөр шаардлагаа тодорхойлсон тул уг хэмжээгээр тооцон нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ. Иймд шүүх Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.
3д. Нэхэмжлэгч Б.И- нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин буюу тэтгэмжид 8,580,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч тал компанийн хувьцаа эзэмшигч нарт сар бүр тэтгэмж олгодог боловч нэхэмжлэгч Б.И-ийн хувьд хувьцааны эрхээ худалдсан учир тэтгэмж төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэргийн нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Б.И- нь худалдсан хувьцааныхаа үнийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсан тул уг өдрөөр түүний хувьцаа эзэмшигчийн эрх дуусгавар болсон гэж үзнэ. Иймд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд цалин урамшуулал авах буюу шаардах эрхгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2021/03185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.16 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М т- ХХК-аас 85,499,999 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.И-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,691,112 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад 346,699 гэснийг 585,450 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445,155 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.ЦОГТСАЙХАН
|
|