| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 184/2019/01711/И |
| Дугаар | 210/МА2022/00326 |
| Огноо | 2022-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2022/00326
Б- ХХК, Ч.Т- нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/02740 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б- ХХК, Ч.Т- нарын хариуцагч Б- ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алданги 9,728,862 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцыг Ч.Т-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгч Б- ХХК-д шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Б- ХХК-ийн төлөөлөгч Ч.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч С.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алданги 9,728,862 төгрөг гаргуулах тухай.
1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл /Ч.Т-/: Хариуцагч Б- ХХК нь Б- ХХК-тай бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг байгуулж уг гэрээг дүгнэн нийт 399,403,966 төгрөгийн төлбөр төлөх үүргийг Б- ХХК хүлээсэн бөгөөд нийт төлбөрийн 279,265,800 төгрөг нь үндсэн төлбөр, 120,138,166 төгрөг нь алдангийн төлбөр байсан. 2 компани харилцан тохиролцсоны дагуу үндсэн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байрны 6-р давхрын 48.2 мкв. 7-р давхрын 59,8 мкв, 7-р давхрын 46 мкв. 7 давхрын 49.4 мкв талбайтай орон сууцууд, алдангийн төлбөрт 12-р давхрын 48,9 мкв талбайтай орон сууцуудыг Б- ХХК төлбөртөө тооцон авахаар болсон ба тухайн үүргийг миний бие хүлээн авахаар болсон. Б- ХХК нь тухайн орон сууцуудаар төлбөр төлөх үүргээ биелүүлэхийн тулд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б- ХХК-д 02/01 тоот албан бичиг ирүүлж, мөн өдрөө үндсэн төлбөрийн 4 байрыг шилжүүлэхийн тулд надтай орон сууц захиалах гэрээг байгуулсан. Ингээд тухайн орон сууц захиалах гэрээний дагуу миний бие үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахаас өмнө худалдан авах хүмүүсээ олж, харилцан тохиролцоод Б- ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай албан бичгийг авч надаас худалдан авсан хүний нэр дээр гаргуулахаар улсын бүртгэлийн хэлтэст өгдөг байсан. Гэтэл хамгийн сүүлд гэрчилгээг нь гаргуулах байсан орон сууц болох үндсэн төлбөрт тооцон өгөхөөр тохиролцсон 7 давхрын 58,9 мкв талбайтай, БЖ-45 дугаартай орон сууц захиалах гэрээтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай албан бичиг хийж өгөхөөс татгалзаж, маргаан үүсгэж эхэлсэн. Б- ХХК нь Б- ХХК-тай хоорондын төлбөр тооцооны талаар харилцан тохиролцож албан бичгүүдийг илгээж байсан ба үндсэн төлбөрт 4 ширхэг орон сууц, алдангид 1 ширхэг орон сууц, нийт 5 ширхэг орон сууц шилжүүлэн өгөх нь Б- ХХК-ийн санал байсан. Одоо нэхэмжлэгч Ч.Т- Б- ХХК-аас үндсэн төлбөрт шилжүүлэн өгөхөөр тохиролцсон 4 ширхэг орон сууцны 1 болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байрны 44 тоот хаягт байрлах 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БЖ-45 дугаартай орон сууц захиалах гэрээний үүрэг шаардан нэхэмжилж байна. Иймд Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 54 дүгээр байр, 44 тоотод байрлах, 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож , орон сууц захиалах гэрээний 6.3-д зааснаар алдангид 9,728,862 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.3.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл /Б- ХХК/: Б- ХХК нь Б- ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болон 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Дээрх 2 гэрээгээр нийт 399,403,966 төгрөгийн төлбөр төлөх үүргийг Б- ХХК хүлээсэн. Энэхүү төлбөрийг 2 компанийн нягтлан болон гүйцэтгэх удирдлагууд хэд хэдэн удаа тооцоо нийлж, акт үйлдэж гаргасан. Б- ХХК нь дээрх гэрээний дагуу мөнгөн төлбөр төлөх үүргийнхээ оронд өөрийн барьсан орон сууцны барилгаас тохирох хэмжээтэй орон сууцыг шилжүүлэн өгөхөөр санал гаргасан. Тухайн үүргийн төлбөрийг иргэн Ч.Т- хүлээн авахыг хариуцагчид мэдэгдсэн. Б- ХХК-аас ирүүлсэн албан бичигт 6-р давхрын 48,2 мкв, 7-р давхрын 59,8 м кв, 7-р давхрын 46 мкв, 7 давхрын 49,4 мкв талбайтай орон сууцуудыг шилжүүлэн өгч, үлдэгдэл 76,120,000 төгрөгийг 2016 оны 03 сард төлөхөө илэрхийлсэн. Мөн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөө тухайн хэмжээ бүхий орон сууцуудыг шилжүүлэхээр Ч.Т-тай орон сууц захиалах гэрээг байгуулсан. Б- ХХК нь 02 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгээрээ үлдэгдэл 76,120,000 төгрөгийг 2016 оны 03 сард төлөхөө илэрхийлсэн боловч уг хугацаандаа төлөөгүй тул үлдэгдэл төлбөрийг шаардахад манай компанид 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 7/05 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичгээрээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байрны 12 давхрын 48,9 мкв талбайтай орон сууцыг шилжүүлэхээ илэрхийлсэн ба мөн өдрөө дахин Ч.Т-тай орон сууц захиалах гэрээг байгуулсан. Ингээд 2 компани харилцан тохиролцсоны үндсэн дээр Б- ХХК 5 орон сууцыг төлбөрт тооцон өгөхөөр болсон. Гэтэл Б- ХХК нь маргаан үүсгэсэн. Тодруулбал, Б- ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үндсэн төлбөрт тооцох 4 орон сууцыг шилжүүлэн өгөхөөр Ч.Т-тай орон сууц захиалах гэрээг байгуулсан бөгөөд мөн өдрийн БЖ-45 дугаартай орон сууц захиалах гэрээний үүрэг болох 58,9 мкв талбайтай орон сууцны өмчлөл шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Иймээс Б- ХХК нь Б- ХХК-аас 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болон 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргийг шаардаж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 54 дүгээр байрны 44 тоот хаягт байрлах 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч.Т-ийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянжонш ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 54-р байрыг барихдаа Б- ХХК-аас нийт 362,402,000 төгрөгийн бетон зуурмаг болон бусад үйлчилгээг гэрээ байгуулж авсан. Энэхүү худалдан авсан бараа материалын төлбөрийг төлөхдөө цементээр 18,351,200 төгрөг, бэлнээр 64,785,000 төгрөг, бартер буюу орон сууцаар 192,7 м.кв талбай бүхий 4 орон сууцыг 1 м.кв 1,450,000 төгрөгөөр тооцон 279,415,000 төгрөг, нийт 362,551,200 төгрөг төлсөн ба одоогоор Б- ХХК-д төлөх төлбөр тооцоогүй. Б- ХХК нь манай компанитай эцсийн байдлаар тооцоо нийлээгүй бөгөөд НӨАТ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасныг зөрчин худалдсан бараа, ажил үйлчилгээгээ нийт 314,817,000 төгрөгийн борлуулалтаа) компанийхаа НӨАТ-ын тайланд дутуу тайлагнаж улмаар манай компанид олгох ёстой НӨАТ-аа гүйцэт олголгүй бидний ажилд чирэгдэл учруулан мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн. Мөн 54 дүгээр байрны 44 тоот орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авахаар иргэн Ч.Т- нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байдаг. Энэхүү асуудлыг хуулийн байгууллагаар шалгагдаж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болсон байдаг. Иймд Б- ХХК-д ямар нэг төлөх төлбөр тооцоо байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:
3.1.Сөрөгийн нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг Ч.Т-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгч Б- ХХК-д шилжүүлэхийг даалгах тухай.
3.2.Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: Б- ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/424 тоот захирамжийн дагуу 43/0106 дугаар нэгж талбартай, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Max Импексийн Соёлын ордны зүүн урд талд байршуулан олгосон өөрийн эзэмшлийн 1,100 м.кв газар дээр Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталж өгсөн 330 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгын эх загвар /эскиз/ зургийг батлуулж, холбогдох газруудаас орон сууцны барилгын техникийн нөхцөлүүдийг авч, барилгын ажлын зургийг хийлгэн, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авсан бөгөөд улмаар орон сууцны барилгыг Барилгын тухай хууль, барилгын норм, дүрэм, стандартын дагуу барьж дуусган, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 180/2019 дугаартай актаар хууль, журмын дагуу орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан. Гэтэл иргэн Ч.Т- нь манай байгууллагын тамга, тэмдэг болон эрх бүхий этгээдийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байр 44 тоот хаягт байрлалтай, 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан үйлдлийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/267 дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар тус орон сууцанд хууль ёсны өмчлөгч биш этгээд оршин сууж байгаа бөгөөд манай байгууллага нь Монгол улсын Үндсэн хууль болон Иргэний хуулиар хамгаалагдсан хууль ёсны өмчлөх эрхээ эдэлж чадахгүй өдийг хүрлээ. Иймд Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байр 44 тоот хаягт байрлалтай, 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Б- ХХК болохыг тогтоож, иргэн Ч.Т-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгч Б- ХХК-д шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
4.1.Нэхэмжлэгч Ч.Т- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын маргаж байгаа 44 тоот орон сууцыг Б- ХХК-аас хүлээлгэн өгсний дагуу одоо миний эзэмшил, ашиглалтад байгаа. Тухайн орон сууцны өмчлөлийг шилжүүлэн өгөхөөр тохиролцож, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр БЖ-45 дугаартай орон сууц захиалах гэрээг Б- ХХК нь надтай байгуулсан ба уг гэрээний үүргийг шаардаж тухайн орон сууцыг өөрийн өмчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах, 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч.Т-ийг /регистрийн дугаар ЦА71042364/ тогтоож, Ч.Т-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б- ХХК-д холбогдох алданги 9,728,862 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Т-т холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах, 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах, 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Ч.Т-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгч Б- ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,494,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 661,700 төгрөг буюу нийт 1,323,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-, нэхэмжлэгч Б- ХХК-д тус тус олгож, хариуцагч Б- ХХК-аас сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 691,750 төгрөг 50 мөнгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6.Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
6.1.Нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж шийдвэрлэсэн тухайд. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө тодорхойлох онцгой эрхийг эдэлдэг бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн энэхүү онцгой эрхэд халдаж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурьдаагүй нөхцөл байдлаар хэргийг дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн мөн Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл гэж үзэж байна. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт ... О.Бямбабаатар нь 1 м.кв-ийн үнийг 1,450,000 төгрөгөөр авахаар захиалж гүйцэтгэгч Б- ХХК-тай орон сууц захиалах БЖ-060 тоот гэрээг байгуулан байрны төлбөр 70,905,000 төгрөгийг бэлнээр 100 хувь төлсөн тул гүйцэтгэгч Б- ХХК-аас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тасагт орон сууц бүртгүүлэх тухай 12/22 тоот албан бичиг хүргүүлэхдээ ... 12 дугаар давхар 81 тоот хаягт байрлах 48.9 м.кв талбайтай 2 орөө байрыг танай байгууллагад урьдчилж өгсөн бүртгэдд Чулуун овогтой Тунгалагийн нэр байгаа боловч О.Бямбабаатар нь жинхэнэ захиалагч болох тул Оюунбаатар овогтой Бямбабаатарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт явуулсан нь тогтоогдов гэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талууд болон хариуцагч талуудын хооронд 81 тоот хаягт байрлах 48.9 м.кв талбай бүхий орон сууцыг Б- ХХК-тай байгуулсан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн дээр маргадаггүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талууд тухайн орон сууцыг бусдад худалдан борлуулж, төлбөрийг Ч.Т- хүлээн авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд энэ орон сууцыг хүлээж авсан нь бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт суутгасан. Харин нэхэмжлэгч талаас бетон зуураг худалдах худалдан гэрээний алдангийн төлбөрт маргаан бүхий 59 м.кв талбай орон сууцыг шаарддаг. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн хүсэл зоригоос гадуур буюу хариуцагчийн хариу тайлбартаа дурьдаж буй бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт өгөөгүй гэх учраас нэхэмжлэгчийн эрхийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гагцхүү нэхэмжлэгчийн эдлэх онцгой эрхэд буюу нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ өөрөө тодорхойлох эрхэд халдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
6.2.Хууль хэрэглээний тухайд, шүүхээс талуудын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйл 243.1 дэх хэсэгт заасан худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Учир нь талуудын хооронд байгуулсан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний нэр нь худалдах худалдан авах гэсэн нэртэй боловч Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ юм. Талуудын хооронд илэрхийлсэн хүсэл зориг нь нэг талаас нэхэмжлэгч тал нь хариуцагч талд бетон зуурмаг нийлүүлсний төлбөрт орон сууц, цемент авах бөгөөд зөрүүг харин мөнгөн хэлбэрээр өгөхөөр тохиролцсон байгаа нь арилжааны гэрээний үндсэн агуулгыг агуулсан гэрээ болох нь тодорхойлогдож байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл нь гэрээний алдангид маргааны зүйл болох 59 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шаардсан байх бөгөөд алдангийн хэмжээ иь нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэд хүрэхгүй байгааг шүүх харгалзан үзээгүй нь үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн алданги тооцох тохиолдолд үүргийг хэд хоног хэтрүүлсний үндсэн дээр буюу үүргийн зөрчлийг хэзээнээс гаргасан, алданги тооцох хэмжээний бетон зуурмаг нийлүүлсэн эсэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад хэт нэг талыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын эрх тэгш байдлыг хангаагүй гэж үзэж байна.
6.3.Сөрөг нэхэмжлэлийн тухайд Б- ХХК-ийн зүгээс тухайн орон сууцны барилгын үндсэн захиалагч буюу тухайн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан болох нь хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудаар нотлогддог. Улсын Дээд шүүхийн тогтоолд Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, хэрэгт байгаа баримт, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийж, маргааны зүйлийг зөв тодорхойлох ... гэсэн нь өөрөөр хэлбэл төлбөрт аль байрыг, алдангид аль байрыг гэх зүйлийг зөв тодорхойлох ёстой болохыг дүгнэсэн. Б- ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, бүх төлбөрийг бүрэн төлж барагдуулж тооцоо дууссан, нэхэмжлэгч Ч.Т-ийн өөрийнх нь хэлсэн хүмүүст 4 ширхэг орон сууцны байрыг шилжүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн газарт хандсан албан бичиг, бүртгүүлсэн хугацаа болон дээрх байруудын үнийн дүнгээр бүрэн нотлогддог. Гэтэл нэхэмжлэгч Ч.Т- нь сүүлд бичиг баримт хуурамчаар үйлдэж бүрдүүлэн, 59 м.кв талбайтай 44 тоот байрыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан. Нэхэмжлэгч Ч.Т- нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан үйл баримтыг нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1071 тоот тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул түүнийг яллагдагчаар татан шалгах хууль зүйн үндэслэлгүй гэж хэрэг бүртгэлийн хэргийг хаасан боловч маргаан бүхий 59 м.кв талбайтай 44 тоот орон сууцыг хуурч мэхлэн өөрийн нэр дээр бүртгүүлснийг тогтоосон. Б- ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 болон 101.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд мөн хуулийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмч хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага гаргах бүрэн эрхтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байгаа. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ ... Б- ХХК болон иргэн Ч.Т- нарын хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БЖ-45 дугаартай орон сууц захиалах гэрээний дагуу үндсэн төлбөрт өгөх 4 ширхэг орон сууцны 59.8 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж гэрээний дагуу 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргах хамааралгүй гэж шүүх үзсэн байна. Б- ХХК нь шүүхийн шийдвэрүүдийг гарахаас өмнө буюу прокурорын тогтоол гарсан үеэс эхлэн хариуцагч талаас хууль ёсны өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хуульд заасны дагуу тухайн маргаан бүхий үл хөдлөх эд херөнгийг хууль ёсоор эзэмших эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нөгөө талаар Бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмч хөрөнгийг чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулах тухай Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэн хянагдаж байгаа тухай нэхэмжлэгч шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрдөг бөгөөд өөрөө ч өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гарган өнөөдрийг хүртэлх хугацаанд маргаж буй үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбаруудаар тогтоогдож байхад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасан хугацаандаа шаардах эрхээ хэрэгжүүлэх эрх нээлттэй байхад шаардаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу 59.8 м.кв талбай бүхий орон сууц нь талуудын хооронд байгуулсан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөрт шилжүүлэх 4 орон сууцны 1 гэж үзэж байгаа нь өөрөө шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудаас гаргасан тайлбарыг бүрэн гүйцэт судлалгүйгээр шийдвэр гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.
6.4.Нотлох баримтын тухайд шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Ч.Т-аас О.Бямбабаатар, О.Энхчимэг нарт 2016 оны 12 дугаар сарын 03-нд Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, ҮЭ гудамж 54 дүгээр байрны Апартмент 88 орон сууцанд 12 давхрын 81 тоот хаягт байрлах, 48.9 м.кв талбайтай 2 өрөө байрыг 67,482,000 төгрөгөер худалдахаар тохиролцож Ч.Т- нь өөрийн эзэмшилд шилжүүлэх эрхийг Бямбабаатар, Энхчимэг нарт шилжүүлэхээр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан баримт байх боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно гэсэн байх бөгөөд энэ нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч талын нотлох баримтыг үнэлж хариуцагч талын нотлох баримтыг тэнцүүлэн үнэлэлгүй шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна. Иймд дээрх бүх үндэслэлүүдээс харахад анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим, хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн үндсэн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Б- ХХК, Ч.Т- нар нь хариуцагч Б- ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах, 59,8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч.Т-ийг тогтоолгох, алдангид 9,728,862 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 44 тоот орон сууцыг нэхэмжлэгч Ч.Т-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгч Б- ХХК-д шилжүүлэхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б- ХХК нь бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 5 орон сууц өгөхөөр тохиролцож, 4 орон сууцыг өгсөн, үлдэх нэг орон сууц буюу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээнд заасан 58,9 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт цемент, орон сууц болон бэлэн мөнгөөр нийт 362,551,200 төгрөгийг төлж гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн, одоо нэхэмжлэгч талд төлөх төлбөргүй, мөн нэхэмжлэгч Ч.Т- нь 44 тоот орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан бөгөөд эрх бүхий байгууллагаас өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзсан. /хх-ийн 1-2, 109, 137, 2хх-ийн 16-17, 2хх-ийн 30-32-р тал/
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч нэхэмжлэгч Б- ХХК-ийн нэхэмжлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.
Хариуцагч Б- ХХК нь нэхэмжлэгч Б- ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б- ХХК нь 2,200 м.куб орчим бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч Б- ХХК нь бүтээгдэхүүний нийт үнийн 50 хувийг эд хөрөнгөөр /бартераар/ буюу 1 м.кв нь 1,450,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаар, 50 хувийг бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б- ХХК нь гэрээний үүргийг биелүүлсэн болох нь талуудын тайлбар, бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 9-10-р тал/.
Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж зөв дүгнэжээ. Тодруулбал, нэхэмжлэгч Б- ХХК нь тодорхой төрлийн хөрөнгийг худалдах, хариуцагч Б- ХХК нь худалдан авсан зүйлийн үнийг төлөхөөр тохиролцсон тохиролцоо нь худалдах, худалдах авах гэрээний шинжийг агуулсан байх тул талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэх агуулгаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Дээрх гэрээний дагуу бартерийн орон сууцыг хүлээн авах эрхийг нэхэмжлэгч Б- ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Ч.Т-т олгосон байна. /хх-ийн 6-р тал/. Улмаар хариуцагч Б- ХХК нь нэхэмжлэгч Ч.Т-тай 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Б- ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Апартмент 88 орон сууцанд 59,8 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,450,00 төгрөгөөр буюу нийт 86,710,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч Ч.Т- нь орон сууцны үнийг төлж, хүлээн авахаар тохиролцсон байна. /хх-12-15-р тал/.
Хариуцагч Б- ХХК-аас нэхэмжлэгч Б- ХХК-д хүргүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн албан бичигт Танай компаниас ирсэн ... албан тоот болон, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн дараах байдлаар төлбөрийг төлж дуусгахаар тохиролцов, 6-р давхрын 48,4 м.кв, 7-р давхрын 59,8 м.кв, 46 м.кв, 49,4 м.кв, үлдэгдэл төлбөр болох 76,120,000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сард багтаан барагдуулна гэж,
2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн албан бичигт танай компанид төлөх төлбөрийн үлдэгдэл 76,120,000 төгрөгөөс 70,905,000 төгрөгт ... 48,9 м.кв, 2 өрөө байраар хааж үлдэгдэл төлбөр 5,215,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны дотор бүрэн төлж дуусгана ... гэжээ. /2хх-ийн 34-35-р тал/.
Дээрхээс дүгнэвэл хариуцагч Б- ХХК нь нэхэмжлэгч Б- ХХК-тай байгуулсан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 5 орон сууц өгөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна. Хариуцагч Б- ХХК нь дээрх албан бичгүүдэд дурдсан 48,4 м.кв, 46 м.кв, 49,4 м.кв, 48,9 м.кв талбай бүхий 4 орон сууцыг нэхэмжлэгч талын зөвшөөрлөөр бусдад шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 111-126-р тал/
Хариуцагч Б- ХХК-ийн хувьд маргаан бүхий 44 тоот, 59,8 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Ч.Т-т хүлээлгэн өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн байх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулагдсан орон сууц захиалах гэрээний 2.2-т Захиалагч орон сууцны нийт төлбөр болох 86,710,000 төгрөгийг бартераар 100 хувь бэлэн төлсөнд тооцов гэжээ. Гэвч хариуцагч Б- ХХК нь дээрх гэрээний үүргийг биелүүлж, дээрх орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ч.Т-т шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. /хх-ийн 12-р тал/
Хэдийгээр өмнө нь нэхэмжлэгч Ч.Т-ийн өмчлөлд бүртгэгдсэн 44 тоот орон сууцны бүртгэлийг эрх бүхий албан тушаалтан хүчингүй болгосон байх боловч энэхүү нөхцөл байдал нь гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй. /хх-ийн 62-63-р тал/
Иймд Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах, 59,8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч.Т-ийг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Алданги 9,728,862 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байна.
Харин 44 тоот орон сууцны өмчлөгчөөр Ч.Т-ийг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б- ХХК-ийн нэхэмжлэлд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ.
Тодруулбал, нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч Б- ХХК-тай байгуулсан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний дагуу бартерийн орон сууцыг хүлээн авах эрхийг нэхэмжлэгч Ч.Т-т олгосон буюу Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дах хэсэгт зааснаар шаардах эрхийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Б- ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасан эрх ашиг нь зөрчигдсөн этгээд гэж үзэхгүй юм. Иймд хариуцагч Б- ХХК-д холбогдуулан гаргасан 44 тоот орон сууцны өмчлөгчөөр Ч.Т-ийг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Маргаан бүхий 44 тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ч.Т-ийг тогтоож шийдвэрлэсэн тул тус орон сууцыг нэхэмжлэгч Ч.Т-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгч Б- ХХК-д шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Өөрөөр хэлбэл, эд хөрөнгөө шаардах өмчлөгчийн эрх нөгөө этгээд түүний өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж байгаа нөхцөлд хангагдах учиртай. Нэхэмжлэгч Ч.Т-ийн хувьд маргаан бүхий 44 тоот орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/02740 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах, 59,8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч.Т-ийг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч Ч.Т-т гаргаж өгөхийг хариуцагч Б- ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс алданги 9,728,862 төгрөг гаргуулах шаардлага болон хариуцагч Б- ХХК-д холбогдуулан гаргасан 44 тоот орон сууцны өмчлөгчөөр Ч.Т-ийг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б- ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,
3 дах заалтын ... хариуцагч Б- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 661,700 төгрөг буюу нийт 1,323,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-, нэхэмжлэгч Б- ХХК-д тус тус олгож ... гэснийг улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б- ХХК-аас 691,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-т олгож гэж тус тус өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б- ХХК-аас төлсөн нийт 1,383,500 төгрөгийг улсын төвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Г.ДАВААДОРЖ