Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2017/00069

 

Б.Должинсүрэнгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1097 дугаар шийдвэр,                                                                                                           

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 186 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Б.Должинсүрэн,

Хариуцагч :  И.Давааням,

Гуравдагч этгээд : Хас банк

Нэхэмжлэлийн шаардлага: 2014.5.12-ны өдрийн 1070015040 дугаартай зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Должинсүрэн, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, хариуцагч И.Давааням, гуравдагч этгээд Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Б.Чинбат нь 2004 оноос эхлэн сэтгэц мэдрэлийн өвчин тусаж өөрийгөө хянах, хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй, бусдын асаргаанд байдаг хүн. Түүний нэр дээр Дархан сумын 15-р баг, Мангирт 3-р хэсэг, 22 тоот 100 м2 талбайтай улсын Ү-2003006118, Ү-2003002233 дугаарт бүртгэлтэй хөрөнгө байдаг. Б.Чинбатын эхнэр И.Давааням нь ээж, ах, дүү нарт нь мэдэгдэлгүйгээр Б.Чинбатын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаалж зээлийн гэрээ байгуулсан байна. Б.Чинбат нь өвчтэй, өөрийн хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэхгүйгээс И.Даваанямыг дагаж банк орж, гарын үсэг зурсан байна. Иймд 2014.5.12-ны өдрийн 1070015040 дугаартай зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би нөхөр Б.Чинбаттай 1996 оноос хамт амьдарсан. Тэр үед эрүүл саруул байсан. 2000 оноос нойргүйдэж, өвдөж эхэлсэн. Эмнэлгээр маш их явсан. Хавар, намар өвчин нь хөдөлдөг, улирлын чанартай сэтгэцийн өвчтэй нь үнэн. Би Хас банкны байнгын харилцагч юм. Бид хоёр Дархан сумын 15-р баг, Мангирт 3-р хэсэг, 22 тоот байрыг өрхийн хэрэглээнд Хас банкинд 20 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан бөгөөд эдгээр нь манай нөхөр Б.Чинбатын нэр дээр байдаг нь үнэн. Би дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нөхөр Б.Чинбатын ээж, ах, дүү нарт нь хэлэхгүйгээр банкны барьцаанд тавьсан бөгөөд хадам ээжийн бичиж өгсөн нэхэмжлэлд дурдсан зүйлүүд үнэн тул хүлээн зөвшөөрч байна. Би ганцаараа энэ мөнгийг төлөхгүй, гэр бүлээрээ л төлнө. Бид Хас банкны зээлийг төлөх нь үнэн. Банк зээлээ төлөөгүй үндэслэлээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Үл хөдлөх эд хөрөнгө банкны өмчлөлд шилжсэн. Иймд нэхэмжлэлийг  зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээд Хас банкны шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Должинсүрэнгийн  нэхэмжлэл нь Хас банкны эрх ашгийг хөндөж байна. Хас банкны нэхэмжлэлтэй И.Давааням, Б.Чинбат нарт холбогдох зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй хэргийг  шүүх  2015.7.23-ны өдөр 742 дугаартай  шийдвэр гаргасны дагуу 2015.8.01-ний өдөр албадан биелүүлэх захирамж гарсан. Бид төлбөрөө төлөх хугацаа олгож 2 сар хүлээсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Эд хөрөнгө нь албадан дуудлага худалдаагаар зарагдаагүй тул хөрөнгийг хуулийн дагуу Хас банкны өмчлөлд шилжүүлсэн бөгөөд үүнийг төлбөр төлөгч тал зөвшөөрсөн. Б.Чинбат өвчтэй байсан талаар одоо мэдэж байна. Эдгээр хүмүүс нэг дор амьдардаг. И.Давааням, Б.Чинбат нар нь манай банкнаас 8 удаа дээрх хөрөнгийг барьцаалж зээл авч байсан манай байнгын харилцагч мөн. Сүүлд 2014 онд авсан зээлээ төлж чадаагүй нь үнэн гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 1097 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.6-д заасныг баримтлан Б.Должинсүрэнгийн нэхэмжлэлтэй  И.Давааням, гуравдагч этгээд  Хас банкинд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсэн байна. 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 186 дугаартай магадлал гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1097 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.6-д зааснаар...” гэснийг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д зааснаар...”  гэж өөрчилжээ. 

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эхнэр болох И.Давааням нь өөрөө бизнесийн зээл авахдаа миний хүүг яг өвчин нь сэдэрсэн үед нь очиж дээрхи гэрээнүүд хийснийг бид ч мэдэж байгаа мөн хариуцаг өөрөө хүлээн зөвшөөрдөг. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, 2015.5.12-ны өдрийн Хас банктай хийсэн зээлийн гэрээ, мөн барьцааны гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Б.Должинсүрэнгийн нэхэмжлэлийг тодруулах шаардлагатай байна. Нэхэмжлэгч нь  “...сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон, Б.Чинбат эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа зээлийн гэрээ хийсэн...” гэж 2014.5.12-ны өдрийн 1070015040 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг шаардсан гэх боловч нэхэмжлэл /хх 1 ар тал/ болон тайлбартаа /хх 68/ “...үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаалж гэрээ хийсэн  байна...” гэсэн үндэслэл заасныг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй нь буруу байна.

2014.5.12-ны өдрийн 1070015040 дугаартай зээлийн гэрээнд хөрөнгө барьцаалсан заалт байхгүй байна. Харин уг гэрээний 1.8 дахь заалтаас үзвэл зээлдэгч нар зээл авахдаа барьцааны гэрээ, 1600000738-1, 1070015040-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулжээ.

Б.Чинбат зээл авахдаа зээлийн гэрээнээс гадна барьцааны гэрээ байгуулсан үйл баримтыг Б.Должинсүрэн үндэслэл болгосон байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй зөвхөн нэг гэрээтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-г зөрчжээ.  

Түүнчлэн, гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргахдаа Б.Должинсүрэн нь гэрээний хоёр талыг бус, харин нэг талыг хариуцагчаар татсан үндэслэлийг шүүх тодруулаагүй, Хас банкнаас 2016.7.06-ны өдөр гаргасан 07/602 дугаар хүсэлтийг /хх 30-31/ нэхэмжлэгчид танилцуулах ажиллагааг хийлгүй Хас банкийг гуравдагч этгээдээр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 67 дугаар зүйлийн 67.1.1, 27 дугаар зүйлд нийцээгүй гэж үзнэ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаанаар залруулах боломжгүй тул шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1097 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 186 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.   

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай. 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ