Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00020

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00020

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00020

 

 

АХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21ий өдрийн 101/ШШ2021/03313 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч АХХК, хариуцагч Б ХХК-д холбогдуулан 76,155,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд харилцан тохиролцон 2015-2017 оны хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хэд хэдэн удаа бетон зуурмаг нийлүүлэх гэрээг аман хэлбэрээр байгуулсан. Гэрээний талууд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бетон зуурмаг нийлүүлсэн тооцоог тулгаж, тооцооны үлдэгдлийн баталгааг харилцан үйлдсэн. Уг тооцоо нийлсэн актанд тусгагдсанаар хариуцагч Б ХХК нь манай компанид нийт 76,155,000 төгрөгийн өр төлбөртэй болохыг харилцан зөвшөөрч, хариуцагч компанийн эрх бүхий төлөөлөгч гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсанГэхдээ төлбөрийг шатахуун түгээх станцын ажил нь жигдрэх үеэр төлнө гэж аман байдлаар тохирч, гэрээний төлбөрийг хэзээ төлөх вэ гэдгийг зохигчид харилцан тохиролцоогүй, төлбөр тооцооны үлдэгдлийн баталгаанд хугацааг заагаагүй. Хариуцагч талаас мөнгөн төлбөрийн үүргийг зохих ёсоор гүйцэтгэхийг 2021 оны 06 дугаар сарын 14, 17-ны өдрүүдэд удаа дараа мэдэгдэж байсан боловч хариуцагч нь бодитоор ажил хэрэг болгоогүй, үр дүн гаргаагүй учраас Иргэний хуулийн 208 дугаар зуйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар албан мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш нэн даруй хугацаанд 76,155,000 төгрөгийн үүргээ гүйцэтгэхийг шаардсан. Уг мэдэгдлииг хүргүүлсэнтэй холбогдуулан Иргэний хуулийн 43 дугаар зүйлийи 43.1.3-т зааснаар танай компанид албан бичгийн хариу өгөх 3 хоног, үүрэг гүйцэтгэх 5 хоногийн хугацааг тус тус олгосон. Гэтэл хариуцагч нь албан бичигт огт хариу өгөхгүй байхаас гадна гэрээний үндсэн үүргээ ноцтой зөрчсөн учраас хариуцагч Б ХХК-аас бетон зуурмаг нийлүүлэх гэрээний төлбөр болох 76,155,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг МХХК-тай байгуулж, шатахуун түгээх станцын барилга барих ажлыг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч АХХК-аас бетон зуурмаг авч, тухай бүрт нь төлбөрийг төлж байсанНэхэмжлэгч нь миксер машинаар зуурмагийг Төв аймгийн Зуунмод сум, Сонгинохайрхан дүүрэгт байрлах шатахуун түгээгүүрийн газар руу зөөсөн. Гэрээнд заасны дагуу тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгэх Зуунмод суманд байрлах шатахуун түгээх газарт 490.2 метр куб, Сонгинохайрхан дүүрэгт байрлах талбайд 27.6 метр куб бетон зуурмагийг ашигласан ба төлбөрийг шатахуун түгээх станцын ажил жигдрэх үед төлнө гэж дурдсан. Гэтэл шатахуун түгээх станц нь манай өмч биш, харин МХХК-ийн өмч юм байсан. Нэхэмжлэгчийн зүгээс манай компанитай аман тохиролцоо хийсэн зүйл огт байхгүй байж 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай албан бичиг ирсэн. Хариуцагч талаас 991 м3 бетон зуурмаг хүлээн аваагүй учраас нэгжийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б ХХК нь МХХК-тай байгуулсан гэрээний дагуу зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Ажлын зургийн дагуу шатахуун түгээгүүрийн газрыг барьж байгуулж, түгээх, буулгах, гол талбай, зам талбайд нэхэмжлэгч талаас бетон зуурмаг авч байсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хоёр талбайд бетон зуурмаг нийлүүлсэн. 2016 он, 2017 онд юу ч нийлүүлээгүй. Бид авсан зүйлийнхээ төлбөрийг төлсөн. 2015 оны үйл баримтын шаардах эрх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу гэрээтэй холбоотой 3 жилийн хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б ХХК-аас 76,155,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,725 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 538,725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэгт: Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт ... хариуцагч Б ХХК нь 517,8 метр куб бетон зуурмагийг хүлээн авсан гэсэн тайлбарынхаа үндэслэлээ баримтаар нотлохгүй байна гэж, ... хариуцагч буюу худалдан авагч компанийнхаа зүгээс талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тооцоо нийлсэн актыг баримтаар үгүйсгээгүй бөгөөд МХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Төв аймаг болон СХД-т барьсан шатахуун түгээх станцын барилгын ажилд 517.8 метр куб бетон зуурмагийг ашигласан буюу 393.2 метр куб бетон зуурмагийг ашиглах шаардлагагүй болсон гэдгээ баримтаар нотлохгүй байна гэж тус тус дүгнэсэн. Шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс шүүхэд хандан МХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Төв аймаг болон СХД-т барьсан шатахуун түгээх станцын барилгын ажилд зориулан бетон зуурмагийг авсан, энэ ажлыг удирдан зохион байгуулан ажиллаж байсан инженер н.Батбаяр нас барсан тул хариуцагч талд баримтууд байхгүй гэдгээ тайлбарласан бөгөөд талууд анхнаасаа 991 метр куб бетон зуурмагийг авна гэсэн тохиролцоо байгаагүй, ийм их зуурмагийг хүлээн аваагүй. Өөрөөр хэлбэл, тухайн ажилд бетон зуурмаг хир хэмжээтэй орсоныг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг гарагсан. Мөн нэхэмжлэгч талаас 991 метр куб бетон зуурмагийг хүлээлгэн өгсөн гэсэн анхан шатны баримтуудыг гаргуулах хүсэлтүүдийг гаргасан хэдий ч анхан шатны хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн мөртлөө дээр дурдсанчлан шийдвэрийн үндэслэх хэсэгт ... баримтаар нотлохгүй байна, баримтаар үгүйсгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагйү байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуульд заасан хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй гэж үзэж байна. Хоёрт: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 208.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хариуцагчийн зүгээс гомдол гаргасан. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч АХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 76,155,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас ... 991 метр куб бетон зуурмаг хүлээн аваагүй учраас нэгжийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй2015 оны үйл баримтын шаардах эрх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу гэрээтэй холбоотой 3 жилийн хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар хүсэл зоригоо илэрхийлж 2015-2017 оны хооронд бетон зуурмаг нийлүүлэх гэрээг аман хэлбэрээр байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хэлцэл байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан гэж үзэв.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг ... тооцоо нийлсэн актад 76,155,000 төгрөг төлөх хугацааг тухайлан тохироогүй байх тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасан зохицуулалт үйлчилнэ гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад ... 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ 2 байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 76,155,000 төгрөгийн өрийг данс буюу бэлнээр нэхэмжлэн авахаар тохиролцов гэжээ. /хх-10/ Талууд үүссэн өр төлбөрийн талаар тооцоо нийлсэн уг өдрөөр өрийг төлөх баталгаа гаргажээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.7 дахь хэсэгт дээр дурдсан хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан.

Дээрх тооцоо нийлсэн баримтад заагдсан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн өдрөөс хойш шинээр хугацаа тоолохоор Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дууссан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч АХХК нь анхан шатны шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацааг хэтрүүлэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/03313 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч АХХК, хариуцагч Б ХХК-д холбогдуулан 76,155,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,725 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ