Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00414

 

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00414

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/03103 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б-д холбогдох хувь нийлүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн, хариуцагч А.Б-, хариуцагчийн өмгөөлөгч С.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Б.Б- нь 2018 оны 05 сарын 02-ны өдөр Н И -ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б-тэй хувь нийлүүлэх гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш махны үйлдвэр ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөөгүй, 2020 оны 08 сар хүртэл ямар ч мэдээлэлгүй явсан. А.Б-н утсаар залгаж үзэхэд холбогдох боломжгүй, утсаа авахгүй нөхцөл байдал үүссэн. Улсын бүртгэлийн лавлагаагаар Н И-ХХК-ийн мэдээлэл авахад А.Б- төлөөлөх эрхгүй гэдгийг нь сүүлд мэдсэн бөгөөд ярилцаж байсан махны үйл ажиллагаа явагдаж байгаа нь мэдэгдэхгүй 2 жил гаруй болсон. Иймд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хувь нийлүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулж, 20,000,000 төгрөгийг хүчин төгөлдөр бус гэрээний улмаас учирсан хохирол гэж үзэн нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Ашигтай махны наймаа хийнэ гэсэн санал тавиагүй, хувь нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллах санал тавьсан. Н И-ХХК болон Б.Б- нарын хоорондын гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. "Н И"-ХХК-тай ямар нэгэн холбоо байхгүй, төлөөлөх эрх байхгүй тул гэрээнд оролцох, хүлээх үүрэг байхгүй тул энэ маргаан Н И-ХХК, Б.Б- нарын хоорондын асуудал. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн хэдий ч өөрөөс нь асуухад өөрсдийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл мөн байсан байна. Гэрээний гол зорилго нь хувь нийлүүлэгчээс хөрөнгө оруулалт авч, ашгаас хувь хүртэх юм. Хувь нийлүүлэгч нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.3-т компанийн нэр солигдох эсэхээс үл хамааран өөрийн хувийг эзэмшинэ гэж заасан. Иргэн Б.Б- нь Н И-ХХК-д тодорхой хувь эзэмшихээр дүрмийн санд байгаа, нэг бүрийн нэрлэсэн үнийг ярилцаж байсан ч эцэслэн шийдсэн зүйл байхгүй байна. Гэрээ хэрэгжсэн, хэрэгжээгүй гэдэг асуудал дээр нэхэмжлэгч тал гэрээний дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхийг хянах бүрэн эрхтэй, гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, хэрэгжүүлэхгүй бол гэрээг дангаар цуцлах, хөрөнгө оруулалтыг нөхөн төлүүлэх эрхтэй. Мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан гэж ойлгож байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н И-ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Компани үйл ажиллагаа явуулахад хөрөнгө шаардлагатай байсан учир А.Б-тэй ярилцаад Б.Б-той гэрээ байгуулан ашгийн 10 хувийг санал болгосон. 20,000,000 төгрөг нь "Н И"-ХХК-ийн үйл ажиллагаанд хэрэглэгдсэн бөгөөд хувийн дансаар орж ирсэн. Б.Б-, А.Б- нар махны үйл ажиллагааг сайжруулах гэж нэгэн зорилготой явж байснаас бус нэг нэгнээ хохироох асуудал байхгүй. Энэ гэрээ нь итгэлцлийн хүрээнд хийгдээд явсан. 2019 онд эхэлж байгаа бизнес гэдэг утгаар нэлээн хэдэн ажил явагдаж өнгөрөөд, дараагаар цар тахал гээд дандаа бэрхшээлүүдтэй тулгараад явж байгаа. Цаашид хамтран ажиллах талаар илүү сайжруулсан гэрээ байгуулах, эсхүл гэрээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Хөрөнгө оруулалт учраас эрсдэлээ ч үүрээд, ашгаа ч хүртэх талаар хоорондоо ярилцаад шийдвэрлэх боломжтой асуудал гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалтыг баримтлан А.Б-д холбогдох 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хувь нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 20,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч А.Б- болон гуравдагч этгээд Н И-ХХК-ийн төлөөлөгч Л.Зоригтбаатар нар махны үйлдвэрлэл эрхэлж байсан гэх боловч хаана, хэрхэн үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг байснаа нотлоогүй, хуулийн дагуу үнэлэх бичгийн нотлох баримт байхгүй байхад шүүх махны үйлдвэрлэлдээ зарцуулсан гэж хийсвэр дүгнэлт гаргасан. А.Б-н дансны гүйлгээгээр хөрөнгө оруулалт гэх 20 сая төгрөг нь Н И-ХХК-ийн данс руу ороогүй байдаг. Мөн хариуцагч А.Б- нь 20 сая төгрөгийг өөртөө захиран зарцуулсан ба шүүх хуралдааны үед хоолонд орсон, мах авсан гэж тайлбарлаж байсан. Мөнгийг компанид зарцуулсан гэх нотлох баримт байгаагүй ба шүүхэд баримт гаргаж өгөөгүй байхад шүүх компанид зарцуулсан" гэж үзсэн нь учир дутагдалтай. Хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн байхад нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч миний хувьд А.Б-н тавьсан саналыг хүлээн авч, гэрээ байгуулан, үүргээ биелүүлсэн. Харин хариуцагч А.Б- нь төлөөлөх эрхгүй этгээд мөртлөө компанийн тамга дарж, гэрээ байгуулан өөрийн дансаар 20 сая төгрөг авсан. Үүнийгээ компанид өгөөгүй, өөрөө захиран зарцуулсан нь анхнаасаа дүр үзүүлсэн, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байсан гэж дүгнэх боломжтой.

Хариуцагч А.Б-н нийгмийн даатгалын дэвтэрт менежер гэж бичсэн байдаг ба хөдөлмөрийн гэрээ, компанийн захирлын буюу төлөөлөгчийн тушаал байдаггүй. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар гүйцэтгэх захирлаар томилсон бичилт хийгдсэн хэдий ч Нэгүжин импексХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэлгүй болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. Миний хувьд гэрээний хувьд маргахгүй, өгсөн 20 сая төгрөгөө гаргуулах талаар маргасан. Хувь нийлүүлэх гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дууссан, гэрээний дагуу ашиг хүртээгүй, хөрөнгө оруулалт болох 20 сая төгрөгийг яг ямар үйлдвэрлэлд зарцуулсан болох нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл миний бие 20 сая төгрөгөөр хохирч, А.Б- завшиж, үндэслэлгүй хөрөнгөжсөн байдлыг шүүх дүгнээгүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Гэрээ байгуулахдаа хаана, ямар бизнес эрхэлж байгааг мэдэхгүйгээр гэрээ байгуулах боломжгүй. Тэнгэр плазагийн махны цехийг түрээслэн ажиллаж байгааг мэдэж байсан ба нэг удаа очиж үзэж байсан. Энэ хэрэгтэй холбоотой бүх мөнгө болон ажил үүрэгтэй холбоотой шийдвэрүүдийг Л.Зоригтбаатар гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа гаргаж мөнгийг компанид зарцуулсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Н И-ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 2. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч А.Б- болон Н И-ХХК-д тус тус холбогдуулан гаргасан хувь нийлүүлэх гэрээг цуцалж, 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед өөрчилж, А.Б-д холбогдуулан хувь нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан байна. /хх1, 123/

Нэхэмжлэгч Б.Б- нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөр хариуцагчаар татагдсан Н И-ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нь гуравдагч этгээдээр оролцож, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсноор хариуцагч А.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт тус тус заасантай нийцжээ.

 

3. Нэхэмжлэгч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ашиг олох зорилгоор махны үйлдвэрт 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан, үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг нь сүүлд мэдсэн гэсэн агуулгаар, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Н И-ХХК, Д.Болд нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд 2019 оны 03 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн, компанийн нэр дээр хийгдсэн гэрээний үр дагаврыг хариуцах үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлаж, маргасан байна. /123, 130-132/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н И-ХХК-ийн төлөөлөгчөөс нэхэмжлэлтэй холбогдуулан тус компанийн үүсгэн байгуулагчийн хувьд гүйцэтгэх захирлаар А.Болор-Эрдэнийг томилж, компанийг төлөөлж бусад этгээдтэй гэрээ байгуулах эрх олгосон, 20,000,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, компанид оруулсан хөрөнгө оруулалт нь хэвээр байгаа бөгөөд цар тахлаас шалтгаалан зогсонги байдалд орсон тул эрсдэлээ тодорхой хэмжээнд үүрэх ёстой гэсэн агуулгаар тайлбар гаргажээ. /хх 157/

 

4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Хувь нийлүүлэх гэрээ-г нэг талаас хувь нийлүүлэгч Б.Б-, нөгөө талаас Н И-ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал А.Б- нар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын үр дүнд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг худалдсан ашгаас 3 жил 1 сарын хугацаанд 10 хувийн ашиг хүртэхээр тохиролцож, талууд гэрээнд гарын үсэг зурж, Н И-ХХК-ийн тамга дарагдсан байна. /хх 5-7/

Мөн гэрээнд заасан 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Б.Б-оос 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр А.Б-н Хаан банк дахь 5011248310 тоот дансанд шилжүүлсэн байна. /хх 8/

 

5. Дээрх гэрээний агуулгаас үзвэл нэг тал нь үйл ажиллагаа явуулах, нөгөө тал нь уг үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалтыг оруулж, ашгаа хуваах талаар тохиролцсон байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасныг маргаанд хамааруулан зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Б.Б-ын Н И-ХХК-тай байгуулсан хувь нийлүүлэх гэрээг дүр үзүүлж хийсэн буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

6а. Учир нь гэрээний нэг тал болох Н И-ХХК-ийг төлөөлөх эрхтэй /хх18-19/ этгээд Л.Зоригтбаатар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хариуцагч А.Б- тухайн үед тус компанийг төлөөлөх эрхтэй байсан, итгэмжлэл олгосон байсан боловч олоогүй гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна. /хх161-162/

 

6б. Мөн нэхэмжлэгч Б.Б- нь Н И-ХХК-тай байгуулсан хувь нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйгээс гадна Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Болор-Эрдэнийг Н И-ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6в. Иймд А.Болор-Эрдэнийг гэрээний нэг тал буюу Н И-ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч Б.Б-той байгуулсан хувь нийлүүлэх гэрээ байгуулсан гэдгийг үгүйсгэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх хариуцагч А.Б-д Н И-ХХК-ийг төлөөлж гэрээ, хэлцэл байгуулах эрх олгогдсон гэж үзсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Б- нь Н И-ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан А.Б-эс гэрээний үүрэг шаардах эрхгүй тул анхан шатны шүүх түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгч Б.Б-ын хувьд хувь нийлүүлэх гэрээ буюу хамтран ажиллах гэрээний нөгөө тал болох Н И-ХХК-д холбогдуулан уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүрэг зэрэг холбогдох шаардлагыг гаргах эрх нь нээлттэй бөгөөд энэ шийдвэр уг эрхийг нь хөндөхгүй юм.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/03103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН