Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 608

 

 

 

О.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогчийн өмгөөлөгч С.Батнасан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар магадлалтай, О.Дд холбогдох 1827002250036 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Луваан овогт О.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх О.Дг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Д гаргасан гомдолдоо “Шүүхээс оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж байна. Зам тээврийн осол миний буруугаас болоогүй. Н, Т нар бүрэн бус тээврийн хэрэгсэлтэйгээ хажуугаар гүйцэд түрүүлэх үед гэнэт тоормос гишгэсний улмаас  би очиж араас нь мөргөсөн. Миний бие тухайн үед эрүүл явж байсан боловч ослын улмаас ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэж сэрсэн. Д бид хоёр тэр өдөр болон өмнө нь муудалцсан асуудал байхгүй. Гэтэл хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс санамсаргүй болсон ослыг хүнийг санаатай алсан мэтээр тайлбарлаж миний эрх зүйн байдлыг дордуулах гэж байгаад харамсаж байна. Эхнэр маань 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд одоо 5 сартай жирэмсэн. Иймд ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Батнасан хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч О.Д согтууруулах ундаа хэрэглэсэн, хэргийн газраас зугтаасан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Дг улсын дугааргүй, “Даюун” маркийн мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.1а, 3.4в, 12.3 дугаар зүйлүүдийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Дн амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд тооцож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх 2 жилийн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байгаа. О.Д нь хэрэг гарахын өмнө согтууруулах ундаа хэрэглэж байхдаа М.Н, Г.Т “хөндлөн дайрна” хэмээн талийгаачийг сундлан хөдөлсөн ба араас нь очиж мөргөн Д.Дн амь насыг хохироож, М.Н, Г.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагаагаар шалгавал зохих асуудлыг шалгаагүй хэмээн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна. Мөн зугтаасан үйлдлийг шалгах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Дгийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч О.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан даваа” гэх газарт улсын дугааргүй, ногоон өнгийн “Даюун” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Дн амь насыг хохироосон хэмээн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлсон эсэхэд эргэлзэхээр байна.

Прокурор яллах дүгнэлтдээ О.Д нь өөрийн үйлдлийн нийгмийн аюул, үр дагавар, хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн эсхүл  болгоомжгүй, хайхрамжгүй хандлагаар уг хор уршигт хүргэсэн эсэх талаар үйл баримтын дүгнэлт хийж хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдож байгааг гэмт хэргийн шинж бүрээр тайлбарлан баталгаажуулах шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, прокуророос О.Дгийн үйлдлийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзсэн үндэслэлийг тодорхойлох гэсэн үг юм.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч О.Дгийн хэргийн зүйлчлэлд дүгнэлт өгөлгүйгээр прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтээр шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн аль зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг хөдөлбөргүй нотлох хуулийн шаардлагыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзлээ.

            Тиймээс хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, тал бүрээс нь нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилж ирүүлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч О.Дгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

 

 1. Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Дгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН