Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/53

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч О.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л- овгийн О-ы Д-д холбогдох эрүүгийн 1827002250036 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багт мал малладаг, гавъяа шагналгүй, урьд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 46 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасны дагуу 2 жилийн хорих ял оногдуулж, 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан Л- овгийн О-ы Д- /РД:___/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Яллагдагч Л- овогт О-ы Д- /РД:____/ нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг “___" гэх газарт Г.Н-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар өөрийн эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн Даюун маркийн мотоциклыг жолоодож хохирогч Г.Н-гийн жолоодож явсан улсын дугааргүй улаан өнгийн Мустанг 5 маркийн мотоциклын араас санаатай мөргөж Г.Н-, М.Т- нарын биед хөнгөн хохирол санаатай учруулсан, уг санаатай үйлдлийн улмаас О.Д-гийн жолоодож явсан мотоциклд сундалж, зорчиж явсан Д.Д- нь мотоциклоос унаж түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д- нь мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өглөө эрт цэцэрлэгийн хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд гэртээ ирсэн чинь Д- гэдэг хүн нэг хүнтэй хамт манай гэрт ирсэн байсан. Д- хүнээс нэг хонь авах гэсэн юм. Хамт хөдөө яваад авч ирээд өгөөч гэж гуйсан. Би завгүй гэж хэлсэн боловч ах нь удахгүй. Ойрхон явчихаад ирнэ гэхээр нь хамт явсан. Хамт яваад хүнээс нэг хонь авахаар болоод өврөөсөө нэг шил архи гаргаж ирсэн. Тэр архийг дөнгөж задлах гээд байж байтал 2 мотоцикльтой хүн ирсэн. Тэгээд тавуулаа тэр нэг шил архийг хувааж уусан. Нөгөө хүн нь хонио өгөөгүй. Тэгээд бид хоёр буцаад сумын төврүү явж байсан чинь хажуугаар юу юугүй нэг мотоцикль ороод ирсэн. Би тормоз гишгэж чадаагүй. Араас нь яваад орсон. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн эмнэлэгт ухаан орсон...” гэв.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 1-5-р хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж , яллагдагчаар татсан прокурорын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоол, тогтоол танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 130-136-р хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж , яллагдагчаар татсан прокурорын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоол, тогтоол танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 237-242-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх- ийн 12-р хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-19-р хуудас/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 99-109-р хуудас/

Хувцаст үзлэгхийсэн тэмдэглэл, гэрэл зураг/1-р хх-ийн 20-24-р хуудас/

Яллагдагч О.Д-гийн зам тээврийн осол болох үед жолоодож явсан мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 25-28-р хуудас/

Г.Н-гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 29-31-р хуудас/

Яллагдагч О.Д-гийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан гэх 200.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн Даюун маркийн мотоцикл, О.Д-гийн өмчлөлийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай монгол гэрийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, үнэлгээ /1-р хх-ийн 32-40-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-гийн хохирол нэхэмжилсэн баримтууд /8.271.600/ /1 -р хх-ийн 170-187-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-гийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...талийгаач багаасаа аавгүй өссөн, ээж нь нас барсан. Ах дүү хоёр нь байдаг. Бид 3 хоорондоо ярилцаад хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр би оролцохоор болсон. ...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө би 08 цаг 30 минутын үед гэрээсээ гараад ажилдаа явсан. Тухайн үед манай нөхөр гэртээ ганцаараа орноосоо босоогүй хэвтээд үлдсэн. ..тухайн өдөр намайг Хужирт рашаан сувилалд ажил дээрээ байхад үдээс хойш хэдэн цаг байсныг санахгүй байна, манай нөхрийн дүүгийн эхнэр З- над руу гар утсаар залгаад Д- ах ухаангүй эмнэлэг дээр ирж байна гэнэ гэж надад хэлсэн. Би тэр даруй ажлаасаа гараад эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр Д- ухаангүй хэвтэж байсан. Тэгээд нөхөр маань ухаан орохгүй эмнэлэг дээр байсаар байгаад нас барсан ...Манай нөхөр Д- гэж залуутай хөдөө мотоцикльтэй явж байгаад өөр нэг мотоцикльтэй мөргөлдөж зам тээврийн осолд ороод эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн байсан. ...тухайн өдөр талийгаач надад хөдөө явлаа гэж хэлээгүй ...би буруутай этгээдэд маш их гомдолтой байна. Тухайн өдөр манай нөхөр гэртээ зөв зүгээр унтаад үлдсэн. Үдээс хойш зам тээврийн осолд ороод ухаангүй эмнэлэг дээр ирээд нас барсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 42-44-р хуудас/

Хууль ёсны төлөөлөгч Ч.О-гийн 2019 оны 03 дугаар 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн "...талийгаач нас барж манай гэр бүлд нөхөж баршгүй хохирол учирсан, буяны ажилд зарцуулсан мөнгө төгрөг, бусад зүйлийн баримтууд байгаа, би хэрэгт хавсрагуулахаар гаргаж өгнө ...Миний бие их гомдолтой байна. Талийгаачийг маань ийм байдалд хүргэсэн хүмүүс надтай огт уулзаагүй, утсаар ч яриагүй .хэргийг хуулийн байгууллага үнэн мөнөөр нь шийдэж өгөх байх гэж бодож байна” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 45-р хуудас/

Хууль ёсны төлөөлөгч Ч.О-гийн 2019 оны 05 дугаар 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Буяны ажилд ойролцоогоор 8.400.000 орчим төгрөгийн зардал гарсан. ...одоогийн байдлаар 4.228.300 төгрөгийн баримтыг гаргаж өглөө, үлдсэн баримтыг гаргаж өгнө ...би шинжээчийн дүгнэлтүүдийг нэг бүрчлэн ганилцлаа, дүгнэлттэй холбогдуулан гаргах санал, хүсэлт, гомдол алга байна ...би гомдолтой байгаа, холбогдогч этгээдээс хохирол төлбөр барагдуулсан зүйл байхгүй байгаа. Хохирлын холбоотой нэхэмжлэх зүйлүүдээ баримтуудаа бүгдийг гаргаж өгч байж нийт мөнгөн дүн тэд гэж тодорхой хэлнэ” гэх мэдүүлэг, /1-р хх- ийн 46-47-р хуудас/

Хууль ёсны төлөөлөгч Ч.О-гийн 2020 оны 01 дүгээр сарын 16- ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Тиймээ надад гомдол санал нэхэмжлэх зүйл байна. Надад тэр Д- гэх залуу 5 сая төгрөг л өгсөн одоо би өмгөөлөгчийн зардал болох 10 сая төгрөг болон ажил явдал унаа тэрэг оршуулгын зардал зэргийн нийт зардлаас төлөөгүй үлдсэн 2 сая төгрөгийг нэхэмжилж байна. Тэр Д- гэх залуу тухайн үед согтуу мотоцикль барьж явсан гэж бусад хүмүүс нь мэдүүлсэн байсан би тэр согтуу байсан гэдгийг оруулж хүндрүүлж үзээсэй гэж хүсэж байна. Бас яагаад эмнэлгийн машинтай зэрэгцээд тухайн хэрэг болсон гэх газраас Д- гэх залуу хөдөлж явсан талаар тодруулаасай гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 119-120-р хуудас/

Хууль ёсны төлөөлөгч Ч.О-гийн 2020 оны 05 дугаар сарын 24- ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад 2019 оны хавар оршуулгын зардал гэж 5.000.000 /таван сая/ төгрөг өгсөн дараа нь 2020 оны хавар он сарыг нь сайн санахгүй байна О.Д-тай Хархорин суманд таарсны дараа 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг өгсөн... Надад нэхэмжлэх зүйл байна би тухайн хэрэгт 10.000.000 төгрөгөөр хоёр өмгөөлөгч авсан юм энэ зардалыг төлүүлмээр байна. Энэ зардлаа төрүүлчих юм бол гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 226-р хуудас/

Хохирогч Г.Н-гийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би яг өдөр хоногийг нь санахгүй байна ямар ч байсан манай найз Т- өглөө манай гэрт орж ирээд манайх хоолгүй болчихлоо ганц хонины хэрэг байна гэхээр нь би давааны өврөөс хүнээс хонь авах юмаа тэрийг авах уу гээд бид хоёр мотоциклтой явсан. Бид хоёр ___гаар давтал цаад талд нь замаас 200 орчим метрийн заана зогсож байсан 2 мотоциклтой 3 хүн даллаж дуудсан бид 2 яваад очтол тухайн 3 хүн 0.75 лиртийн харзтай нэртэй архи уугаад сууж байсан. Бид хоёр очих үед О.Д- гэх хүн хоёр өвдгөн дээрээ суусан байдалтай агсраад байж байсан. Талийгаач Д- тухайн архинаас аягалж өгөхөөр нь Т- бид хоёр түүнээс нь 2 аягыг уусан тэгтэл О.Д- агсан тавиад байсан мөн та нарыг тас хөндлөн дайрна гэж их олон удаа хэлсэн. Би явах гээд босож ирээд за минийх хүү тэгэж болдоггүй юм гээд тэврээд үнсэх гэтэл миний ард гарахаар нь би урагшаа бөхийгөөд суутал Д-, Т- хоёр татаад салгасан. Т- бид хоёр мотоциклоо асаагаад яваад өгсөн. Бид хоёр нөгөө айлдаа очих гэтэл төврүү явсан гэхээр нь буцаад сумын төврүү чиглэлтэй явж байтал ___ны баруун хажууд явж байтал араас мотоцикл гэнэт тулж ирээд шууд мөргөсөн тэгээд Т- бид хоёр мотоциклтойгоо ойчсон мөн Д- болон ард нь сууж явсан Д- нар осолдсон. Т- бид хоёр мотоциклынхоо урд талд унасан байсан харин Д- мотоцизлынхоо рүлэн дээр байсан Д- бид нарын дээгүүр даваад бүр урд унасан. Тэгээд босоод хартал Д-гын хацар нүүр хавиар нь цус гарсан байсан Д- хурхираад унтаад байх шиг байсан тэгэхээр нь Д-г босгох гэсэн чинь босохгүй байхаар Т- бид буцаад зам руу гүйсэн тэгтэл 2 мотоциклтой хүн ирэхээр гар утсаар нь эмнэлэг рүү залгаад эмнэлэг дуудаад буцаад осол болсон газартаа ирэхэд араас түргэн болон цагдаа нар ирсэн. Тэгтэл Д- сэрсэн мотоциклоо асаагаад мотоцикл дээрээ байсан. Эмнэлэгийн машин ирэх үед Д- мотоциклтойгоо зугтаасан тэгтэл араас нь цагдаа нар хөөж барьж авсан. Бид хэд Д-ыг эмнэлэгийн машинд өргөж суулгасан... Миний биед ил харагдах гэмтэл байхгүй одоо толгооны ар хэсэг баруун талаараа хатгаж өвддөг болсон... Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 224-225-р хуудас/

Хохирогч М.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-гийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа надад гаргах санал хүсэлт байхгүй байна...Би Т-ийн төрсөн охин мөн. Багаасаа эмээ дээрээ өссөн болохоор эмээгийн дүү Цэрэнгийн нэрээр овоглосон юм...Надад ямар нэгэн гаргах нэхэмжлэх гомдол байхгүй байна...” гэх мэдуүлэг, /2-р хх-ийн 230-231-р хуудас/

Хохирогч М.Т-ийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтад шатанд гэрчээр өгсөн "...Д-, талийгаач Д.Д-, А- нар нэг хонины хөлийг хүлчихсэн хажууд нь 0.75 литрийн Харзтай архи задлаад дээрээс нь жоохон уучихсан сууж байсан. Бид хоёрыг очиход Д-, Д- нар нэлээн согтуу, А- нь гайгүй байсан...Н- бид хоёрыг хөдлөөд архи уусан газраас нэлээн явсны дараа гэнэт ард түс, тас гээд араас юм мөргөх шиг болсон. Н- бид хоёр мотоциклтойгоо газар унасан. Унаад босч ирэхэд бид хоёр мотоциклынхоо урд хамт газар байсан, мотоцикл баруун талаараа газар унасан байсан. Н-гийн мотоциклын ард Д- мотоциклынхоо хажууд газар доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Түүний мотоцикл зүүн талаараа газар унасан байсан. Талийгаач Д- мотоциклоосоо шидэгдээд Н- бид хоёрын мотоциклоос урагшаа нэлээд зайтай дээшээ гарсан байдалтай хэвтэж байсан ...Д- архи ууж байхдаа тэс хөндлөн дайрна гээд агсараад байсан, архиныхаа халуунд араас ирээд мотоциклоороо мөргөсөн байх. Би араас мотоцикл ирж байгааг мэдээгүй. Гэнэт араас юм мөргөх шиг болоод газар унасан ...бид хоёр зөөлөн явсан. Хэдэн км/цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй...тэр газар жоохон өгсүүр, цас ороогүй, ямар нэгэн бартаа, халтиргаа байхгүй газар байсан...цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Нар жаргаагүй гэгээтэй байсан, цаг агаар дулаахан байсан...тухайн үед араас их хүчтэй мөргөх шиг болсон...Д- босчихсон мотоцикл дээрээ сууж байсан. Эмнэлгийн машин талийгаач Д-ыг аваад төв рүү хөдөлсөн чинь Д- мотоциклоо асаагаад эмнэлгийн машин урд ороод төв рүү давхисан. Бид хоёр тухайн хэрэг болсон газар үлдсэн. Хархориноос цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 56-57-р хуудас/

Гэрч Д.А-ы 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “...Д- өврөөсөө нэг шил Харзтай нэртэй архи гаргаж ирээд задалсан. Тэрнээс нь бид 3 ганц нэг татаад сууж байхад доод замаар мотоцикльтой явж байсан хоёр залуу бид нар дээр ирсэн...Д-, Д- хоёр над дээр ирэхдээ архи уусан, нилээл халамцуу ирсэн. Араас нь Н-, Т- хоёр архи уусан байдал надад ажиглагдаагүй. Бид нар архи хувааж ууж дуусах үед миний хонь хойд ууланд бэлчээд гараад явсан. Би мотоциклио унаад хонины араас явсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 67-68-р хуудас/

Гэрч Д.А-ы 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би талийгаач Д-, Д- хоёртой гурвуулаа архи хувааж уугаагүй, харин Харзтай нэртэй архийг задлаад дээрээс нь ганц хоёр татсан байхад хоёр залуу ирсэн тэгээд л бид архийг хувааж уусан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 69-р хуудас/

Гэрч О.Лхагва-Очирын 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хоёр мотоцикль мөргөлдөж хоёр хүн ухаан алдсан байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу эрүүл мэндийн төвийн шүдний эмч Миеэгомбо, жолооч Батжаргал нарын хамаар Хужирт сумын 1 дүгээр баг “___” гэх газар руу явсан. Тухайн хэргийн газарт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээр очиход хоёр мотоцикль байсан. Хоёр мотоциклийн урдах улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль хажуугаараа, яг аль хажуугаараа байсныг санахгүй байна, хажуугаараа хэвтэж байгаа мотоциклийн ард ногоон өнгөтэй Даюун маркын мотоцикль, мотоциклийг босгоод данхраатаат тавьчихсан байсан. Талийгаач Д- болохоор хоёр мотоциклийн урд тал руу шидэгдэж унасан бололтой зайтай харагдаж байсан. Талийгаач Д- гэдрэг харчихсан ухаангүй байсан, хажууд нь Д- гэгч өвдөглөөд суучихсан сая надтай ярьсан юм гээд байсан. ...Талийгаачийг эмч үзээд байж байхад Т-, Н- хоёр алхаад ирсэн. Тэр хоёр ирчихээд дуудлага өгөөд л гэж яриад энэ чачагаас боллоо гээд араас мөргөчихлөө гэж байсан ...бидэнтэй хамт шахуу Д- гэх залуу мотоциклио унаад хөдөлсөн, бидний урд ороод сум руу давхисан, Д- гэх залууд мотоциклио хөдөлгөж болохгүй шүү цагдаа нар ирж байгаа гэж хэлсэн. Тэгтэл тэр хэлсэн үгэнд ач холбогдол өгөөгүй ...Д- гэх залуу нилээн согтуу, нөгөө хоёр нь ямар ч байсан өөрсдийгөө хянаад явчих хэмжээний харагдсан... миний ажигласнаар замын нөхцөл байдал гайгүй, бартаа садаа гээд байх зүйлгүй, замгүй газарт улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг ногоон өнгийн Даюун маркийн мотоцикль мөргөчихсөн юм шиг харагдсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 61-62-р хуудас/

Гэрч Ц.Миеэгомбын 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хоёр мотоцикль мөргөлдөж хоёр хүн ухаан алдсан байна гэсэн дуудлага мэдээллийг манай эрүүл мэндийн төвд өгсөн. ...эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээр очиход хоёр мотоциколь мөргөлдсөн газар нь үзэгдэх орчин чөлөөтэй, бага зэрэг өгсүүр, бартаа саад, хотгор, гүдгэр байхгүй, шороон хөрсөн, замгүй газар байсан ...Хэргийн газарт хоёр мотоцикль ар араасаа явж байгаад унасан байдалтай, урд нь мустанг-5 маркийн мотоцикль, ард нь ногоон өнгийн Даюун маркийн мотоцикль байсан. Урд явсан байж болон улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийн баруун урд талийгаач Д- гэдрэг харсан байдалтай, Д- гэх залуу талийгаачийн хажууд өвдөглөөд суучихсан зүгээр зүгээр унтаад байгаа юм гээд байж байсан. ...талийгаачийг сум руу авч явах үед талийгаачтай хамт явсан гэх Д- гэх залуу ум хумгүй бид нартай зэрэг шахуу хөдлөөд бидний урд ороод мотоциклио унаад давхисан ...хоорондын зай ойролцоогоор 2-3 метр байсан байх ...Д- нилээн согтолттой, харин Т-, Н- гэх хүмүүс Д-гаас согтолт гайгүй байсан ...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 63-64-р хуудас/

Гэрч Ж.Батжаргалын 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2 мотоцикль мөргөлдөж хоёр хүн ухаан алдсан байна нэсэн дуудлага мэдээллийн дагуу манай эрүүл мэндийн төвийн шүдний их эмч Миеэгомбо, жолооч Лхагва-Очир нарын хамтаар Хужирт сумын 1 дүгээр баг “___” гэх газар руу явсан. Тухайн хэргийн газарт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээр очиход хоёр мотоцикль байсан...Хоёр явган хүн биднийг дуудлагаар хэргийн газар очсон байхад замаас алхаж ирсэн. Д- нэлээн согтуу, нөгөө хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн, гэхдээ Д-гаасаа арай гайгүй байсан...Осол, хэргийн газарт байхад Н- ярихдаа бид нэг шил архи уусан...Д-д хандан чи мотоциклио цагдаа иртэл хөдөлгөж болохгүй шүү гэхэд ямар нэгэн хариу хэлээгүй мотоциклио шууд асаагаад унаад бидний урд ороод сум руу давхисан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 65-66-р хуудас/

Гэрч Ч.Н-гийн 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Д- орж ирдэг өдрөө үдээс хойш нар бууж байх үед манайд орж ирэхдээ нүүр нь халцарч цус шороотойгоо холилдчихсон, дээлнийх нь энгэр задгай нил шороо болчихсон орж ирсэн... Хөгшин нь мотоцикльтой явж байгаад онхолдчихлоо, түргэн дуудаад өг гэж хэлээд удаагүй байтал гаднаас цагдаа нар орж ирээд Д-г аваад гараад явсан. Бид 2 өөр зүйл ярьж амжаагүй...өөрийнх нь эзэмшлийн ногоон өнгийн Даюун маркийн мотоциклоо хашааны гадна хашаа налуулаад тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 140-141-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Д.Золзаяагын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ...Шинжилгээнд ирүүлсэн, цус нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "Д-” гэсэн хаягтай цуснаас 1.6 промилли спиртийн агууламж илэрч байна...цусанд илэрсэн 1.6 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх 12802 дугаартай дугнэлт, /1-р хх-ийн 110-111-р хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “...Талийгаач Д.Д-ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр гавал тархины гэмтэл, тархины эдийн няцрал, аалзан хальс доорх тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорх цус хуралт, суурийн зүүн дунд хонхорын шугаман хугарал, баруун нүдний зовхины гадна хэсэг, баруун хөлийн өвдөгний дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо ...дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ...дээрхи гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна ...Талийгаачийн биед үүссэн гэмтэл нь үхлийн шалтгаан болсон тул хүнд гэмтэлд хамаарна ...Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ ” гэх 144 дугаартай дүгнэлт, /1-р хх-ийн 97-98-р хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “...М.Т-ийн биед тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальс цооролт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 748 дугаартай дүгнэлт, /1-р хх-ийн 91-р хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “...Г.Н-гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 747 дугаартай дүгнэлт, /1-р хх-ийн 87- р хуудас/

Талийгаач Д.Д- зам тээврийн осолд орсны улмаас эмнэлэгт хүргэгдэж ирснийг нотлох Хужирт сумын эрүүл мэндийн төвийн 596 дугаартай өвчний түүх, 0000203558 дугаарын нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.6 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Д-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Л- овогт О-ы Д- /РД:___/ нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг “___" гэх газарт Г.Н-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар өөрийн эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн Даюун маркийн мотоциклыг жолоодож хохирогч Г.Н-гийн жолоодож явсан улсын дугааргүй улаан өнгийн Мустанг 5 маркийн мотоциклын араас санаатай мөргөж Г.Н-, М.Т- нарын биед хөнгөн хохирол санаатай учруулсан, уг санаатай үйлдлийн улмаас О.Д-гийн жолоодож явсан мотоциклд сундалж, зорчиж явсан Д.Д- нь мотоциклоос унаж түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-гаас мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 226 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 144 тоот акт /хх-97-98 дугаар хуудас/,

Гэрч Г.Н-, М.Т-, Д.А-, О.Лхагва-Очир,Ц.Миеэгомбо нарын мөрдөн байцаалт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 48-50, 56-57, 69, 61-62, 63-64 дүгээр хуудсууд/,

Талийгаач Д.Д-ын зам тээврийн ослын улмаас эмнэлэгт хүргэгдэж ирсийг нотлох Хужирт сумын эрүүл мэндийн төвийн 596 дугаартай өвчний түүх, 0000203558 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар,

шүүгдэгч О.Д- нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Д-д Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүхээс О.Д-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.Д-г үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон 208 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О- нь хэрэгт хавсаргагдсан нийт 8.271.600 төгрөгийн нотлох баримттай хохирлоос шүүгдэгч О.Д- нь 7.000.000 төгрөг төлж барагдуулсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О- нь хохирлоо авсан харин шүүх хуралдаанд хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч С.Батнасан, Б.Эрдэнэбаатар нараас өмгөөлөл хууль зүйн туслалцаа авсаны төлбөр нийт 10.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэх боломжгүй учир 10.000.000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Д-гийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О-ы Д- нь болгоомжгүй, үйлдэл, эс үйлдэхүүн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ы Д-д 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О-ы Д-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-гийн цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдэж, нэхэмжилсэн хохирлоос 10.000.000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Д-гийн цагдан хоригдсон 208 хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

6. Шүүгдэгч О.Д- нь хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1102619 дугаартай жолооны үнэмлэх, шүүгдэгч О.Д-гийн эзэмшлийн БНХАУ үйлдвэрлэсэн 1.200.000 төгрөгийг үнэ бүхийн мотоцикль зэргийг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаарт прокурорын тогтоол, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаарт прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож шүүгдэгч О.Д-д буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолыг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Ц.ДАГИЙМАА