Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/54

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ч.О-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: С.Батнасан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд,

Шүүгдэгч О.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овгийн О-ы Д-д холбогдох эрүүгийн 1827002250036 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   

                                           Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 19__ оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, __ настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын ___ багт мал малладаг, гавъяа шагналгүй, урьд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 46 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасны дагуу 2 жилийн хорих ял оногдуулж, 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан Л овгийн О-ы Д- /РД:___/, 

 

       Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч О.Д- нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын ___ багийн нутаг “___” гэх газарт улсын дугааргүй, ногоон өнгийн “Даюун” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 3.1а “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл...” 3.4в “...мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” 12.3 “...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Д-ын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д- нь мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өглөө эрт цэцэрлэгийн хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд гэртээ ирсэн чинь Д- гэдэг хүн нэг хүнтэй хамт манай гэрт ирсэн байсан. Д- хүнээс нэг хонь авах гэсэн юм. Хамт хөдөө яваад авч ирээд өгөөч гэж гуйсан. Би завгүй гэж хэлсэн боловч ах нь удахгүй. Ойрхон явчихаад ирнэ гэхээр нь хамт явсан. Хамт яваад хүнээс нэг хонь авахаар болоод өврөөсөө нэг шил архи гаргаж ирсэн. Тэр архийг дөнгөж задлах гээд байж байтал 2 мотоцикльтой хүн ирсэн. Тэгээд тавуулаа тэр нэг шил архийг хувааж уусан. Би тэр архинаас их уугаагүй. Ганц хоёр рунк л татсан. Нөгөө хүн нь хонио өгөөгүй. Тэгээд бид хоёр буцаад сумын төврүү явж байсан чинь хажуугаар юу юугүй нэг мотоцикль ороод ирсэн. Би тормоз гишгэж чадаагүй. Араас нь яваад орсон. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн эмнэлэгт ухаан орсон...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө ажилдаа явах гээд 8 цаг 30 минутанд гарсан. Манай хүн орондоо хэвтээд үлдсэн. Тэгээд үдээс хойш хэд болж байсныг нь мэдэхгүй байна. Ойролцоогоор 14 цаг өнгөрч байсан байх. Манай нөхрийн дүүгийн эхнэр нь Д- ах ухаангүй эмнэлэгт байна гэж надад хэлсэн. Тэгээд би ажил дээрээсээ чөлөө аваад очсон. Намайг очиход ухаангүй хэвтэж байсан. Би хохирол ихтэй байна. Одоо би 2 хүүхэдтэйгээ үлдэж байна. Надад их том хохирол учирсан. Манай том хүү 9 дүгээр анги төгсөөд барилгын коллежид сурдаг. Охин маань энэ жил 6 дугаар анги төгсөж байна. Шүүгдэгчээс 5 000 000 төгрөг авсан. Талийгчийн ажил явдал дээр ирээгүй. Ирэх байх гэж их харсан. Сая шүүх хурал болох дөхөөд ирэхээр нэг уулзсан. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэв.

 

Гэрч Г.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Бид хоёрыг хөдлөөд 1 км орчим явж байхад араас гэнэт түс тас болоод явчихсан. Би тоормос гишгэтэл араас мотоцикль ирээд мөргөчихсөн учраас мотоцикль тэнцэвэрээ алдаад дайвалзаад унасан. Тухайн үед Т- бид хоёр миний мотоциклийн урд давхарлаад газар унасан. Би босч ирээд хартал миний мотоциклийн ард Д-гийн мотоцикль уначихсан, хажууд нь өөрөө хэвтэж байсан. Д-гийн мотоцикль, миний мотоциклиос урагшаа нилээд зайтай Д- шидэгдээд уначихсан байсан. Тэр мотоциклийг Д- жолоодож явсан байх би мөргөх үед нь эргэж харж амжаагүй. Намайг мотоцикльтой явж байхад гэнэт ард түс тас болоод явчихсан. Миний мотоциклийн араас дугуй руу нь мөргөх шиг болсон. Би мотоцикль араас ирж байгааг хараагүй, мэдээгүй. Би түүнтэй хэрэлдэж маргалдсан зүйл огт байхгүй. Тэр дөнгөж очиход л агсам тавиад та нарыг тас хөндлөн дайрна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

 

Гэрч М.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Н- бид хоёрыг хөдлөөд архи уусан газраас нилээн явсаны дараа гэнэт ард түс, тас гээд араас юм мөргөх шиг болсон. Н- бид хоёр мотоцикльтойгоо газар унасан. Унаад босч ирэхэд бид хоёр мотоциклийнхоо урд хамт газар байсан, мотоцикль баруун талаараа газар унасан байсан. Н-гийн мотоциклийн ард Д- мотоциклийнхоо хажууд газар доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Түүний мотоциклиосоо шидэгдээд Н- бид хоёрын мотоциклиос урагшаа  нилээд зайтай дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Д- архи ууж байхдаа тэс хөндлөн дайрна гээд агсараад байсан. Архиныхаа халуунд араас ирээд мотоциклиороо мөргөсөн байх. Би араас мотоцикль ирж байгааг мэдээгүй. Гэнэт араас юм мөргөх шиг болоод газар унасан. Бид хоёр зөөлөн явсан. Хэдэн км/цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй тэр газар жоохон өгсүүр, цас ороогүй, ямар нэгэн бартаа, халтиргаа байхгүй газар байсан. Цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Нар жаргаагүй гэгээтэй байсан. Цаг агаар дулаахан байсан. Тухайн үед араас хүчтэй мөргөх шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

 

Гэрч Д.А-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Д-, Д- хоёр над дээр ирэхдээ архи уусан, нилээд халамцуу ирсэн. Араас нь Н-, Т- хоёр архи уусан байдал надад ажилагдаагүй. Бид нар архи хувааж ууж дуусах үед миний хонь хойд ууланд бэлчээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,

 

Гэрч О.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хоёр мотоцикль мөргөлдөж хоёр хүн ухаан алдсан байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу эрүүл мэндийн төвийн шүдний эмч М, жолооч Б нарын хамтаар Хужирт сумын ___ баг “___” гэх газар руу явсан. Тухайн хэргийн газарт эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэхээр очиход 2 мотоцикль байсан. Хоёр мотоциклийн урдах улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль хажуугаараа яг аль хажуугаараа байсныг санахгүй байна байх. Хажуугаараа хэвтэж байгаа мотоциклийн ард ногоон өнгөтэй Даюун маркийн мотоцикль, мотоциклийг босгоод данхараадаад тавьчихсан байсан. Талийгаач Д- болохоор 2 мотоциклийн урд тал руу шидэгдэж унасан бололтой зайтай харагдаж байсан. Талийгаач Д- гэдрэг харчихсан ухаангүй байсан. Хажууд нь Д- гэгч өвдөглөөд суучихсан сая надтай ярьсан юм гээд байсан. Талийгаачийг эмч үзээд байж байхад Т-, Н хоёр алхаад ирсэн. Тэр хоёр ирчихээд дуудлага өгөөд л гэж яриад энэ чачагаас боллоо гээд араас мөргөчихлөө гэж байсан. Д- гэх залууд мотоциклио хөдөлгөж болохгүй шүү дээ цагдаа нар ирж байгаа гэж хэлсэн. Тэгтэл тэр хэлсэн үгэнд ач холбогдол өгөөгүй. Д- гэх залуу нилээн согтуу, нөгөө хоёр нь ямар ч байсан өөрсдийгөө хянаад явчих хэмжээний харагдсан. Миний ажигласнаар замын нөхцөл байдал гайгүй, бартаа саад гээд байх зүйлгүй, замгүй газарт улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг ногоон өнгийн Даюун маркийн мотоцикль мөргөчихсөн юм шиг харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хоёр мотоцикль мөргөлдөж хоёр хүн ухаан алдсан байна гэсэн дуудлага мэдээллийг манай эрүүл мэндийн төвд өгсөн. Эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэхээр очиход хоёр мотоцикль мөргөлдсөн газар нь үзэгдэх орчин чөлөөтэй, бага зэрэг өгсүүр, бартаа саад хотгор, гүдгэр байхгүй, шороон хөрсөн, замгүй газар байсан. Хэргийн газарт 2 ар араасаа явж байгаад унасан байдалтай, урдах улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль, ард нь ногоон өнгөтэй Даюун маркийн мотоцикль байсан. Урд явсан байж болох улаан өнгөтэй “Мустанг-5” маркийн мотоциклийн баруун урд талийгаач Д- гэдрэг харсан байдалтай, Д- гэх залуу талийгаачийн хажууд өвдөглөөд суучихсан зүгээр зүгээр унтаад байгаан гээд байж байсан. Талийгаачийг сум руу авч явах үед талийгаачтай хамт явсан гэх Д- гэх залуу ум хумгүй бид нартай зэрэг шахуу хөдлөөд бидний урд ороод мотоциклио унаад давхисан. Хоорондын зай ойролцоогоор 2-3 метр байсан байх Д- нилээн согтолттой. Харин Т-, Н- гэх хүмүүс Д-гаас согтолт гайгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 144 тоот актын:

1. Талийгаач Д.Д-ын цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээгээр гавал тархины гэмтэл, тархины эдийн няцрал, аалзан хальс доорх тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорх цус хуралт, суурийн зүүн дунд хонхорын шугаман хугарал, баруун нүдний зовхины гадна хэсэг, баруун хөлийн өвдөгний дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.    

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.. 

4. Шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээгээр дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5.Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 97-98 дугаар хуудас/

 

Шинжээч Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн 03 тоот дүгнэлт:

1. Даюун маркийн мотоциклийг жолоодож явсан О.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а “...тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл”, 3.4в “...мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх“ 12.3 “...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хөдөлгөөнд оролцсон байх магадлалтай. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 76-79 дүгээр хуудас/

Талийгаач Д.Д-ын зам тээврийн осолд орсоны улмаас эмнэлэгт хүргэгдэж ирсэнийг нотлох Хужирт сумын эрүүл мэндийн төвийн 596 дугаартай өвчний түүх /хх-ийн 115-141 дүгээр хуудас/

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч О.Д- нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын ___ багийн нутаг “___” гэх газарт улсын дугааргүй, ногоон өнгийн “Даюун” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 3.1а “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл...” 3.4в “...мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” 12.3 “...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Д-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-гийн мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 41-47 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 144 тоот акт /хх-97-98 дугаар хуудас/, Шинжээч Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 03 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-79 дүгээр хуудас/, гэрч Г.Н-, М.Т-, Д.А-, О.Л-,Ц.Миеэгомбо нарын  мөрдөн байцаалт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 48-50, 56-57, 69, 61-62, 63-64 дүгээр хуудсууд/, шүүгдэгч О.Д- нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-гийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар гаргасан дараахи хүсэлтүүдэд шүүх дүгнэлт хийхдээ:

-Шүүгдэгч О.Д-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийх ажиллагаанд замын цагдаагийн зохицуулагч Б.Алтансүхийн оролцуулсан байж  03 тоот шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна гэсэн. Үүнд Тус 1827002250036 дугаарт эрүүгийн хэргийн шүүгдэгч О.Д-д холбогдох хэргийн газрын үзлэгт оролцсон Замын цагдаагийн ахлах зохицуулагч Б.Алтансүх нь /хх-ийн 13-15/ оролцогчоор оролцсон байна. Энэ нь Хужирт сумын Цагдаагийн хэсгийн замын зохицуулагч 1 эрх бүхий албан тушаалтан байдаг. Иймээс Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүхийн гаргасан 03 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан нь буруу байна гэж үзэх боломжгүй байна.

-Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-г иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байна гэсэн. Үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх  хүсэлт гаргах эрхтэй” гэж заасны дагуу хохирогч О-г заавал иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй гэж үзсэн.

- Гэрч Г.Н-, М.Т- нарын араас мөргөсөн нь хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг учир давхар зүйлчилж ирүүлэх нь зүйтэй гэсэн үүнд 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 03 дугаарт шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хэсэгт энэхүү үйлдэл нь “зам тээврийн осол мөн байна” гэсэн дүгнэлт гарснаар шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалган Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Гэмт хэргийг гарахаас өмнө шүүгдэгч болон хохирогч нар нь таарамжгүй харилцаа үүсгээгүй, хэргийн нөхцөл байдал хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзсэн.

- Мөн шүүгдэгчийн гэр мотоциклийг үнэлсэн үнэлгээний комисс хууль бус үнэлгээ гаргасан байна. Иймээс хуулинд зааснаар тусгай мэргэжлийн байгууллагаар үнэлгээ гаргуулаагүй байна гэж үзсэн үүнд шүүгдэгчийн гэр мотоциклийг үнэлсэн үнэлгээний комисс нь Засаг даргын томилсон эрх олгосон албан тушаалтнууд үнэлгээ гаргаж ирүүлсэнийг талуудаас гарсан үнэлгээг хүлээн зөршөөрөхгүй талаар маргаан гараагүй байна.

- Шүүгдэгч О.Д-гийн согтуурлыг шалгаагүй байна. Иймд шалгуулах нэмэлт ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзсэн энэ мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл халдаахад нөлөөлнө гэж үзсэн. Үүнд Мөрдөн шалгах ажиллагааны явцад согтуурлыг стандартын багаж, эсвэл цуснаас дээж авч шалган тогтоон бэхжүүлж аваагүй нь одоо нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзсэн.

 -Шүүгдэгч О.Д-г гэмт хэрэгт гарсаныг дараа цагдаагийн албан хаагч нар ирээгүй байхад орхин явсан үйлдэл нь хэргийн газрыг орхин зугтаасан учир нэмж зүйлчлэх нь зүйтэй гэсэн. Үүнд Осол болсоны дараа шүүгдэгч нь эмнэлэгийн байгууллага ирж хохирогчид тусламж үзүүлэн авч явсаны дараа хөдөлсөн талаар гэрч Г.Н-, М.Т-, О.Л- нарын мэдүүлдэг. Үүнээс үзэхэд шүүгдэгчийг хэргийн газраас зугтаасан гэж үзэх боломжгүй мөн шүүгдэгч О.Д- хэрэг гарах үед хүндэвтэр гэмтэл учирсан байдаг. Осол гарсан үйлдлээ нуух хариуцлагаас зайлсхийх зорилгоор ослийн газраас тээврийн хэрэгсэлээ эсвэл явганаар санаатай зугтаасан гэж үзэх боломжгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-гийн өмгөөлөгч С.Батнасан гаргасан дараахи хүсэлтүүдэд шүүх дүгнэлт хийхдээ

- 2018 оны 12 сарын 25-ны өдрийн 144 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд баруун нүдний зовхины гадна хэсэгт зулгарал үүсэн нь хэрэг гарахаас өмнө үүсэн байх боломжтой тул шалгуулах саналтай гэсэн үүнд 2018 оны 12 сарын 25-ны өдрийн 144 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд. 3-т....дээрхи гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.....гэж дүгнэлтэнд заасан байна. Иймээс дээрхи гэмтлийг дахин шалгах шаардлагагүй байна.

-Талийгаачийн хувийн байдал хэрэгт тогтоох шаардлагатай тогтоогоогүй байна гэсэн үүнд хэрэгт яллагдагчаар татагдвал зохих О.Д- татагдсан иймд  хохирогч Д.Д-ын хувийн байдлыг тогтоох шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч О.Д-д Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүхээс О.Д-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.Д-г үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгч О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч,О- нь 23271600 төгрөг нэхэмжилснээс хэрэгт хавсаргагдсан нийт 6.271.600 төгрөгийн нотлох баримттай хохирлоос шүүгдэгч О.Д- нь 5.000.000 төгрөг төлж барагдуулсан байна.

Үлдэх 1.271.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-д олгох нь зүйтэй байна. Хавтаст хэргээс 173 дугаар талд нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийн баримт нь “Мөнхөд өрнөн өсөх хоршоо” гэсэн зарлагын баримт нь юунд зарцуулагдсан нь тодорхойгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-гаас зарлагадсан гэж үзэх боломжгүй байна, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О- нь шүүх хуралдаанд хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч С.Батнасан, Б.Эрдэнэбаатар нараас өмгөөлөл хууль

зүйн туслалцаа авсаны төлбөр нийт 10.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч баримтаа шүүхэд ирүүлээгүй энэхүү төлбөр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал мөн эсэх тал дээр дүгнэлт хийх боломжгүй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О- нь сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч баримтаа шүүхэд ирүүлээгүй учир нийт 17.000.000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

                       

Шүүгдэгч О.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй шүүхэд ирээгүй байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:                                                                     

 

1. Шүүгдэгч Л овгийн О-ы Д-г автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О-ы Д-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар О-ы Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолохыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

           

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-д төлөгдөөгүй хохирол 1.271.600 төгрөгийг шүүгдэгч О.Д-гаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-д олгож цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдэж, нэхэмжилсэн нийт хохирлоос 17.000.000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүгдэгч О.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч О.Д-гийн эзэмшлийн БНХАУ үйлдвэрлэсэн 1,200,000 төгрөгийг үнэ бүхийн мотоцикль зэргийг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаарт прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаарт прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг гэмт хэргийн хохиролыг нөхөн төлүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар О.Д-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ДАГИЙМАА