Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 104

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд /томилолтоор/,

хохирогчийн өмгөөлөгч С.Батзаяа (ҮД:0766),

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа (ҮД:0170),

хохирогч Я.Алтансүх,

шүүгдэгч А.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Шаргалжуут овогт Архийн Байгалмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 137 дугаар магадлалтай эрүүгийн 201701080134 дугаартай хэргийг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд тус шүүхийн шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журамд зааснаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 19-673 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ВЭ68012129 дугаартай, Шаргалжуут овогт Архийн Байгалмаа нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2016 оны 09 дүгээр сараас эхлэн Я.Алтансүхэд “би том зээл авах гэж байгаа, банкны зээл хаах, банкны зээл хөөцөлдөж байна, банкны ажилтанд мөнгө өгнө” гэх мэтээр хуурч, мэхлэх аргаар Я.Алтансүхээс удаа дараа мөнгө авч залилсан болох нь:

1. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “нарийн боовны цех
ажиллуулж байгаа” гэж Я.Алтансүхээс 40 уут буюу 1 тонн дээд гурил, 20 литрийн ургамлын тос 3 ширхэг, 5 литрийн ургамлын тос 4 ширхэг, нийт 1.226.000 төгрөгийн барааг зээлж хуурч авсан,

2. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “банкны зээл хаана” гэж итгүүлэн өөрийн “Хаан” банкны 5374369420 данс руу Я.Алтансүхийн “Хаан” банкны 5749547412 тоот данснаас 9.550.000 төгрөг, “Хас” банкны 5001278431 тоот данснаас 850.000 төгрөг буюу нийт 10.400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн хуурч мэхлэн авсан,

3. “Х.Батжаргалын хугацаа хэтэрсэн зээлийг төлөхгүй бол миний зээл гарахгүй байна” гэж Я.Алтансүхэд хэлж итгүүлэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн “Хаан” банкны тооцооны төвөөс түүний “Хаан” банкны 5749547412 тоот данснаас Х.Батжаргалын “Хаан” банкны 5031128565 тоот данс руу 5.950.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

4. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн “Эхбулагийн ихэр” ХХК нь Нийгмийн даатгалд 1 сая төгрөгийн өртэй учир зээл олгогдохгүй байна” гэж хэлж итгүүлэн Я.Алтансүхийн “Хаан” банкны 5749547412 тоот данснаас 1.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5374369420 данс руу шилжүүлэн авсан,

5. “Иргэн Х.Батжаргалын зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлнө” гэж итгүүлэн Я.Алтансүхээс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөгөөр 2 удаа буюу 6.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлэн авсан, мөн өдөр Налайх дүүргийн “Хаан“ банкны тооцооны төвөөр 4.000.000 төгрөг авсан буюу нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

6. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгөөр 3 удаа буюу 9.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр нэг удаа, нийт 10.000.000 төгрөгийг мобайл банкаар өөрийн “Хаан” банкны 5374369420 данс руу шилжүүлэн авсан боловч /иргэн Х.Батжаргалын 20.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөлгүй/ өөртөө шилжүүлэн авсан,

7. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “миний зээл хурлаар орж батлагдсан тул эдийн засагчид 3 сая төгрөг өгөх хэрэгтэй байна” гэж итгүүлэн Я.Алтансүхийн “Хаан” банкны 5749547412 тоот данснаас 3.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлэн авсан,

8. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “зээл батлагдах гээд байна” гэж Я.Алтансүхэд итгүүлэн 2.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5374369420 тоот дансаар мобайл банкаар шилжүүлэн иргэн Я.Алтансүхийг тус тус хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон удаагийн үйлдлээр нийт 43.576.000 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Байгалмаа нь 2016 оны 09 дүгээр сараас эхлэн Я.Алтансүхэд “би том зээл авах гэж байгаа, банкны зээл хаах хэрэгтэй байна, банкны зээл хөөцөлдөж байна, банкны ажилтанд мөнгө өгнө” гэх мэтээр хуурч, мэхлэх аргаар Я.Алтансүхээс удаа дараа мөнгө авч залилсан болох нь:

-2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “нарийн боовны цех
ажиллуулж байгаа” гэж итгүүлэн 40 уут буюу 1 тонн дээд гурил, 20 литрийн ургамлын тос 3 ширхэг, 5 литрийн ургамлын тос 4 ширхэг зэрэг 1.226.000 төгрөгийн барааг зээлж  авсан,

-2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн “Хаан” банкны 5374369420 дансанд Я.Алтансүхийн “Хаан” банкны 5749547412 тоот, “Хас” банкны 5001278431 тоот данснаас 10.400.000 төгрөг,

- иргэн Х.Батжаргалын хугацаа хэтэрсэн зээлийг төлөхгүй бол миний зээл гарахгүй байна” гэж итгүүлэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Я.Алтансүхийн “Хаан” банкны 5749547412 тоот данснаас Х.Батжаргалын “Хаан” банкны 5031128565 тоот дансанд 5.950.000 төгрөг,

-2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн “Эхбулагийн ихэр” ХХК нь Нийгмийн даатгалд 1 сая төгрөгийн өртэй учир зээл олгогдохгүй байна” гэж Я.Алтансүхийн “Хаан” банкны 5749547412 тоот данснаас 1.000.000 төгрөг,

-иргэн Х.Батжаргалын зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлнө” гэж итгүүлэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Я.Алтансүхээс 3.000.000 төгрөгөөр 2 удаа болон 6.000.000 төгрөгийг мобайл банкаар, мөн өдөр Налайх дүүргийн “Хаан” банкны тооцооны төвөөр 4.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөг,

-2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгөөр 3 удаа буюу 9.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр нэг удаа, нийт 10.000.000 төгрөгийг мобайл банкаар өөрийн “Хаан” банкны 5374369420 данс руу шилжүүлэн авсан боловч /иргэн Х.Батжаргалын 20.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөлгүй/ өөртөө шилжүүлэн авсан,

-2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “миний зээл хурлаар орж батлагдсан эдийн засагчид 3 сая төгрөг өгөх хэрэгтэй байна” гэж итгүүлэн Я.Алтансүхийн “Хаан” банкны 5749547412 тоот данснаас 3.000.000 төгрөг,

-2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “зээл батлагдах гээд байна” гэж итгүүлэн Я.Алтансүхээс 2.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5374369420 тоот дансаар мобайл банкаар тус тус шилжүүлэн авч Я.Алтансүхийг “би том зээл авах гэж байгаа, банкны зээл хаах, банкны зээл хөөцөлдөж, банкны ажилтанд мөнгө өгнө, хугацаа хэтэрсэн зээлийг төлөхгүй бол миний зээл гарахгүй, зээл батлагдах гэж байна” гэх мэтээр хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон удаагийн үйлдлээр нийт 43.576.000 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулсан үйл явдал болсон байна.

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Байгалмаагийн өгсөн: “... Би 2013 онд О.Энхжаргалтай вагонд танилцсанаас хойш мөнгө зээлж, өгч авдаг байсан. О.Энхжаргал, Я.Алтансүх хоёр манай гэрт ирээд “Хас банкнаас 110.000.000 төгрөгийн зээл авах гэхээр удаад байна, ахынхаа захыг барьцаанд тавьж хамтарч 1.200.000.000 төгрөгийн зээл хөөцөлдье” гэж хэлж ярилцсан. Зээл хөөцөлдсөн боловч бүтээгүй. Батжаргал ахынхаа өмнөх зээлийг хаасан 5.950.000 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирогчоос 20.000.000 төгрөгийг авсан өдрөө Хятад руу шилжүүлсэн, надтай хамтарч бизнес хийх гэж энэ хэргийг үүсгээд намайг залилангийн хэрэгт хийсэнд гомдолтой байна. Би зээлсэн мөнгөө буцааж төлж барагдуулна. О.Энхжаргал хүүхэддээ хувцас авна гэхээр нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, эгчийнхээ байрны ордерыг чөлөөлнө гэхээр нь би 1.500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. 5.950.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн дүнгээс хасуулах хүсэлтэй байна. Би хохиролд 15.000.000 төгрөгийг төлсөн. Шүүхээс хэргийг шийдсний дараа хохирлыг төлнө” ... гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Алтансүхийн: “... 2016 оны 07 дугаар сараас хойш Байгалмаагаас харилцаагаа тасалсан байсан. 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А.Байгалмаа эхнэрийн утас руу залгаад “яармагт хүрээд ир” гэж хэд хэдэн удаа ярьсан. Юу болсныг асуухаар эхнэр О.Энхжаргалын хамт яармагт А.Байгалмаагийн гэрт очиход “би танай найз Оюунсүрэнгийн амралтын газрыг барьцаанд тавьж 300.000.000 төгрөгийн зээл авах гэж байхад Оюунсүрэн барьцаа хөрөнгөө аваад явчихлаа. Надад одоо барьцаа хөрөнгө байхгүй гэж хэлсэн. Би “танай цех, байр энэ бүхэн нийлээд 300.000.000 төгрөгийн барьцаанд хүрдэггүй юм уу” гэж асуухад А.Байгалмаа “хүрэхгүй 70.000.000 төгрөгийн зээлд хүрч байна. Та хоёр надад барьцаа хөрөнгө олж өгвөл би 300.000.000 төгрөгийн зээлээ авна” гэж хэлсэн. Би 100.000.000 төгрөг зээлтэй, эхнэр бид хоёрт хүнд илүүчлэх мөнгө байхгүй байсан, сайхан сэтгэлийн үүднээс О.Энхжаргалын ахын обьектыг барьцаанд тавихыг санал болгосон өдөр А.Байгалмаа бид нар том том бизнес ярьсан. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би эхнэрийн хамт гэртээ байхад А.Байгалмаа утсаар яриад “хүнсний бараа зээлээч” гэж гуйхаар нь 1.200.000 төгрөгийн хүнсний барааг сардаа багтааж төлөхөөр зээлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр А.Байгалмаа дахиж яриад “зээлийн үлдэгдэл 10.400.000 төгрөгийг хаачихвал 300.000.000 төгрөгийн зээлээ авах гэж байна, та хоёр надад туслахгүй бол өөр хэн туслах вэ” гэж хэлээд “Хаан” банкны дансаар 9.550.000 төгрөг, “Хас” банкны дансаар 850.000 төгрөгийг явуулсан. 2016 оны 09 дүгээр сарын сүүлчээр А.Байгалмаа руу ярьж мөнгөө асуухад “зээл бүтээгүй, ахынхаа обьектыг яриад өгөөч гэсэн. Би танил хүнээ “Хас” банкны захиралтай яриулсан тул 300.000.000 төгрөг байтугай, нэг тэр бум төгрөгийн зээл авч чадна” гэж хэлэхээр нь Батжаргал ахтай уулзаж А.Байгалмаагийн бизнесийг рекламдаад итгэмжлэлийн бичиг хийлгэж авсан. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр А.Байгалмаа “Батжаргалын өмнөх зээлийн хугацаа хэтрэлтэд 5.950.000 төгрөгийг төлөхгүй бол барьцаалж болохгүй байна” гэж манай эхнэр лүү ярьсан, би А.Байгалмаа руу залгаж “би Батжаргалд их хэмжээний мөнгө зээлээд одоо хүртэл авч чадаагүй байна, хугацаа хэтэрсэн зээлийг төллөө гэхэд чиний хөөцөлдөж байгаа зээл бүтэх юм уу” гэж асуухад “би зуучлуулж байгаа хүнээсээ асууя” гэж хэлээд утсаа тасалсан, хэсэг хугацааны дараа “нөгөө хүн маань хугацаа хэтэрсэн зээлийг төлчих гэж байна” гэж хэлсэн. Би “6.000.000 төгрөгийг төллөө гэхэд хэн арыг даах юм бэ” гэхэд А.Байгалмаа “би даана” гэж хэлсэн. Би Батжаргалын данс руу 5.950.000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би А.Байгалмаагийн компанийн нийгмийн даалтгалын өрөнд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. А.Байгалмаа “Батжаргал гэх хүн чинь 20.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй юм байна, төлөхгүй бол зээл батлагдахгүй байна” гэж хэлэхээр нь би түнш эмэгтэйгээсээ 20.000.000 төгрөгийг зээлж А.Байгалмаагийн данс руу хоёр өдөрт 10.000.000 төгрөгөөр хувааж шилжүүлсэн. А.Байгалмаа Мөрөнгаваа гэх хүнд их хэмжээний өртэй юм байналээ, өрөндөө 20.000.000 төгрөгийг явуулсан байсан. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “3.000.000 төгрөгийг өгвөл зээл батлагдлаа” гэж хэлээд надаас 3.000.000 төгрөгийг авсан. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2008 онд үйлдвэрлэгдсэн Приус-20 маркийн машиныг ломбарданд машинаа унаж явж болохоор 6.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Баяр дөхсөн учир машинаа барьцаанаас чөлөөлөхөөр дүү, эхнэр нарын хамт Улаанбаатар хот руу явж байхад А.Байгалмаа залгаж “Неткапиталаас миний зээл гарах гэж байна, 2.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлээд надаас 2.000.000 төгрөгийг авсан. Маргааш нь А.Байгалмаа руу залгаж зээлийг бүтсэн талаар асуухад “90.000.000 төгрөгийн зээл бүтсэн, одоо санаа зовох зүйлгүй, би чамд 2017 он гарангуут зээлээ өгнө” гэж хэлсэн. Би үнэхээр зээл нь бүтсэн юм байна гэж ойлгосон. 2017 он гарлаа, А.Байгалмаа таг чиг байхаар нь би залгахад “яг зээлээ авч байхад ахын эхнэр ирээд манай байр учир барьцаанд тавиулахгүй гээд зээл бүтсэнгүй” гэж хэлсэн. Би А.Байгалмаад итгэх итгэлгүй болсон. Манай амьдрал хямарч, би архи дарсанд дуртай болж, согтуу байхдаа 2 давхараас үсэрч, хөл гараа гэмтээсэн. 2017 оны 02 дугаар сард А.Байгалмаа залгаад 10 дугаар хороололд дуудсан. Би хөлөө гэмтээсэн байсан ч доглож очоод “Өег-т 20.000.000 төгрөгийн зээлтэй гарч байна, мөнгөө авъя” гэхэд “намайг аргалаад төлчих, би зээлийг чинь бүгдийг төлнө” гэж хэлсэн. Би А.Байгалмаад итгэж банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлсэн. Эргэн төлөлт болоход А.Байгалмаа банк бус санхүүгийн байгууллага дээр очиж “би зээлсэн юм, би төлнө” гэж хэлээд гарын үсэг зурж баталгаа өгсөн. Эхнэр бид хоёр аргаа бараад цагаан сарын баярын үеэр А.Байгалмаад тайлбар хүртэл бичиж өгөхөд “би Дорнын-говь компани дээр хуурамч бичиг баримт, гаалийн бүрдүүлэлт үйлдсэн. Одоо намайг шоронд хийх гэж байна, юуны чинь чиний мөнгө вэ” гэж хэлж байсан. А.Байгалмаа надад “би чамайг баян болгоно, 40.000.000 төгрөг юу ч биш” гэж хэлэхээр нь А. Байгалмааг буруу тийшээ эргэсэн гэдгийг мэдсэн. А.Байгалмаа нь манай эхнэр О.Энхжаргалтай хамт явж зээл хөөцөлдсөн зүйлгүй. Манай эхнэр А.Байгалмаад мөнгө зээлсэн тул өглөө бүр надад загнуулж өрөө авахаар явдаг, сүүлд сонсоход “Улсын их дэлгүүр”-ийн 7 давхарт очоод өдөржин өнждөг байсан. 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн сарын хугацаа хэтэрч, хүү, алданги тооцсон байсан. А.Байгалмаа надтай зэрэгцэж сууж байгаад “би зээлийг төлнө, Төрийн банкны зээл бүтсэн, маргааш 14 цаг гэхэд зээлээ төлнө” гэж хэлээд гарын үсэг зурсан. А.Байгалмаа хүнийг итгэтэл худлаа ярьдаг, маргааш нь залгахад утсаа аваагүй. А.Байгалмаа руу 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр залгахад зээл нь бүтээгүй, ярьсан зүйл бүгд худлаа, залилуулсан гэдгээ мэдээд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр цагдаад өргөдөл өгсөн. Хавтас хэрэгтэй танилцсаны дараа А.Байгалмаа дандаа худлаа хэлдэг, охин нь хүртэл надтай уулзаад “танд долоон хоногийн дараа 25.000.000 төгрөгийг өгнө” гэж хэлээд 2017 оны 06 дугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. А.Байгалмаа мөнгөө өгөөгүй, байцаагчид би “миний мөнгийг өгвөл ял эдлүүлэх хүсэл үнэндээ алга” гэж хэлж байсан. Надад мөнгийг маань өгнө гэж олон удаа худлаа амалсан. Би урд хормойгоо авч, ард хормойгоо нөхөөд амьдарч байна. Шүүхийн хэлэлцүүлгийн дараа эхнэр бид хоёрыг шүүхээс гараад явж байхад А.Байгалмаа эхнэрийг дуудаад эргэж харахад “надаас гуйсан бол мөнгийг чинь өгөх байсан юм, хохьчин” гэж хэлээд машиндаа суугаад явсан, 43.576.000 төгрөгөөс 16.800.000 төгрөгийг авсан. А.Байгалмаа бид хоёрын дунд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө ямар ч өр авлагын асуудал байхгүй, 26.776.000 төгрөгийг нэхэмжилж байна” ...гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд хохирогч Я.Алтансүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “... Манай эхнэр А.Байгалмаатай анх 2013 оны намар замын үүдийн вагонд танилцсан. Танилцахдаа Монгол Улс руу тахианы мах вагоноор оруулж ирдэг бизнэс хийдэг гэж ярьсан байсан. А.Байгалмааг тахианы мах оруулж ирдэг талаар хүнээс мэдсэн болохоор бизнэс эрхэлдэг нь үнэн юм байна гэж бодсон. Манай эхнэрээр дамжуулан 2013 оны 12 сард хүнээс 68.000.000 төгрөг авахуулсан байна лээ. Дараа нь “эргэлтийн хөрөнгө дутаад байна дахин мөнгө зээлэх хүн олоод өгөөч” гэж манай эхнэрээс гуйсан байсан. Түүнээс хойш холбоо бариагүй байж байгаад 2016 оны 09 дүгээр сард А.Байгалмаа залгаад “банканд зээлийн үлдэгдэлтэй, түүнийгээ хаагаад дахин зээл авах гэсэн юм. 10 хувийн хүүтэй ч хамаагүй мөнгө зээлэх хүн олоод өгөөч, 09 сардаа багтаан өгнө” гэхээр нь өөрийн “Хаан” банкны 5749547412 тоот данснаас эхлээд 3.000.000 төгрөг, дараа нь 3.000.000 төгрөг, мөн дараа нь 3.000.000 төгрөг, түүний дараа 550.000 төгрөг гээд нийт 4 удаа, Хас” банкны 5001278431 тоот данснаас 851.000 төгрөг нийт 10.401.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхдээ гэрээ хийсэн асуудал байхгүй. Мөнгө шилжүүлсний дараа А.Байгалмаа мөнгө авсан гэж ярьсан. 09 сар дуусахаар нь эхнэрээ явуулж уулзуулсан чинь “зээлээ бүтээх гэсэн чинь барьцаа хөрөнгө дутаад байна, барьцаа хөрөнгө олж өгвөл их хэмжээний зээл авах гээд байна, “Хас” банкны ерөнхий захирлыг таньдаг болохоор зээлийг маань хөөцөлдөж байгаа” гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь ах Х.Батжаргалдаа “ботаникт байдаг обьектыг нь барьцаанд тавиад зээл авах гэсэн юм” гэж хэлсэн чинь ах “та хоёрын ажил бүтэж байвал хамаагүй” гэж хэлсэн. Тухайн үед манай ахын обьект банкны барьцаанд байсан. Тэгээд ахын обьектыг банкны зээлээс нь чөлөөлж барьцаанд тавихаар болж зээлээ хөөцөлдсөн. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А.Байгалмаа над руу залгаад “Зээлээ хөөцөлдөж байна, манай компани Нийгмийн даатгалд 1.000.000 төгрөгийн өртэй, мөнгө олдохгүй байна, энэ өрийг дарчихвал миний зээл бүтэх гээд байна” гэж хэлэхээр нь би “зээл бүтэх гэж байгаа юм байна” гэж бодоод өөрийн “Хаан” банкны 5749547412 тоот данснаас А.Байгалмаагийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа “хүлээн авлаа, баярлалаа” гэж хариу хэлсэн. Үүнээс өмнө 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А.Байгалмаа надад “материалаа хурдан хурлаар оруулах гэтэл танай ахын чинь байр 5.950.000 төгрөгийн зээлийн хэтрэлттэй байна, энэ мөнгийг төлөхгүй бол болохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн “Хаан” банкны 5749547412 тоото данснаас 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 5.950.000 төгрөгийг Х.Батжаргал ахын 5031128565 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд надтай 11 сар болтол холбоо бариагүй байж байгаад 2017 оны 11 дүгээр сарын эхээр манай эхнэр О.Энхжаргал руу залгаж “зээл бүтэж байна, Х.Батжаргал ахын обьектын зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөг байгаа юм байна, үүнийг төлөхгүй бол зээл гарахгүй байна” гэхээр нь би үнэхээр энэ мөнгийг төлчихвөл зээл нь гарчих байх гэж итгээд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000-аар, 3.000.000-аар, 4.000.000-аар нийт 3 удаа мөнгө шилжүүлсэн. Маргааш нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн үед 3.000.000-аар, 3.000.000-аар, 3.000.000-аар, 1.000.000-аар цувуулж нийт 4 удаа мөнгө шилжүүлсэн. Тэгээд маргаашнаас нь эхлээд “яасан бэ мөнгө төгрөгийг нь тушаасан уу, байрыг нь зээлээс чөлөөлсөн юм уу” гэж эхнэрээсээ асуухад “А.Байгалмаа нөгөө мөнгөөр байр чөлөөлөөгүй. Хятадаас мах оруулж ирэх зөвшөөрөл авахаар 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэнэ бусдыг нь яасан талаар мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би уурлаад А.Байгалмаа руу залгаж “чи битгий хүний тархи угаагаад худлаа хэлж мөнгө аваад бай, чиний 1 тэрбум 500 сая төгрөгийн зээл чинь бүтэхгүй, тийм зээл чамд олдох ч үгүй наад обьектын чинь банкны үнэлгээ 800.000.000 төгрөг байгаа. Дээд тал нь 600.000.000 төгрөг олдоно банкны зээл чинь урт хугацаанд удаан явагддаггүй, наад зээл чинь худлаа болоод байна” гэж хэлэхэд А.Байгалмаа “тэгвэл би ахын чинь надад өгсөн бичиг баримтыг буцааж өгье, зээл хөөцөлдөхөө болъё” гэхээр нь би “тэг” гэж хэлсэн. Түүнээс хойш би утсаар яриагүй. Манай эхнэр мөнгө авах гэж өдөр бүр А.Байгалмаа руу явдаг байсан. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр А.Байгалмаа манай эхнэр лүү залгаж “зээл батлагдсан 3.000.000 төгрөг хүнд өгөх хэрэгтэй байна” гэхээр нь би “үнэхээр зээл нь бүтчихсэн юм бол энэ мөнгийг өгөөд өмнөх мөнгөө авчих юм байна” гэж бодоод 19 цагийн үед А.Байгалмаагийн данс руу мөнгө шилжүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүнээр дамжуулж асуулгаад зээл нь батлагдаагүй гэдгийг мэдсэн. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А.Байгалмаа над руу залгаад “миний зээл батлагдахаар болчихлоо 2.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь би “худлаа хэлээд бай” гэсэн чинь үнэхээр бүтсэн гээд байсан. Тэгэхээр нь яамай даа гэж бодоод 2.000.000 төгрөг өөрийн данснаасаа явуулсан. Миний зээл 90.000.000 төгрөгөөр батлагдсан, сарын сүүлээр авахаар болсон, баярын өдөр таараад байна, дараа нь авахаар болсон гэх зэргээр худлаа ярьсаар байтал 2017 оны 03 дугаар сард цагдаад өргөдөл өгсөн. А.Байгалмаа нийт 16 удаагийн үйлдлээр нийт 42.351.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Бэлэн мөнгө өгсөн удаа байхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн 10.401.000 төгрөгийг дэлгүүрийн орлогоос, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 5.950.000 төгрөгийг дэлгүүрийн орлогоос, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг дэлгүүрийн орлогоос, 2016 оны 11 дүгээр сарын 07, 11 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг найз Оюунгэрэлээс, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3.000.000 төгрөгийг дэлгүүрийн орлогоос, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2.000.000 төгрөгийг дэлгүүрийн орлогоос авч шилжүүлсэн. А.Байгалмаад мөнгө өгснөөс болж дэлгүүрийн үйл ажиллагаа алдагдалд орсон. Эргэлтийн хөрөнгөгүй болоод хувь хүн болон банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй мөнгө зээлж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд орсон. А.Байгалмаагаас 42.351.000 төгрөгийг нэхэмжилж байна” …гэх мэдүүлэг/ 1 хх-ийн 14-17 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч О.Энхжаргалын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “... Манайх Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Ургац” нэртэй дэлгүүрийг 2010 оноос хойш ажиллуулж байна. Би А.Байгалмаатай анх 2013 онд Эрээн хот руу явж байгаад вагонд танилцсан. Түүнээс хойш надаас бага хэмжээний мөнгө зээлээд буцаагаад өгч байсан. 2016 оны 09 дүгээр сард А.Байгалмаа над руу залгаад “нэг цех ажиллуулж байгаа гурил, ургамлын тос зээлээч сарын сүүлээр мөнгийг нь өгье” гэхээр нь 40 уут буюу 1 тонн дээд гурил, 20 литрийн ургамлын тос 3 ширхэг, 5 литрийн ургамлын тос 4 ширхэг нийт 1.226.000 төгрөгийн бараа зээлүүлсэн. Дараа нь “банкны зээл хаагаад том зээл авах гэсэн юм мөнгө зээлээч” гээд байхаар нь нөхөр Я.Алтансүхэд хэлж байгаад 10.400.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. А.Байгалмаа “Хас” банкны захирал Зоригоо гэх хүнээр зээлээ хөөцөлдүүлж байгаа найдвартай бүтнэ гэж хэлсэн. Дараа нь “зээл хөөцөлдөхөд барьцаа хөрөнгө дутаад байна” гэхээр нь Х.Батжаргал ахын обьектыг барьцаанд тавихаар бичиг баримтыг нь авч өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр над руу залгаад “Х.Батжаргал ахын чинь хугацаа хэтэрсэн 2, 3 сарын зээлийн төлбөр 5.950.000 төгрөг байна. Үүнийг төлөхгүй бол зээл бүтэхгүй байна” гэхээр нь шилжүүлсэн. 2016 оны 10 дугаар саырн 22-ны өдөр дахин залгаад “манай компани Нийгмийн даатгалд 1.000.000 төгрөгийн өртэй. Өрөө төлөхгүй бол болохгүй байна” гэхээр нь нөхөр Я.Алтансүхийн “Хаан” банкны 5749547412 тоот данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр залгаад “Х.Батжаргал ахын чинь зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөгийг хаачихвал зээл өглөө гээд байна” гэхээр нь “ахын данс руу шилжүүлээд хаачихая” гэхэд “үгүй над руу шилжүүлчих би өөрөө хаачихна” гээд байхаар нь А.Байгалмаагийн данс руу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 08-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл Х.Батжаргал ахын зээлийг хаагаагүй байхаар нь “юу болоод байгаа юм бэ” гэхэд “Хятад улс руу бууз, банш гаргах зөвшөөрөл 20.000.000 төгрөгөөр авчихлаа. Зээл гарахаар бүх өрийг чинь хүүтэй нь хамт өгнө” гэсэн. Тэгж байснаа “зээл батлагдсан, нэг хүнд 3.000.000 төгрөг өгчихвөл маргааш зээлийн хурлын шийдвэр гарах гээд байна” гэхээр нь нөхөртөө хэлээд шилжүүлсэн. Манай дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хэмжээнд хүрээд банк бус санхүүгийн байгууллагаас 26.369.000 төгрөгийн зээл авсан. А.Байгалмаа руу залгаад мөнгөө нэхэхэд сүүлдээ “надаас юуг нь авдаг юм бэ, өгдөг газарт нь өгөхгүй юу” гэдэг байснаа 2017 оны 02 дугаар сараас эхлэн утсаа авахгүй болсон. Сүүлд бодож байхад нөхөр бид хоёроос мөнгө авсны дараа өөрийгөө гоёод үнэтэй булган шуба, алтан ээмэг зүүсэн харагдаж байсан. Нөхрөөс маань хүмүүс мөнгө нэхээд байхаар хүнд байдалд орохдоо архи ууж, амиа хорлох гээд гэрийнхээ цонхоор үсэрч хөлөө гэмтээсэн. Нийт 62.950.000 төгрөгийн хохирол учирсан“ ...гэх мэдүүлэг /1 хх-ийн 18-21 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Х.Батжаргалын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өгсөн ”... О.Энхжаргал над руу залгаад “нэг найз зээл авах гэсэн чинь барьцаанд тавих зүйл нь дутаад байна таны обьектыг тавьж болох уу” гэхээр нь “тэг тэг” гээд өөрийн “Ноён шагай” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээг канондоод өгсөн. Тэгээд барьцаанд тавихыг зөвшөөрч байна гэсэн бичиг хийлгэж авсан. “Ноён шагай” ХХК-ийн обьектыг Төрийн банканд 60.000.000 төгрөгөнд 2013 онд барьцаанд тавиад 20 орчим сая төгрөг үлдсэн байсан. Би О.Энхжаргал, А.Байгалмаа нарт “обьектыг барьцаанд тавьж болохгүй юм байна, би өөрөө барьцаанд тавьсан дээр нь 2-3 сарын мөнгө төлөөгүй хугацаа хэтэрсэн байгаа тухай” хэлэхэд А.Байгалмаа “санаа зоволтгүй би өөрөө зээлийг чинь төлчихнө” гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр миний дансанд мөнгө орж ирсэн мэдээлэл ирэхээр нь банкинд очиж лавлахад Я.Алтансүх гэдэг хүнээс мөнгө хийсэн байна гэхээр нь Я.Алтансүх руу залгаад “чи андуураад мөнгө хийчихсэн юм уу, ямар учиртай юм бэ” гэхэд “А.Байгалмаа зээлийг чинь дарж байгаа юм” гэж хэлсэн” ...гэх мэдүүлэг/ 1 хх-ийн  22-23 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Оюунгэрэлийн 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн ”... Би Я.Алтансүхтэй 10 гаран жилийн өмнөөс бараа болон мөнгө төгрөг өгч авалцдаг, холбоотой хүмүүс байгаа. Я.Алтансүх, О.Энхжаргал хоёр итгэлтэй хүмүүс. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тэр хоёр надтай ирж уулзаад “ахынхаа байрыг банкнаас чөлөөлөөд дахин зээл авах гэсэн юм яаралтай 20.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь би итгэлтэй хүмүүс учраас тэр өдөртөө 20.000.000 төгрөгийг Я.Алтансүхийн дансанд хийсэн. Мөнгийг 11 сар дуусахаас өмнө өгнө гэж авсан. Одоо мөнгө өгөөгүй, хүүг нь ч бас төлөөгүй явж байна” ... гэх мэдүүлэг/ 1 хх-ийн  26-27 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Цэвээнболдын 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн ”... А.Байгалмаа гэх хүнийг танихгүй, Я.Алтансүхийг танина, хуурай ах дүү нар садан төрлийн холбоо байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Я.Алтансүх ахтай хамт машинаар Улаанбаатар хот руу явж байхад Я.Алтансүх ахын утас дуугарахад утсаа аваад чанга яригч дээр нь тавиад ярихад нэг эмэгтэй хүн “2.000.000 төгрөг зээлдүүлээч” гэхэд Я.Алтансүх ах “одоо өгөх боломжгүй” гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө эмэгтэй нь “миний зээл маргааш бүтнэ тэгэхээр бүх мөнгийг чинь өгнө одоо 2.000.000 төгрөг зээлээч” гээд байсан. Тэгээд байнгуут Я.Алтансүх ах “чи найдвартай юу урд урдны мөнгөө өгөхгүй байгаа шүү дээ” гэхэд нөгөө эмэгтэй мөн л “найдвартай найдвартай” гээд байсан. Уг нь Я.Алтансүх ах дүүгийнхээ машиныг зогсоолд тавиад мөнгө авдаг ломбарднаас аваад машинаа унаж явж болдог ломбарданд тавих гэж явснаа болиод буцаад ирсэн” ... гэх мэдүүлэг/ 2 хх-ийн 48 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч А.Мөнхзандангийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн ”... А.Байгалмаа гэх хүн манай аав, ээж хоёроос мөнгө аваад эргүүлэн өгөхгүй байгаа талаар 2017 оны хавар мэдсэн. Тухайн үед гэнэт манай аав, ээж хоёр миний Приус-20 маркийн автомашиныг зарж өрөндөө өгөхөөр нь би “та хоёр чинь яагаад өрөнд ороод байгаа юм бэ” гэхэд “А.Байгалмаа гэх хүнд өөрсдөдөө байгаа мөнгө дээр бусдаас мөнгө зээлээд өгсөн чинь эргүүлэн өгөхгүй байгаагаас олсон орлогоо мөнгө зээлж өгсөн хүмүүстээ хүүнд нь өгч байна” гэж хэлсэн. Би Солонгос Улс руу явж ажил хийгээд олж ирсэн 6.000.000 төгрөг, байранд өгөх гээд эхнэрээрээ урьдчилгаа авахуулсан 7.000.000 төгрөг, миний хүнээс зээлсэн 2.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг аав, ээж хоёр надаас авч А.Байгалмаа гэх хүнд өгсөн” ... гэх мэдүүлэг/ 2 хх-ийн  46 дугаар тал /,

Мөрдөн байцаалтанд гэрч А.Жамъяндоржийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өгсөн ”... Миний аав, ээж хоёр А.Байгалмаа гэх хүнд мөнгө өгч залилуулснаас болж миний сургуулийн төлбөрийг төлж чадаагүй. Тэгээд би энэ жил хичээлдээ явж чадаагүй жилийн чөлөө авсан. Мөн миний ахын Приус-20 маркийн автомашиныг аав, ээж хоёр зараад мөнгийг нь өрөндөө өгсөн. А.Байгалмаа гэх хүнд их хэмжээний мөнгө өгөөд авч чадаагүйгээс олсон мөнгө эд зүйлээ зарж борлуулаад өрөндөө өгснөөс ийм байдалд ороод байна” ... гэх мэдүүлэг/ 2 хх-ийн  45  дугаар тал /,

Шүүгдэгч А.Байгалмаагийн хувийн байдлыг тогтоосон баримтууд / 1хх-ийн 36-45 дугаар тал /,

Хохирогч Я.Алтансүхийн учирсан хохирлын тооцоо /1хх-ийн 229-232 дугаар тал/,

Я.Алтансүх нь А.Байгалмаад мөнгө шилжүүлж байсан гэх “Хаан” банкны 5749547412 тоот дансны хуулга / 1хх-ийн 155-163, 2хх-1-3, 15-16 дугаар тал/, “Хас” банкны дансны хуулга, баримт / 2хх-ийн 5, 7 дугаар тал/,

“ШЖМЖ” ХХК-ний 2017 оны үйл ажиллагаа болон өрийн тухай албан тоот, санхүүгийн болон орлогын дэлгэрэнгүй тайлан /1хх-ийн 233-235 дугаар тал /,

“ШЖМЖ” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ,тусгай зөвшөөрөл /1хх-ийн 128-129 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч А.Байгалмаа нь хохирогч Я.Алтансүхээс удаа дараа мөнгө авч залилсан:

-2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “нарийн боовны цех
ажиллуулж байгаа” гэж 40 уут буюу 1 тонн дээд гурил, 20 литрийн ургамлын тос 3 ширхэг, 5 литрийн ургамлын тос 4 ширхэг зэрэг 1.226.000 төгрөгийн барааг зээлж  авсан,

- 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн “Хаан” банкны 5374369420 тоот дансанд Я.Алтансүхийн “Хаан” банкны 5749547412 тоот, “Хас” банкны 5001278431 тоот данснаас 10.400.000 төгрөг,

- иргэн Х.Батжаргалын хугацаа хэтэрсэн зээлийг төлөхгүй бол миний зээл гарахгүй байна” гэж итгүүлэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Я.Алтансүхийн “Хаан” банкны 5749547412 тоот данснаас Х.Батжаргалын “Хаан” банкны 5031128565 тоот дансанд 5.950.000 төгрөг,

-2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн “Эхбулагийн ихэр” ХХК нь Нийгмийн даатгалд 1 сая төгрөгийн өртэй учир зээл олгогдохгүй байна” гэж итгүүлэн Я.Алтансүхийн “Хаан” банкны 5749547412 тоот данснаас 1.000.000 төгрөг,

-иргэн Х.Батжаргалын зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлнө” гэж итгүүлэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Я.Алтансүхээс 3.000.000 төгрөгөөр 2 удаа буюу 6.000.000 төгрөгийг мобайл банкаар, мөн өдөр Налайх дүүргийн “Хаан” банкны тооцооны төвөөр 4.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөг,

-2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгөөр 3 удаа буюу 9.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр нэг удаа, нийт 10.000.000 төгрөгийг мобайл банкаар өөрийн “Хаан” банкны 5374369420 данс руу шилжүүлэн авсан боловч /иргэн Х.Батжаргалын 20.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөлгүй/ өөртөө шилжүүлэн авсан,

-2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “миний зээл хурлаар орж батлагдсан эдийн засагчид 3 сая төгрөг өгөх хэрэгтэй байна” гэж итгүүлэн Я.Алтансүхийн “Хаан” банкны 5749547412 тоот данснаас 3.000.000 төгрөг,

-2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “зээл батлагдах гээд байна” гэж итгүүлэн Я.Алтансүхээс 2.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5374369420 тоот дансаар мобайл банкаар тус тус шилжүүлэн авч хохирогч Я.Алтансүхийг “би том зээл авах гэж байгаа, банкны зээл хаана, банкны зээл хөөцөлдөж байна, банкны ажилтанд мөнгө өгнө, хугацаа хэтэрсэн зэээлийг төлөхгүй бол миний зээл гарахгүй байна, зээл батлагдах гэж байна” гэх мэтээр хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж олон удаагийн үйлдлээр нийт 43.576.000 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна..

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: ...энэ хуульд заасан “ноцтой хохирол” гэж хохирогчийн амьдарлын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсныг ойлгоно...” гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч А.Байгалмаа нь хохирогч Я.Алтансүхийг хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон удаагийн үйлдлээр нийт 43.576.000 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Я.Алтансүхийн амьдралын эх үүсвэр эдийн засгийн баталгаа болсон “ШЖМЖ” ХХК-ний “Ургац” хүнсний дэлгүүрийн орлого буурч алдагдалд орж хувь хүн, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан, төрсөн хүү А.Мөнхзандангийн “Приус-20” маркийн автомашиныг худалдсан, хүү А.Жамъяндорж нь “Хүмүүнлэгийн Ухааны” Их Сургуулийн 2 дугаар курст суралцаж байсан сургуулиасаа жилийн чөлөө авсан зэрэг эдийн засгийн хувьд ноцтой хохирол учирсан болох нь гэрч Х.Батжаргал /1хх-ийн 22-23/, гэрч Б.Оюунгэрэл /1хх-ийн 26-27/, гэрч А.Мөнхзандан /2хх-ийн 46/, гэрч А.Жамъяндорж /2хх-ийн 45/ нарын мэдүүлэг, зээл авсан болон төлсөн баримт  /1хх-ийн 137-144, 2хх-ийн 4, 9-13, 17-21, 23, 150-183/, “Хүмүүнлэгийн Ухааны” Их Сургуулийн захирлын тушаал /2хх-ийн 139-141/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн шатанд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 43.576.000 төгрөгөөс шүүгдэгч А.Байгалмаагийн төлсөн 16.800.000 төгрөгийг хасч үлдэх 26.776.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдэв.

Шүүгдэгч А.Байгалмаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 16.800.000 төгрөг төлсөн, үлдэх хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хуульд заасан торгох ял оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Байгалмаа, түүний нөхөр Д.Батчулуун нарын нэр дээрхи эд хөрөнгө битүүмжлэгдсэн шүүгчийн захирамжтай, шүүгдэгч А.Байгалмаа цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шаргалжуут овогт Архийн Байгалмааг хуурч мэхлэн, бодит байдлыг  нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Архийн Байгалмаад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Байгалмаад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Байгалмаа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Байгалмаагаас 26.776.000 (хорин зургаан сая долоон зуун далан зургаан мянга) төгрөг гаргуулан хохирогч Я.Алтансүхэд олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгч А.Байгалмаа, түүний нөхөр Д.Батчулуун нарын нэр дээрхи эд хөрөнгө битүүмжлэгдсэн шүүгчийн захирамжтай, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар А.Байгалмаад оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Байгалмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ЛУВСАНДОРЖ