Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 721

 

                                                        А.Б-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Энхмэнд,

хохирогч Я.Алтансүх, түүний өмгөөлөгч С.Батзаяа,

шүүгдэгч А.Б-гийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Я.Алтансүх, түүний өмгөөлөгч С.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Б-д холбогдох эрүүгийн 201701080134 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Шаргалжуут овгийн А.Б-, 1968 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

            А.Б- нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн Я.Алтансүхийг “би том зээл авах гэж байгаа, банкны зээл хөөцөлдөж байна, банкны ажилтанд мөнгө өгнө” гэх мэтээр хуурч мэхлэх аргаар;

            - 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр “нарийн боовны цех ажиллуулж байгаа” гэж Я.Алтансүхээс 40 уут буюу 1 тонн дээд гурил, 20 литрийн ургамлын тос 3 ширхэг, 5 литрийн ургамлын тос 4 ширхэг, нийт 1.226.000 төгрөгийн барааг зээлж авсан,

            - 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “банкны зээл хаана” гэж итгүүлэн өөрийн Хаан банкны 5374369420 дугаартай данс руу Я.Алтансүхийн Хаан банкны 5749547412 дугаартай данснаас 9.550.000 төгрөг, Хас банкны 5001278431 дугаартай данснаас 850.000 төгрөг буюу нийт 10.400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,

            - 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Х.Батжаргалын хугацаа хэтэрсэн зээлийг төлөхгүй бол миний зээл гарахгүй байна” гэж итгүүлэн Налайх дүүргийн Хаан банкны тооцооны төвд Я.Алтансүхийн Хаан банкны 5749547412 дугаартай данснаас Х.Батжаргалын Хаан банкны 5031128565 дугаартай данс руу 5.950.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

            - 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн “Эхбулагийн ихэр” ХХК нь нийгмийн даатгалд 1.000.000 төгрөгийн өртэй учир зээл олгогдохгүй байна” гэж итгүүлэн Я.Алтансүхийн Хаан банкны 5749547412 дугаартай данснаас 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5374369420 дугаарын дансанд шилжүүлэн авсан,

            - 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “Х.Батжаргалын зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлнө” гэж итгүүлэн Я.Алтансүхээс 2 удаагийн гүйлгээгээр 6.000.000 төгрөгийг мобайл банкаар, мөн өдөр Налайх дүүргийн Хаан банкны тооцооны төвөөр 4.000.000 төгрөг буюу нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

            - 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр 10.000.000 төгрөгийг мобайл банкаар өөрийн Хаан банкны 5374369420 дугаартай данс руу шилжүүлэн авсан,

            - 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “миний зээл хурлаар орж батлагдсан тул эдийн засагчид 3.000.000 төгрөг өгөх хэрэгтэй байна” гэж итгүүлэн Я.Алтансүхийн Хаан банкны 5749547412 дугаартай данснаас 3.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлэн авсан,

            - 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “зээл батлагдах гээд байна” гэж итгүүлэн Я.Алтансүхээс 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5374369420 дугаартай дансанд мобайл банкаар шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, удаа дараагийн үйлдлээр Я.Алтансүхэд нийт 43.576.000 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: А.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Б-г хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Б-гаас 26.776.000 төгрөгийг гаргуулан хохирогч Я.Алтансүхэд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б-, түүний нөхөр Д.Батчулуун нарын нэр дээрх эд хөрөнгө битүүмжлэгдсэн шүүгчийн захирамжтай, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Я.Алтансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс А.Б-д оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна. А.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шинжгүй, надад учруулсан хохирлыг төлөхөөс зайлсхийх бүхий л аргыг хэрэглэж байсан. А.Б-д мөнгөө алдсаны улмаас 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 130,0 сая давсан төгрөгийн хор уршиг учирсан, үүнээс 34.490.159 төгрөгийг бусдаас зээлсэн хүүний мөнгөнд өгч, үр хүүхдээ сургууль завсардуулж, үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, амьдарч буй орон сууцаа банкны барьцаанд алдахад хүрээд байна. А.Б- нь хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байхад шүүхээс түүнд торгох ял оногдуулсан нь шударга ёсонд нийцээгүйн гадна, нийгэмд буруу сэтгэгдлийг төрүүлж байна. Тэрээр торгох ялыг биелүүлэх чадваргүй хүн. Түүний учруулсан хохирол, хор уршиг цаг минут тутамд өсч нэмэгдсээр байна. Иймд А.Б-д оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлж, шударга шийдвэр гаргаж өгнө үү...” гэв.

Хохирогч Я.Алтансүхийн өмгөөлөгч С.Батзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосон байх боловч шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцээгүй байна. Хэдийгээр А.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдээгүй, бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр зориуд төлөвлөж, идэвхтэй үйлдлээр хуурч мэхлэн авч, өөртөө завшсан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 43.576.000 төгрөгийн шууд хохирол учирсан боловч бусдаас өндөр хүүтэй мөнгө зээлдэж, дэлгүүрийн өр төлбөрийг барагдуулах гэж ажилласаар 130,0 орчим сая төгрөгийн хор уршиг учирсан. Нэг өрийг өөр зээл авч төлж, хүүний өр төлбөр өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Улмаар хүүхдээ сургуулиас нь завсардуулж, хүүхдийнхээ байр авах мөнгийг үрэгдүүлж, унах унаагүй болж, амьдрах байр, ажиллуулах дэлгүүрийн барилгаа хүртэл алдахад хүрээд байна. Хохирогчийн амьдралын санхүүгийн эх үүсвэр дэлгүүрийн үйл ажиллагаанд ноцтой хохирол, алдагдал учирснаас сэтгэл санааны хүнд байдалд орж, байнга архи ууж, гэр бүлийн дотор хэрүүл маргаан тасрахгүй, амиа хорлохоор гэрийнхээ цонхоор үсэрсэн. Шүүгдэгч А.Б- нь үйлдсэн хэрэгтээ огт гэмшээгүй бөгөөд мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдээгүй, намайг гүтгэж байна гэж мэдүүлсэн. Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй байна, гэхдээ шүүх шийдвэл хохирлыг төлнө гэсэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа явдал биш юм. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад хохирлыг хугацаа зааж төлнө гэдгээ илэрхийлсэн боловч хугацаандаа хохирлоо төлж барагдуулаагүй байдаг. Иймд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч А.Б-гийн гэмт үйлдэлд тохирох эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.Б-гийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан үзэж, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Энхмэнд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болсон. Шүүгдэгч А.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Дээрх байдлыг харгалзан шүүхээс түүнд тухайн зүйлд заасан торгох ялыг оногдуулсан. Шүүгдэгчид торгох ял оногдуулснаар хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгож байгаа. Энэ нь хохирогчид ашигтай юм. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос А.Б-г 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд, өөрийн танил Я.Алтансүхийг “...банкнаас их хэмжээний зээл аваад хамтдаа хуваая, өмнөх өр зээлээ хаах хэрэгтэй байна, банкны ажилтанд мөнгө өгнө...” гэх мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, удаа дараагийн үйлдлээр нийт 43.576.000 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн бэлэн бус хэлбэрээр авч, ноцтой хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А.Б-г тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

1. Шүүгдэгч А.Б- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгах арга хэмжээ аваагүй, хохирол нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлж байсан ч идэвхи санаачилга гаргаагүй болох нь хохирогч Я.Алтансүх, түүний өмгөөлөгч С.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдол болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тодорхойлогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаагийн нэг хэлбэр бол хохирогчид учирсан хохирол, гэм хорыг бүрэн арилгасан байх явдал юм.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, түүний гэм буруу, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан бодитой дүгнэлт хийлгүйгээр, түүнд тухайн зүйл, хэсгийн хамгийн хөнгөн ялыг сонгож ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй байна.

2. А.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

Буцаан хэрэглэгдэж буй хөнгөн хууль гэдэгт гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-г залилах гэмт хэргийг бусдад ноцтой хохирол учруулж үйлдсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь   Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцээгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч А.Б-д холбогдох гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх ба 2015 онд батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн, уг өдрөөс эхлэн залилах гэмт хэргийг “бусдад ноцтой хохирол учруулж” үйлдсэн тохиолдолд тухайн үйлдлийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид харгалзан үзэх тул шүүгдэгч А.Б-г дээрх гэмт үйлдэлд буруутгах үндэслэлгүй юм.

Иймд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан, Монгол Улсын Олон Улсын гэрээ Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд “Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.” гэсэн заалтыг үндэслэн хохирол арилгах тухай, мөн хохирол арилаагүй байхад эрүүгийн хариуцлага хөнгөдүүлсэн тухай хохирогч Я.Алтансүх, түүний өмгөөлөгч С.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, дээр дурьдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, А.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тогтоон хуульчилсан тул дээрх асуудлыг энэхүү шүүх хуралдаанаар зөвтгөн шийдвэрлэх боломжгүйг дурьдах нь зүйтэй.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан шийдвэрлэх арга хэмжээг хэрэг шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                           ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                           ШҮҮГЧИД                                                   Л.ДАРЬСҮРЭН

                                                                                               Н.БАТСАЙХАН