Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 67

 

А.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Т.М, З.Х, Б.Г,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Т.М, З.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Бд холбогдох 201701080134 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Ш овгийн А.Б, 1968 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт __________ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: _________/;

          А.Б нь Я.Аээс “би том зээл авах гэж байгаа, банкны зээл хаах, банкны зээл хөөцөлдөж байна, банкны ажилтанд мөнгө өгнө” гэх мэтээр хуурч, мэхлэх аргаар удаа дараа мөнгө авч залилсан болох нь:

          1. 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нарийн боовны цех ажиллуулж байгаа гэж хэлээд Я.Аээс 40 уут буюу 1 тонн дээд гурил, 20 литрийн ургамлын тос 3 ширхэг, 5 литрийн ургамлын тос 4 ширхэг, нийт 1.226.000 төгрөгийн барааг зээлэх нэрийдлээр хуурч авсан,

          2. Я.Аээс банкны зээл хаана гэж 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн 5374369420 тоот данс руу 9.550.000 төгрөгийг Я.Аийн 5749547412 тоот дансаар шилжүүлэн авсан, мөн өдөр Я.Аийн 5001278431 тоот Хасбанкны данснаас 850.000 төгрөг буюу нийт 10.400.000 төгрөгийг өөрийн 5374369420 данс руу шилжүүлэн хуурч мэхлэн авсан,

          3. Х.Бын хугацаа хэтэрсэн зээлийг төлөхгүй бол миний зээл гарахгүй байна гэж Я.Аэд хэлж итгүүлэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн “ХААН” банкны тооцооны төвөөс нь түүний 5749547412 тоот данснаас Х.Бын 5031128565 тоот данс руу 5.950.000 төгрөгийг шилжүүлж Я.Аийг хохироосон,

          4. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн “Эхбулагийн ихэр” ХХК-ийн нийгмийн даатгалд 1.000.000 төгрөгийн өртэй учир зээл олгогдохгүй байна гэж хэлж итгүүлж, Я.Аийн 5749547412 тоот данснаас 1.000.000 төгрөгийг өөрийн 5374369420 данс руу шилжүүлэн авсан,

          5. Иргэн Х.Бын зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлнө гэж Я.Аээс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөгийг 2 удаа буюу 6.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлэн авсан, мөн өдөр Налайх дүүргийн “ХААН” банкны тооцооны төвөөр 4.000.000 төгрөг буюу нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

          6. 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 3.000.000 төгрөгийг 3 удаа буюу 9.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг 1 удаа, нийт 10.000.000 төгрөгийг мобайл банкаар А.Б нь өөрийн 5374369420 данс руу шилжүүлэн авсан боловч иргэн Х.Бын 20.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөлгүй өөрт шилжүүлэн авсан,

          7. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр миний зээл хурлаар орж батлагдсан тул эдийн засагчид 3.000.000 төгрөг өгөх хэрэгтэй байна гэж итгүүлэн Я.Аийн 5749547412 тоот данснаас 3.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлэн авсан,

          8. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээл батлагдах гээд байна гэж Я.Аэд итгүүлэн 2.000.000 төгрөгийг өөрийн 5374369420 тоот дансаар мобайл банкаар шилжүүлэн иргэн Я.Аийг хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон удаагийн үйлдлээр нийт 43.576.000 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: А.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Бг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар А.Бд 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Д.Батчулууны нэр дээрх Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 19-673 тоот хаягт байршилтай, Ү-2206035820 дугаартай, 84 м.кв талбайтай хувийн сууц, Ү-2206035819 дугаартай, 100 м.кв талбайтай ажлын байр, Ү-2206035822 дугаартай 318 м.кв талбайтай үйлдвэрийн байр, 700 м.кв талбайтай Г-2206008427 дугаартай газрыг битүүмжилсэн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 147 дугаартай захирамжийг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээх, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар А.Бгаас 15.826.000 төгрөг, иргэний хариуцагч Х.Баас 5.950.000 төгрөгийг гаргуулан хохирогч Я.Аэд олгох, А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх авч шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2016  оны 8 дугаар сарын сүүлээр Б.Э нь нөхөр А-ийн хамт манай ажил дээр ирж, “манайх Налайх дүүргийн Хаан банкнаас зээл авах гээд удаж байна, манай ахын захыг зарагдана гэж мөнгө цувуулж өгсөөр манайх суурь өрөнд ороод байна, тийм учраас ахынхаа захыг танай барьцаатай хамт тавиад 1 тэрбум 500 сая төгрөгийн зээл авъя” гэж ярьсан. Тухайн захыг барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл хийж өгсөн байсан. Харин би ахыг нь танихгүй. Тэгээд Зайсангийн худалдааны төвийн Хас банкинд зээлээ судлуулахаар болж Хан-Уул дүүргийн татварын байцаагч Зоригоогийн гэр бүлийн хүн Цо-той Э бид 3 уулзсан. Тэгэхэд Ц нь “би та хоёрын бизнест оролцохгүй, харин зээлийг чинь болох талаас нь хөөцөлдөе” гэсэн. Энэ үед Б.Э 20.000.000 төгрөгийг БНХАУ руу махны бичгэнд шилжүүлснээ ярьж, та хоёрын дундах юманд оролцохгүй гэдэг тайлбараа өгч байсан. Ингээд зээлийг Зоригоо хөөцөлдсөн боловч зээлийн хэмжээ өндөр, орлогын эх үүсвэр бага гэсэн шалтгаанаар зээл гараагүй. Дараа нь Э  “хоёулаа БНХАУ руу махны бизнесээ хийхгүй бол болохгүй нь” гээд БНХАУ-аас махны бичгийг 100.000 юань буюу 36.000.000 төгрөгөөр авч байгаа учир Б.Эын 20.000.000 төгрөг дээр би 16.000.000 төгрөгийг нэмж шилжүүлээд БНХАУ-аас махны бичиг ирсэн. Энэ мөнгөнүүдийг шилжүүлэхэд Б.Э нь Мөнгөнгаваа гэдэг өвөр монголтой утсаар ярьж байгаад шийдвэр гаргасан. Мөнгө шилжүүлсэн баримт нь хавтас хэрэгт утасны дугаартай байгаа боловч нэг ч удаа энэ дугаар луу залгаж байгаагүй. Э нь махны бичиг ирсний дараа манай компанийн гэрчилгээ, импортын мэдэгдлүүдийн хамт УБ гурилын захирлууд гэх 2 залуутай уулзаж, “манай найз тахиа, гахай оруулж ирдэг, одоо БНХАУ руу мах гаргах гэж байгаа, хамтарч ажиллаач” гэдэг саналыг тавьсан. Ингээд мах экспортлох зөвшөөрөлтэй “Дорнын говь” ХХК-иар БНХАУ руу 25 тонн адууны мах 12.000.000 төгрөгийн татвар төлж гаргуулахаар гэрээ хийж, урьдчилгаа 6.000.000 төгрөг төлсөн баримт нь байгаа. Б.Э нь тэдгээр залууст Эмээлтийн махны үйлдвэрийг үзүүлсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй. Дараа нь Барс захын гурилын үйлдвэрийн босс Оюунгэрэл гэх хүнтэй уулзаж санал тавьж, манай үйл ажиллагааг танилцуулж байсан. Тэр эмэгтэй нь одоо шийдвэр гаргаж чадахгүй гээд Б.Эаас 5 жилийн өмнөх 5.000.000 төгрөгийн авлагаа нэхсэн. Би энэ хооронд Хаан банк, Төрийн банкаар зээлээ хөөцөлдөж байсан. Мөн Хаан банкны Э  гэдэг хүн зээл бүтэхээр боллоо гэхэд нь 2.000.000 төгрөг өгөхөд Б.Э хамт явж байсан. Б.Э нь энэ үйлдэл, шийдвэрээ үгүйсгэж, хамт зээл авах, бизнес хийх гаргалгаа хайж байснаа залилуулж, луйвардуулсан мэтээр нөхөр, ах, дүүгийн хамт өрөнд орсон хүнд байгаа нөхцөл байдлаа илт гуйвуулж байгааг мөрдөгч, прокурор, шүүгч нар нэг талыг барьж, манай зээлийг хөөцөлдсөн Ц , Хаан банкны эдийн засагч Эрдэнэбат, манай компанийн ажилчид, БНХАУ-ын экспортын зөвшөөрөлтэй “Дорнын говь” ХХК-ийн захирал, Б.Э нарыг гэрчээр оролцуулах саналыг хүлээж аваагүй зэрэг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. ...” гэв.

          Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч З.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь  хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

          1. Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, зөвхөн хохирогчоор тогтоогдсон Я.Аийн мэдүүлэгт тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд буруу болсон байна.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй.

          Тухайлбал, хохирогчийн эхнэр, гэрч Б.Э нь А.Бтай хамтран зээл бүтээхээр хөөцөлдөж, өөрөөсөө мөнгө гаргаж байсан, зээлийн барьцаа хөрөнгө байсан, хамтдаа банкаар зээл судлуулж байсан зэргээр идэвхитэй оролцсон үйл бармтыг тодорхой мэдүүлсэн гэрч Х.Б, Д.Зоригоо нарын мэдүүлэг, Хас банкны тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан байтал гэрч Б.Эын нөхөр Я.Аийг дангаар нь, тусад нь зориуд төөрөгдөлд оруулсан, итгэлийг нь урвуулсан гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслээгүй, хэргийн бодит байдалтай нийцэхээргүй болсон нь илэрхий байна.

          3. Прокуророос Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа өөрөө хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо анхан шатны шүүхээс 50.000.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

          4. Шүүх хуралдаанд гэрч Б.Эыг оролцуулах тухай өмгөөлөгч миний бичгээр гаргасан хүсэлтийг “ядаж өчигдөр хэлсэн бол хангах байлаа, одоо хүлээн авахгүй” гэсэн хууль бус тайлбар хийж татгалзаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу хэргийг шүүх хуралдааны шатнаас хянан хэлэлцүүлэхээр болсон хэдий ч хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гэрч оролцуулахаар гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй орхисонд гомдолтой байна.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч, гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг аваагүй, А.Бгийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх, хэрэг гарсан байдал, сэдэлт зорилго, шалтгаан нөхцөлийг мухарлаж нарийвчлан шалгаагүй учир дээрх хүсэлтийг гаргасан бөгөөд хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулахаас гадна хэргийн талаар үндэслэлтэй шийдвэр гаргахад шүүхэд туслах зорилготой байсан болно. Түүнчлэн хэргийг заавал эцэслэн шийд, заавал хорих ял оноох ёстой мэтээр шүүхийн хэлэлцүүлгийг удирдан явуулсан, яллах, цагаатгах нотлох баримтыг адил үнэлэх, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг аль алиныг тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй, хөндлөнгийн бус хэт яллах байр сууринаас шийдвэр гаргасанд гомдолтой байна.

          Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү. ...” гэв.

          Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч Т.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 157 дугаартай магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан. 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 721 дугаартай магадлалд “А.Бд холбогдох гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх ба 2015 онд батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн, уг өдрөөс эхлэн залилах гэмт хэргийг бусдад ноцтой хохирол учруулж үйлдсэн тохиолдолд тухайн үйлдлийг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон үзэх тул шүүгдэгч А.Бг дээрх үйлдэлд буруутгах үндэслэлгүй” гэсээр байтал А.Бд холбогдох үйлдлийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 46 тоот яллах дүгнэлтээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд, яллах дүгнэлтэд тусгагдах хуулийн хэрэглээг өөрчлөөгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид хамаарах бөгөөд өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх эсэхийг прокурорын яллах дүгнэлтээр бүрэн гүйцэд шийдвэрлээгүй байхад шүүх шийдвэрлэсэн гэж үзэж байна.

          А.Б нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд хохирогчоос авсан нийт хохирол 37.626.000 төгрөг бөгөөд иргэний хариуцагч Х.Бын 5031128565 данс руу орсон гэх 5.950.000 төгрөг нь А.Бгийн хэрэгт хамааралгүй, харин ч ах, дүү хүмүүс өөрсдийнхөө хооронд бий болсон зээл авах гэсэн харилцаагаа илэрхийлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, А.Бгийн үйлдсэн гэмт хэрэг биш, гэмт үйлдэл болон хохирлоос хасагдах ёстой.

          А.Бгийн үйлдсэн гэмт хэргийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан үлэмж хэмжээ бөгөөд хэргийн зүйлчлэлд шууд хамааралтай гэж үзэж байна.

          А.Бгийн хохирогчид учруулсан бодит хохирол нь 37.626.000 төгрөг гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү. ...” гэв.  

            Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдгээ анхан шатны шүүх хурал болон өнөөдрийн шүүх хуралдаанд илэрхийлсэн. Мөн зүйлчлэлийн хувьд хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой байх тул дээрх асуудлыг харгалзан үзэж, А.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. ...” гэв.

          Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх талаар гомдол гаргасан. Шүүгдэгч А.Бгийн хувьд үйлдсэн хэрэг нь 2016 оны 6 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг хүртэл нийт 8 удаагийн үйлдлээр иргэн Я.Аийг хуурч мэхлэн, төөрөгдөлд оруулан залилан мэхэлсэн. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Энэ хэрэгт Налайх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ ноцтой хохирол учруулсан гэдэг байдлаар зүйлчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж мөрдөгдөж эхэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Шүүгдэгчийн хувьд учруулсан хохирол нь их хэмжээ буюу 50.000.000 төгрөгт хүрээгүй бөгөөд ноцтой хохирол гэх ойлголт нь 2015 оны Эрүүгийн хуульд нэмэгдэж орж ирсэн. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргаж байгаа анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг прокурорын хувьд эсэргүүцэх боломжгүй. Харин шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийхэд 8 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан. Учир нь шүүгдэгч А.Б нь хохирол, төлбөрөө төлнө, өмгөөлөгч сонгон авна гэх шалтгаануудаар хүсэлт гаргадаг байсан. Шүүхээс удаа дараа шүүгдэгч А.Бд боломж гаргаж өгч байсан. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хохирол, төлбөртэй холбоотой баримттай танилцсан. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийг хэрэглэж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэн зүйлчлэлийг хөнгөрүүлж, ялыг багасгахад татгалзах зүйлгүй. Учир нь шүүгдэгчийн хувийн байдал болон бусдад учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж ийм санал гаргаж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Бд холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Шүүгдэгч А.Б нь 2016 оны 9 дүгээр сарын 06-наас 2016 оны 12 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 8 удаагийн үйлдлээр хохирогч Я.Аээс нийт 43.576.000 төгрөг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

А.Б нь гэм буруугаа хүлээн мэдүүлдэг ба түүний мэдүүлэг /1хх-31-33/ нь хохирогч Я.А /1хх-14-17, 197-198/, гэрч О.Б.Э /1хх-18-21, 2хх-47/, Б.О                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        /1хх-26-27/, Д.Ц /2хх-48/, Х.Б /1хх-22-23/, А.Ж /2хх-45/, А.М  /2хх-46/ нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч А.Бгийн ХААН банкин дахь дансны хуулга /1хх-61-97/, Хас банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга /1хх-52-60/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогджээ.

Шүүгдэгч А.Бгийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үйлдэгдсэн тул прокуророос Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг баримтлан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “ноцтой хохирол учруулсан” гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс, “ноцтой хохирол учруулсан” гэх шинж нь 2002 оны Эрүүгийн хуулийн “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжид байгаагүй, 2015 оны Эрүүгийн хуульд шинээр тодорхойлсон тул А.Бгийн үйлдлийг ноцтой хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

Гэхдээ бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “А.Бг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож” шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх ба Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байдалд хамаарна.   

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Бгийн хувьд хохирогч Я.Аэд нийт 43.576.000 төгрөгийн хохирол учруулсан ба 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж хуульчилсан тул анхан шатны шүүх аль хуулийг хэрэглэж байгаагаас хамаарч, тухайн хуульд нийцүүлж хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд А.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэлээ.

Зүйлчлэл өөрчилсөнтэй холбогдуулан, А.Бг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн, А.Бгийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч нараас “... А.Бгийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх, хэрэг гарсан байдал, сэдэлт зорилго, шалтгаан нөхцөлийг нарийвчлан шалгаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү, эсхүл зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, А.Б нь 8 удаагийн үйлдлээр Я.Аийг хуурч, банкны зээл хөөцөлдөж байгаа гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос бэлэн мөнгө, гурил, ургамлын тос зэрэг зүйлийг авч, өөрийн банкны зээл, зээлийн хүүг төлж, хувийн хэрэгцээндээ ашиглаж байсан нь нотлогдон тогтоогдсон байх тул урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Мөн А.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзэв.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч З.Х, Т.М нарын гаргасан давж заалдах гомдлын “... зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэснийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх, А.Бгаас 15.826.000 төгрөгийг гаргуулан хохирогч Я.Аэд олгохоор заасан ба давж заалдах шатны шүүхээр хэрэг хянагдаж байх явцад шүүгдэгч нь дээрх хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.  

Шүүгдэгч А.Бгийн хохирол, төлбөр төлсөнтэй холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтад “Шүүгдэгч Ш овогт А.Бг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Шаргалжуут овгийн Архийн А.Бг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар А.Бд 2 жил хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,    

- 4 дэх заалтад “... Гэр бүлийн дундын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Д.Батчулууны нэр дээрх Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 19-673 тоот хаягт байршилтай, Ү-2206035820 дугаартай, 84 м.кв талбайтай хувийн сууц, Ү-2206035819 дугаартай, 100 м.кв талбайтай ажлын байр, Ү-2206035822 дугаартай 318 м.кв талбайтай үйлдвэрийн байр, 700 м.кв талбайтай Г-2206008427 дугаартай газрыг битүүмжилсэн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 147 дугаар захирамжийг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй” гэснийг “... Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Д.Батчулууны нэр дээрх Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 19-673 тоот хаягт байршилтай, Ү-2206035820 дугаартай, 84 м.кв талбайтай хувийн сууц, Ү-2206035819 дугаартай, 100 м.кв талбайтай ажлын байр, Ү-2206035822 дугаартай 318 м.кв талбайтай үйлдвэрийн байр, 700 м.кв талбайтай Г-2206008427 дугаартай газрыг битүүмжилсэн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 147 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч А.Б нь хохирогч Я.Аэд 15.826.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч З.Х, Т.М нарын гаргасан давж заалдах гомдлын “... зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

           ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

           ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН