| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2022/01689/И |
| Дугаар | 184/ШШ2023/04096 |
| Огноо | 2023-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 184/ШШ2023/04096
| 2023 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 184/ШШ2023/04096 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Өнөр хороолол, * дугаар байр * тоотод оршин суух, */-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Орбитын * дугаар гудамж* тоотод оршин суух, *4/-д холбогдох
137,989,242 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *ь, гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав* 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зуурдаар нас барсан ба энэ хугацаанд аавын минь авто засварын газар ажиллаж байсан * нь намайг болон ээж дүү бид гурвыг хууран мэхэлж грашид байсан аавын өмчлөлийн тоёота кроун *улсын дугаартай машиныг *т 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, киа пронтер * улсын дугаартай машиныг өөрийнхөө эзэмшил рүү 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус бүрд хуурамч нотариатын тэмдэг өөрөө үйлдэн бидэнд машинууд байгаа гэсээр залилан худалдан борлуулсан байдаг. * нь урд олон жил танхай дээрмийн хэргээр шоронд сууж байсан бөгөөд аавын нас барсанаас хойш намайг болон манай ээж дүүг минь илт дээрэлхэж үг хэлээр доромжлон бидний өмчлөх, өвлөх эрхэд удаа дараа дайралт хийж байсан бөгөөд бид залилан мэхлэснийг мэдсэнээс хойш Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдэгдэж шалгуулсан боловч залилан мэхэлж хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдон эрүү үүсгэн шалгагдсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир иргэний шүүхэд хандах прокурорын захирамж гарсан учир *ас Toyota crown машины 37,000,000 төгрөг, kia pronter машины 16,000,000 төгрөг тус тус гаргуулж, нийт 53,000,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.* нь төрсөн эцэг*ын үл хөдлөх эд хөрөнгө, газар зэрэг эд хөрөнгийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өвлөн авсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, *тоот хаягт байрлах 371 м.кв талбайтай автомашины граж, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж * дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн * дугаар гэрчилгээг 2019 оны 08 дугаар сарын 22-нд авсан, мөн тус хаягт байрлах 441 м.кв газрыг Нийслэлийн засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн *тоот шийдвэрээр 12 жил 1 сарын хугацаатай эзэмших болсон тул 2019 оны 7 дугаар сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч Э.* нь хариуцагч *гын нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2016 оны 7 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл нийт 41 сарын олох байсан орлого 82,000,000 төгрөгийг Г.*ас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн * дугаар шийдвэрээр 81,573,800 төгрөгийг ханган шийдвэрлэсэн боловч 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1599 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 00814 дугаар тогтоолоор сөрөг нэхэмжлэл гаргасан цаг хугацаагаар буюу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр шаардах эрх үүссэн гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч Э.* нь өвлөх эрх үүссэн үеэс болон үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмшсэн цаг хугацаанаас эхлэн хариуцагч Г.*ас өөрийн эзэмшилийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, * тоот хаягт байрлах 441 м.кв талбай газар, түүн дээр байрлах *авто засварын газрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь бусдын өмчлөл, эзэмшилийн эд хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хууль бусаар эзэмшиж ашиглан авто засварын үйл ажиллагаа эрхлэн ихээхэн хэмжээний ашиг орлого олж байсан.
Иймд хариуцагч Г.*ас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, * тоот хаягт байрлах 441 м.кв талбай газар, түүн дээр байрлах *авто засварын газрыг бусдад түрээслэсэн болон олох байсан орлого болох 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нэг сарын 2,500,000 төгрөгөөр тооцож 12 сарын хугацаанд олох байсан орлого 30,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нэг сарын 3,000,000 төгрөгөөр тооцож 23 сарын хугацаанд олох байсан орлого 80,500,000 төгрөг нийт 110,500,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Анх гаргасан нэхэмжлэлээс автомашины үнийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар тухайн 2 автомашин дээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр 2 автомашины үнэлгээ болох 27,489,000 төгрөг тогтоогдсон учир нийт нэхэмжлэлийн шаардлага болох 163,500,000 төгрөгөөс 27,489,000 төгрөгийг багасгаж нийт 136,011,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа.
Энэ хариуцагч талд холбогдуулан 2020 онд цагдаад гомдол гаргаж өгсөн. Үүний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.*д холбогдуулан дээрх 2 автомашиныг төрсөн ах* нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нас барснаас хойш 2016 оны 11 дүгээр сард бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн өөрийн болон бусдын эзэмшилд шилжүүлэн авсан нь тогтоогдсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *ь Авто засвартай холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн асуудлаар ярьж байна. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан гэж ярьж байна. Гэтэл энэ хэрэгт авагдсан материалаас харахад 69-ийн арга хэмжээ авсан нөхцөл байдал харагдахгүй байна. Би өмнөх*гын нэхэмжлэлтэй хэрэг маргааныг үзэхэд зөвхөн Э.*ын эзэмшилд байсан Ар гүнтэд байгаа 1000 м.кв талбай бүхий газрыг л битүүмжлэх үйл ажиллагаа явуулсан болохоос биш гараштай холбоотой битүүмжлэлийн үйл ажиллагаа явагдаагүй болно. Хариуцагч тал жинхэнэ хариуцагч биш гээд байгаа, жинхэнэ хариуцагч биш юм бол яагаад ахыгаа нас барсны дараа хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдын өвлөх ёстой байсан эд хөрөнгийг өөрийн мэдлээр бусдын эзэмшилд шилжүүлэн бусдын өвлөх эрхэд халдаад байгаа юм.
Э.* болон Г.*тай холбоотой хэрэг 2018 оноос хойш явагдсан. 2017 онд өвлөх эрхийн хүсэлтээ гаргаж өгсөн. Нотариатын тухай хуульд зааснаар өвлөх эрхтэй мөн эсэхийг заавал бичиг баримтаар тогтооно. Жишээ нь энэ автомашинтай холбоотой асуудлаар автомашины бичиг баримтыг албаар өгөөгүй, харин бусдад шилжүүлэн зарж, захиран зарцуулсан нөхцөл байдал үүссэн нь хэргийн материалд авагдсан байгаа юм. Энэ олох байсан орлого гээд байгаа нь *гын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Анхан шатны шүүхийн шийдвэрт бусдын өмчлөх буюу эзэмших эрхэд саад учруулсан байна гэж дүгнэсэн. Энэ хүн 2016 оноос хойш 2023 оныг хүртэлх хугацаанд аавынхаа өмчлөлд байсан эд хөрөнгийг эзэмших, өмчлөх, ашиглах, өвлөх, тус хугацаанд олох байсан орлогыг бүгдийг нь хаасан. 2017 онд өвлөх эрхийн гэрчилгээ авсны дараагаар би урьдын хэрэгт нь оролцоогүй ч гэсэн зөвлөгөө өгч байсан. Захиргааны хэргийн шүүхэд хандсан байсан нөхцөл байдал тогтоохоор *гын хэрэг биш захиргааны хэргийн хэрэг маргаан үүссэн байна. Өргөдөл гомдлыг нь ч би харж байсан. Санаатайгаар 2017 оноос хойш хэрэг маргаанд саад учруулсан. Огт байхгүй захирамжийн талаар ярих нь бидэнд ёс зүйн хувьд нийцэхгүй байна гэж үзэж байна. Үнэхээр захирамж нь байгаад гаргаад өгчихсөн бол хамаа алга. Нэхэмжлэгчийн хувьд 2018 оноос эхлээд шалгагдсан энэ үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж, ашиглаад үр шимийг нь хүртэх боломж олгоогүй. 2019 онд аргаа бараад өмчлөх эрхийн гэрчилгээг банкинд тавиад *ББСБ-с 32 сая төгрөгийн зээлийг өөрийн сургууль соёлынхоо төлбөрт төлөх санаа зорилготойгоор авсан. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхээс 76 сая төгрөг төлөх шаардлага гарсан. Энэ нь өөрөө хохирол юм шиг байгаа юм. 2016 оны 07 дугаар сараас эхлээд Г.* гэдэг хүн 2022 оны 11 дүгээр сарыг хүртэл гараашийг эзэмшиж ашиглаж, бусдад түрээслүүлж үр шимийг нь хүртээд явж байсан гэж миний зүгээс үзээд байгаа юм.Тийм учраас энэ хөөн хэлэлцэх хугацаа, шаардах эрхийн хугацаа дууссан Г.* гэдэг хүн бусдад машин зараагүй гэдэг нь огт хэрэгт авагдсан материалаар нотлогдохгүй байна. Прокурорын тогтоол дээр Г.* гэдэг хүн мэдүүлэг тайлбар өгсөн болохоос биш * гэдэг хүний мэдүүлэг тайлбар байхгүй байсан. *гийн хувьд ямар учраас гэрчийн мэдүүлэг өгөөд байгааг нь ойлгохгүй байна. Урьдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
Магадлалд *гийн эрх ашиг хөндөгдсөн талаар тодруул гэсэн байгаа. Энэ талаар тайлбар хэлэхэд * энэ жил 16 нас хүрсэн ба Америк улсад амьдардаг. Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгө дээр хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн. Өв хөрөнгийн тухайд хувь хэмжээ авах, өв хүлээн авахаас татгалзаж хүсэлт өгсөн. *гийн асран хамгаалагч буюу ээж нь энэ маргаанд хамааралгүй гээд тайлбараа бичгээр хийж өгсөн байгаа. Эрх ашиг хөндөгдөхгүй, энэ маргаанд оролцохгүй гэдгээ хэлсэн байгаа.
Хоёр авто машины нотариатын тухай хуулийн 43.2.3 дахь хэсэгт зааснаар өвлөх эрхтэй этгээд мөн болохыг нь нотлох баримт байхгүй байсан учраас хариуцагч өвлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болсон гэж үзэж байна. Г.* нь авто машин засварын газрыг өөрийн эзэмшилд байлгахын тулд л ийм ажиллагаа хийсэн. Э.* гэдэг дүү нь * гэдэг ахаасаа ч айдаг нь нэхэмжлэл дээр бичигдсэн хэсгээс харагдаж байна. Өв хүлээн авах ажиллагаанд ч мөн адил ил тодоор саад учруулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд * гэдэг хүн нэг ч удаа мэдүүлэг өгч байгаагүй. Ингэж худлаа тайлбар өгч болохгүй. Олох ёстой байсан орлого 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөс Э.* шаардах эрх үүссэн байна гэж дүгнэлт гарсан байна лээ. Э.*д байгаа шүүхийн шийдвэрээр бол шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч * нь давж заалдах гомдол гаргасны дараа Баярмаа гомдол гаргасан байна лээ. Та одоо миний үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөөд өгөх боломжгүй юм уу гэхэд чөлөөлж өгөөгүй. Яагаад та нар амьдралд дөнгөж хөл тавьж байгаа хүүхдэд авга ах нар нь байж нэг удаа боломж олгоогүй юм бэ? Миний бие олох ёстой байсан орлогыг нөхөн төлүүлэх шаардлагатай л гэж үзэж байна? Эвлэрэх талаар санал тавьж бүтэн жил тухайн үл хөдлөх хөрөнгийг ашиглахад олж болох байсан орлого 86,000,000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцье гэсэн, хариуцагч тал санал, хүсэлтийг хүлээн аваагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч, нэхэмжлэлийн шаардлагаа бол бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагч Г.* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Э.* нь өөрийн эцэг болох миний төрсөн ах*ын өв залгамжлагч гээд Toyoto crown /Тоёото кроун/ ** УНД машины үнэ болох дээрх мөнгөн дүнг нэхэмжилсэн байна. Уг тоёото кроун *машин нь тухайн үед эвдрэлтэй моторгүй машин байсан бөгөөд би өөрийн төрсөн ах *т 4,500,000 төгрөг өгч худалдаж авсан. Тухайн үед гэнэтийн золгүй явдал болж ахаасаа автомашины эзэмшигчийг шилжүүлж аваагүй байсан бөгөөд нас барснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөхөд хэн нэг нь энэ машиныг өөрөөр хэлбэл үр хүүхдийн зүгээс ямар нэгэн зүйл хэлээгүй байсан. Учир нь миний төрсөн ах* нь эхнэрээсээ салаад олон жил болсон байсан ба бидний хамтран амьдарч байсан надтай хамт бизнес хийдэг байсан. Хүүхдүүд нь ээжийн хамт амьдардаг байсан ба ямар нэгэн харилцаа холбоо байгаагүй байсан. Мөн нэхэмжилж байгаа 2 дахь машины хувьд надад ямар ч хамааралгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.*ын 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг хэргийн талаар шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн * тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн * тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 00814 тоот тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр тул хэргийг дахин хэлэлцэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч талын багасгасан шаардлага машины үнэ 27,489,242 төгрөгийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн машины эзэмшигч* нь 2016 онд нас барсан.* нас барснаас хойш өнөөдөр 2023 онд шүүх хуралдаанаар хэлэлцэж байна. Иргэний хуульд өв хүлээн авах, татгалзах үндэслэлүүдийг тодорхой заасан байдаг. Нас барснаас хойш 1 жилийн хугацаанд хүсэлтээ гаргаж өгөх ёстой ба тухайн өв хүлээн авах хүсэлтээ нотариатад гаргаж өгөөгүй. Тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол шүүхэд хугацаа сэргээлгэх үндэслэлээр хүсэлтээ өгөх ёстой байсан. Иймд Э.*ыг*ын хууль ёсны өвлөгч гэж үзэхгүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Автомашиныг Г.*ас нэхэмжлэх үндэслэлгүй. Автомашиныг зарсан эзэн нь * гэх хүн байдаг. * нь машиныг зарсан гэдгээ цагдаагийн байгууллага болон иргэний шүүхэд гэрчийн мэдүүлгээр нотолсон байдаг. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу авто машины үнийг төлөх жинхэнэ хариуцагч нь Г.* биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн энэ машины үнэ гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэмэгдүүлсэн шаардлага буюу 110,500,000 төгрөгийг Г.* төлөх үндэслэлгүй. Өмнөх эзэмшил, түрээс, гэм хортой холбоотой шүүхийн шийдвэр гарч, шүүхээр шийдсэн байдаг. Г.* нь *тай авто засварын газрыг үнэ төлбөргүйгээр ажиллуулах гэрээг хугацаагүй байгуулсан байдаг. Энэ гэрээг үндэслэн шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг гаргаж байсан. 2020 оноос хойш үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөх ёстой байсан гэдэг зүйл ярьж байна. *гын нэхэмжлэлтэй, Э.*д холбогдох хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн хугацаа нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байдаг. Давж заалдах болон хяналтын шатны гомдлыг нэхэмжлэгч болох *гын талаас гаргаж байсан. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж хэвээр хадгалагдаж байсан учраас гэрээний дагуу Г.* авто засварын газрын үйл ажиллагаагаа явуулж, олох ёстой орлогоо олоод явж байсан. Энэ ашиг орлогоо хууль ёсны дагуу олж байгаа, үүнд саад болохгүй байх талаар хүсэлт гаргасан ба хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр нь 2022 онд гарсан байдаг. Тухайн үед Э.* нь олох ёстой байсан орлогод 82,000,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байсан ба түүнийг нь шүүх хэрэгсэхгүй болгосон байдаг. Г.* нь шударга эзэмшигч байна, тухайн талбайг эзэмшиж байхдаа нэмэлтээр талбай, ус дулаан гэх хөрөнгө оруулалтуудыг хийсэн байсан. Нэмэлт хөрөнгө оруулалтын мөнгөө нэхэмжилсэн. Шүүх 82,000,000 төгрөгөөр хангаж шийдсэн байдаг. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасны дагуу шийдүүлсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөөгүй шалтгаан нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д зааснаар шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй гэж заасны дагуу хөрөнгийг засан сайжруулсан зардал болох 82,000,000 төгрөгөө гаргуулах шаардлагатай байсан. Хяналтын шатны шүүхийн тогтоол 2022 оны 06 сарын 30-ны өдөр гарч манай зүгээс 2022 оны 07 дугаар сард шийдвэрээ гардаж аваад шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас бичүүлж, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш эвлэрч, ярилцах гэж үзсэн байдаг. Төлбөр төлөгч Э.*тай уулзах гэж хандаж үзсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс тодорхой ажиллагаануудыг хийж, Э.*ыг эрэн сурвалжлахдаа тулаад итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулъя гэх хариуг өгсөн байдаг. 2022 оны 10 сарын 31-ний өдөр * өмгөөлөгч өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Э.*ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож эхэлсэн. Манай зүгээс 82,000,000 төгрөгөө нэхэмжлэгч Э.*аас өнөөдрийг хүртэл гаргуулж авч чадаагүй байгаа. Одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Хариуцагч *гыг шударга эзэмшигч биш, дүү нартаа үл хөдлөх эд хөрөнгийг нь өгөх ёстой байсан гэдэг нь үндэслэлгүй байна. Тухайн объектыг хариуцагч худалдаж авсан гэх шалтгаанаар ашиглаж байсан гэрээ, холбогдох материалуудыг өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай гаргаж өгсөн байдаг. Үүний дагуу хүсэлтээ гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Э.*ын тухайд *гын эзэмшлээс хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах хүсэлтээ 2022 оны 09 дүгээр сарын үед өгсөн байсан. *гын зүгээс шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээж авсан өдөр нь үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгсөн байдаг. Хугацааны хувьд харахад ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр эзэмшсэн, ашигласан гэх зүйл харагдахгүй байгаа учраас олох ёстой орлого 110,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Эрүүгийн хэрэгт авагдсан баримтаар 2 автомашины тухайд Г.* бол машиныг зараагүй, өгөөгүй, захиран зарцуулаагүй гэж мэдүүлсэн мөн гэрчийн мэдүүлэг хүртэл авагдсан. Харин * бол өөрөө энэ машиныг авсан, зарсан, захиран зарцуулсан гэдгээ гэрчийн мэдүүлгээр хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед цагдаагийн газарт нэхэмжлэгч тал *гыг машиныг зарсан гэж гомдол гаргасан. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хаасан. Эрүүгийн хавтаст хэрэгт *гын мэдүүлэг байгаа. Түүнд * миний бичиг баримтыг авч яваад машины нэрийг шилжүүлчихсэн гэсэн байдаг. Эдгээр машинуудын үнийг яагаад төлөх үндэслэл байхгүй вэ гэхээр Г.* зарсан машинуудын мөнгийг анхнаасаа аваагүй учир төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас харахад хариуцагч нь зөвхөн * юм байна гэж харагдаж байна. Гэрч * энэ удаагийн хурал болон өмнөх хурал дээр тухайн машинуудыг өөрөө авсан зарсан гэдгээ гэрчийн мэдүүлгээр өгсөн.
Олох ёстой байсан орлогод тооцон нэхэмжилж байгаа шаардлагын тухайд нэмж тайлбарлахап *гыг тухайн объект дээр хууль бусаар эзэмшиж байсан эсэхийг нотлуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. Нэхэмжлэлийн агуулга эзэмшигчээр тогтоолгуулах, оруулсан хөрөнгө оруулалт буюу 253,000,000 төгрөг гаргуулах гэсэн хоёр үндсэн шаардлагыг хүргүүлсэн. Энэ хэрэг маргаан нь эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй. Давж заалдах хяналтын шатны шүүх нь хамгийн сүүлд 2022 оны 06 дугаар сарын 30-нд гарсан. Тэгэхээр энэ хугацаанд олох байсан орлогыг нэхэмжлэх нь ямар ч үндэслэлгүй гэж үзээд байна. Өөрөөр хэлбэл авто засвартай байгуулсан 06 дугаар сарын 09-ны өдрийн гэрээг байгуулсан тухайн гэрээн дээр*аас Г.* руу үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглахыг зөвшөөрсөн гэрээ байгуулагдсан байгаа юм. Өмнөх үйл явдал нэгэнт тодорхой болсон тул дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна.
Г.* хөрөнгө оруулалт болох 82,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авах ёстой байсан. Энэ хөрөнгийг олгох хүртэл хугацаагаар авто гараашийг чөлөөлж өгөхгүй байх эрхтэйгээр гэрээ хийсэн. Гэсэн хэдий ч 2022 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас холбогдож шүүхийн шийдвэр гардуулахад тухайн газрыг чөлөөлж өгсөн. Тиймээс дээрх саруудын зөрүү төлбөрийг хөрөнгө оруулалтын өр авлагад тооцсон.
Анхнаасаа*, Баярмаа нар салахдаа өмч хөрөнгөө хувааж аваад салсан. Үүний дараагаар*, Г.* хамтарч ажиллахаар хөрөнгө нийлүүлсэн. Г.* авто засварыг ажиллуулж эхлэхдээ өөрөөсөө нийлээд их хэмжээний хөрөнгө гаргасан байдаг. Авто засварыг нээснээс хойш Г.* өөрөө ажиллуулж эхэлсэн. Яагаад гэвэл өөрөө засварчин байсан учраас.*ыг нас барсан дараа Г.* хохирч үлдсэн. Өөрөө оруулсан өч төчнөөн төгрөгийн хөрөнгөө авч чадаагүй. Нэхэмжлэгч оруулсан хөрөнгө ч байхгүй хирнээ зөвхөн өв залгамжлагч гээд ороод ирчихсэн. Өргөтгөл барьсан, ус дулаан холбосон, бүх хөрөнгүүдийг Г.* өөрөө гаргасан. Гаргасан хөрөнгөө буцааж аваад үл хөдлөх эд хөрөнгийг чинь суллаж буцааж өгье гэдэг үндэслэлийг Г.* бол гаргадаг. Харин хүүхдүүдийн хувьд хүлээн зөвшөөрч байгаагүй мөн хүүхдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баярмаа гэдэг хүн оруулсан хөрөнгө оруулалтыг чинь би хэзээ ч өгөхгүй, би хуулийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлнэ гэсэн. Одоо энэ хүн гудамжинд байгаа яагаад өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулсан мөнгийг нь гаргаад өгч чадахгүй байгаа юм бэ. Үл хөдлөх эд хөрөнгийн хүлээлгэж өгсөн шүү дээ. Хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад олох ёстой байсан орлогыг яагаад нөхөн төлөх шаардлагатай юм. Хоёрдугаарт 2 машины асуудал дээр энэ хүн нэгэнт тэр машиныг аваагүй, бусдад худалдсан төлбөрийг ч мөн адил аваагүй. Яагаад энэ хэргийг жинхэнэ хариуцагчид нь холбогдуулж чадаагүй юм. Миний ойлгож байгаагаар шүүхийн шийдвэрээр гарсан 82,000,000 төгрөгийг төлж барагдуулахын тулд Г.*тай холбоотойгоор удаа дараа нэхэмжлэл гаргадаг байх гэж үзэж байна. *гын хувьд 82,000,000 төгрөгийг нь шийдвэр гүйцэтгэлийг нь хаагаад төлсөнд тооцоод өгье, харин нэгхэн жил авто засварын газрыг надад ашиглуулаач гэсэн саналыг тавьсан байдаг. Энэ бас л байж болох санал шүү дээ. Их хэмжээний хөрөнгө мөнгөөр хөрөнгө оруулсан хүн юм чинь. 200 м.кв талбай байхад нь 214 м.кв талбай болгож талбайг нь өргөтгөсөн. Энэ хүн хохирч үлдэх ёсгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна гэв.
Хэрэгт авагдсан бичгийн баримтуудын дурдвал: Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.*аас *д олгосон итгэмжлэл, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Автомашин худалдах, худалдан авах 2016.11.13-ны өдрийн гэрээний хуулбар, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, * улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Автомашин худалдах, худалдан авах 2016.10.04-ний өдрийн гэрээний хуулбар, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, * улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Э.*ын иргэний үнэмлэхний хуулбар,*ын нас барсны гэрчилгээний хуулбар, Э.*ын төрсний болон иргэний үнэмлэхний хуулбар, Тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчийн лавлагааны хуулбар, * дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, * дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Нэгж талбарын * дугаартай газар эзэмших гэрчилгээний хуулбар, Нэгж талбарын *дугаартай газар эзэмших гэрчилгээний хуулбар, Э.*аас *д олгосон итгэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамжид 710,450 төгрөг төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.29-ний өдрийн * дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 1599 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.06.30-ны өдрийн * дугаар тогтоолын хуулбар, *г гэрчээр асуусан тэмдэглэлийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, Буфа үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 11-ний өдрийн * дугаар шийдвэр, *гийн хууль ёсны төлөөлөгч *гийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Өв залгамжлах тухай хүсэлт, *гийн оршин суугаа хаягийн талаарх *хорооны Засаг даргын 2023.08.31-ний өдрийн *дугаартай тодорхойлолт зэргийг гаргасан.
Хариуцагч талаас: Г.*ас * олгосон итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.01.07-ны өдрийн * дугаар захирамжийн хуулбар, Шүүхийн 2022.08.05-ны өдрийн * дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.08.05-ны өдрийн *угаар захирамжийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Э.*аас *д олгосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.06.30-ны өдрийн *дугаар тогтоолын хуулбар, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол зэрэг баримтуудыг гарган ирүүлсэн.
Шүүхийн журмаар: Монголын Нотариатчидын танхимын 2022.05.19-ний өдрийн 369 дугаартай албан бичиг, Авто тээврийн үндэсний төвийн 2022.05.17-ны өдрийн 314 дугаартай албан бичиг болон түүний хавсралтууд, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022.05.18-ны өдрийн *дугаартай албан бичиг болон түүний хавсралтууд, *ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.* нь хариуцагч Г.*д холбогдуулан 137,989,242 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримт хэсгийг нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.* нь хариуцагч Г.*д холбогдуулан машины үнэ 53,000,000 төгрөг, хариуцагч нэхэмжлэгчийн хөрөнгийг 2019 оны 12 дугаар 24-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хууль бусаар эзэмшилдээ байлгаснаас олох ёстой орлогод тооцон 110,500,000 төгрөг, нийт 163,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2 автомашины үнэ 53,000,000 төгрөгийн шаардлагаа 25,510,758 төгрөгөөр багасгаж, 27,489,242 төгрөгийг автомашины үнэд, олох ёстой байсан орлогод 110,500,000 төгрөг, нийт 137,989,242 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Шүүх хэргийг нэхэмжлэгчийн багасгасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн автомашины үнэ 27,489,242 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь ...аав*ын эзэмшиж байсан 2 автомашиныг өвлөн авах хүсэлт гаргах гэсэн боловч Г.* нь хуурамч бичиг баримт үйлдэж тухайн машинуудыг бусдад шилжүүлсэн тул өвлөн авах ёстой хөрөнгийн үнэ болох 27,489,242 төгрөгийг гаргуулна... хэмээн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагч нь ...тоёота кроун * УБС машин нь тухайн үед эвдрэлтэй моторгүй машин байсан бөгөөд төрсөн ах *т 4,500,000 төгрөг өгч худалдаж авсан. Тухайн үед гэнэтийн золгүй явдал болж ахаасаа автомашины эзэмшигчийг шилжүүлж аваагүй байсан, 2 дахь машины хувьд өөрт нь хамааралгүй, *гийн машин байсан тул хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ...Э.* нь тухайн 2 автомашиныг өвлөх хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй, авто машиныг зарсан эзэн нь * гэх хүн байдаг, Г.* жинхэнэ хариуцагч нь биш... хэмээн маргав.
Нэхэмжлэгч Э.* нь*ын төрсөн хүү бөгөөд түүний аав болох* нь 2016 оны 07 сарын 07-ны өдөр нас барсан байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд Э.* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагч*ын хууль ёсны өвлөгч мөн юм. Тиймээс тэрээр аав*ын хөрөнгийг хуульд зааснаар өвлөх эрхтэй. /хх-42х/
Түүнчлэн нэхэмжлэгч Э.*ын төрсөн дүү болох *ын * нь түүнтэй ижил өвлөгч мөн боловч нэхэмжлэлээр шаардаж буй автомашины үнийг нэхэмжлэгч Э.* шаардан авахад татгалзах зүйлгүй, энэ талаар санал хүсэлтгүй гэх тайлбарыг түүнийг хууль ёсны төлөөлөгч *гаас шүүхэд бичгээр гарган ирүүлж, өвлөгч *гийн төрсний гэрчилгээ болон төрсний лавлагааны хуулбар, өв залгамжлах тухай хүсэлтийн хуулбар зэргийг хавсарган ирүүлсэн байна. *, түүний хууль ёсны төлөөлөгч нар автомашины үнийг шаардах эрхтэй холбогдуулан эрх ашиг хөндөгдсөн гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар хүсэлт гаргаагүй, зохигч энэ талаар маргахгүй байна.
Маргааны зүйл болсон 2 автомашины тухайд* /нас барагч/ нь киа пронтер маркийн * автомашиныг 2014 оны 08 сарын 18-ны өдрөөс, тоёота кроун маркийн *УБС автомашиныг 2015 оны 09 сарын 14-ний өдрөөс тус тус эзэмшиж байсан болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 05 сарын 17-ны өдрийн 314 тоот лавлагаагаар тогтоогдож байна. /хх-58-60х/ Түүнээс хойш буюу 2016 оны 10 сарын 05-ны өдөр тоёота кроун маркийн *УБС улсын дугаартай автомашиныг *гын эзэмшилд, 2016 оны 11 сарын 15-ны өдөр киа пронтер маркийн 2296УНД улсын дугаартай автомашиныг 2016 оны 11 сарын 15-ны өдөр *ын эзэмшилд Автомашин худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр тус тус шилжүүлжээ. /хх 7-12, 58-60х/
Дээрх 2016 оны 10 сарын 04-ний өдрийн, мөн 2016 оны 11 сарын 13-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г худалдагч талаас*, түүний нэрээр хийгдсэн байх хэдий боловч* нь 2016 оны 07 сарын 07-ны өдөр нас барсан, цаг хугацааны хувьд түүнийг нас барснаас хойш түүний нэрээр хийгджээ.
Талууд дээрх үйл баримтын талаар маргадаггүй, хариуцагч Г.*, гэрч * нар дээрх гэрээнүүдийг талийгаач ах*ын бичиг баримт, автомашины гэрчилгээ байсан учир бичиг баримтыг ашиглан гэрээг түүний өмнөөс байгуулан, нотариатаар батлуулсан, гэхдээ гэрээ байгуулж автомашины эзэмшилийг шилжүүлэхээс өмнө автомашинууд өөрсдийнх нь эзэмшил, өмчлөлд шилжсэн байсан, үнийг төлж авсан, нас барахаас өмнө өр төлбөртөө суутган тооцоо дуусгасан учир бидний өмчлөлийн хөрөнгө учир захиран зарцуулах эрхтэй гэсэн агуулгатай тайлбар мэдүүлэг гаргаж, үнийг төлөх үүрэггүй, нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж маргаж байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 715 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, мөн газрын 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 5/781 тоот хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 01 сарын 31-ний өдөр эрүүгийн хэрэгт *гын өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээр Г.* нь автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэхээр автомашин худалдах, худалдан авах гэрээ буюу эрх олгосон баримт бичгийг нас барсан*тай үйлдсэн мэтээр хуурамч бичиг баримт үйлдэж, нотариатчаар гэрчлүүлэн автомашинуудыг өөрийн болон *ын нэр дээр шилжүүлэн авсан болох нь тогтоогджээ. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн талаар прокурорын газрын тогтоол, хариу мэдэгдэх хуудас зэрэгт тодорхой тусгажээ. /хх-5,6,62,63,71,72х/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Г.* энэхүү хэргийн жинхэнэ хариуцагч биш, * нь машиныг зарсан гэдгээ цагдаагийн байгууллага болон иргэний шүүхэд гэрчийн мэдүүлгээр нотолсон байдаг хэмээн маргадаг ба гэрч * шүүх хуралдаанд гэрчээр оролцон өгсөн мэдүүлэгтээ ...* УБС улсын дугаартай Toyota crown, болон пронтер автомашиныг машиныг би зарж мөнгийг авсан, би тэр үед цахим үнэмлэхгүй байсан болохоор *гын нэр дээр нь шилжүүлээд би зарсан, 2 автомашиныг таньдаг хүнээрээ нэрийг нь шилжүүлээд авчихсан, тухайн нотариат яаж шилжүүлсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. ... Toyota crown маркийн машиныг зарахад * мэдэж байгаа, бид хоёрын хооронд өглөг авлага байсан болохоор би өрөндөө авсан. ... Завханы хүнд зарсан, олон жилийн өмнөх явдал болохоор нэрийг нь сайн санахгүй байна. ... автомашинуудыг бичиг баримтууд нь эх хувиараа байсан. Гэрчилгээ нь машин дотор нь байсан..., ...портер машин нь минийх, талийгчийг нас барахаас өмнө бид хамтарч юм хийдэг байсан, нас барахын өмнө бид ноосны мөнгө өгөөд гэрээ байгуулсан байсан. Тэрэндээ суутгаж авсан. Ер нь талийгаач бид 2-ын дунд өр авлагын зүйл байсан, би талийгчаас ойролцоогоор 15,000,000 төгрөгийн өр төлбөр авах байсан, нэг нь ноос нэг нь пронтерийн өр байсан... гэж мэдүүлдэг ч энэ мэдүүлэг тайлбар нь баримтаар тогтоогддоггүй, хариуцагч Г.* болон гэрч * нарын хооронд өр авлага байсан, тооцоо хийсэн гэх баримт болон талийгаач ах*аас автомашиныг өр төлбөрт суутган авсан талаар болон ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан, эзэмшил шилжсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч Г.*, гэрч * нарын хоорондын өр авлага, тооцоотой байх нь нэхэмжлэгчийг шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд хэргийн нотлох баримт нь нотолгооны хэрэгсэлээр тогтоогддог.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
Шүүхээс талуудад нотлох баримт бүрдүүлж цуглуулах талаар бүхий л боломжит хугацааг олгосон бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул татгалзал нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Г.* уг 2 автомашинтай холбоотой шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг ч энэ талаарх татгалзалаа нотолсон баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй байна.
Түүнчлэн хариуцагч талаас нэхэмжлэгч Э.*ыг хуульд заасан хугацаанд 2 автомашиныг өвлөх хүсэлтээ нотариатчид гаргаагүй гэж маргадаг ба Монголын Нотариатчдын танхимын 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 709 тоот лавлагааны хариугаар нэхэмжлэгч нь автомашин өвлөх хүсэлтийг нотариатчид бичгээр гаргаагүй байна. /хх-74х/
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг-ийг үндэслэн өв нээгдсэн газрын нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор заасан ба нас барагчийг нас барснаас 3-4 сарын дотор хариуцагч Г.* нь 2 автомашиныг бусдад шилжүүлсэн тул өв хүлээн авагч болох Э.* нь өөрийн эцгийн эзэмшлийн хөрөнгө болохыг нотлох бичиг баримтгүйгээс үүдэн хуулийн дээрх зохицуулалтад зааснаар автомашиныг өвлөх хүсэлтийг гаргах боломжгүй байжээ.
Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Г.* нь өвлөгчийн өвлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулснаар нэхэмжлэгч өвлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон болох нь тогтоогдож байна. Тиймээс тэрээр машины үнийг шаардах эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий автомашинуудын зах зээлийн үнэлгээг худалдан борлуулагдсан он болох 2016 оны 11 сарын байдлаар тогтоолгох хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ба хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК нь киа пронтер маркийн машины үнэлгээг 7,653,800 төгрөг, тоёота кроун машиныг 19,835,442 төгрөг хэмээн зах зээлийн үнэлгээг тогтоосон. /хх-81-90х/
Нэхэмжлэгч нь машины үнэд 53,000,000 төгрөг шаардсан шаардлагаа дээрх хөрөнгийн үнэлгээг үндэслэн 27,489,242 төгрөг болгон багасгасан бөгөөд хариуцагч талаас хөрөнгийн үнэлгээний талаар маргаагүй.
Тиймээс хариуцагч Г.*ас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн өвлөх эд хөрөнгийн үнэ болох 27,489,242 төгрөгийг гаргуулан өвлөгч болох Э.*д олгох хууль зүйн үндэслэлтэй.
Олох ёстой байсан орлогод тооцон нэхэмжилж буй 110,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Э.* нь эцэг*ын өв хөрөнгийг хуульд зааснаар өвлөн авсан байх ба Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хилийн цэргийн хотхоны нэгдүгээр гудамжны 70 тоот хаягт байрлах 441 м.кв газар, мөн хаягт байрлах 371 м.кв талбайтай автомашины граш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж, улсын бүртгэлд бүртгэгджээ. /хх-45,46х/
Нэхэмжлэгч нь хариуцагч *гыг дээр дурдаж буй 441м.кв газар, түүн дээр байрлах авто засварын газрыг хууль бусаар эзэмшилдээ байлгасны улмаас олох ёстой байсан орлогоор хохирсон гэж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд сарын 2,500,000 төгрөгөөр тооцож 40,000,000 төгрөг, 2020 оны 12-р сарын 24-ний өдрөөс 2022 оны 11-р сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд сарын 3,000,000 төгрөгөөр тооцож 80,500,000 төгрөг, нийт 110,500,000 төгрөгийг олох ёстой байсан орлогод тооцож нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2019 оны 12 сарын 24-ний өдөр хариуцагчийн хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардсан хугацаанаас олох ёстой байсан орлогыг шаардах эрх үүссэн гэж тайлбарладаг бол, хариуцагчаас Э.* нь 3 шатны шүүхээр маргаснаас хариуцагчийн эзэмшилд байсан маргаан бүхий хөрөнгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан даруйд хүлээлгэж өгсөн тул тэр хүртэл *гын эзэмшил хууль ёсны байсан хэмээн татгалзлаа тайлбарлаж мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар 29-ний өдрийн * дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.22-ны өдрийн 1599 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.06.30-ны өдрийн 0* дугаар тогтоолоор *гын нэхэмжлэлтэй, Э.*д холбогдох Өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд 73,420,000 төгрөг гаргуулах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 441 м.кв газарт засварын газар барьж тохижуулахад гарсан зардал 150,000,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 10.000 м.кв зуслангийн зориулалттай газарт барьсан хашааны зардал 17,000,000 төгрөг, хашааны манаачийн цалин, хөлсөнд 12,600,000 төгрөг, нийт 253,020,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус эзэмшигчийг өөрийн өмчлөлийн объектоос албадан гаргуулахыг даалгах, хууль бус эзэмшилтэй холбоотой болон хууль бусаар эзэмшиж байсан авто засварын газар, орон сууцтай холбогдуулан учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого нийт 100,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэжээ. /хх-103-139х/
Давж заалдах шатны шүүхийн магадлалаар, ...хариуцагч Г.* нь уг газар, объектыг*тай 2016 оны 06 сарын 9-ний өдөр байгуулсан Авто засварын газрын гэрээ-ний дагуу ашиглаж Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах эрхийг гэрээгээр олж авсан, гэрээнд талууд эд хөрөнгө ашиглах хугацааг заагаагүй байх бөгөөд гэрээ дуусгавар болох Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1, 240 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй, өвлүүлэгчийн хөрөнгө нь өвлөгчид шилжиж, газар объектыг суллахыг шаардах хүртэл гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан гэж үзэн *гыг 2019 оны 12 сарын 24-нийг хүртэлх хугацаанд хууль бусаар бусдын өмчлөх эрхэд саад болсон үйлдэл гаргасан гэж үзэхгүй талаар дүгнэжээ.
Хариуцагч Г.* нь маргаан бүхий газар объектыг хууль бусаар эзэмшиж байсан эсэх маргааныг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 0* дугаар тогтоолоор 2022.06.30-ны өдөр эцэслэн шийдвэрлэж, түүний эзэмшлээс хөрөнгийг албадан гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2022 оны 11 сар 16-ны өдөр дуусгавар болсон болох нь тогтоогдож байна. /хх-154х/
Талууд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох гараж, автозасварын газрыг 2022 оны 11 сард чөлөөлсөн гэх хугацаа болон үйл баримтын талаар маргадаггүй.
Нэхэмжлэгч Э.* нь дээрх маргаан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд буюу хэрэг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж байх хугацааны олох ёстой байсан орлогыг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч *гын эзэмшил гэрээний үндсэн дээр байсан болох нь хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэх бөгөөд дээрх хугацаанд бусдад түрээслэсэн бол олох ёстой байсан орлогод тооцон нэхэмжилж буй шаардлагатай холбогдуулан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул шүүхээс үүнтэй холбоотой дахин дүгнэлт хийх шаардлагагүй юм.
Харин дээрх
Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.06.30-ны өдрийн 0* дугаар тогтоол гарч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаа буюу үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх ажиллагаа хийгдэж дуусгавар болж, обьектийг хариуцагчаас нэхэмжлэгчид чөлөөлөн өгсөн өдөр буюу 2022 оны 11 сар хүртэл хугацаагаар хариуцагчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгаж, ашиглаж байсан хугацааны орох ёстой байсан орлого, ашиг үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч дээрх хугацаанд хамаарагдах 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 11-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлогыг 1 сарын 3 сая төгрөгөөр тооцон 23 сарын хугацаанд олох ёстой байсан орлого хэмээн 80,500,000 төгрөг нэхэмжилдэг ба энэхүү шаардлагад холбогдуулан шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр автомашины гараж, засварын газрын түрээсийн орлогыг 2019 оны 11 сараас 2022 оны 12 сарын байдлаар тогтоолгохоор шинжээч томилсон ба хөрөнгийн үнэлгээний *Үнэлгээ ХХК нь 371 м.кв талбайтай автомашины граш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 сараас 2022 оны 12 сар хүртэл хугацааны түрээсийн орлого 176,860,000 төгрөг, үнэлж буй хөрөнгийн түрээсийн зах зээлийн үнэ цэнэ 6,283,305.66 гэж тогтоосон. /хх-156-171х/
Хариуцагч нь дээрх нэхэмжлэгчийн автомашины гараж, засварын газрыг бусдад түрээслэсэн бол олох ёстой байсан орлогыг сарын 3,000,000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар маргадаггүй.
Тиймээс Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч Э.*ын хариуцагч Г.*д холбогдуулан гаргасан олох ёстой байсан орлого 110,500,000 төгрөг гаргуулах шаардлагаас 2022 оны 6 дугаар сары 30-ны өдрөөс 2022 оны 11 сар хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлогыг 1 сарын 3 сая төгрөгөөр тооцон нийт 4 сарын хугацааны орлогод тооцон 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Г.*ас автомашины үнэд тооцон нэхэмжилсэн 27,489,242 төгрөгийн шаардлагыг, автомашины гараж, засварын газрыг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 11 сар хүртэлх хугацаанд бусдад түрээслэсэн бол олох ёстой байсан орлогод тооцон 12,000,000 төгрөгийг, нийт 39,489,242 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*д олгож, нэхэмжлэлээс үлдэх 98,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 422,950+710,450=1,133,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39,489,242 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 355,396 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Г.*ас 39,489,242 /гучин есөн сая дөрвөн зуун наян есөн мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*д олгож, нэхэмжлэлээс үлдэх 98,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,133,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*ас улсын тэмдэгтийн хураамжид 355,396 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН