Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00227

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00227

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02594 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *****болон***** ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 136,971,401 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *****-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, хариуцагч Г.Баттулгын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч *****нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-тай ЗГ190398 дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээг байгуулж, 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлсэн.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож***** ХХК-ийн Төв аймаг, Сэргэлэн сум,  тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-14хххххдугаар, 100.4 м.кв талбайтай хувийн сууц гараашийн зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 186ххххххх дугаар, 19 га талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийг тус тус барьцаалсан.

Хариуцагч *****гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлд 80,000,000 төгрөг, зээлийн хүүд 56,080,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 891,401 төгрөг, нийт 136,971 401 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө***** ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Мөн манай байгууллага зээлийн гэрээний дагуу мөнгийг*****-д шилжүүлсэн.

*****Их могол жапан ХХК-ийн захирал Б.Б нарын өр төлбөрийн асуудал зээлийн гэрээнд хамааралгүй гэжээ.

 

2.Хариуцагч *****-ын тайлбарын агуулга:***** ХХК-ийн захирал Б.Б хүсэлтээр ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, тус компанийн эзэмшлийн Төв аймаг, Сэргэлэн сум,  тоот хаягт байрлах 19 а газар 100.4 мкв 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг тус тус барьцаалан 80,000,000 төгрөг зээлж, бүхэлд нь Б.Б өгсөн. Надад зээл авах хүсэл зориг байгаагүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Би дээрх зээлийн мөнгөний зарцуулалтанд оролцоогүй учир үндсэн зээл болон зээлийн хүү, алдангийг төлөх үүрэггүй. Иймд миний бие хариуцагчаар оролцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч***** ХХК-ийн тайлбарын агуулга: Манай компани 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Төв аймгийн Сэргэлэн сумын тоот хаягт байрлалтай 19 га газар дээр таун хаус болон сингл хаусаас бүрдэх бүрэн хэмжээний цогцолбор барих төслийн ажлыг эхлүүлсэн.

Төслийг хэрэгжүүлэх явцад хөрөнгө тасалдсаны улмаас танил ах Г.Б хандсан. *****нь танайд хөрөнгө оруулалт аваад өгье, чи газраа барьцаалаад надад зээл аваад өгчих гэж хэлсэн.

Тухайн үед барилгын ажлыг яаралтай үргэлжлүүлэх шаардлагатай байсан учраас Г.Б итгээд Төв аймгийн Сэргэлэн сумын тоот хаягт байрлалтай 19 га газрыг ******* ХХК-д барьцаалсан. *****нь зээлийн 80,000,000 төгрөгийг аваад сураггүй алга болсон. Үүнээс болж манай компанийн төслийн ажил зогсонги байдалд орж алдагдал хүлээсэн. Энэ асуудлаар захирал Б.Б нь Төв аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан бөгөөд *****нь залилангийн хэргээр шалгагдаж байгаа. Манай компани мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *****-аас зээлийн гэрээний үүрэгт 136,971,401.37 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *****нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл хариуцагч***** ХХК-ийн зээлийн барьцааны гэрээнд заасан***** ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Сэргэлэн сум, тоот хаягт байрлах, 100.4 мкв талбай бүхий Г-ххххх улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны 30 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 19 га газар эзэмших эрх зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,030,917 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ***-аас улсын тэмдэгтийн хураамжид 842,807 төгрөгийг гаргуулж, хариуцагч***** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Хариуцагч Г.Б зээлийн төлбөр 136,971,401.37 төгрөгийг бүхэлд гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт **** ХХК-ийн захирал Б.Бнь уг зээлийн асуудлаар эрүүгийн журмаар гомдол гаргаж шалгуулсан байдаг. Г.Б цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр тухайн үед Б.Б өөрөө зээл авах боломжгүй байсан тул Г.Б  **** ХХК-ийг захирлаар бүртгүүлэн зээл авахуулж, мөнгийг өгсөн талаар, мөн Б.Б нь ******* ХХК-ийн зээлийг барагдуулах талаар ярьж хэлж байсан гэж мэдүүлдэг байдаг.

Энэ талаарх баримтыг шүүхийн журмаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас гаргуулахаар хүсэлт гаргасан боловч прокурорын тогтоолд тодорхой бичигдсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Дээрх баримтууд нь Их монгол жапан ХХК-ийн захирал Б.Б зээл авсан болохыг нотлох ач холбогдолтой баримт. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэж чадсангүй гэж үзэж гомдолтой байна гэжээ.

7.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Талуудын хооронд хуульд заасан үндэслэлийн дагуу зээлдэгч Б.Бгэрээ байгуулж, Их монгол жапан ХХК-ийн хөрөнгийг барьцаалсан. Гэрээг талууд хуульд заасны дагуу бичгээр байгуулж, холбогдох хуулийн этгээдэд бүртгүүлж, баталгаажуулсан. Хариуцагч тал удаа дараа төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийдэг. Энэ хэргийг өмнө нь давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Г.Б, Б.Б нарын хооронд маргаантай асуудал байгаа бол иргэд хоорондын асуудлаа тусад нь шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ үндэслэл бүхий хүчин төгөлдөр байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч Г.Битгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 136,971,401 төгрөг гаргуулах, хариуцагч***** ХХК-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус нэхэмжилснийг хариуцагч *****...***** ХХК-ийн захирал Б.Б хүсэлтээр зээл авч өгсөн, зээлийн мөнгөний зарцуулалтад оролцоогүй гэж, хариуцагч***** ХХК-ийн хувьд ...манай компани мөнгө аваагүй гэх үндэслэлийг тус тус заан эс зөвшөөрч, маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Г.Баттулга, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ190398 дугаартай зээлийн гэрээ, зээлдэгч Г.Б 16ххххх дугаар данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 80,000,000 төгрөг шилжүүлсэн тухай Голомт банк ХХК-ийн мемориалын баримт, мөн хариуцагч Г.Б... хөрөнгийг барьцаалан 80,000,000 төгрөгийн зээл авсан, тус зээлийн дүн болох 80,000,000 төгрөгийг***** ХХК-ийн захирал Б.Бхүлээлгэн өгсөн ... гэх тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Г.Б, ******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Тодруулбал, ******* ХХК, *****нар нь зээлийн гэрээний нөхцөл, агуулгыг өөрсдөө тодорхойлж гарын үсгээ зурж баталгаажуулсан, тэрээр зээлдүүлэгч нь гэрээнд заасан зээлийн хөрөнгийн хүлээн авах Г.Б Голомт банкны 160хххх тоот данс руу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байна. Ингэснээр тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дах хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Хариуцагч *****нь уг мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулж, хэнд шилжүүлсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгт нөлөөлөхгүй.

Мөн***** ХХК-ийн захирал Б.Б гомдлоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан эрүүгийн хэрэгт түүний хохирогчоор өгч байсан мэдүүлэг нь ******* ХХК, *****нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа, гэрээний үүргийг тодорхойлоход ач холбогдолгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх, үнэлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Талууд гэрээ байгуулахдаа гэрээний чөлөөт байдлын зарчим зөрчөөгүй, гэрээний агуулга нь Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нийцсэн байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх учир гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

4.Талууд гэрээгээр 80,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *****нь гэрээний хавсралтаар баталгаажуулсан эргэн төлөх хуваарийн дагуу мөнгөн хөрөнгийг, хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-8/ Хариуцагч тал энэ үүргээ биелүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэгчээс шаардсан зээлийн үүргийн дүнг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Г.Баттулгаас зээлийн гэрээний үүрэгт 136,971,401 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

5.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч***** ХХК-д холбогдуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

******* ХХК, *****нарын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ190398 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож,***** ХХК нь өөрийн өмчлөлийн Төв аймаг, Сэргэлэн сум,  тоот хаягт байрлах, 100.4 м.кв талбай бүхий Г-000ххх улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны 30 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 19 га газар эзэмших эрхээ ******* ХХК-д барьцаалахаар мөн өдрөө ИГ1105116360Б дугаартай Ипотекийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх9-8,14,15/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ учир тэдгээрийн хооронд барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч *****нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй. Анхан шатны шүүх уг шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн, энэ шийдвэрт хариуцагч***** ХХК гомдол гаргаагүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02594 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Баттулгын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 842,807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД