Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 625

 

Д.Д, Д.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 641 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 934 дүгээр магадлалтай, Д.Д, Д.Э нарт холбогдох 1905023720724 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дын Д,

2.Монгол Улсын иргэн, 1969 оны 6 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хар дэлт овогт Дын Э нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Эад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Д.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хар дэлт овгийн Дын Эад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийн “...Д.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийг хэрэглээгүй...” гэх хэсгийг хүлээн авч, “...Д.Эыг цагаатгаж шийдвэрлэсэн хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзориг бичсэн эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоол, магадлал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь хавтас хэрэгт цугларсан:

-Хохирогч Д.Эын “...би гэрлэн дохион дээр очоод зогстол үгийн зөрүүгүй ирээд зүүн чих рүү гараараа нэг удаа цохисон ба гарыг нь бариад автал зүүн гарыг арагш дараад хоолой боох гээд байсан, чи яагаад хүн цохиж байгаа юм гэтэл дохио өгөөд явж чаддаггүй юм уу гээд дахиад гараараа нүүр лүү цохиод авсан..." гэх мэдүүлэг,

-Хохирогч Д.Дын “...би машинаас буугаад явж очоод яаж яваад байгаа юм бэ гэхэд өөдөөс дайраад зуурсан, би цааш нь түлхсэн, гэтэл зүүн талын цамцнаас зуураад толгой руу гараараа 2 удаа цохисон, би зүүн гараараа мөр рүү нь нэг удаа цохисон, өөр зодоон цохион болоогүй...” гэх мэдүүлэг,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6675 тоот шинжээчийн “Д.Эын биед уруулын няцарсан шарх, шүд суларсан, мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 6741 тоот шинжээчийн “Д.Дын биед тархи доргилт, баруун хацрын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон байхад шийтгэх тогтоол, магадлалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Д.Эыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл Д.Дын хохирогч болон яллагдагчаар мэдүүлсэн “...би машинаас буугаад явж очоод яаж яваад байгаа юм бэ гэхэд өөдөөс дайраад зуурсан, би цааш нь түлхсэн гэтэл зүүн талын цамцнаас зуураад толгой руу гараараа 2 удаа цохисон, би зүүн гараараа мөр рүү нь нэг удаа цохисон, өөр зодоон цохион болоогүй.” гэх мэдүүлгийг няцаасан нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байхад Д.Эад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал...” гэх заалтыг зөрчсөн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол...", 1.3. “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол..." буюу хохирогч Д.Дын мэдүүлгийг анхаарч үзэлгүй дан ганц өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй шүүгдэгч Д.Эын мэдүүлгээр түүнийг цагаатгасан, мөн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох яллагдагч, шүүгдэгч нарын зөрүүтэй мэдүүлгийг буюу Д.Эын мэдүүлгийг ишлэл болгон авахдаа Д.Дын мэдүүлгийг үгүйсгэсэн талаар шийтгэх тогтоол, магадлалд дурьдаагүй зэрэг хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэрийг гаргасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-үүдийг хоёр этгээд бие биенийхээ эрүүл мэндэд халдсан үйлдлийг жишээ болгон авч үзвэл хэн нэг этгээд нь эхэлж нөгөө этгээдийнхээ эрүүл мэндэд халдаж, энэ үйлдлийнх нь эсрэг нөгөө этгээд нь идэвхтэй үйлдэл хийж нөгөө этгээдийнхээ эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан байдаг. Гагцхүү дээрх үйлдлүүдээс хэнийх нь үйлдэл аргагүй хамгаалалтын шинжтэй байгааг эхэлж эрүүл мэндэд нь халдсан үйлдлээс дүгнэх бус гэмт хэрэг үйлдэгдэж буй нөхцөл байдалд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Д, Д.Э нар нь хэн алиныхаа эрүүл мэндэд идэвхтэй, санаатай үйлдлээр халдаж тус тус эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байхад Д.Дыг эхэлж Д.Эын эрүүл мэндэд халдаагүй гэдэг агуулгаар түүнд холбогдох хэргийг "Аргагүй хамгаалалт”-ын шинжтэй үйлдэл гэж үзэж хэрэгсэхгүй болгож цагаатгаж байгаа нь шударга ёсны зарчмыг алдагдуулсан, буруу жишиг, практик тогтоосон шийдвэр болсон гэж үзэж байна.

Хэргийн тохиолдолд Д.Д нь эхэлж Д.Эын эрүүл мэндэд халдсан боловч Д.Д үйлдлээ төгсгөсний дараа Д.Э нь Д.Д луу довтолж эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол учруулсан. Дээрх үйл явдлыг нүдээр харсан гэрч байхгүй, зөвхөн шүүгдэгч нарын хохирогч, яллагдагч, шүүгдэгчийн хувиар мэдүүлсэн мэдүүлэгт үндэслэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдалд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Тухайлбал хохирогч Д.Д, Д.Э нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд Д.Э гэх хүн Д.Д гэх хүнийг цохиогүй гэсэн мэдүүлэгт хөтлөгдөж, Д.Д нь Д.Эыг эхэлж цохисон гэх мэдүүлгийг илүү хүч нэмэгдүүлэн авч үзсэн. Хэргийн бодит байдал бол Д.Д, Д.Э нарын хэн аль нь шүүгдэгч болохыг анхаарч авч үзэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.Д, Д.Э нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 641 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 934 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжихгүй байна. Шүүх Д.Эыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзоригийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Э, Д.Д нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Э, Д.Д нар нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний зам дээр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа эгнээ байраа өөрчлөх асуудлаас болж маргалдан харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос Д.Д, Д.Э нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Эыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар зөвхөн Д.Эын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т болон 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй байх тул энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Тухайлбал, шүүгдэгч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн арын зам дээр машин бариад явж байхад миний баруун гар талаас цагаан өнгийн портер маркийн ачааны машин дохио өгөлгүй хоёр удаа дайрсан. “Яаж яваад байгаа юм бэ” гэж хэлэхэд “Лаларын юм үзээгүй пизда бэ” гэж хэлсэн, мөн хэд хэдэн удаа энэ үгийг хэлсэн, би өөдөөс нь “Юу гээд байгаа юм” гэхэд цонхоороо гараа гаргаж салаавч гаргасан. Ингэхээр нь би машинаас бууж очоод “Яаж яваад байгаа юм” гэхэд өөдөөс дайраад зуурсан. Би цааш нь түлхсэн, гэтэл зүүн талын цамцнаас зуураад толгой руу гараараа 2 удаа цохисон, би зүүн гараараа мөн нүүр рүү нэг цохьсон… Нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа алгадсан…” гэх /хх-12/,

мөн шүүгдэгч Д.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “… Э дохио өгөхгүй 2 удаа дайраад байсан… Э над руу цонхоороо салаавч гаргаад байсан… Намайг хэл амаар доромжлоод байхаар нь би аргаа бараад гэрлэн дохион дээр бууж очоод “Та яагаад байгаа юм бэ” гээд муудалцсан… Би түрүүлж цохисон… Машин дотроо сууж байхдаа миний зүүн талын шанаа руу хоёр удаа цохисон… Би өмнө нь тархиндаа харвалт авчихсан байсан. Тэгээд тархины зураг авахуулсан, эмнэлэгт 7 өдөр хэвтсэн… гэх мэдүүлэг /хх-100/,

мөн Д.Дын биед тархи доргилт, баруун хацрын дотор салстад шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6741 тоот шинжээчийн дүгнэлт /хх-19/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэх талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хүний үйлдэл санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн эсэхийг зайлшгүй үнэлж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Хяналтын шатны шүүх нь хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон үнэлж, хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Э, Д.Д нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Д.Э, Д.Д нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд торгох ял оногдуулсан шийдвэрийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 641 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 934 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.Д, Д.Э нарт холбогдох 1905023720724 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                   ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН