Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 335

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖЯ-нд

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                       Б.Мөнхтуяа

                                       Д.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга :Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “...БОАЖС-ын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0215 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0365 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд, түүний өмгөөлөгч В.Энхтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0215 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 22.4, 22.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-аас БОАЖС-ын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн БОАЖЯ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0365 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгч З.Буяндэлгэрийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0365 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4. Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлэн, маргааны үйл баримтад бодит дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт хийж, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг бүхэлд нь: “...нэхэмжлэгчийг газрын төлбөрөө төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, хариуцагчаас өөрт олгосон бүрэн эрх, хуулийг хэрэгжүүлэх, хуулиар хүлээлгэсэн усны нөөцийг бохирдож, хомсдохоос сэргийлэх үүргээ хэрэгжүүлэх зорилгоор өмнө гаргасан шийдвэрээ эргэн харж, эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон хуульд нийцсэн...” гэж дүгнэсэн.

6. Нэхэмжлэгч “Г” ХХК нь БОАЖС-ын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар 0,4 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглахаар болсон. Уг тушаалаар газар олгохоор шийдвэрлэхдээ тухайн газрыг Богдхан уулын Тусгай хамгаалалттай захиргааны зөвшөөрөл, кадастрын зургийн шүүлгэлт, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ болон бусад холбогдох бүхий баримтыг хуульд журамд нийцүүлэн бүрдүүлбэр хангуулан өгснөөр уг газрыг шударгаар эзэмшсэн болно. Гэрээнд заасан төлбөрөө жил бүр төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчөөгүй. Гэтэл шүүгч уг баримтуудыг үнэлсэн атлаа шийдвэртээ үгүйсгэн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

7. Улсын дээд шүүхийн тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг “хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх”-ийг нягтлан шалгах ёстой болох”-ыг тайлбарлажээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч газрын ашиглах гэрчилгээ авсан цагаас хойш хуанлийн 2 жилийн хугацаанд нарийвчилсан үнэлгээнд дурдсаны дагуу төсөл хэрэгжүүлэх шатанд барилгын техникийн нөхцөл, барилгын үйл ажиллагаа явуулахад шаардагдах бэлтгэлийг хангаж байсан. Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа “хүндэтгэн үзэх шалтгаангүй” нөхцөл байдлыг огт нягтлан шалгаж, тогтоогоогүй атлаа гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлгүй.

8. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “маргаан бүхий газар нь нийслэлийн хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай энгийн хамгаалалтын бүстэй бүрэн давхцалтай” гэж дүгнэсэн. Энэ талаар анх газар олгох үед Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр уг газар дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж болно гэж хараат бус байгаль орчны яамны мэргэжлийн үнэлгээний дүгнэлт гарч түүнийг нь Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа болон яам өөрөө баталгаажуулсан. Хавтас хэрэгт авагдсан зурган мэдээлэл давхцалтай гэж гарсан боловч анх манай компанид газар олгох үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд давхцалгүй болох лавлагааг гаргаж өгч байсан. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд уг газар дээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжтой болохыг нь хэрэгт авагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2017/217 дугаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.в-д “хөрс амьтан, ургамал, ой гол, горхи, нуур булаг шандын хамгаалалт, ашиглалт “Голын хамгаалалтын бүсэд хамаарахгүй” гэх заалт нотолж байгаа юм. Энэхүү гэрээг Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа боловсруулж, улмаар гэрээний нэг болж баталгаажуулдаг болохыг анхаарна уу.

9. Энэ бүгдийг өөрийн эзэмшил газраа тэлэх шуналдаа автсан хөрш зэргэлдээ газар ашиглагч байгууллагын эрх ашгийг хамгаалж тэдэнд үйлчилж буй нэг хэлбэр юм. Шударга зүйл үнэхээр байдаг бол нэг шугаманд зэрэгцэн оршиж байгаа аж ахуйн нэгжийн зөвшөөрөл яагаад хүчингүй болоогүйг ойлгоход бэрх байна. Шүүгч өөрийн шийдвэртээ маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэлийг үнэлжээ. Бодит байдал дээр голын эргээс 20 хүрэхгүй метрт үйл ажиллагаа нь 10 гаруй жил болж байгаа 2 амралтын газар, манай газрын зүүн талд зэрэгцээ 6 ширхэг бүрэн цутгамал цогцолбор барилга барьж байгаа аж ахуйн нэгж, баруун талд Солонгос үндэсний зоогийн газар үйл ажиллагаа эрхэлж байна. Шүүгч үүнийг хэрхэн үүнийг шударга ёсонд нийцүүлэн үнэлээд байгааг ойлгохгүй байна.

10. Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот саналаа гаргахдаа хэрхэн яаж, ямар арга хэлбэрээ, тухайн газар нь усны хамгаалалтын энгийн болон хамгаалалттай бүсэд орсон талаар газар дээр нь хэмжилт хийж, баримт үйлдсэн зүйлгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар саналыг үндэслэж бүхэл бүтэн тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үгүйсгэж байгаа нь Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар санал нь өөрийн өмнө болон одоо хэрэгжүүлж буй үйлдэлтэйгээ нийцэхгүй болохыг харуулж байна. Хэдийгээр гэрээний нэг тал болох Баянзүрх дүүргийн Засаг даргын гарын үсэг байхгүй ч энэ тус шүүх дээр Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг, гүйцэтгэгчийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан үргэлжилж байсан. Мөн Баянзүрх дүүргийн газрын асуудал эрхэлсэн Газрын албаны даргатай холбоотой нийслэлийн Газрын албаны даргад холбогдох “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0858 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0161 дүгээр магадлалтай захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй”-тэй холбоотой юм. 

11. Цаашид нэг сайд гарч ирж баримт бүрдүүлж, төлбөр хураамж авчхаад хуульд нийцсэн акт гэж эрхийн гэрчилгээ олгож, түүнийг дараагийн сайд хууль зөрчсөн байна гэж хүчингүй болгож иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, боловсруулсан бизнес төлөвлөгөө нурааж хохироож байх юм. Энэ бүгдийн цаана маш их мөнгө, санхүүгийн асуудал яригдана.

12. Манай компани нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний тутамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэснийг зөрчөөгүй болно. Эдгээр нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэхдээ харгалзан үзээгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

13. Иймд, дээрхийг нягтлан үзэж шударга ёсонд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргаж, БОАЖС-ын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар олгосон газрыг гэрчилгээг хүчингүй болгосон 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/76 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

15. Монгол Улсын БОАЖС-ын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй 28 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосонд “Г” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Залаатын аманд байрлах 0,4 га газар багтжээ.

16. Нэхэмжлэгчийн ашиглалтад байсан дээрх газар нь Нийслэлийн усны хамгаалалт хязгаарлалтын бүстэй хэсэгчлэн, Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилтэй бүтэн давхцалтай нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон маргаан бүхий захиргааны актаар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

17. Нэхэмжлэгч компани нь “Аялал жуулчлалын цогцолбор” байгуулах төсөл хэрэгжүүлэх хүрээнд “...гэр кэмп, хаус кэмп, амралтын байр, автомашины зогсоол, ...барилгуудыг ...стандартын полистрол блок, хавтангаар барих, ...төв байр 2 давхар барилга байхаар, ...цэвэр усны хангамж, гүний худаг гаргах...” зэргээр төлөвлөснөөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.2-т “усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг дотор нь онцгой хамгаалалтын бүс ба энгийн хамгаалалтын бүс гэж 2 ангилна”, 2.5.2-т “энгийн хамгаалалтын бүсийг улсын болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд тогтооно”, 2.8-д “Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 2.8.2-т “хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах”, 2.8.5-д “хог хаягдал, бохирдуулах бодис хаях, хог хаягдлын цаг байршуулах”, 2.8.7-д “стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах” гэж тус тус заажээ.

18. Гэтэл маргаан бүхий 0.4 газар нь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй бөгөөд уг газарт цэг байршуулах, бохир усны цооног, бие засах газар барьж ашиглахаар төлөвлөж байгаа байдал, мөн ойн болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, нэхэмжлэгчийн төслийг хэрэгжүүлснээр гадаргын болон газрын доорх усны нөөцийн хомсдол, бохирдол үүсэх эрсдэлтэй гэж үзсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй.

19. Нөгөө талаар нэхэмжлэгч нь хууль болон гэрээгээр тодорхойлсон газрын төлбөрийг төлснөөс гадна түүнийг газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж шууд буруутгаж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байгааг анхан болон давж заалдах шатны шүүх тодорхой дүгнэжээ.  

20. Харин шүүхээс “...захиргааны байгууллагаас усны нөөц бохирдож, хомсдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, маргаан бүхий захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн гэж үзнэ. 

21. Иймээс “...төлбөрөө төлж байсан баримтуудыг шүүх үнэлсэн атлаа үгүйсгэсэн дүгнэлт хийсэн, ...нэхэмжлэгч нь 2 жилийн хугацаанд барилгын үйл ажиллагаа явуулахад шаардагдах бэлтгэлээ хангаж байсныг шүүх шалгаагүй..., ...манай компани Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хуулиудыг зөрчөөгүй...” гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.  

22. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид эрх үүргийг тайлбарлаж өгсөн, газрын давхцалын асуудлаар “...анх газар авч байх үед ямар нэг давхцалгүй байсан...” гэхээс өөрөөр нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй, хэрвээ зөвшөөрөхгүй нөхцөлд хөндлөнгийн шинжээчээр тухайн маргаж байгаа асуудлаар дүгнэлт гаргуулах эрх нь нээлттэй байсан, хяналтын шатны шүүх хуралдаан дээр гаргаж байгаа түүний тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

23. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн, маргааны үйл баримтад хамааралтай Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Усны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0215 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0365 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                     Л.АТАРЦЭЦЭГ