Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2019/0365

 

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2019/0365

Улаанбаатар хот

 

 

 

    “Гв” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0215 дугаар шийдвэртэй, “Гв” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн128/ШШ2019/0215 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 36 дугаар зүйлийн 36.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 22.4, 22.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Гв” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Гв” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлэн, маргааны үйл баримтад бодит дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт хийж, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

         Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар 0.4 га газрыг Богдхан Уулын Тусгай хамгаалалттай захиргааны зөвшөөрөл, кадастрын зургийн шүүлгэлт, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ болон бусад холбогдох бүхий баримтыг хуульд журамд нийцүүлэн бүрдүүлбэр хангуулан өгснөөр уг газрыг шударгаар эзэмшсэн. Гэрээнд заасан төлбөрөө жил бүр төлж байсан  болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан  зөрчөөгүй, гэтэл шүүгч уг баримтуудыг үнэлсэн атлаа шийдвэртээ үгүйсгэн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч газрын ашиглах гэрчилгээ авсан цагаас хойш 2 жил хугацаанд нарийвчилсан үнэлгээнд дурдсаны дагуу төсөл хэрэгжүүлэх шатанд барилгын техникийн нөхцөл, барилгын үйл ажиллагаа явуулахад шаардагдах бэлтгэлийг хангаж байсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүй нөхцөл байдлыг огт нягтлан шалгаж, тогтоогоогүй атлаа гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

         Анх газар олгох үед Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр уг газар дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж болно гэж дүгнэлт гарч түүнийг нь захиргаа болон яам өөрөө баталгаажуулсан.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар анх давхцалтай гэж байгаа боловч манайд газар олгох үед давхцалгүй байсан.

         Бодит байдал дээр голын эргээс 20 хүрэхгүй метрт үйл ажиллагаа нь 10 гаруй жил болж байгаа 2 амралтын газар, манай газрын зүүн талд зэрэгцээ 6 ширхэг бүрэн цутгамал цогцолбор барилга барьж байгаа аж ахуйн нэгж, баруун талд Солонгос үндэсний зоогийн газар үйл ажиллагаа эрхэлж байна. Шүүгч үүнийг хэрхэн шударга ёсонд нийцүүлэн үнэлээд байгааг ойлгохгүй байна.

         Богдхан уулын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар саналаа гаргахдаа хэрхэн яаж, ямар арга хэлбэрээ, тухайн газар нь усны хамгаалалтын энгийн болон хамгаалалттай бүсэд орсон талаар газар дээр нь хэмжилт хийж, баримт үйлдсэн зүйлгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Мөн уг саналыг үндэслэж тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үгүйсгэж байгаа нь учир дутагдалтай. Энэ нь өөрсдийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй үйлдэлтэйгээ нийцэхгүй болохыг харуулж байна.

         Цаашид нэг сайд гарч ирж баримт бүрдүүлж, төлбөр хураамж авчихаад хуульд нийцсэн акт гэж эрхийн гэрчилгээ олгож, түүнийг дараагийн сайд хууль зөрчсөн байна гэж хүчингүй болгож иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, боловсруулсан бизнес төлөвлөгөө нурааж хохироож байсан. Энэ бүгдийн цаана маш их мөнгө, санхүү байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3-д тус тус заасныг манай компани зөрчөөгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0215 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.

Маргаан бүхий А/76 дугаар тушаалаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/129 дүгээр захирамжаар “Гв” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газар болох Залаатын зүүн богино аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.4 га газар ашиглах эрх 5 жилийн хугацаатайгаар олгосныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар саналыг үндэслэн дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон газар нь байршлын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09/826 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зургаар Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүсийн хилтэй хэсэгчлэн, Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилтэй бүтэн давхцалтай болох нь тогтоогдож байна.

Тус компанийн “Аялал жуулчлалын цогцолбор” байгуулах төсөл хэрэгжүүлэх хүрээнд “...гэр кэмп, хаус кэмп, амралтын байр, автомашины зогсоол, .... энэхүү барилгуудыг ... стандартын полистрол блок, хавтангаар барих, ... төв байр 2 давхар барилга байхаар, ... цэвэр усны хангамж, гүний худаг гаргах,....” зэрэг барилга, байгууламж барихаар төлөвлөсөн нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг  байгаль орчны болон газрын харилцааны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно.” гэж заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.8-д заасанд нийцэхгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд маргаан бүхий захиргааны акт нь  Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм  зөрчихийг хориглоно.” гэж заасныг зөрчигдөх, усны нөөцийг бохирдож, хомсдохоос сэргийлж гарсан байх тул хууль бус гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... газрын төлбөрөө жил бүр төлж байсан талаар баримтыг буруу үнэлсэн, ...” гэх боловч анхан шатны шүүх газрын төлбөр төлөөгүй гэж үзээгүй байна. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчөөгүй, захиргааны актын энэхүү үндэслэл нь тогтоогдоогүй боловч дээр дурдсан усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцсан гэж үзэж газар ашиглах эрхийг дуусгавар болгосон захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй. 

Мөн  “... анх газар олгох үед байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр уг газар дээр үйл ажиллагаа явуулж болно гэж хариу өгсөн, анхнаасаа давхцалгүй байсан, ... хөрш зэргэлдээ газар ашиглаж байгаа бусад аж ахуй нэгжүүдийн зөвшөөрөл яагаад хүчингүй болохгүй байгаа нь ойлгомжгүй ...” гэх боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/76 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй хамт 28 аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон, мөн хариуцагчийн төлөөлөгчийн “... усны хамгаалалтын бүсэд байгаа аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг Богд хан уулын дархан цаазат газрын захиргаа хянаж, санал ирүүлснийг үндэслэн шат дараалан арга хэмжээ авч байгаа ...” гэх тайлбар зэргээс ялгавартай хандсан гэж үзэхээргүй байна. Мөн захиргааны байгууллага урьд нь гаргасан шийдвэрээ хууль бус гэж үзвэл хүчингүй болгох эрхтэй бөгөөд үүний улмаас учирсан хохирлоо нэхэмжлэгч нь буруутай этгээдээс зохих журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.