Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 215

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, “ГВ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖЯ-д холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С /итгэмжлэл[1]/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М /итгэмжлэл[2]/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч “ГВ” ХХК 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлиийн агуулга[3]:

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 763 дугаар албан бичгээр БОАЖС-н 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар манай газрын эрхийг дуусгавар болгосон тухай мэдэгдсэн.

Манай компаниуд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/129 дүгээр сайдын тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалтай газар нутгийн Залаатын аманд Аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн болно.

Анх сайдын шийдвэр гарсанаас хойш 2018 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд манай компанийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газар болон Баянзүрх дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ хийх гэж 3 удаа гэрээний хураамжийн төлбөр 1,000,000 төгрөг  төлсөн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гэрээ шинэчлэх, мөн гэрээ алга болсон гэсэн шалтгаанаар 3 удаа хураамж төлж дахин гэрээ авахыг шаардсанаар 2018 оны 03 дугаар сард дахин гэрээний хураамж төлж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас батлан одоо Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт батлагдахаар байгаа болно.

Бидний зүгээс бусдын буруутай үйлдлээс болж өнөөдрийг хүртэл газар эзэмших ашиглах гэрээ байгуулж чадахгүй байгаа боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн БХУДЦГ-н захиргаанаас өгсөн нэхэмжлэлийн дагуу 2018 оны хагас жилийг дуустал төлбөрийг төлж тооцоо нийлсэн акт үйлдсэн болно.

Бид уг газартаа аялал жуулчлалын зориулалтаар канад загварын зөөврийн байшин барьж ашиглахаар ерөнхий үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж уг газрыг хуульд заасан зориулалтын дагуу ашиглахаар төлөвлөж байгаа боловч газар ашиглах эзэмших гэрээ өнөөдрийг хүртэл төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болож батлагдахгүй байгаагаас хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.

Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн БОАЖС-н А/76 дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг төлбөр төлөөгүй, газар дээр үл хөдлөх хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон байна. Дээр дурдсанчлан манай компанийн хувьд газрын төлбөрийг нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулсан, мөн уг газар дээр газрын хэвлий хөндөж үл хөдлөх хөрөнгө барьж болохгүй хуулийн заалт байдгийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн болно.

Иймд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/76 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга[4]:

БОАЖС-н А/76 дугаар тушаалаар усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, уул нурааж, тухайн орчны төлөв байдал.байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг горим зөрчиж буй үндэслэлээр ГВ ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт

“Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.” Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”; 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэж заасны дагуу Сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн шийдвэрлэсэн.

“ГВ” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” гэж заасныг зөрчсөн, мөн Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын батлагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 50 дугаар тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүстэй хэсэгчлэн болон бүтэн давхцалтай байна

Усны тухай хуулийн 22 дугаар зуйлийн 22.2-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д “...онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж, 22.6-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно...”, 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж тус тус заасан.

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 1.1. /энэхүү журмын зорилго нь Усны тухай хуулийн 22.4 дэх хэсгийг үндэслэн усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт тогтоох онцгой болон энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн зааг, эдгээр бүсэд мөрдөх дэглэмийг тогтоосон.

Журмын 2.6-д энгийн хамгаалалтын бүсийн заагийг дараах байдлаар тогтоох бөгөөд 2 6.2-д заасан “нийслэл болон аймгийн төвийн хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд байх” заалтыг зөрчин ГВ ХХК нь 142 м-т үйл ажиллагаа явуулсан. 2.9.Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.гээд 2.9,1.”мод бут огтлох;“, 2.9.2.”хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах;”, 2.9.5.”хог хаягдал, бохирдуулах бодис хаях, хог хаягдлын цэг байршуулах;” 2.9.7-д "стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах.” гэсэн заалтуудыг зөрчин төсөл хэрэгжүүлэх 1.35 га газарт 85 хүнийг ажлын байраар хангахаар төлөвлөсөн байгаа нь мод бутыг огтлох, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах, ариун цэврийн байгууламж барих боломжгүй бөгөөд хэрэв байгуулвал хөрсний бохирдол үүсэх эрсдэлтэй, автомашины зогсоол барихаар төлөвлөсөн нь бензин, шатахуун гарч байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, үер усны гамшгийн эрсдэлтэй байгаа тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан эрхийн дагуу газар ашиглах эрхийг цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “ГВ” ХХК-иас БОАЖЯ-д холбогдуулан  гаргасан нэхэмжлэлийг маргаан бүхий акт гарах үндэслэл болсон үйл баримт, түүний хууль зүйн үндэслэлийг хянаж, захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв:

Нэхэмжлэгч “ГВ” ХХК-иас тус компанид олгосон 0.4 га газрыг ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн хариуцагч БОАЖС-н 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “ГВ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүхээс 128/2018/0893/3 индекстэй захиргааны хэрэг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үүсгэжээ[5].

Нэхэмжлэгч компанид  2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/129 дүгээр сайдын тушаалын 2 дахь, хавсралтын 11-т зааснаар Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалтай газар нутгийн Залаатын аманд Аялал жуулчлалын зориулалтаар 0,4 га газрын 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж[6], гэрчилгээ олгожээ[7].

Маргаан бүхий акт болох БОАЖС-н 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын[8] үндэслэл, хариуцагч талын тайлбар зэргээс дүгнэхэд “1.Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, 2.голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчиж буй” гэсэн 2 үндэслэл, шалтгаанаар нэхэмжлэгч компанийн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэжээ.

Үүний дараагаар маргаан бүхий актад БОАЖС-н 2018 оны А/427 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийг нэмж оруулжээ.[9]

1.Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сар хүртэлх газрын төлбөрийг төлж[10], Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гурвалсан гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл байгуулахаар хүргүүлсэн боловч Баянзүрх дүүргийн Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулаагүй, харин нэхэмжлэгч компани болон Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын газраас гарын үсэг зурж баталгаажуулжээ. Нэхэмжлэгч компаниас Баянзүрх дүүргийн Засаг даргад гэрээнд гарын үсэг зуруулах хүсэлтийг хүргүүлжээ.[11]

Үүнээс үзэхэд маргаан бүхий актад нэхэмжлэгчийн гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлийг дурдсан байгаа нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй байна.

2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж зааснаас үзэхэд газар ашиглах гэрээг байгуулсны дараа газар ашиглагч гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломж бүрдэхээр байна.

Иймээс нэхэмжлэгч талын “...Бид уг газартаа аялал жуулчлалын зориулалтаар ...ашиглахаар төлөвлөж байгаа боловч газар ашиглах эзэмших гэрээ өнөөдрийг хүртэл төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж батлагдахгүй байгаагаас хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

3.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно.”, 22.3-д “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.”, 22 дугаар зүйлийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг  байгаль орчны болон газрын харилцааны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно.” гэжээ.

Энэ хуулийн дагуу эрх олгогдсон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг хавсралтаар баталжээ.

Энэ журмын 2.2-т “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг дотор нь онцгой хамгаалалтын бүс ба энгийн хамгаалалтын бүс гэж хоёр ангилна.” гэжээ.

Уг журмын 2.5-д энгийн хамгаалалтын бүсийн заагийг дараах байдлаар тогтоох бөгөөд 2.5.2-д “улсын болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд” байхаар заажээ.

Дээрх журмын 2.8-д “Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:2.8.2.”хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах;”, 2.8.5.”хог хаягдал, бохирдуулах бодис хаях, хог хаягдлын цэг байршуулах;” 2.8.7-д "стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах.” гэж зохицуулжээ.

Мөн журмын 3.1-д “Хүн амын унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн нөөц хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүс тогтооно. Усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс нь эрүүл ахуйн хориглолтын ба эрүүл ахуйн хязгаарлалтын бүсээс тогтоно.”, 3.9-д “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:3.9.1.газрын өнгөн хөрсийг эвдрэл элэгдэлд оруулах, ...; 3.9.3.цэвэрлээгүй хаягдал бохир ус болон хог хаягдал хаях, хаягдлын сан байршуулах; 3.9.6.төвлөрсөн ус хангамжийн барилга байгууламж, шугам сүлжээтэй газар унд ахуйн зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх; 3.9.11.орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглах; 3.9.12.газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох.” гэж заажээ.

Маргаан бүхий 0.4 га газар нь Туул голын ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай, энгийн хамгаалалтын бүстэй бүрэн давхцалтай гэдэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн давхцлын зураг[12], газрын үзлэг[13] зэргээс тогтоогдож байна.

Тухайлбал, хавтаст хэргийн 112, 118, 119 дахь талд байгаа зурган мэдээллээр  “ГВ” ХХК-ийн ашиглалтад байгаа 0.4 га газар нь Туул голын энгийн хамгаалалтын бүстэй бүрэн, ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүстэй хэсэгчлэн давхцаж байна.

Дээрхээс гадна нэхэмжлэгч талаас газар ашиглах хүсэлт гаргах үедээ болон газар ашиглах гэрээ байгуулахаар хүргүүлэхдээ ашиглалтын газраа “нэг ээлжиндээ 30-40 хүн хүлээн авах хүчин чадалтай үйлчилгээний төв бүхий амралт, аялал жуулчлалын бааз байна. Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоно, цахилгаанаар хална, гүний худаг гаргана, шингэн хог хаягдал-Биоректорт эко 00,” зориулалтаар ашиглахаар дурджээ.[14]

Харин Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх үедээ “хуулиар хамгаалагдсан газар нутаг байгаа эсэх (урсац бүрэлдэх ойн болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, хил хамгаалалтын бүс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар) гэсэн хэсэгт тийм гэсэн хариулт, гадаргын болон газрын доорх усны нөөцийн хомсдол үүсэх эсэх, цэнгэг усны нөөцийг ашиглах, эсэх, гадаргын болон газрын доорх усанд бохирдол үүсэх эсэх гэсэн хэсэгт тийм” гэж хариулжээ.[15]

Мөн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд “...төслийн зорилго нь ...жилийн дөрвөн улиралд тогтвортой ажиллах амралтын газар байгуулж, ...”, “..аялал жуучлалын цогцолбор нь нэг ээлжиндээ 30-40 зочид хүлээн авах хүчин чадалтай орчин үеийн шийдлээр тохижуулсан зочид буудал, ресторан, бар, халуун хүйтэн устай душ, боловсон бие засах газар...”, “Усан хангамж: Төсөл хэрэгжүүлэх талбайд шинээр гүний худаг гаргах ба түүнийгээ унд ахуйн хэрэгцээндээ ашиглахаар төлөвлөсөн.”[16]

Аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн 14, 15, 16, 20, 23 дахь хуудсанд “Аялал жуулчлалын бааз байгуулах төслийн амралтын газарт дараах барилга, объектууд баригдана. Үүнд: гэр кэмп, хаус кэмп, амралтын байр, автомашины зогсоол, ...энэхүү барилгыг ...стандартын полистрол блок, хавтангаар барьж..., Төв байрыг 2 давхар барилгыг ... байгуулна, .. полистрол блок, хавтангаар барьж..., Цэвэр усны хангамж...гүний худаг гаргах,...Хог хаягдлыг тогтоосон цэгт төвлөрүүлж, нэгдсэн журмаар ачиж зайлуулна,... ” гэжээ.

Маргаан бүхий газар нь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй бөгөөд уг газарт “ГВ” ХХК нь барилга байгууламж барьж, гүний худаг гаргаж, хог хаягдлын цэг байршуулах, бохир усны цооног, бие засах газар барьж ашиглахаар төлөвлөж байгаа байдал, мөн уг маргаан бүхий газар нь  ойн болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, нэхэмжлэгчийн төслийг хэрэгжүүлснээр гадаргын болон газрын доорх усны нөөцийн хомсдол, бохирдол үүсэх эрсдэлтэй, цэнгэг усны нөөцийг ашиглана гэдэг нь нь дээр дурдсан төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой баримтууд, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэргээр нотлогдож байна.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм  зөрчихийг хориглоно.” гэжээ.

Иймээс нэхэмжлэгч компани зориулалтын дагуу маргаан бүхий газрыг ашигласнаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын голын ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүс, энгийн хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагааг явуулах эрсдэл бий болж, улмаар уг журмын 2.8.2, 2.8.5, 2.8.7, 3.9.1, 3.9.3, 3.9.6, 3.9.11, 3.9.12-т тус тус заасан хориглосон хэм хэмжээтэй нийцэхгүй, уг хууль, журмаар хориглосон хэм хэмжээ зөрчигдөхөөр байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;” гэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэж заажээ.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараахь тохиолдолд хүчингүй болгоно:...нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж зохицуулжээ.

Үүнээс үзэхэд, маргаан бүхий акт нь хариуцагчаас өөрт хуулиар олгогдсон бүрэн эрх, хуулийг хэрэгжүүлэх, хуулиар хүлээлгэсэн усны нөөцийг бохирдож, хомсдохоос сэргийлэх үүргээ хэрэгжүүлэх зорилгоор өмнө нь гаргасан шийдвэрээ эргэн харж, эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон хуульд нийцсэн үйлдэл гэж үзэхээр байна.

Нэгтгэн дүгнэхэд, маргаан бүхий актаар нэг талаас нэхэмжлэгч компанийг “газрын төлбөр төлөх, гэрээ байгуулах болон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх газар ашиглагчийн үүрэгтэй нь холбогдуулан газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, нөгөө талаас хариуцагч захиргааны байгууллагаас өмнө нь гаргасан шийдвэрээ эргэн харж, хуулиар хориглосон маргаан бүхий газрыг ашиглах эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хуульд нийцүүлэх, нийтийн ашиг сонирхолд хамаарах “усны нөөц бохирдож, хомсдох” эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч компанийн ашиглалтын газрыг  нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай, энгийн хамгаалалтын бүстэй бүрэн давхцалтай үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль бус байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.    

 

         3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 22.4, 22.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГВ” ХХК-аас  “БОАЖС-н 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “ГВ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн БОАЖЯ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                           А.САРАНГЭРЭЛ


[1] 128/2018/0893/З индекстэй хэргийн /цаашид хэргийн гэх/ 106 дахь тал

[2] Хэргийн 128 дахь тал

[3] Хэргийн 1-2 дахь тал

[4] Хэргийн 114, 162-163 дахь тал

[5] Хэргийн 29-32 дахь тал

[6] Хэргийн 85, 86 дахь тал

[7] Хэргийн 7, 54 дахь тал

[8] Хэргийн 87 дахь тал

[9] Хэргийн 91, 96 дахь тал

[10] Хэргийн 11-16 дахь тал

[11] Хэргийн 17, 39-48 дахь тал

[12] Хэргийн  112, 118, 119 дэх тал

[13] Хэргийн 149-154 дэх тал

[14] Хэргийн 66, 70, 74 дэх тал

[15] Хэргийн 98, 99 дэх тал

[16] Үнэлгээний тайлангийн 3, 22, 23, 24 дэх тал