Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00370

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00369

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/02735 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 756,000 төгрөг, гэм хорын хохирол 120,000 төгрөг, 2 уут цементийн үнэ 34,000 төгрөг, ажлын үр дүнгийн доголдол арилгахад гарсан зардал 190,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 200,000 төгрөг, олох байсан орлого 800,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэБ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваахүү, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие иргэн *******тэй ажлын байрны зориулалттай 2х3 метрийн харьцаатай түргэн үйлчилгээний цэг /цаашид ТҮЦ гэх/-ийг бүх эд материалыг 1,000,000 төгрөгт багтаан, 3 хоногийн хугацаатай хийлгэхээр амаар тохиролцож, төлбөрийг түүний ХААН банкны **** дугаарын данс руу 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн.

1а.Хариуцагч ******* нь ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгаагүй, ажлаа дутуу орхиод учир гэрээг цуцалсан. Уг гэрээний үнээс хариуцагч *******гийн авчирсан хуучин барилгын материалын үнэ 154,000 төгрөг, ажлын хөлс 90,000 төгрөгийг хасч, ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсноос үндэслэлгүй хөрөнгөжсөн 756,000 төгрөгийг гаргуулах,

1б.Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс ажлын үр дүнгийн доголдолд гарсан зардал буюу шал цутгах, дотор талд нь хөөс, будаг хийсэн материалын зардал, ТҮЦ-ийн өндрөөс 20 см хасуулах хөлс зэрэгт 190,000 төгрөгийн зардал гарсан. Уг мөнгийг гаргуулна.

1в.Мөн хариуцагч нь ажлын байрны зориулалттай ТҮЦ-нд зориулж худалдаж авсан 3 уут цементээс хэлэхгүйгээр 2 шуудай цементийг авч явсан. 1 уут цементийг 17,000 төгрөгөөр худалдаж авч байсан учир 34,000 төгрөг гаргуулна.

1г.Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас миний бие мөнгөө нэхэхэд хэл амаар доромжилж, нүүр лүү цохисон тул нүүрэндээ компьютер томографикийн шинжилгээ хийлгэн зураг авахуулахад 120,000 төгрөгийн зардал гарч эрүүл мэндэд хохирол учирсан тул хохирлоо гаргуулна.

1д. Иймд нийт 1,100,000 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******гийн тайлбарын агуулга: Би *******тэй өөрт байгаа материалаар 1,200,000 төгрөгт багтаан 10 хоногт ТҮЦ барьж өгөхөөр амаар тохиролцож, бүх зардлаа өөрөө гаргасан.

2а.Тэрээр надад 1,000,000 төгрөг өгсөн нь үнэн. Би ТҮЦ-ийг **** туслуулан барьж дуусгаад нэхэмжлэгчийн хашаанд нь аваачиж буулгаж угсарч өгсөн. Анх ТҮЦ-ийг барихад ******* өндөр 2,20 см, урт нь 3 метр гэж хэлсний дагуу барьсан гэтэл дараа нь өндөр байна 20 см хасуулъя гэхэд би ***** хасуулж, түүнд ажлын хөлс 30,000 төгрөг өгсөн.

2б.Ингээд би ТҮЦ-ийг барьж дуусгаад, *******тэй 85,000 төгрөгөөр вакум цонх хийлгэхээр тохиролцсон байсан учир үлдэгдэл 200,000 төгрөг шаардахад өгөөгүй тул би түүнд 2 уут цементийг нь авч явлаа гэж хэлээд авсан. Надаас бодитоор 560,000 төгрөгийн зардал гарсан. Би ТҮЦ-ний цонхноос бусдыг нь хийж *******д хүлээлгэн өгсөн. Тэрээр өнөөдрийг хүртэл ТҮЦ-ийг ашиглаж байна.

2в.Эрүүл мэнд учруулсан хохирлын тухайд би *******г цохиогүй учир 120,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Намайг маш олон удаа цагдаа болон шүүхийн байгууллагад өгсөнд гомдолтой байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2020 оны 5 дугаар сард *******д урт нь 3 метр, өргөн нь 2,5 метр, өндөр нь 2,2 метрийн хэмжээтэй ТҮЦ-ийг 1,200,000 төгрөгөөр 10 хоногийн хугацаанд барьж өгөхөөр тохиролцсон.******* нь

надад 1,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 200,000 төгрөгийг өгөөгүй.

Би хувиараа ачаа тээвэрлэж өдөрт дундажаар 80,000 төгрөгийн орлого олдог бөгөөд *******д ТҮЦ барьж өгөхөд 10 хоногийн хугацаа зарцуулсан учраас олох байсан орлого 800,000 төгрөгөөр хохирсон. Иймээс ажлын хөлсний үлдэгдэл 200,000 төгрөг, олох байсан орлого 800,000 төгрөг нийт 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хэн алинд нь хохирол учрахгүй байсан. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

5.Иргэдийн төлөөлөгч Д.Т шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэгч ******* нэхэмжлэл нь үндэслэл муутай, тооцоо дутуу байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл мөн үндэслэлгүй байна гэжээ.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******гээс 119,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 981,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, *******гээс 1,000,000 төгрөг гаргуулах тухай *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

7.Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлын агуулга:

7а. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Би хариуцагчтай 1,000,000 төгрөгт багтаан ТҮЦ бариулж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хэлцэл байгуулсан. ТҮЦ-ийг бүрэн баригдаж дуусахаад хариуцагчид 1,000,000 төгрөг өгнө гэж тохиролцсон бөгөөд хэрэгт ТҮЦ-ийг хуучин материалаар хийгдсэн болон дутуу хүлээлгэж өгснийг нэхэмжлэгч өөрөө нэмж барьсан гэдгээ нотлох үүднээс шүүхэд фото зургийг гаргаж өгсөн. Гэтэл шүүх хариуцагчийг цонхноос бусдын хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг зөв үнэлээгүй гэж үзэж байна.

Хариуцагч нь ТҮЦ-ний рамыг доголдолтой хүлээлгэн өгсөн тул гэрээг цуцалсан. Мөн туслан гүйцэтгэгч Э.Р хийж гүйцэтгэх ажлыг ******* хийсэн мэтээр дүгнэсэн. Гэтэл шүүх гэрээ дуусгавар болсон өдөр хүртэлх хариуцагчийн хийж гүйцэтгээгүй ажлыг гүйцэтгэсэн мэтээр үндэслэлгүй дүгнэсэн.

7.б.Анхан шатны шүүх эрүүл мэндэд учирсан хохиролд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Хариуцагч ******* нь үүргээ биелүүлээгүй байж хэл амаар доромжлон нүүр рүү цохьсон нь баримттай гэжээ.

8.Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгч талд шийдвэрлэсэн боловч би гомдол гаргаагүй. Миний бие нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч миний барьсан ТҮЦ-ийг 640 хоног ашигласан ба хэрэв хэрэггүй бол би авахад бэлэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн давж заалдах хүрээгээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 756,000 төгрөг, гэм хорын хохирол 120,000 төгрөг, 2 уут цементийн үнэ 34,000 төгрөг, ажлын үр дүнгийн доголдол арилгахад гарсан зардал 190,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 200,000 төгрөг, олох байсан орлого 800,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

3.Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ цуцлагдсан үйл баримтад маргаангүй, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажлын үр дүн доголдолтой байсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

4.Зохигчид гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргаж, нэхэмжлэгч тал шинжээч томилуулах хүсэлт гаргасныг ... түгээмэл хэрэглэгддэг, цөөн тооны барилгын материалын зах зээлийн үнийг тодорхойлоход хөндлөнгийн мэргэжлийн шинжээч томилуулах шаардлагагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. /1хх 103, 141,142/

5.Талуудын маргааны үйл баримтыг тогтоож, бодитой шийдвэр гаргахад мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах нь нотолгооны ач холбогдолтой байх боломжтой.

6.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх үүрэг хуулиар олгогдоогүй, мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, талуудын маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/02735 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД