Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 122/2017/0043/з |
Дугаар | 221/МА2018/0114 |
Огноо | 2018-02-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2018/0114
2018 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 221/МА2018/0114 | Улаанбаатар хот |
|
|
|
Д.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан хийж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 122/ШШ2018/0001 дүгээр шийдвэртэй, Д.М-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Д.О-ийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 122/ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр: Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5 дахь заалтыг баримтлан Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “Д.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Д.М-ыг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.М-ын ажилгүй байсан 183 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 12 551 877 /Арван хоёр сая таван зуун тавин нэгэн мянга найман зуун далан долоо / төгрөгөөс ажилгүйдлийн тэтгэмж 5 062 565 /Таван сая жаран хоёр мянга таван зуун жаран тав / төгрөгийг хасаж тооцон үлдэх 7 489 312 / Долоон сая дөрвөн зуун наян есөн мянга гурван зуун арван хоёр / төгрөгийг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн төвөөс нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Д.О давж заалдах гомдолдоо: “ ... Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа нь нэхэмжлэгч Д.М-ын талд үйлчлэн, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хууль бусаар нотлох баримтгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг сэргээсэн. Миний бие “Хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн” 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Х.Э шүүгчийн захирамжийг хэргийн материалтай 2 удаа танилцахдаа мэдээд гомдол гаргасан. Гомдлоо хүсэлт гэж нэрлэсэн ч утга агуулгын хувьд уг захирамжийг хүчингүй болгуулах агуулгатай. Гомдлыг /хүсэлт /хэрэгсэхгүй болгосон захирамжаар миний гомдол гаргах эрхийг хааж шүүх хуралдаан болохын өмнөх өдөр гардуулсан. Миний бие өвчний учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг үл харгалзан шүүх хуралдааныг хийсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд шийдвэр гаргахын өмнө шүүх мэдэгдэх үүрэгтэй. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээснээс хойш 2 сарын хугацаанд мөн надад мэдэгдээгүй.
Шүүх хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгчийн хугацаа сэргээлгэх хүсэлтийг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааныг тодруулаагүй байдаг. Мөн шүүгч Х.Э нь нэхэмжлэгч Д.М-тай найз нөхөд бөгөөд анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх зэрэг үйл ажиллагааг өөрөө явуулсан.
Иймээс миний бие хэн нэгэнд хуулийг зөрчсөн давуу байдлыг эдлүүлэх ёсгүй бөгөөд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх эрхгүй гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 122/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг эдлүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 63 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.М-ыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар томилон ажиллуулжээ.
Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг баталж, үүнтэй холбоотойгоор мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулснаар[1] Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь “харьяа нэгдсэн эмнэлгээс бусад” эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлөх эрхтэй болжээ.
Харин аймгийн нэгдсэн эмнэлгийн захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн болон орон нутгийн өмчит ... нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ”, 16.4-д “Эмнэлгийн захирлыг төлөөлөн удирдах зөвлөл таван жилийн хугацаагаар томилох бөгөөд дахин нэг удаа улируулан томилж болно” гэж тус тус заасны дагуу тус эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээний асуудал болжээ.
Иймд анхан шатны шүүхийн Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хуулиар эрх олгоогүй асуудлаар шийдвэр гаргасан талаарх дүгнэлт үндэслэлтэй байна.
Гуравдагч этгээд Д.О давж заалдах гомдолдоо “...шүүгч Х.Э нь нэхэмжлэгч Д.М-тай найз нөхөд бөгөөд анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх зэрэг үйл ажиллагааг өөрөө явуулсан. ... хэн нэгэнд давуу эрх олгож ... Захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх ёсгүй байсан” гэжээ.
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжаар өвчний учир хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтрүүлснийг тогтоож нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэл гаргах хугацааг сэргээж шийдвэрлэснийг шүүх эрхээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд уг захирамж хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэснийг хэн нэгэнд давуу эрх олгосон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараах үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй”, 84.1.3-д “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай ...” гэж заасны дагуу шүүгч өөрөө татгалзаагүй, мөн хэргийн оролцогч нар шүүгчээс татгалзаагүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 122/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар гуравдагч этгээд Д.О-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
[1] Төрийн мэдээлэл эмхтгэл. 2016.05.25-ны өдрийн №21-д хэвлэгдсэн.