Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00443

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00444

 

 

 

Ц.Ц-, ЖИ ХХК,

СД ХХК нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/02792 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Ц-, ЖИ ХХК, СД ХХК нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч СК ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,602,472,353 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Ц.Ц-т холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хохиролд 4,168,286,301 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ц.Ц- нь 2013 онд Д ХХК-ийн 100%ийн хувьцаа эзэмшигч байхдаа NAGRA gas нэртэй төхөөрөмжийг Монгол Улсад оруулж ирсэн бөгөөд, уг төхөөрөмжийг Орбитод байрлах Д ХХК-ийн онцгой объектод байрлуулсан байдаг. Тиймээс энэхүү төхөөрөмж нь нэхэмжлэгч Ц.Ц-ийн мэдэх, түүний эзэмшлийн төхөөрөмж гэсэн үг. Энэхүү төхөөрөмжтэй холбогдож нэхэмжлэгч Ц.Ц-, хариуцагч СК ХХК нь 2013 оны 11 сараас эхлэн сеттоп бокс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллаж, Ц.Ц- нь 3,058,177,116 төгрөгийн үнэ бүхий 30,000 ширхэг сеттоп бокс, 461,060,850 төгрөгийн үнэ бүхий 30,000 ширхэг смарт карт буюу нийт 3,519,237,966 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, смарт картыг СК ХХКд нийлүүлэх, СК ХХК нь төлбөр төлөх үүргийг хүлээсэн байдаг. Үүний дагуу Ц.Ц- нь сеттоп бокс, смарт картыг нийлүүлж эхэлсэн, СК ХХК төлбөрийг дутуу хагас төлж явсан. Гэрээний дагуу СК ХХКаас шилжүүлсэн зарим мөнгө нэхэмжлэгч хоёр компанийн дансанд шилждэг, мөн тус компаниудтай зарим тооцоог хийдэг байсан. Учир нь Ц.Ц- нь эдгээр компаниудын хувьцаа эзэмшигч юм. Ийнхүү бид 2015 оны 09 дүгээр сарын 21ний өдрийн байдлаар өмнө үүссэн 2013 оны 11 дүгээр сарын 29ний өдрөөс эхлэн 2015 оны 09 дүгээр сарын 21ний өдрийг хүртэлх нийлүүлэлт болон төлбөр төлөлтийн талаар тооцоо нийлсэн.

Тооцоо нийлэхэд Ц.Ц- нь 30,000 ширхэг сеттоп боксноос 2,742,045,415 төгрөгийн үнэ бүхий 27,140 ширхэг сеттоп боксыг, 30,000 ширхэг смарт картнаас 418,086,974 төгрөгийн үнэ бүхий 27,410 ширхэг смарт картыг буюу нийтдээ 3,160,132,389 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, смарт картыг СК ХХКд нийлүүлсэн байдаг. Эндээс СК ХХК нь 2013 оны 12 сараас 2014 оны 12 сарыг дуустал 599,808,019 төгрөг, 2015 оны 01 сараас 2015 оны 09 дүгээр сарын 22ны өдрийг хүртэл 635,449,041 төгрөг, нийт 1,235,257,060 төгрөгийг СД ХХК болон ЖИ ХХКуудын дансаар Ц.Ц-т төлсөн байдаг. Харин СК ХХК нь нийлүүлсэн сеттоп боксноос 87,661,417 төгрөгийн үнэ бүхий 845 ширхэг сеттоп боксыг 2013.11.29ний өдрөөс 2015.07.07ний өдрүүдийн хооронд гэмтэлтэй байсан шалтгаанаар манайд буцаасан. Гэхдээ Ц.Ц- нь 2860 ширхэг, 316,131,701 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, 2590 ширхэг, 42,973,875 төгрөгийн үнэ бүхий смарт карт буюу нийт 359,105,577 төгрөгийн үнэ бүхий сеттоп бокс, смарт картыг СК ХХКд нийлүүлээгүй дутуу байсан. Талууд эцсийн байдлаар 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр талууд өмнөх тооцооны үлдэгдлийг 1,924,875,328 төгрөг болохыг баталгаажуулж, Ц.Ц- нь энэхүү гэрээг байгуулснаас хойш 359,105,577 төгрөгийн үнэ бүхий 2860 ширхэг сеттоп бокс, /үүн дотор смарт карт нь багтдаг гэсэн үг/ыг СК ХХКд нийлүүлэх, СК ХХК нь нийт 2,283,980,905 төгрөгийг Ц.Ц-т төлөх үүргийг хүлээсэн. Бид гэрээний дагуу дутуу сеттоп бокс, смарт картыг СК ХХКд ямар нэгэн эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй шилжүүлж, гэрээний үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлсэн. СК ХХК сеттоп бокс, смарт картыг өнөөдрийг хүртэл хэрэглэж, ашиглаж байна. СК ХХК нь энэ гэрээнээс хойш 805,684,912 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөр болох 1,478,295,993 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Бид төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон энэ шаардлагад хамаарахгүй гэрээг үндэслэн төлбөр төлөхөөс татгалзсан. Гэрээний 6.4т зааснаар үлдэгдэл төлбөр болох 1,478,295,993 төгрөгөөс хоног тутамд 0,01%ийн алданги тооцож, 1 хоногийн 147,829 төгрөг, 840 хоногийн алданги нийт 124,176,360 төгрөг, бүгд 1,602,472,353 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч СК ХХКаас нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

Манай компанийн үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явагдаж байхад нэхэмжлэгч Ц.Ц- нь манай компани дээр ирж би гурвалсан үйлчилгээ үзүүлэх хүчин чадал бүхий тоон телевизийн тоног төхөөрөмжийг оруулж ирж байгаа, танайх тоног төхөөрөмжийн тал үнийг төлөөд хамтдаа 50/50 хувиар эзэмшье, танай компанийн хот даяар тавигдсан байгаа шилэн кабелийн сүлжээг ашиглан хэрэглэгч нарт үйлчилгээ үзүүлье гэсэн санал гаргасныг манай компанийн зүгээс зөвшөөрч бидний хооронд салшгүй холбоо бүхий хоёр гэрээ байгуулагдсан юм. Эхний гэрээ нь 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээ болно. Тус гэрээгээр СК ХХК нь иргэн Ц.Ц-аас маргаж буй сеттоп боксын удирдлага буюу тоон телевизийн тоног төхөөрөмжийн 50 хувийг 1,216,268,508.58 төгрөгөөр худалдан авах, худалдагч нь гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжийг худалдан авагчид шилжүүлэх үүргийг хүлээсэн. Манай компанийн зүгээс дээрх гэрээгээр худалдан авсан тоног төхөөрөмжөө хүлээн авч холбогдох техникийн суурилуулалт, зүгшрүүлэлтийг хийж бэлтгэсний дараа дагалдах зүйл болон тоон телевизийн сеттоп боксыг худалдан авахаар Ц.Ц-тай 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу сеттоп боксын үнийг төлж байсан. Тус хоёр гэрээний зүйл нь зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох тоног төхөөрөмжүүд бөгөөд салгаж өмчлөх боломжгүй. Гэтэл Ц.Ц- нь сеттоп боксын удирдлага болох тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнийхээ үүргийг ноцтой зөрчиж бидэнд худалдсан тоног төхөөрөмжөө өөрийн хувьцаа эзэмшдэг Д ХХК-д хууль бусаар шилжүүлж өгсөн учраас манай компанийн хувьд их хэмжээний мөнгөн дүнгээр хохирсон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1. Ц.Ц-ийн хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас СК ХХК нь Д ХХК-д сар бүр 35,000,000 төгрөг төлж хохирсон.

Уг хохирлыг 2018 оны 09 дүгээр сар хүртэлх байдлаар гарган 907,500,000 төгрөг

2. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн үнийн дүн буюу 808,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

3. Ц.Ц-тай байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/2015/09/21 дугаартай Сеттоп боксны гэрээний дагуу төлсөн. 2,041,631,972 төгрөг нийт 4,168,286,301 төгрөгийг Ц.Ц-аас гаргуулна.

СК ХХК нь Ц.Ц-тай хамтын ажиллагааны хүрээнд студийн тоног төхөөрөмжийг хамтран худалдан авахаар 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 001/2015/02/05 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд зааснаар гэрээний зүйлийг 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор нийлүүлэх, СК ХХК нь 1,216,268,508 төгрөгийг сар бүр 35,000,000 төгрөгөөр төлж барагдуулах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсоны дагуу үүргээ шударгаар биелүүлж байсан.

Дээрх тоног төхөөрөмжийн зарим хэсгийг суурилуулж, зүгшрүүлэлтийн ажиллагааг хийх явцад тус тоног төхөөрөмжийн бүрдэл хэсэг болох хүлээн авагч буюу сеттоп боксыг худалдан авахаар талууд тохиролцож 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 001/2015/09/21 дугаартай гэрээг байгуулж, СК ХХК нь гэрээний үүргээ мөн зохих ёсоор биелүүлж үнийг төлж байсан.

Гэтэл дээрх гэрээнүүдийг байгуулсны дараа Ц.Ц- нь хамтарч Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнийхээ үүргийг ноцтой зөрчиж гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг бүхэлд нь Д ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 26-ны шилжүүлэн өгсөн байсныг олж мэдсэнээр дээрх байгуулсан 2 гэрээний үнийг төлөхөө СК ХХК-аас зогсоосон.

Бид Ц.Ц-аас хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч Д ХХК-тай гэрээ байгуулж, сар бүр 68,000,000 төгрөг төл, эс бөгөөд тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг тасалдуулна гэж сүрдүүлж, мөн Д ХХК-аас тус компанитай гэрээ байгуулж, сар бүр төлбөр төлөхгүй бол тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоож, үйл ажиллагааг тасалдуулах болно гэсэн шахалт үзүүлж байсан тул СК ХХК нь гарцаагүй байдалд орж нэгэнт тус компанийн нэрээр тараагдаад байсан боксын хэрэглэгчдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүйн тулд Д ХХК-тай /Nagra gas/ системд хэрэглэгчийн бүртгэл болон төлбөр тооцооны системийг зогсолтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/144 тоот Хамтран ажиллах гэрээ-г байгуулж сар бүр 35,000,000 төгрөгийг Д ХХК-д төлөх болсон.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай, тоног төхөөрөмж хамтарч худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр байгуулагдсан буюу тус тоног төхөөрөмжийн бүрдэл хэсэг болох хүлээн авагч Сеттоп боксыг худалдан авахаар 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 001/2015/09/21 дугаартай гэрээг талууд байгуулж, уг гэрээний дагуу СК ХХК-аас нийт 2,041,031,972.97 төгрөгийг төлсөн.

Ц.Ц- нь хамтран ажиллах гэрээний үүргээ ноцтой зөрчиж, СК ХХК-д мэдэгдэлгүйгээр тоног төхөөрөмжийг бүхэлд нь Д ХХК-д шилжүүлсний улмаас 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/2015/09/21 дугаартай сеттоп боксны гэрээ ач холбогдолгүй болж, СК ХХК нь 2,041,031,972.97 төгрөгөөр мөн хохироод байна. Учир нь сеттоп бокс нь тоног төхөөрөмжөөс салангид үл ашиглаж болох бүрдэл эд юмс бөгөөд сеттоп боксын өмчлөл нь удирдах тоног төхөөрөмжөө дагаад Д ХХК-д шилжсэн бөгөөд уг сеттоп боксын хэрэглэгчдээс төлсөн төлбөрийг сар бүр Д ХХК авч байна. Ц.Ц-ийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас Д ХХК-д 808,500,000 төгрөг төлж хохирсон.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээний 1.1-д СК ХХК нь иргэн Ц.Ц-аас тоон телевизийн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон. СК ХХК нь иргэн Ц.Ц-ийн худалдаж авсан тоног төхөөрөмжийг худалдаж авахаар гэрээ байгуулж байсан болохоос биш хамтран худалдаж аваагүй гэдгийг дээрх гэрээний зорилгоос тодорхой харагдана. Тоон телевизийн тоног төхөөрөмжийг иргэн Ц.Ц- нь Nagravision SA компаниас худалдан авсан бөгөөд СК ХХК энэ харилцаанд ямар ч хамааралгүй. Энэ тоног төхөөрөмж ганц ширхэг бөгөөд гуравдагч этгээдийн хэлснээр Д ХХКийн тусгай объектод байрлаж байгаа, энэ төхөөрөмжийг Ц.Ц- захиран зарцуулах эрхтэй, Д ХХКийн 100%ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнөөр энэ асуудал хөндөгдөж байгаа.

Ц.Ц- нь 2015 оны 10 дугаар саарын 22-ны өдөр СК ХХК-д 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай албан бичгийг хүргүүлсэн ба СК ХХК-ийн захирал А.Энхбат нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/318 дугаартай албан бичгээр 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай худалдах, худалдан авах гэрээний хүчинтэй хугацаанд Д ХХК-тай тоног төхөөрөмжийн гэрээг байгуулсны дараа дээрх гэрээг цуцлах саналтай байна гэсэн хариуг ирүүлсэн бөгөөд үүний дагуу СК ХХК нь Д ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/149 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж ашиг орлогоо хүртсээр байгаа учраас тоон телевизийн студийн тоног төхөөрөмжийг мэдэгдэлгүйгээр худалдан борлуулсан гэх тайлбар үндэслэлгүй байна. Үүний улмаас Ц.Ц-т 455,000,000 төгрөг төлж, Д ХХКд мөнгө төлж хохирсон зүйл байхгүй. Хариуцагч өөрөө хүсээд Д ХХКтай гэрээ байгуулсан, үүний үндсэн дээр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, ашиг орлогоо хүртэж байгаа, тэгээд ч Д ХХд төлсөн мөнгийг Ц.Ц- хариуцах үндэслэлгүй. Харин Ц.Ц- 455,000,000 төгрөгийг гэрээний төлбөр зогссоноос хойш Д ХХКтай гэрээ байгуулах хүртэлх хугацаанд тоног төхөөрөмж ашиглаж байсны төлбөрт суутган авсан. СК ХХК нь Д ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/149 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан өдрөөс талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан бөгөөд нэгэнт цуцлагдсан гэрээний дагуу СК ХХК нь шаардах эрх байхгүй. Харин маргааны зүйл болсон 5, 21 дугаартай гэрээнүүд хоорондоо харилцан хамааралтай, бүрдэл төхөөрөмж, эд хөрөнгүүд биш юм. Учир нь бид 2013 оноос эхлэн сеттоп бокс, смарт картыг дангаар нь хариуцагчид нийлүүлэхээр байдлаар худалдаж ирсэн. Харин 2015 онд студийн тоног төхөөрөмжийг худалдах асуудал яригдсан байгаа. Тус тусдаа ажиллах боломжтой эд хөрөнгүүд, энэ талаар нэхэмжлэгчийн үндэслэл болгож байгаа мэргэжлийн байгууллагуудын албан бичгийг дүгнэлт гэж үзэхгүй. 001/2015/02/05 дугаартай гэрээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох сөрөг нэхэмжлэл биш, уг нь тусдаа асуудал юм. Харин биднийг гэрээний төлбөрийг нэхэх үед сая сөрөг нэхэмжлэл гаргасан учир шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д ХХК-аас гаргасан тайлбарын агуулга:

Д ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр СЭД ХХК болон Швейцарь Улсын хуулийн этгээд болох Наргавишн компанитай харилцан тохиролцож Эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээний дагуу Награ гас төхөөрөмжийг Награвишн компанийн зөвшөөрөлтэйгөөр Д ХХК-д шилжүүлсэн.'

Учир нь Награ гас системийг технологийн хувьд СК ХХК-ийн тодорхой тооны хэрэглэгч ашиглаж байсан тул Награ гас системд уг хэрэглэгч нарын бүртгэл болон түүний төлбөр тооцооны систем, сувгийн нэр түүний цагийг бүртгэн ажиллах зэрэг үйлчилгээг үзүүлэх талаар Д ХХК болон СК ХХК хооронд гэрээ байгуулах шаардлага гарсан. Үүний дагуу Хамтран ажиллах тухай гэрээ-г байгуулах бидний хүсэл зоригийн илэрхийллийг СК ХХК-ийн Ерөнхий захирал А.Энхбат нар нь хүлээн авч, уулзалт хэлэлцээрийг хийж, харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан болно.

Энэ хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 10 сар хүртэлх хугацаанд гэрээгүй буюу ямар нэгэн төлбөргүйгээр үйлчилгээг СК ХХК нь Д ХХК-аас авсан. СК ХХК нь тухайн дээрх гэрээний үнийн дүнгээр хохирсон зүйл байхгүй, манай зүгээс үзүүлж буй ашиглалт үйлчилгээ /хүнтэй холбоотой зардал, цахилгаан болон бусад үйлчилгээ/-ний төлбөрт төлж буй төлбөр юм. Өөрөөр хэлбэл, Д ХХК-ийн сервер дээр байрлаж гуч гаруй мянган хэрэглэгчээсээ тухайн төлбөрийг хангалттай олж байгаа.

 

6. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5д зааснаар хариуцагч СК ХХКаас 1,478,443,822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 124,028,531 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч СД ХХК, ЖИ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-аас 455,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч СК ХХКд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 3,713,286,301 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 8,170,312 төгрөг, хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 21,473,231 /4,695,450 төг + 2,432,950 төг + 4,200,450 төг + 10,144,381/ төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч СК ХХК-аас 7,550,169 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-т, нэхэмжлэгч Ц.Ц-аас 2,432,950 төгрөгийг гаргуулж хариуцагч СК ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

СК ХХК нь Монгол Улсад шилэн кабелийн үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэгч компани байсан болохыг хүн бүр сайн мэдэх ба тус компанийн үйл ажиллагаа хэвийн, тогтвортой явж байх үед Ц.Ц- нь 2013 онд би гурвалсан үйлчилгээ үзүүлэх хүчин чадал бүхий тоон телевизийн тоног төхөөрөмжийг оруулж ирж байгаа, танайх тоног төхөөрөмжийн тал үнийг төлөөд, хамтдаа 50/50 хувиар эзэмшье, СК ХХК-ийн хот даяар тавигдсан шилэн кабелийн сүлжээг ашиглан хэрэглэгч нарт үйлчилгээ үзүүлье гэсэн санал тавьсан ба улмаар түүний саналыг хүлээн авч хамтран ажиллахаар болсон.

Хамтын ажиллагааны тоон телевизийн тоног төхөөрөмжийг Ц.Ц- нь 2009 оноос эхлэн гаалийн хилээр оруулж ирж эхэлсэн байсан ба хамгийн сүүлийн тоног төхөөрөмжийг хамтын ажиллагааны явцад буюу 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр /001/2015/02/05 тоот гэрээний хавсралт/ гаалиас хүлээн авсан. Тоон телевизийн тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж үйл ажиллагааг зүгшрүүлснээр уг тоног төхөөрөмжийг хамтарч худалдаж авах тухай 001/2015/02/05 тоот гэрээг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, Сеттоп бокс худалдан авах тухай 001/2015/09/21 тоот гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус тус бичгээр байгуулсан.

Дээрх хоёр гэрээний зүйл нь хоорондоо салшгүй холбоотой, үндсэн бүрдэл эд юмс байна, Ц.Ц- нь гэрээгээр эрхийн зөрчилгүй, доголдолгүй эд хөрөнгө нийлүүлэх үүрэгтэй байсан ч гэрээгээ зөрчсөн байна гэж шүүх зөв дүгнэж, тогтоосон байдаг.

Харин шүүх дээрх дүгнэлтийнхээ эсрэгээр хэргийг шийдвэрлэхдээ 21 тоот худалдах, худалдан авах гэрээний зүйл нь 2013 оны худалдах, худалдан авах гэрээний харилцаа, талуудын тооцоо нийлсэн, нэмэлтээр худалдах сеттоп бокс, смарт карт байх бөгөөд энэхүү 21 тоот гэрээг талууд өмнө үүссэн гэрээний харилцааг дүгнэх байдлаар хийсэн, энэ үед талуудын хооронд Nagravision gas системийн студийн тоног төхөөрөмж, тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж буюу сеттоп бокс, смарт картын харилцан хамааралтай байдлын талаар ямар нэгэн зөрчил үүсээгүй, маргааны зүйл болоогүй байх ба энэхүү гэрээний үүргийг нэхэмжлэгч Ц.Ц- нэгэнт биелүүлсэн байх тул сеттоп боксын төлбөрийг шаардах эрхтэй гэж огт үндэслэлгүй буюу шийдвэрийн үндэслэл хэсэгтээ хоёр өөр агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн.

Талуудын хоорондын хамтын ажиллагааны үндэс болсон Тоон телевизийн тоног төхөөрөмжийг 2013 онд хамтарч худалдан авахаар тохиролцсоны дагуу түүний үндсэн бүрдэл эд юмс болох Сеттоп боксыг СК ХХК худалдан авч айлуудад тарааж эхэлсэн байдаг.

Гэтэл шүүх талуудын хооронд 2013 онд зөвхөн Сеттоп бокс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, энэ нь Тоон телевизийн тоног төхөөрөмжийн гэрээтэй холбогдолгүй байна гэж буруу, ташаа дүгнэсэн бөгөөд Тоон телевизийн тоног төхөөрөмжийг худалдан авах тухай хэлцэл хийгдээгүй байхад Сеттоп бокс худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдах боломжгүй юм. Энэ тухай анхан шатны шүүх дүгнэхдээ маргаан бүхий хоёр гэрээний зүйл нь бүрдэл эд юмс болох талаар нотлох баримтын үндсэн дээр, хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

Сеттоп бокс нь Тоон телевизийн тоног төхөөрөмжийн үндсэн бүрдэл хэсэг буюу хоорондоо салшгүй холбоотой, техникийн хувьд бие биенээсээ шууд хамааралтай бөгөөд салгасан тохиолдолд бие даан ажиллах боломжгүй буюу эдийн засгийн ямар ч үр ашиггүй болох учир Тоон телевизийн тоног төхөөрөмж болон Сеттоп боксын өмчлөх эрхийг хууль зүйн хувьд Нэг гэж үзэх ёстой. Гэтэл шүүх энэхүү хоёр гэрээний зүйлийг тусдаа болсон үйл баримт учир тусад нь дүгнэсэн болно гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны гарч чадсангүй. Иймд шүүхээс нэхэмжлэгч Ц.Ц-ийг үндсэн гэрээгээ буюу Тоон телевизийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах тухай гэрээг зөрчсөн, буруутай гэж үзсэн бол түүний үндсэн шаардлагыг хангах боломжгүй, харин сөрөг шаардлагыг бүхэлд нь хангахаас өөр хуулийн гаргалгаа байхгүй байтал хуулийг илтэд буруу тайлбарлаж, хэргийг эсрэгээр нь шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Шүүхийн шийдвэрт Тоон телевизийн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах тухай 001/2015/02/05 тоот гэрээг цуцлагдсан гэж дүгнэсэн тухайд:

Хариуцагч СК ХХК нь Тоон телевизийн тоног төхөөрөмж болон сеттоп бокс худалдах, худалдан авах тухай гэрээний үүргээ зөрчиж байгаагүй буюу төлбөрийг тогтоосон хугацаанд төлж ирсэн, харин Ц.Ц- нь гэрээгээр шилжүүлэх эд хөрөнгөө шилжүүлэн өгөлгүйгээр гуравдагч этгээд Д ХХК-д шилжүүлж үндсэн үүргээ зөрчсөн байтал шүүх худалдан авагч СК ХХК- ийг гэрээний үүргээ зөрчсөнөөс Ц.Ц- гэрээнээс татгалзах эрхээ эдэлсэн гэж андуурч дүгнэсэн, эсвэл санаатайгаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүх энэ хэсэгт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг тайлбарлаж хэрэглэсэн ч мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг давхардуулан хэрэглэсэн нь мөн ойлгомжгүй болжээ.

Гэрээний явцад Ц.Ц- нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой "Гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэсэн бичиг ирүүлсэн ба тус бичигт:

2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр танай компанитай 001/2015/028/05 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулан тоон телевизийн тоног төхөөрөмжийг худалдахаар болсон билээ. Уг гэрээний үндсэн агуулга нь тоног төхөөрөмжийн 50 хувийг танай компанид худалдах, түүний төлбөр тооцоог хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах байсан бөгөөд уг гэрээний 1.1-д үүнийг тодорхой болгосон нэмэлт өөрчлөлтийг тусгах, мөн гэрээний 2.4-т байгаа төлбөр шилжүүлэх дансыг өөрчлөх хүсэлтэй байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот хамтран ажиллах гэрээг өөрийн хувь эзэмшдэг Д ХХК-тай болгон өөрчлөх хүсэлтэй байгаа болно гэсэн байсан.

Түүний хүсэлтийн дагуу 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой Худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт 001/2015/02/05-1 тоот гэрээг байгуулж, гэрээний 1.1-д Энэхүү гэрээний зорилго нь худалдан авагчийн худалдан авахаар тохиролцсон гэрээний Хавсралт 1-д заагдсан тоон телевизийн тоног төхөөрөмж тус бүрийн талыг буюу 50 хувийг худалдах, худалдан авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, гэрээний 2.4-т ... худалдагч талын Голомт банкны 2105104545 тоот дансанд ... гэж тус тус өөрчлөлт оруулсан.

Харин хамтран ажиллах гэрээг Д ХХК-тай болгон өөрчлөх тухай хүсэлтийн дагуу өөрчлөлт оруулаагүй ба Ц.Ц-ийн эзэмших тоног төхөөрөмжийн 50 хувийг шилжүүлэн авч, манай компанитай гэрээ байгуулах талаар Д ХХК-иас албан бичиг авчирж өгөхийг хүсэхэд өгөөгүй. Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг Д ХХК болгон өөрчилж буюу Тоног төхөөрөмжийн гэрээг Д ХХК-тай байгуулснаар өөртөө нь байгуулсан гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй талаар Ц.Ц-т мэдэгдэж 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/318 тоот албан бичгийг хүргүүлсэн.

Гэтэл шүүх энэхүү албан бичгээр СК ХХК-аас гэрээг цуцлахыг шууд хүлээн зөвшөөрсөн байх тул гэрээ цуцлагдсан гэж үзнэ гэж үг, өгүүлбэрийн утгыг гуйвуулан нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь нэг талд давуу байдал олгож үйлчилсэн гэж хардаж байна.

Тодруулбал, Ц.Ц- нь зөвхөн өөрийн эзэмшлийн 50 хувийн тоног төхөөрөмжийг Д ХХК-д шилжүүлэн өгч байгаа гэж хариуцагчид ойлгуулж байсны дагуу нэхэмжлэгчээс Д ХХК-тай тоон телевизийн тоног төхөөрөмжийг 50/50 хувиар хамтран худалдан авах тухай гэрээг байгуулна уу гэсэн дээрх 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичгийг ирүүлж байсан. Гэтэл Ц.Ц- нь хариуцагчид огт мэдэгдэлгүйгээр тоног төхөөрөмжийг сеттоп боксын хамт бүхэлд нь Д ХХК-д шилжүүлэн өгч залилан, тоног төхөөрөмжийг, сеттоп боксыг цаашид ашигламаар байгаа бол Д ХХК-тай гэрээ байгуулж үйлчилгээний төлбөр төл, үгүй бол үйл ажиллагааг чинь тасалдуулна гэж, Д ХХК-аас тоон телевизийн тоног төхөөрөмжийг Ц.Ц-аас 100 хувь шилжүүлэн авсан тул ашиглалтын гэрээ байгуулж төлбөр төл, үгүй бол төхөөрөмжийг тасалдуулах болно гэж тулган шаардаж, төхөөрөмжийг тасалдуулж эхэлснээр хариуцагч аргагүй байдалд орж Nagravision gas системд хэрэглэгчийн бүртгэл болон төлбөр тооцооны системийг зогсолтгүй, найдвартай ажиллагааг хангах гэсэн нэртэй гэрээг Д ХХК-тай байгуулсан бөгөөд үүнээс өөр ямар нэгэн гэрээг тус компанитай байгуулаагүй. Энэхүү үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тодорхой байхаас гадна шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэг бүрчлэн тайлбарласан боловч нэхэмжлэгч тал ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэн.

3. Ц.Ц- нь тоон телевизийн тоног төхөөрөмжийг Д ХХК-д шилжүүлэн өгсөн, үүний улмаас СК ХХК хохирсон тухайд:

Ц.Ц- нь 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот гэрээгээр хүлээсэн тоон телевизийн тоног төхөөрөмжийн 50 хувийг шилжүүлэн өгөх үүргээ зөрчиж, СК ХХК-д огт мэдэгдэлгүйгээр их хэмжээний төлбөр төлөөд байсан гэрээний зүйл болох тоног төхөөрөмж, сеттоп боксыг бүхэлд нь Д ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-ээр шилжүүлэн өгснийг Д ХХК-иас олж мэдсэн ба улмаар Ц.Ц-тай байгуулсан гэрээнүүдийн төлбөрийг уг шалтгааны улмаас зогсоож, ямар учраас гэрээний үүргээ зөрчиж гэрээний зүйлийг бүхэлд нь Д ХХК-д шилжүүлсэн болохыг асууж, гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлага хүргүүлсэн.

Харин Ц.Ц-аас тоног төхөөрөмж болон сеттоп боксоо ашигламаар байгаа бол Д ХХК-тай ашиглалтын гэрээ байгуулж сар бүр төлбөр төл, үгүй бол төхөөрөмжийн үйл ажиллагааг тасалдуулж, зогсоох болно гэж, мөн Д ХХК-аас Тоон телевизийн тоног төхөөрөмжийг 100 хувь Ц.Ц-аас шилжүүлж авсан учир ашиглалтын гэрээг яаралтай байгуулж, сар бүр 68,000,000 төгрөг төл, үгүй бол тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг зогсоох болно гэж сүрдүүлсэн, тулган шаардсан албан бичгүүд ирсэн, энэхүү дарамт, шахалт үзүүлсэн албан бичгүүдийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хангалттай гаргаж өгсөн.

Гэтэл анхан шатны шүүх СК ХХК нь өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр Д ХХК-тай Nagravision gas системд хэрэглэгчийн бүртгэл болон төлбөр тооцооны системийг зогсолтгүй, найдвартай ажиллагааг хангах тухай гэрээ байгуулж төлбөр төлсөн нь Ц.Ц-ийн буруутай үйлдэлтэй ямар нэгэн шалтгаант холбоогүй байна гэж нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдож буй илэрхий зүйлийг үндэслэлгүйгээр үгүйсгэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Ц.Ц- нь СК ХХК-д худалдсан тоон телевизийн тоног төхөөрөмж, сеттоп боксоо Д ХХК-д шилжүүлэн өгснөөс түүнд төлсөн төлбөр болон Д ХХК-д төлсөн төлбөрөөр хохирч үлдсэн байхад СК ХХК огт хохироогүй гэж үзсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг. Гэтэл шүүгч нь шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт чөлөөтэй мэтгэлцэж, асуулт асууж, хариулт авах эрхийг эдлүүлээгүй.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлийн тухайд.

Анхан шатны шүүхийн тогтоосноор Тоон телевизийн тоног төхөөрөмжийг хамтарч худалдаж авах тухай гэрээ,

Сеттоп бокс худалдах, худалдан авах тухай гэрээний зүйл нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт зааснаар зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл эд юмс бөгөөд салгаж өмчлөх боломжгүй эд хөрөнгө болно. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц- нь худалдах, худалдан авах гэрээгээр эрхийн зөрчилгүй, доголдолгүй эд хөрөнгө нийлүүлэх үүрэгтэй байсан ч энэхүү үүргээ зөрчиж худалдан авагч СК ХХК-д тоон телевизийн тоног төхөөрөмж, түүний бүрдэл эд юмс болох сеттоп боксыг шилжүүлэн өгөөгүй. Сеттоп боксыг хүлээлгэн өгсөн гэх боловч сеттоп боксыг айлуудад тараасны дараа түүний удирдах үндсэн тоног төхөөрөмжийг гуравдагч этгээдэд өмчлөх, ашиглах эрхийн хамт 100 хувь шилжүүлэн өгсөн. Худалдагч Ц.Ц- нь дээрх байдлаар гэрээний үүргээ зөрчиж гэрээний зүйлийг бүхэлд нь Д ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн учир түүний үнийг СК ХХК-аас шаардах эрхгүй, СК ХХК нь өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байхгүй Тоон телевизийн тоног төхөөрөмж, сеттоп боксын үнийг нэхэмжлэгч Ц.Ц-т төлөх үүрэггүй болно.

Иймд СК ХХК нь нэхэмжлэгч Ц.Ц-аас ямар ч эд хөрөнгө, эрхийг шилжүүлэн аваагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.3 дахь зүйл, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц-т төлсөн төлбөр болон учирсан хохирлыг хариуцагч шаардах эрхтэй байх тул энэхүү хэргийг үнэн зөвөөр, шударгаар шийдвэрлэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү.

 

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв дүгнэж, шүүхийн шийдвэрийг гаргасан. Давж заалдах гомдолд дурдсан зүйл нь бодит үнэнд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

 

9. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан хариу тайлбарын агуулга: СК ХХК нь сайн дурын үндсэн дээр Д ХХК-тай гэрээ байгуулсан байгаа. Давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч тал хариуцагч СК ХХКд холбогдуулан нийлүүлсэн төхөөрөмжийн үнэ 1,478,295,993.75 төгрөг, алдангид 124,176,360 төгрөг,нийт 1,602,472,353.75 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Ц.Ц-ийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас СК ХХК-аас Д ХХК-д сар бүр 35,000,000 төгрөгөөр 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн хураамж 1,716,000,000 төгрөг/ 907,500,000+ 808,500,000/ гаргуулах, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/2015/09/21 дугаартай Сеттоп бокс нийлүүлэх гэрээгээр төлсөн, 2,041,631,972 төгрөг, нийт 4,168,286,301 төгрөгийг Ц.Ц-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

А. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:

А.1. СК ХХК нь Ц.Ц-тай 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 дугаартай худалдах, худалдан авах нэртэй гэрээг байгуулсан. Гэрээгээр худалдагч тал тоон телевизийн 30,000 ширхэг сеттоп бокс, смарт картын хамт худалдан авагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч тал төхөөрөмжийг хүлээн авч төлбөрийг төлөхөөр тохиролцсон./1хх18-19/

 

А.2. Ц.Ц- нь гэрээ ёсоор нийт 27,140 ширхэг сеттоп бокс /2,742,045,415 төгрөг/, 27,410 ширхэг смарт карт /418,086,974 төгрөг, нийт /3,160,132,389төгрөг/ нийлүүлж хүлээлгэн өгсөн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй. /4хх111-114,124-128/

 

А.3. СК ХХК-аас гэмтэлтэй гэх шалтгаанаар 845 ширхэг сеттоп боксыг /87,661,417 төгрөг/ буцааж, үлдэх 2,860 ширхэг сеттоп бокс /316,131,701.30 төгрөг/,

2,590 ширхэг смарт карт /42,973,875.70 төгрөг/-ийг гүйцээж нийлүүлэхээр тооцоо нийлж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан.

 

А.4. Талууд гэрээ байгуулж тооцоо нийлэх үед үлдэгдэл төлбөр 1,924,875,328 төгрөг байсан бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш нийлүүлэх 359,105,577.30 төгрөгийн үнэ бүхий 2,860 ширхэг сеттоп бокс, 2,590 ширхэг смарт картыг хүлээлгэн өгч талууд баталгаажуулсан баримт авагдсан./1хх20-21/

 

А.5. СК ХХК нь гэрээ байгуулагдсанаас хойш 805,684,912 төгрөгийг худалдагч талд шилжүүлсэн.

 

А.6. Талууд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай худалдах, худалдан авах гэрээний 1.1-д СК ХХК нь Ц.Ц-аас тоон телевизийн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж гэрээний зорилгоо тодорхойлж бичсэн./1хх109-112/

 

А.7. Ц.Ц- нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр СК ХХК-д хандан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай албан бичгийг хүргүүлэхэд, СК ХХК-ийн захирал А.Энхбат нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/318 дугаартай албан бичгээр 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай албан бичгээр худалдах, худалдан авах гэрээний хүчинтэй хугацаанд Д ХХК-тай тоног төхөөрөмжийн гэрээг байгуулсны дараа дээрх гэрээг цуцлах саналтай байна гэсэн хариуг хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон./1хх146/

 

А.8. "СК" ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Ц.Ц-аас тоон телевизийн сеттоп бокс, смарт картыг хүлээн авч байсанд талууд маргаангүй.

 

А.9. СК ХХК нь Д ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/149 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа талаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй.

 

А.10. Тоон телевизийн тоног төхөөрөмж нь техникийн хувьд хүлээн авагч Сеттоп боксын хамтаар иж бүрдэл, хоорондоо харилцан хамааралтай нэгдмэл систем болох нь тогтоогдсон байна.

 

А.11. Ц.Ц- нь 2013 онд Д ХХК-ийн 100%ийн хувьцаа эзэмшигч байхдаа Nagra gas нэртэй төхөөрөмжийг Монгол улсад оруулж ирж эзэмшиж байсан, энэ төхөөрөмж нь Орбитод байрлах Д ХХК-ийн онцгой объектод байрладаг талаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

 

А.12. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 124,028,531 төгрөгт холбогдох хэсгийг/алданги/хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд, мөн Ц.Ц-аас 455,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч СК ХХКд олгож шийдвэрлэсэнд Ц.Ц- давж заалдах журмаар гомдол гаргаагүй, нэхэмжлэгч СД ХХК, ЖИ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг дээрх нэхэмжлэгч нар зөвшөөрч мөн давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч Ц.Ц- нь СК ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 002/2015/09/21 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр үүргээ биелүүлж, тоон телевизийн сеттоп бокс, смарт картыг нийлүүлсэн тул үлдэгдэл төлбөр 1,478,295,993.75 төгрөг гаргуулна гэсэн бол хариуцагч тал 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 002/2015/09/21 дугаартай, 2015 оны 02 дугаар сарын 16ны өдрийн 001/2015/02/05 дугаартай гэрээнүүдийн зүйл нь хоорондоо салшгүй холбоотой, салгаж үл болох бүрдэл хэсгүүд, нэхэмжлэгч сеттоп бокс, смарт картыг нийлүүлээд, тоног төхөөрөмжийг Д ХХКд шилжүүлснээр гэрээний үүргийг ноцтой зөрчиж, хохирол учруулсан гэж маргаж байна.

 

Өөрөөр хэлбэл, иж бүрдэл хэсэг болох зүйлсийг салгаж нийлүүлж, тоног төхөөрөмж нийлүүлэх 2015 оны 2 дугаар сарын 16ны өдрийн 001/2015/02/05 дугаартай гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, гэрээний зүйлийг өөр этгээдэд шилжүүлснээс болж, үндэслэлгүй их хэмжээний хураамж төлж хохироход хүрсэн, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 002/2015/09/21 дугаартай гэрээний зүйл болох сеттоп бокс, смарт карт хариуцагчид ямар ч ашиггүй, хэрэгцээгүй тул төлсөн үнийг буцааж гаргуулна гэжээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө байх юм.

 

Зохигчийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 002/2015/09/21 дугаартай худалдах, худалдан авах гэрээний зүйл нь 2013 оноос хойш үргэлжлэн нийлүүлсэн сеттоп бокс, смарт карт байх бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 16ны өдрийн 001/2015/02/05 дугаартай гэрээний зүйл нь тоон телевизийн тоног төхөөрөмж байна. /1хх18-19, 109-112/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ нь урт хугацааны гэхээсээ гэрээний зүйл болох хөрөнгийг өмчлөлд шилжүүлснээр дуусгавар болдог гэрээ юм.

 

Хэргийн баримтаас Ц.Ц- нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр СК ХХК-д хандан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай санал хүргүүлж байсан үйл баримт авагдсан байх боловч хариуцагч СК ХХК нь Д ХХК-д тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн гэх үйл баримттай холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 002/2015/09/21 дугаартай худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэх баримт тогтоогдоогүй байна.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно гэж заасан. Гэрээнд анхан шатны баримт үйлдэн хүлээлгэн өгөх талаар заасан. Талууд энэ талаар баримт үйлдэж , тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан. Мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцохоор заасан.

 

Гэрээний зөрчил үүссэн гэх 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хариуцагч нь Д ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/149 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байгаа үйл баримт тогтоогдсон.

 

Гэрээний зүйл болох сеттоп бокс, смарт картыг хариуцагч нь нэгэнт хүлээн авснаас гадна гол эд юмсыг өмчлөх эрх болон дагалдах зүйлийг өмчлөх эрх нь зэрэг нэг этгээдэд байх албагүй юм. Зөвхөн хөдлөх эд хөрөнгө нь эд юмсын дагалдах зүйл байна.

 

Хөдлөх эд хөрөнгийн тухайд Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар үндсэн бүрдэл хэсгийн өмчлөгч болон гол эд зүйлийн өмчлөгч нар нь уг эд зүйл салах боломжгүй нийлж, холилдсон үед тухайн зүйлийн хамтран өмчлөгчид байхаар зохицуулсан. Хэргийн баримтаас үзэхэд тоног төхөөрөмжийн өмчлөгч нь Ц.Ц- биш, Д ХХК байна.

 

Нэгэнт дээр дурдсанаар хариуцагч СК ХХК нь сеттоп бокс, смарт картыг хүлээн авсан тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үнийг төлөх үүрэгтэй. Төлбөл зохих үнийн үлдэгдэл хэмжээ 1,478,295,993.75 төгрөг болох тухайд хариуцагч няцааж маргаагүй тул дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосныг зөв гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ц.Ц-ийн 001/2015/02/05 дугаартай гэрээг цуцлах санал хүргүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хариуцагчийн Д ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/149 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулах хүртэл хугацаанд талууд гэрээг үргэлжлүүлэх талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд ...студийн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах тухай 05 тоот гэрээ бодит байдлаар хэрэгжих боломжгүй болсон, гэрээ цуцлагдсан талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан 1,716,000,000 төгрөг нь хариуцагчийн гуравдагч этгээд Д ХХК-аас 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 25ны өдрийг хүртэл авсан үйлчилгээндээ төлсөн нь хураамж байх тул нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй. Энэ утгаараа анхан шатны шүүхээс хийсэн энэ нь 05 тоот гэрээ цуцлагдаж, түүнээс татгалзсантай холбоотой хариуцагч СК ХХК-аас гарсан зардал биш гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Мөн анхан шатны шүүх талууд харилцан тооцоо нийлж, байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хүчин төгөлдөр гэрээний дагуу төлсөн сеттон бокс, смарт картын үнийн үлдэгдэл төлбөр 1,997,286,301 төгрөгийг хариуцагч буцаан шаардахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/02792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,116,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД