Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00442

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00443

 

 

 

ХЖ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/02703 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХЖ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч БКЭА ХХК, БГ ХХК-д тус тус холбогдох,

Гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 13,029,002,580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч БГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1  Нэхэмжлэлийн шаардлага:

Олох ёстой байсан цэвэр ашиг 9,978,867,679 төгрөг,

Барилга барихад гарсан зардал 5,200,651,800 төгрөг, нийт 15,179,519,479 төгрөг гаргуулах.

1.2  Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Тус компани 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч БКЭА ХХК-тай хэлэлцээр бичиг нэртэй, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт гэрээ нэртэй гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээрх тухайн үед баригдаж байсан 14 дүгээр хорооллын барилгын ажлын хүрээнд F1, F2 барилгуудыг барих газрыг худалдан авч чөлөөлөх, үүнтэй холбоотой зардлыг ХЖ ХХК хариуцах, уг хоёр барилгын зураг төслийг бэлтгүүлэх, шаардлагатай зөвшөөрлүүдийг авч бэлтгэх, барилга угсралтын ажлын явцад төр захиргааны эрх бүхий байгууллагуудтай харьцаж барилга угсралтын ажил хэвийн явагдах нөхцлийг хангах, орон сууц борлуулах үйл ажиллагаанд манай компанид туслах үүргийг БКЭА ХХК хүлээсэн. Харин манай компани уг гэрээг байгуулснаар хариуцагчид газар худалдан авч чөлөөлөхтэй холбоотой зардлыг шилжүүлж, БКЭА ХХК-ийн нэрийн дор дээрх барилгын угсралтын ажлыг иж бүрнээр нь явуулж, ашиглалтад оруулж, улмаар худалдан борлуулж ашиг олох явдал байсан бөгөөд ийм зорилгоор хариуцагчтай уг гэрээг байгуулж гэрээнд заасан үүргээ биелүүлж хариуцагчид нийтдээ 1,652,141,748 төгрөгтэй тэнцэх төлбөрийг шилжүүлсэн. БКЭА ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд дээрх төлбөрийг хүлээн авч айлуудын газрыг худалдан авч чөлөөлөх үүргээ биелүүлж нийтдээ 16740.9 м.кв газрыг чөлөөлж өгсөн ба уг газар дээр манай компани Икс Ди Эф ХХК-аар барилга угсралтын ажлаа гүйцэтгүүлж эхэлсэн. Гэтэл 2008 онд дэлхийн эдийн засаг хямарч барилгын зах зээл мөн муудсан учраас бид барилга угсралтын ажлаа түр зогсоож хүлээлтийн горимд шилжээд байсан. Ийнхүү түр зогсох хүртэл буюу 2008 оны төгсгөл гэхэд нийт барилга угсралтын ажлынхаа 55 хувийг гүйцэтгэсэн байсан тул хариуцагч талтай 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр барилга угсралтын ажлаа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулахаар харилцан тохиролцсон байсан боловч биднийг эзгүй байх хооронд буюу 2011 онд хариуцагч тал манай F1, F2 барилгуудын угсралтыг дур мэдэн өөрсдөө гүйцээн барьж ашиглалтад оруулсан, бусдад худалдан борлуулж дуусган бүх орлогыг өөртөө авч завшин манай компанийг хохироогоод байна. Үүний дараа бид хариуцагч талыг тухайн орон сууцны барилгыг худалдан борлуулах үедээ нийтэд тарааж байсан зар сурталчилгааны материалаас орон сууцны талбайг хамгийн багадаа 1,450,000 төгрөгөөр худалдсан болохыг олж мэдсэн тул F1, F2 барилгын нийт талбай болох 11,973.04 м.кв хэмжээгээр үржүүлэхэд 17,360,908,000 төгрөг, үүнд 30 ширхэг автомашины зогсоолыг 18,000,000 төгрөгөөр үржүүлэхэд 540,000,000 төгрөг болж байгаа буюу нийт борлуулалтын орлого нь 17,900,908,000 төгрөг болж байна. Үүнээс манай компанийн хувьд тухайн барилгуудыг барихад гарах зардал буюу анх тооцоолж байсан 6,880,510 ам.доллар буюу 7,992,040,321 төгрөгийг хасвал 9,978,867,679 төгрөгийн цэвэр ашиг олсон тооцоо гарч байна. Хэрэв манай компани тухайн орон сууцаа өөрөө барьж ашиглалтад оруулж бусдад худалдан борлуулсан бол энэхүү 9,978,867,679 төгрөгийн цэвэр ашгийг олох ёстой байсан. Энэхүү нөхцөл байдал нь манай компанитай гэрээгээр тохиролцсон тохиролцоонд огт байхгүй өөр үйлдэл хийж, өөр үйл ажиллагааг дур мэдэн хэрэгжүүлж компанийн эрхийг зөрчиж хохироосон үйлдэл юм. Үүнээс манай ХЖ ХХК-ийг анх барихад гарсан зардал буюу тооцоолж байсан 5,200,651,800 төгрөг болж байгаа. Нийт 15,179,519,479 төгрөгийг гаргуулна. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаас харахад нийт талбайн хэмжээ нь 12,023.65 м.кв байх тул тооцооллыг дахин боловсруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 13,029,002,580 төгрөг болгон багасгаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол гаргуулахаар шаардаж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ярьдаг. Энэ маргаан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тул 6 жил байна. Бидний хамтын ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгө бий болох байсан гэдэг агуулгаар 6 гэж ойлгож байгаа. Барилга угсралтын ажил нь 68 хувийн гүйцэтгэлтэй явж байсан тул үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан гэж үзэж байна. Өмнө гэрчилгээ авсан эсэх талаар мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

2. Хариуцагч БКЭА ХХК-ийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой харилцааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхэлнэ.

ХЖ ХХК нь эрх зөрчигдсөн гэх албан тоотыг 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр БКЭА ХХК-д хүргүүлсэн. 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эрх зөрчигдсөн гэдгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. ХЖ ХХК-ийн нэхэмжлэлтэй БКЭА ХХК-д холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03793 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа гурван жил. Нэхэмжлэгч тал нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үүрэг шаардаагүй харин гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх байгаа учир 3 жилийн хугацаа дууссан гэж үзэж байна. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээ нь ХЖ ХХК болон БКЭА ХХК-ийн хооронд байгуулагдаагүй. Тус гэрээг ХЖ ХХК нь Бэрэн групптэй байгуулсан. Бэрэн группын ерөнхий захирал н.Мөнхтөр болон бэрэн группын тамга тэмдэг дарагдсан байдаг. Хэргийн 11-13 дахь талд байна. Мөн хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд Бэрэн группын ХЖ ХХК-д гаргасан албан бичгээр Бэрэн групп болон ХЖ ХХК нь хооронд 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт гэрээ байгуулагдсан гэдэг нь тодорхой тусгагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч БГ ХХК-ийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 3 үндэслэлээр татгалзлынхаа үндэслэлийг тайлбарлана. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа БКЭА ХХК-д холбогдуулан гаргасан бөгөөд манай байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, албан бичиг ирүүлж байгаагүй тул шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Харин 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд БГ ХХК-ийг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргасан нь анх удаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага бол БКЭА ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг шаардаж байна гэж үзээд үүнтэй холбоотой асуудал нь БГ ХХК-тай хамааралгүй. Анх байгуулсан 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээ, түүний үндсэн дээр байгуулсан 2015 оны гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй байна. Эрх зүйн бүрэн чадвар чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн гэрээ биш байна. Учир нь нэхэмжлэгч нь улсын бүртгэлд 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэгдсэн гэж байна. Энэ бол хавтаст хэргийн 124 дэх талд авагдсан хуулийн этгээдийн гэрчилгээнд байна. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар бол хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заасан байна. Тэгэхээр 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр буюу улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнө гарын үсэг зурж тамга дарсан байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцох чадваргүй этгээдийн байгуулсан хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр бус, мөн түүнтэй холбоотойгоор байгуулагдсан хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус байна. Манай зүгээс ямар нэгэн байдлаар үүрэг үүсээгүй.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХЖ ХХК-ийн хариуцагч БКЭА ХХК болон БГ ХХК-д холбогдуулан гаргасан 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хэлэлцээр бичиг, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээ зэрэгт үндэслэж орон сууцыг дур мэдэн гүйцээн барьж, ашиглалтад оруулан бусдад худалдан борлуулж олсон орлогын цэвэр ашиг болон барилга угсралтын ажилд зарцуулсан зардал нийт 13,029,002,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 086 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.б. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны 02 сараас 2018 оны 12 сар хүртэл нийт 3 жил 10 сарын хугацаа өнгөрсөн байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Гэтэл бидний үзэж байгаагаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан тусгай хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэгдэх ёстой гэж үзэж байгаа болно. Учир нь талуудын байгуулсан гэрээ нь бүхэлдээ үл хөдлөх эд хөрөнгө барьж байгуулах тухай юм. Нэхэмжлэлийн шаардлага нь уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь гэрээгээ зөрчин дур мэдэн гүйцээн барьж ашиглалтанд оруулж бусдад худалдан борлуулсан учраас олох байсан ашиг, гарсан зардлаа нэхэмжлэх юм. Эдгээр үндэслэлээс харахад хөөн хэлэлцэх хугацааг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах зургаан жилийн хугацаагаар тоолох үндэслэлтэй гэж ойлгож байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд БГ ХХК-ийн гаргасан хариу тайлбарын агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд БКЭА ХХК хариу тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч ХЖ ХХК нь хариуцагч БГ ХХК болон БКЭА ХХК-д холбогдуулан 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хэлэлцээр бичиг, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээ зэрэгт үндэслэн орон сууцыг дур мэдэн гүйцээн барьж, ашиглалтад оруулан бусдад худалдан борлуулж олсон орлогын цэвэр ашиг болох 9,978,867,679 төгрөг, барилга угсралтын ажилд зарцуулсан 5,200,651,800 төгрөг, нийт 15,179,519,479 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 13,029,002,580 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч нар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн шалтгаанаар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ. /1хх1-4, 211-214, 2хх66, 1хх143/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулж, талуудыг мэтгэлцүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

А. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

ХЖ ХХК болон БКЭА ХХК-ийн хооронд 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцээр бичиг нэртэй гэрээ байгуулагдсан. /1хх9-10/

 

Хариуцагч Бэрэнконстракшн энд автомэшн ХХК барилга барих газрыг худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлсэн баримт хэргийн 36-44 дүгээр талд авагджээ.

 

Мөн нэхэмжлэгч ХЖ ХХК нь орон сууцны барилгын хөрөнгө оруулалтад

2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг,

2008 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,930,000 юань,

2008 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1,070,000 юань,

2008 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 200,000 ам.доллар,

2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 90,000 ам.доллар,

2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 200,000 ам.доллар,

2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 300,000 ам.доллар,

2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 86,759.20 ам.доллар шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтууд хэрэгт авагдсан. /1хх24-35/

 

Талууд эдийн засгийн болон барилгын зах зээлийн нөхцөл байдал зэргийн улмаас 14 дүгээр хорооллын F1, F2 орон сууцны барилгын угсралтын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулахаар тохиролцож, 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний нэмэлт болгож 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт гэрээ байгуулжээ. /1хх11-13/

 

Нэхэмжлэгч ХЖ ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 6 дугаар хэсэгт орших 164 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэх гэрээг Икс Ди Эф ХХК-тай байгуулсан байх бөгөөд ХЖ ХХК, Икс Ди Эф ХХК-ийн хооронд ажлын хөлсний талаарх маргааныг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэхэд Монголын үндэсний арбитр шийдвэрлэсэн байна. /1хх52-96/

 

1.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,200,651,800 төгрөгийн задаргаа авагдаагүйгээс хэд нь ажлын хөлсөнд төлсөн зардал, хэд нь материалын зардал болох нь тодорхойгүй байна.

 

Мөн 9,978,867,679 төгрөгийг хичнээн м.кв-аас яаж тооцсон, нэхэмжлэгчийн өөрийнх нь хийж гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн хэмжээ, тооцоолол байхгүй, нийт барилгын 55 хувийг гүйцэтгэсэн, 68 хувийг гүйцэтгэсэн гэх зэргээр зөрүүтэй тайлбарлажээ. Түүнчлэн хариуцагч нарын хэнд нь холбогдуулж юу шаардсан нь тодорхойгүй байна.

 

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2021/00052 тоот тогтоолын талууд дундаа өмчлөх хөрөнгө бий болгосон эсэх, энэ нь хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлоход ач холбогдолтой эсэх талаар дүгнэлт хийгээгүй гэх ажиллагааг нөхөн гүйцэтгээгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болсон үйл баримтаа тодорхойлох бөгөөд хууль зүйн талаас үнэлэлт дүгнэлт өгөх нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримт бүрэн тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/02703 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,302,962 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД