Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00486

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00486

 

 

 

М.М-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2021/03408 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Х-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр Ж.М-, Я.О-, Д.Я-.

Нэхэмжлэгч М.М-, гуравдагч этгээд Ж.М- нарын Өвлөх эрхийн 119, 141 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага, нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Д.Я-ы, талийгаач Я.М-ын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох тухай, талийгаач хүү Я.М-ын өвийн 50 хувийг охин Я.О-д шилжүүлсэн болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай,

Гуравдагч этгээд Я.О-ы, талийгаач Я.М-аас эх Д.Я-д үлдээсэн өвөөс 50 хувийг Я.О- хүлээн авсан болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.М-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Я-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.О-, түүний өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1 М.М-, Ж.М- нар нь нотариатч Д.Х-д холбогдуулан Я.О-д олгосон 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг

1.2 Д.Я-д олгосон 2017 оны 12 дугаар сарын14-ны өдрийн 141 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн болон бие даасан шаардлага гаргасан.

Эцэг Я.М- нас барахад түүний өмчлөлд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол 11 байрны 423 тоот хаягт байрлах Ү-2201001382 дугаартай сууц, 71-53 УНЭ улсын дугаартай автомашин үлдсэн.

Уг хөрөнгийг Я.М-ын төрсөн охин болох М.М- өвлөх ёстой байтал дээрх иргэдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус. Эцгийнхээ өвийг хүлээн авахыг хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Д-д төрсөн дүү Ж.М-ы хамтаар өвлөх эрхээ бүртгүүлсэн. Эцэг маань нас барсны дараагаар эмээ Д.Я- ордер өгөхгүй байсан. Сууцны талаар хурууны хээгээр лавлагаа авахад аавын эгч Я.О-ы нэр дээр гарч ирсэн. Нотариатч дээр тухайн үед очсон. Сонгинохайрхан дүүрэг дээр очоод бүрдүүлж өгсөн материалын хуулгыг нь авсан.

М.М-ын иргэний үнэмлэх байхгүй байхад яаж авсан нь мэдэгдэхгүй, он сар нь зөрүүтэй байсан. Дээрх иргэд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр машины өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байсан, хүсэлт нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байсан. Харин нотариатчаас ирсэн хариу тайлбар нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шөнийн 01 цагт байсан. Зүй нь 10 дугаар сарын 09-ний өдөр эдгээр хүмүүс өв авах хүсэлт өгөхөд нотариатчаас хүлээн аваад Нотариатын танхимд явуулаад, танхимаас хариу ирдэг. Хүсэлтээ гаргахаас өмнө нь хариу нь ирсэн байсан. Тэр үйл явдалд нотариатч Д.Х-г буруутгаж байна. Нотариатч Д.Х- нь М.М-ын иргэний үнэмлэхийг аваад ирж байхад биечлэн оролцуулаагүй, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр машины өвлөх эрхийн гэрчилгээ гарсан байсан бол байрны өвлөх эрхийн гэрчилгээ нь 12 дугаар сарын 26-ны өдөр гарсан. М.М-ын иргэний үнэмлэхний хуулга байхгүй бол өвлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй.

Дээрх 2 сарын хугацаанд М.М-ын иргэний үнэмлэхийг олоход хугацаа зарцуулж дараа нь өвлөх эрхийн гэрчилгээ авсан гэж бодож байна. Д.Х- Ээж охин хоёр орж ирээд гуйгаад хийлгэсэн гэсэн. Төрсөн хүүхдүүд нь байхад аавын эгч буюу хоёрдугаар өвлөгч өвлөх эрхийн гэрчилгээнд орж ирсэн. Байрыг 3 тэнцүү хувааж байгаа юм шиг харагддаг. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг хүссэн. Тухайн нотариатч мартсан гэх шалтгаанаар бүртгэлд оруулаагүй байсан. Бид өвлөх эрхийн гэрчилгээнээс татгалзаагүй. Нэгдүгээр өвлөгч байсаар байхад 2 дугаар өвлөгчид машин шилжүүлж өгсөн.

 

2.    Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлээс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 141 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход татгалзахгүй. Нэхэмжлэгч өв хүлээн авах тухай хүсэлт нэг жилийн дотор гаргасан байсныг хариуцагч нь мэдээгүй бөгөөд Монголын Нотариатчдын танхимд өвлөгчийн тухай хүсэлт бүртгэгдээгүй байдаг. Өвлүүлэгч Я.М-ын өмч 71-53 УНЭ улсын дугаартай Тоёота приус /Toyota prius/ маркийн автомашины өвлөх тухай хүсэлт гаргасан Я.О-д өвлөх эрхийн гэрчилгээг олгосон бөгөөд уг автомашин зогсоолд тоногдож эвдрэл гэмтэлтэй болсон, өвлөгч Д.Я-д өвлөх эрхийн гэрчилгээг олгох нь уг эд хөрөнгийг захиран зарцуулахад хүндрэлтэй байсан. Д.Я-ы хүсэлтээр охин Я.О-д өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Д.Я- уг автомашиныг борлуулж уг орлогыг нь эмчилгээндээ хэрэглэнэ гэж Я.О-, Д.Я- нар тохиролцсон байдаг. М.М- нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Д.Я-тай адил өвлөгч мөн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заасан. Д.Д-д хүсэлтээ өгөөд бүртгүүлсэн байсан бол ийм зүйл болохгүй гэдгийг хуульд заагаад өгсөн байна. Нэгэнт Нотариатчдийн танхимын өвийн нэгдсэн бүртгэлийн санд өвлөгч М.М-ын өвлөх хүсэлт бүртгэгдээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.    Гуравдагч этгээд Ж.М-ы бие даасан шаардлага, тайлбарын агуулга:

Бие даасан шаардлага:

3.1. Нотариатч Д.Х-д холбогдуулан Я.О-д олгосон 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 119 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг

3.2 Д.Я-д олгосон 2017 оны 12 дугаар сарын14-ны өдрийн 141 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулна.

Д.Я-д олгосон 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 141 тоот болон Я.О-д олгосон 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 119 тоот өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Ж.М-ы төрсөн эцэг Я.М-ын өмчлөлийн хөрөнгө болох дээрх 423 тоот сууцны өвлөх эрхийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 141 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Д.Я-д, мөн 71-53 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 119 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Я.О-д тус тус олгосон хуулийг зөрчсөн үйлдэл. Ж.М- нь эх С.Ж-аар овоглодог боловч Я.М-ын төрсөн хүүхэд учир өвлөх эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхээр нотариатын байгууллагад хандсан. Нотариатч Д.Д- нь өвийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг авсан боловч Нотариатын танхимд бүртгүүлээгүй, нотариатч Д.Х-гийн хууль тогтоомж зөрчин өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар Д.Я- Я.О- нарт олгох нөхцөл болсон. Нэгдүгээр өвлөгч учраас өв хүлээн авахаас хэзээ ч татгалзаагүй. Д.Д- нотариатч мартсан. Нотариатч Д.Х- нь хуурамчаар гарсан бичиг баримтыг гэрчилж нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн. Нотариатын танхимд татгалзсан бичиг өгөөгүй, очоогүй. Монголын нотариатчын холбооны Сахилгын зөвлөлийн тогтоол байдаг. Үүнд Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.2, 8.2.11 заалтыг зөрчиж 1 дүгээр өвлөгч М.М-, 2 дугаар ээлжний өвлөгч Я.О- нарыг бусад өвлөгч нарт бичсэн болох тогтоогдож байна гээд танхимын зүгээс Д.Х-гийн буруу гэдгийг тогтоосон. Иймд 119, 141 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.

 

4.    Гуравдагч этгээд Д.Я-ы бие даасан шаардлага, тайлбарын агуулга:

Бие даасан шаардлага:

4.1.        Д.Я-ыг хүү Я.М-ын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож,

4.2.        Өөрт оногдох хувиасаа 50 хувийг Я.О-д шилжүүлсэн болохыг тогтоож өгнө үү.

Д.Я- нь Я.М-ын эх. Тэрээр 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Бид хамтран амьдрах хугацаандаа олон байр бий болгож хамгийн сүүлд 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 13 дугаар хороо, 11 байр, 423 тоот орон сууцыг хамтын хөрөнгөөр худалдан авч байсан. Хүү Я.М- нь 2004 оноос хойш эх Д.Я-, эгч Я.О- нарын хамт амьдрах болсон. Өндөр настай Д.Я- нь Я.О-ы байнгын асран хамгаалалтад 2007 оноос хойш байсан. Хамтын хөдөлмөрөөр бий болсон үл хөдлөх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 байр, 423 тоот орон сууцны өмчлөгч, хууль ёсны өвлөгч мөн. Тус өвлөх эрхийн гэрчилгээг авахдаа анх 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нотариатчид хандан өв хүлээн авах хүсэлтээ бүртгүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууцанд олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг авахдаа нас барагчаас өөрт ногдох хувийг бичүүлж авсан. Энэхүү ногдох хувиас охин Я.О-д тодорхой хувийг бэлэг болгон шилжүүлсэн. Хүү Я.М- нас барсны дараагаар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 байр, 423 тоот орон сууцны гуравны нэгд өвлөх эрх үүссэн. Улмаар өвийг хүлээн авах хүсэлтээ 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нотариатч Д.Х-д гаргасан. 1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр талд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Нотариатын танхимын лавлагаа байдаг. Нотариатч Д.Х- хуулийн дагуу үйлдлээ хийгээд Нотариатын танхимаас лавлагаа авсан. Лавлагаагаар тус орон сууцанд өөр өвлөх эрхийн хүсэлт гаргасан хүнгүй байдаг. Энэ баримтаар хуулийн дагуу М.М- нь өвлөх эрхийн хүсэлтээс татгалзсан гэж үзэж байна. Я.М- нь Солонгосоос ирээд ажил эрхэлдэггүй байсан учир Д.Я-ы тэтгэврийн зээлээр приус 10 маркийн автомашиныг худалдан авч байсан. Уг тээврийн хэрэгслийг нас барснаас нь хойш Д.Я- нь өндөр настай учраас захиран зарцуулах боломжгүй, санхүүгийн боломжгүй тул өөрийн охинд шилжүүлэн авсан. Тээврийн хэрэгсэл нь зогсоолд удаан байсан тул тоногдсон, эвдэрсэн хуучирсан учраас Д.Я- нь зарж борлуулсан. Тус мөнгөө Д.Я- нь эм тарианы зардалд зарцуулсан. Зүрхний өвчтэй, байнгын асаргаа сувилгаанд байдаг. Маш үнэтэй эм тариаг хэрэглэдэг. Өвлөх эрхийн 119 тоот гэрчилгээ хууль зүйн үндэслэлтэй тул хүчингүй болгох хууль зүйн боломж байхгүй.

 

5. Гуравдагч этгээд Я.О- бие даасан шаардлага, тайлбарын агуулга:

Бие даасан шаардлага:

5.1. Я.О- нь Д.Я-д ногдох өвөөс 50 хувийг хүлээн авсан болохыг тогтоож өгнө үү.

Төрсөн дүү Я.М- нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Бид хамтран амьдрах хугацаандаа олон байр бий болгож хамгийн сүүлд 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байр, 423 тоот орон сууцыг хамтын хөрөнгөөр худалдан авч байсан. Дүү Я.М- нь 2004 оноос хойш эх Д.Я-, эгч Я.О-ы хамт амьдрах болсон. Миний бие ээж Д.Я-ыг 2007 оноос хойш байнгын асран хамгаалж харж хандаж явдаг. Дүү Я.М-ыг нас барах үед нь хамт амьдарч байсан. Тус өвлөх эрхийн гэрчилгээг авахдаа анх 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нотариатчид хандан өв хүлээн авах хүсэлтээ бүртгүүлсэн. Ээж маань 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцанд олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг авч талийгаачаас өөрт оногдох хувийг бичүүлж авсан. 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн орон сууцад олгогдсон 141 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Ээж бид хоёр өнөөдрийн байдлаар энэ байрнаас гарвал очих газар байхгүй болно. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талийгаач Я.М- нь байнгын хөдөлмөр эрхэлдэггүй байсан учраас ээж Д.Я-ы тэтгэврийн зээлээр энэхүү приус 10 маркийн авто машиныг тухайн үед худалдан авсан. Уг тээврийн хэрэгслийг ээж Д.Я-ы хүсэлтээр миний бие өвлөх эрхийн хүсэлт гаргаснаар шилжүүлэн авсан. Уг автомашиныг 3,500,000 төгрөгөөр үнэлсэн ба зарж борлуулсан мөнгөө ээж Д.Я-ы эм тарианы зардалд зарцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хоёр хүмүүс хүсэлтээ гаргаагүй. Ээж Д.Я-аас түүний 50 хувь буюу 10,000,000 төгрөгийг өөртөө шилжүүлж авсан байдлаа шүүхээр тогтоолгох тухай шаардлага гаргасан.

 

6. Анхан шатны шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан нотариатч Д.Х-гээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 119 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ Я.О-д олгосон, 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 141 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ Д.Я-д олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Я-ыг нас барагч Я.М-ын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Я-ы талийгаач хүү Я.М-ын өвийн 50 хувийг охин Я.О-д шилжүүлсэн болохыг тогтоолгох тухай шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.О-ы Я.М-аас эх Д.Я-д үлдээсэн өвөөс 50 хувийг Я.О- хүлээн авсан болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.М-, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж- нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-гээс улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70.200 төгрөг буюу нийт 140.000 төгрөгийг гаргуулж, М.М-, С.Ж- нарт олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Я-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398.350 төгрөг, Я.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

7. Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.М-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1. Иргэн Д.Я-ыг Я.М-ын өвлөгчөөр тогтоосныг зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэсэн заалт нь эхнэр, нөхөр байхгүй бол үр хүүхэд, үр хүүхэдгүй бол эцэг эх өвлөнө гэж үе шат дараалалтай хэрэгждэг. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн хуулийн заалтыг илтээр зөрчсөн.

Хэргийг бүтэн 1 жил 10 сарын хугацааг өнгөрүүлж шийдвэрлэсэн.

Ж.М-ыг талийгаачийн хүү гэдгийг нотолсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00062 дугаартай шийдвэр, ээж С.Ж-, аав Я.М- нарын хамтын амьдралтай байсныг тогтоосон.

Ж.М-ыг биологийн хүү нь мөн гэснийг тогтоогоогүй байна гэх зэргээр нотлох баримтуудыг үгүйсгэсэн. Ж.М-ы төрөлтийн лавлагаа болон 2006 онд эмээ аавыг хөрөнгөө хуваа гэж шүүх хурал хийлгэж байсан архивын лавлагаа, мөн эцэг тогтоолгон Ж.М-, М.М-ын өвийг хамгаалсан боловч үр хүүхэд нь байсаар байхад хуулийн үндэслэлгүй эмээ Д.Я-ыг өвлөгч хэмээн үзэж өнчин хүүхдүүдийн өвийг бүлэглэн хулгайлж байгаа нотариатч Д.Х-, Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тасгийн дарга Д.Солонготуяа, улсын бүртгэгч П.Баярсайхан болон эмээ Д.Я-, аавын эгч Я.О- нарт гомдолтой.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.1. Монголын Нотариатын танхимаас лавлагаа авч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1заасан өвлөгч нараас хүсэлт гаргаагүй байсан учир 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан учир нотариатын үйлдлийг шууд буруутгах нь хуулийг буруутгасан болно.

8.2. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заагдсанаар өв хүлээн авсан этгээд буюу хамт амьдарч байсан Я.О- өвийг хүлээн авсныг буруутгах боломжгүй юм. Учир нь талийгаачтай хамт амьдарч байсан 1 дүгээр ээлжийн өвлөгч, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заагдсан бусад өвлөгчөөс хүсэлт гаргаагүйг нотолсон лавлагаа байсан учир нотариатын үйлдэл хийж өвийн гэрчилгээ олгох үүрэгтэй байсан байна.

8.3. Өвийн хүсэлтийг хүлээн аваад уг хүсэлтийг Монголын Нотариатын танхимын мэдээллийн санд бүртгүүлэх, дамжуулах үүрэг хүлээсэн Д.Д- нотариатчийн үүргээ зөрчсөн үйлдэл нь маргааны шалтгаан болсон. Д.Д- нотариатч нотариатийн үйлдлээ хуульд нийцүүлэн хийсэн бол, тэрээр алдаа гаргаагүй бол Д.Х- нотариатч үйлдэл хийхгүй байсан. Д.Д-гийн буруугаас үүссэн хариуцлагыг Д.Х- нотариатчид ногдуулсан. Д.Д- нотариатчаас хохирол шаардаж авсан шиг Д.Х-гээс бас дахин хохирол шаардах сонирхолтой байна.

Сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгт хамааралгүй гэж хүлээн авахаас татгалзсан.

Нотариатч Д.Х- бусад өвлөгч байгаа эсэх, өв хүлээн авах хүсэлт гаргасан эсэх, өвөөс татгалзсан эсэхийг Монголын Нотариатын танхимаас л архивын журмаар тодруулах, архивын лавлагааг л шаардах үүрэгтэй болохоос бусад өвлөгч нарыг хайж олох, эрэн сурвалжлах үүрэг хүлээгээгүй болно.

Хэрэв Д.Д- нотариатч нь Нотариатын үйлдэл хийх зааврын 8.9-д заагдсан Өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэлд Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна гэсэн журмын дагуу ажиллаж, өвийн хүсэлтийг Монголын Нотариатын танхимд бүртгүүлсэн байсан бол нотариатч Д.Х- нь Д.Я-, Я.О- нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байсан гэдэг хариуцагчийн тайлбарт шүүх бодитой үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй.

Нэхэмжлэгч М.М- нь хариуцагчаар татагдсан Д.Д- нотариатчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

Д.Д- нотариатчийг шүүхэд гэрчээр дуудаж хэргийн бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй бөгөөд хэргийн байдлыг мэдэх хэнийг ч гэрчээр оролцуулах эрхийг хязгаарласан.

Ж.М-, түүний ээж С.Ж- нь Өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй, харин гарын үсгийн баталгаа л хийлгэсэн гэж Д.Д- нотариатч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа хэлдэг.

Д.Я-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З-д өгсөн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 114 тоот лавлагаагаар хууль ёсны өвлөгч М.М- нь өвлөх хүсэлт гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон. Д.Х- Д.Я-ы ногдох хэсгээ охин Я.О-д шилжүүлье гэсэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрчилсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Я.О-д олгогдсон 119 тоот өвлөх эрхийн гэрчилгээний тухайд: Хууль ёсны өвлөгч Д.Я-, М.М- нар өвлөх хүсэлт гаргаагүй тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан өвлөгч болох Я.О-д 119 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байгааг шүүх анхаарсангүй.

 

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Я-, Я.О- нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

9.1. Нэхэмжлэлийн шаардлагаас илүү хэмжээтэй буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудал, тодруулбал шүүхээс Ж.М- гэдэг хүнийг талийгаачийн төрсөн хүүхэд, талийгаачийн хууль ёсны өвлөгч гэсэн дүгнэлтүүдийг урьдчилан хийсэнд гомдолтой.

Нэхэмжлэл болон гуравдагч этгээдүүдээс гаргасан бие даасан аль ч шаардлагад Ж.М-ыг талийгаачийн төрсөн хүүхэд нь мөн гэснийг тогтоолгох гэж байхгүй

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн эцэг тогтоосон шийдвэрт төрсөн эцгийг албан ёсоор тогтоогоогүй атал анхан шатны шүүхийн шийдвэрийн 11 дүгээр хуудаст Ж.М-ыг талийгаач Я.М-ын төрсөн хүүхэд биш, хууль ёсны өвлөгч биш гэсэн нь үгүйсгэгдэж байна гэх дүгнэлт хийсэн

9.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчих замаар нэхэмжлэгчид хууль бусаар давуу байдал бий болгосон.

9.3. Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон Д.Х-гийн үйлдэл хийх болсон гол үндэслэл болсон иргэн М.М-ын өв хүлээн авах хүсэлтээ гаргасан. Баянгол дүүргийн тойргийн нотариат Д.Д- нь түүний энэ хүсэлтийг Монголын Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй мартсан байсан буруутай.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Нэхэмжлэгч М.М- нь нотариатч Д.Х-д холбогдуулан

2.а. Я.О-д олгосон 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг

2.б. Д.Я-д олгосон 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 141 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл,

 

3. Гуравдагч этгээд Ж.М- нь нотариатч Д.Х-д холбогдуулан

3.а. Я.О-д олгосон 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 119 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг

3.б. Д.Я-д олгосон 2017 оны 12 дугаар сарын14-ны өдрийн 141 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах бие даасан шаардлага,

 

4. Гуравдагч этгээд Д.Я- нь

4.а. Д.Я-ыг хүү Я.М-ын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож,

4.б. Өөрт оногдох хувиасаа 50 хувийг Я.О-д шилжүүлсэн болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага,

 

5. Гуравдагч этгээд Я.О- нь

5.а. Я.О- нь Д.Я-д ногдох өвөөс 50 хувийг хүлээн авсан болохыг тогтоолгох бие даасан шаардлага тус тус гаргасан байна

 

6.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

6.а. Я.М- 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барсан нь нас барсаныг бүртгэсэн гэрчилгээгээр тогтоогджээ. /1хх57/

 

6.б. Хэрэгт Я.О-д 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Д.Я-д 2017 оны 12 дугаар сарын14-ны өдрийн 141 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон баримт авагдсан. /1хх7, 54/

 

7.Зохигчид дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн Я.О-д 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр олгосон 119 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Д.Я-д 2017 оны 12 дугаар сарын14-ний өдөр олгосон 141 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг нотариатч Д.Х- Нотариатын тухай хууль, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчин олгосон хүчин төгөлдөр бус гэсэн байр суурийг хариуцагч эс зөвшөөрч нотариатч Д.Д- нь нэхэмжлэгчийн өв хүлээн авах хүсэлтийг Монголын Нотариатчдын Танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүйгээс улбаалан бусад өвлөгчдийн талаар мэдээлэл гарч ирээгүй. Д.Х- нотариатын үйлдэл хийхэд Д.Д-гийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Нэхэмжлэгч тал өв хүлээн авахаас татгалзсан гэж маргажээ. /1хх1, 29, 2хх83/

 

8. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж заасан.

 

Нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцох нь тодорхой эрх зүйн үр дагавартай үйлдэл юм. Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3нотариатчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирвал нөхөн төлүүлэх, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй талаар заасан. Хуулийн урьдчилсан нөхцлөөс үзэхэд нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцохдоо заавал гэм бурууг тогтоохоор байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохоор заасан.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд Хууль ёсны өвлөгчид Я.М-ыг нас барснаас хойш нэг жилийн дотор буюу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өв хүлээн авах хүсэлтээ Баянгол дүүргийн нотариатч Д.Д-д гаргасан. Нотариатч Д.Д- хүлээн авч үйлдлийг бүртгэлийн дэвтэрт хөтөлж бүртгэж авсан атлаа Монголын Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулан бүртгээгүй. Зааврын 8.9-д Өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэлд Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна гэж зааснаар өвлөх эд хөрөнгөөс татгалзах хүсэлт нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байсан талаар дүгнэсэн. Түүнчлэн, Д.Д-гийн буруутай үйлдлийн талаар нотариатч Д.Х- маргасан зэргээс үзэхэд хэрэгт оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна.

 

Талууд гэм буруу шалтгаант холбооны талаар маргаж байгаа нөхцөлд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээх зарчимтай байдаг тул Д.Д-гийн буруутай үйлдэл нөлөөлсөн эсэхийг тогтоолгох хариуцагчийн татгалзал ач холбогдолтой байж болохоор байна. Иймд нотариатч Д.Д-г гуравдагч этгээдээр оролцуулах эсэх нь ач холбогдолтой, энэ байдлыг зохигчдод тайлбарласан гэх баримтгүй байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. Гагцхүү гэрчийн мэдүүлгийг үнэлэхдээ гэрч хэрэгт хувийн сонирхолтой эсэх, эргэлзээтэй эсэх талаас нь үнэлдэг. Гэрчээр Д.Д-г оролцуулах хүсэлт хэрэгт ач холбогдолтой байсан эсэхийг шүүх анхаарах нь зүйтэй байжээ.

 

11. Хэрэгт ач холбогдолтой үйл баримт бүрэн тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2021/03408 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Ж.М- нараас 140,400 төгрөг, хариуцагчаас 140,400 төгрөг, гуравдагч этгээд Я.О-аас 70,200 төгрөг, гуравдагч этгээд Д.Я-аас 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

  ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД