Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00485

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00485

 

 

 

 

М.Б-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/03503 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч НӨ ХК, Б.Б- нарт холбогдох,

Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блок, 22 тоот 67.06 м.кв талбайтай, 2 өрөө сууц болон 26 тоот, 72 м.кв талбайтай, 3 өрөө сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блок 22 тоотын 67.06 м.кв 2 өрөө сууц,

1.2  Мөн хаягт байрлах 26 тоот 72 м.кв 3 өрөө сууцны өмчлөгчөөр тогтоолгоно.

М. Б нь 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Н ХК-тай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блокын 22 тоот 67,06 м.кв 2 өрөө орон сууц,

мөн 20 тоот 3 өрөө сууцыг захиалсан. Гэрээг нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1,250 ам.доллараар, 22 тоотод 83,825 ам.доллар, 20 тоотод 96,175 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээ байгуулагдсан өдөр буюу 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нийт 300,000 ам.долларыг бэлнээр төлж үүргээ бүрэн биелүүлсэн. НӨ ХК-ийн кассанд 300,000 ам.доллар бэлэн тушаамагц бэлэн мөнгөний орлогын баримт өгсөн бөгөөд энэхүү баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасан. Энэ үнийн дүнд өмнө захиалсан орон сууцны төлбөр багтсан учир 300,000 ам.доллар болсон болно. 300,000 ам.доллар буюу гэрээний үнийн дүнгээс илүү төлсөн байгаа нь өмнө нь гэрээ байгуулж захиалсан сууцны төлбөрөө хамтад нь нийлүүлж тушаасан явдал юм. Гэтэл орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт гарч ашиглалтад оруулсан. Ашиглалтад оруулмагц НӨ ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авч, сууцандаа амьдрах талаар захирал Б.Г-той уулзаж ярилцсан. Б.Г- та санаа амар байж болно, таны мөнгийг С блок байрны барилгын суурийн бетон цутгалтад оруулсан, танд гэрээ хийж өгч нотариатчаар гэрчлүүлсэн таны эрхийг баталгаажуулсан гэж хэлдэг байсан. Гэтэл миний захиалсан орон сууцанд өөр айл орсныг мэдсэн. Энэ талаар тодруултал та 26 тоотод ор гээд түлхүүрийг нь өгсөн. Тэгээд миний бие 26 тоотод нүүж ороод амьдарч байна. Энэ орон сууцны хувьд м.кв бага учир өөрийн мөнгөө төлж авсан орон сууцаа авах хүсэлтэй байсан. Төлбөр тооцоо дууссан бичиг хийж өгөхийг удаа дараа хүссэн боловч хийж өгөөгүй. Оршин суугчдын байгуулсан Тохилог өргөө СӨХ-өөс гэрчилгээ гаргуулах, сууц өмчлөгчдийн эрхийг хамгаалах асуудлаар удаан хугацаанд хөөцөлдсөн боловч үр дүнд хүрдэггүй. Гэрчилгээ гарахгүй байгаа нь банкны барьцаанд байгаа гэсэн яриа оршин суугчдын дунд байдаг. НӨ ХК-аас энэ талаар тодорхой мэдээлэл өгдөггүй. Анхнаас нь гэрээ байгуулсан өдрөө гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн захиалагчийн хувьд тухайн сууцнууд миний өмчлөлийн зүйл юм. 20 тоот орон сууц нь 3 өрөө 76.94 м.кв биш 2 өрөө орон сууц болж таарсан. Иймд тус байрны 26 тоот 72 м.кв 3 өрөө орон сууцанд ор гээд түлхүүрийг нь өгсөн.

 

2. Хариуцагч НӨ ХК-ийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Талбайн хэмжээ том, жижиг болсон талаар сайн мэдэхгүй. Манайд байр авахаар төлбөр төлөөд, түүний дагуу байранд орохоор болсон. Мөнгөө тушаагаад байр авч байхад байр нь манай мэдэлд байсан, тухайн байрыг бариад дуусаж байсан, дотор заслыг хийгээгүй байсан. Хариуцагч гэх Б.Б-ад шилжүүлээд, зарчихсан юм. Захиалга өгсөн айлуудын гэрээг нь шилжүүлээд, үлдсэн тоо хэмжээний байрыг зарагдаагүй гэж 2 тэрбум төгрөг тооцож өгсөн. 1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар хуудсанд Б.Б-ад шилжүүлээд албан ёсоор өгсөн баримт байгаа. Түүнээс хойш байр зарах, байранд орох эрх Б.Б- руу шилжиж, давхартаа 4 айл байх ёстойг өөрчлөөд 5 айл болгоод м.кв багасгаад, өөрчлөөд дараа дараагийн айлуудад тэр хэмжээгээр хуваан өгсөн. М.Б- нь манай байгууллагатай гэрээ хийгээд, бид байрыг өгсөн нь үнэн. Хэдэн м.кв байсныг тодруулах байсан.

 

3. Хариуцагч Б.Б-ын тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блокын дутуу барилгыг 2014 онд НӨ ХК-аас хүлээн авч уг барилгын ажлыг иж бүрэн дуусгаж 2017 онд Улсын комисст хүлээлгэж өгсөн. Уг барилгыг хүлээж авахтай холбогдон үүссэн асуудал нь капитал банктай холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа. Капитал банкнаас НӨ ХК-ийн тодорхой хэмжээний зээлийг хааж уг дуусаагүй барилгыг хүлээж авч дуусгаж Улсын комисст хүлээлгэж өгсөн. Барилга нь хууль ёсны дагуу миний өмч боловч би 1 м.кв талбай уг барилгаас борлуулаагүй. Байр зарж борлуулах бүх асуудлыг капитал банк хийсэн. Миний бие НӨ ХК, Капитал банкны хийсэн байрны борлуулалтын талаар ямар ч мэдээлэлгүй болно. Үүнийгээ ч өнөөдрийг хүртэл шалгуулж байгаа хууль, шүүхийн байгууллагад тодорхой илэрхийлсээр ирсэн болно. Миний бие Капитал банк, НӨ ХК-ийн байр зарж борлуулсан асуудлаар ямар нэгэн ойлголтгүй байгаа бөгөөд хууль, шүүхийн байгууллагууд уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг хүлээж байгаа болно.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч НӨ ХК, Б.Б- нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блок, 22 тоот 67.06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болон 20 тоот, 76.94 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,854,872 төгрөгөөс 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2,784,672 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар 2 дугаар хавтас хэргийн 116, 117 дугаар талд авагдсан тайлбар, зуучлалын гэрээ баримтыг нотлох баримтаас хассаныг дурьдаж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад нийцээгүй, үндэслэлгүй, хоорондоо зөрүүтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байна.

Орон сууцны байрны гэрчилгээг Б.Б-ад ямар нөхцөлөөр хэрхэн шилжүүлсэн нь НӨ ХК-ийн тайлбараар тодорхой болсон. Захиалагчтай байгуулсан гэрээний эрх, үүргийг шилжүүлсэн.

5.2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй гэж үзэж байгаа бол тодруулсны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой. М.Б- орон сууцны байр захиалж, мөнгөө бүрэн төлсөн. НӨ ХК нь дутуу гүйцэтгэлтэй гэрчилгээг Б.Б-ад шилжүүлэхдээ нийт захиалсан иргэд, тэдгээрийн гэрээ, төлбөрийн асуудлыг мөн давхар шилжүүлсэн. М.Б- нэр дээр гарах ёстой орон сууцны байрыг бүхэлд нь Б.Б- өөрийн нэр дээр гаргачихсан байхад Б.Б-ыг хариуцагчаар татах нь зүйн хэрэг.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч нар тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч НӨ ХК, Б.Б- нарт холбогдуулан

1.1 Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блок 22 тоотын 67.06 м.кв 2 өрөө сууц,

1.2 Мөн хаягт байрлах 26 тоот 72 м.кв 3 өрөө сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч НӨ ХК хүлээн зөвшөөрч, Б.Б- эс зөвшөөрч маргажээ./1хх1-3, 2хх75, 47,89/

 

2. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Гэвч талууд бүрэн мэтгэлцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байхгүй тул дээрх алдааг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулан дүгнэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

3.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а. Нэхэмжлэгч М.Б- хариуцагч НӨ ХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ гэх бичгийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын, Өргөө хотхон орон сууцны Б блок барилгын 6 дугаар давхарт 20 тоот 76.94 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг нийт 96,175 ам.доллараар, мөн 22 тоот 67.06 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг 83,825 ам.доллараар захиалан бариулахаар тохиролцсон гэрээ хэрэгт авагджээ. /1хх10-13/

 

3.б. М.Б- нь НӨ ХК-д нийт 300,000 ам.долларыг 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байрны төлбөрт гэсэн утгаар төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт хэргийн 9 дүгээр талд авагджээ.

 

3.в. Зохигчид барилгыг 2017 оны 6 дугаар сард улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон талаар маргахгүй тайлбарласан.

 

3.г. Нэхэмжлэгчийн эзэмшилд хариуцагч тал 20 тоот сууцны оронд 26 тоот сууцыг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч тухайн сууцад өнөөдрийг хүртэл амьдарч, ашиглалтын зардал төлж байгаа болох нь зохигчийн тайлбар, зардал төлсөн баримтаар тогтоогдсон.

/2хх 92-103/

 

3.д. Нэхэмжлэгч нь 22 тоот сууцыг хүлээн аваагүй байгаа үйл баримт тогтоогдсон.

 

3.е. Дээрх сууцнуудын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гараагүй үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

 

3.ё. Мөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, /133373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 59 тоот хаягт байршилтай 650.5 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 20 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг /нэхэмжлэгчийн маргаан бүхий 2 сууц дотор нь хамаарч байгаа/ 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр хариуцагч НӨ ХК-ийн өмчлөлөөс хариуцагч Б.Б-ын өмчлөлд шилжсэн үйл баримт талуудын тайлбар, бэлэглэлийн гэрээгээр тогтоогдсон. Энэ үйл баримтад талууд маргаангүй. /1хх203-204/

 

3.ж. Дээрх бэлэглэлийн гэрээний үндсэн дээр 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Б.Б-ын өмчлөлд дээрх сууцны зориулалттай барилга бүртгэгдсэн болох нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 7/2119 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу хүргүүлэх тухай албан тоот, бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /1хх 47, 63, 203-204, 246/

 

3.з. Хариуцагч НӨ ХК нь маргааны зүйл болох 2 сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. /2хх121-126/

 

4. Нэхэмжлэгч М.Б-, хариуцагч Б.Б-, НӨ ХК нар дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

4.а. Нэхэмжлэгч М.Б-ын гэрээг зохих ёсоор байгуулж үнийг төлсөн тул нэхэмжлэлд дурдсан 2 сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн байр суурийг хариуцагч Б.Б- эс зөвшөөрч КБ ХХК уг барилгын ажлыг иж бүрэн дуусгаж 2017 онд улсын комисст хүлээлгэн өгсөн. НӨ ХК, КБ ХХК нарын хийсэн борлуулалтын талаар ямар ч мэдээлэлгүй гэсэн бол, НӨ ХК нь Б.Б-ад зарахдаа гэрээтэй нь хүлээлгэж өгсөн. Мөнгөө бүрэн төлсөн, дутуу төлсөн айлуудыг тооцоог хүлээлгэж өгсөн. Эдгээр айлуудын гэрчилгээг олгож өгөөч гэсэн баримтуудыг өгсөн. М.Б- тооцоогүй гэж маргажээ. /1хх47, 2хх83/

 

5. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж буруу дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан гэрээнээс үзэхэд гэрээний зүйл нь тодорхой хаягт байрлах тодорхой үл хөдлөх хөрөнгө байна.

 

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, /133373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 59 тоот хаягт байршилтай 650.5 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 20 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг /нэхэмжлэгчийн маргаан бүхий 2 сууц дотор нь хамаарч байгаа/ 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр хариуцагч НӨ ХК-ийн өмчлөлөөс хариуцагч Б.Б-ын өмчлөлд шилжүүлсэн тухай НӨ ХК-ийн тайлбар баримтыг хариуцагч Б.Б- үгүйсгээгүйгээс гадна дээрх үйл баримт тухайн барилгын өмчлөгч Б.Б- болсон баримтаар давхар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно.

 

Үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцны барилгын өмчлөгч бүхэлдээ өөрчлөгдсөн тул НӨ ХК-ийн М.Б-той байгуулсан гэрээний үүрэг Б.Б-ад шилжсэнийг буруутгах боломжгүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар М.Б- нь гэрээний зүйл болох сууцнуудын үнийг төлсөн, хариуцагч нь сууцны бодит эзэмшлийг шилжүүлсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байгаа үйл баримт тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

6. Иргэний хуулийн 9 дүгээр зүйл нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой иргэний эрх зүйн хамгаалалтыг зохицуулсан заалт юм.

 

Гэрээг зохих ёсоор байгуулж, үнийг төлж, бодит эзэмшлийг хүлээн авсан боловч хариуцагч 2017 оны 6 дугаар сараас хойш сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байгаа нь эрх зүйн харилцаанд эргэлзээтэй, тодорхой бус байдлыг үүсгэсэн тул нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, эрхийг хүлээн зөвшөөрөх агуулгатай шаардлага гаргасныг буруутгах боломжгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч талын хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх үүргийг заасан тул мөн зүйлд зааснаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блок 22 тоотын 67.06 м.кв 2 өрөө сууц, мөн хаягт байрлах 26 тоот 72 м.кв 3 өрөө сууцны өмчлөгчөөр М.Б-ыг тогтоож шийдвэрлэв.

 

7. Хариуцагч НӨ ХК, Б.Б- нарын хоорондын тооцооны асуудлыг энэ шийдвэр хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй ойлгомжгүй гэж буруу дүгнэснийг залруулах нь зүйтэй. Тухайн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой, ойлгомжтой байна. Хэрэв шаардлага тодорхойгүй ойлгомжгүй байвал тодруулах үүрэг шүүхэд байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёсгүй юм.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын /5.1/ буюу гэрээний үүрэг Б.Б-ад шилжсэн, /5.2/ буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой, ойлгомжтой гэх гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/03503 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блок, 22 тоот 67.06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блок, 26 тоот 72 м.кв 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Б-ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Б.Б-ад, холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж, хариуцагч НӨ ХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...болгосугай. гэснийг ...болгож, хариуцагч Б.Б-аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Б-од олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД