Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 644

 

Т.Мд холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 449 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 867 дугаар магадлалтай, Т.Мд холбогдох 1810018150783 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эмэгтэй, 2017 оны 11 дүгээр сарын 21-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Бүрдийхэн овогт Тын М нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Мг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Т.Мг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 143 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мгаас нийт 16.161.050 төгрөг гаргуулж, хохирогч П.Мд 399.500 төгрөг, Ц.Од 680.000 төгрөг, Г.Од 346.250 төгрөг, С.Ат 3.200.000 төгрөг, Н.Дд 550.000 төгрөг, Ш.Цд 150.000 төгрөг, Б.Бд 1.600.000 төгрөг, Г.Пд 3.718.300 төгрөг, М.Ад 2.140.000 төгрөг, М.Уд 200.000 төгрөг, Ж.Хд 344.000 төгрөг, Б.От 2.733.000 төгрөг, Б.Ад 50.000 төгрөг, О.Эд 50.000 төгрөг тус тус олгуулах,

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мгийн бага насны хүүхэд болох 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн М.Эийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Мд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.М гаргасан гомдолдоо: “ ...Би бага насны охинтойгоо өрх толгойлон амьдардаг ганц бие ээж. Миний охин Э нь 3 настай, харж хандах хүнгүй үлдсэн болохоор миний хувьд сэтгэл санаа үнэхээр хүнд хэцүү, тогтворгүй байдалтай байна. Миний бие өөрийн хийсэн үйлдлийн гэм хорыг ухамсарлан ойлгосон ба бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулахыг хүсч, маш их гэмшиж байгаа тул миний алдаагаа ойлгосон байдал болон ар гэрийн хүнд нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, надад итгэл үзүүлэн, хохирол төлбөрөө барагдуулах, цаашид сайн ээж, зөв хүн болох боломж олгон надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн хичээнгүйлэн гуйж байна...” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Т.Мгийн үйлдлийг байнга амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамаарч байгаа эсэхийг нэг мөр шалгаж тогтоогоогүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж, Т.Мгийн эрх зүйн байдлыг хүндрүүлж, давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж, анхан шатны шүүхэд хүндрүүлж шийдвэрлэх чиглэл өгч захирамжилсан магадлал гаргасан нь хууль ноцтой зөрчсөн байна.

Т.Мгийн үйлдэл нь амьдралын эх үүсвэр болгосон, байнга үйлдэгдсэн шинжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Т.Мд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, нийт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу. Шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх үндэслэлийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байтал анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн тул дахин хянан үзэж хөнгөн ял оногдуулна уу” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.М нь ажил эрхэлдэггүй, тодорхой орлого байхгүй, бусдыг залилж мөнгө олох нь амьжиргаагаа залгуулах гол арга нь болсон ба залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэх гэмт хэргийн шинжтэй эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай.

Мөн шүүгдэгч Т.М нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 510 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх боломжгүй гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.Мд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.М нь 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсэг, 7 дугаар гудамжны 806 тоотоос иргэн С.Аын эзэмшлийн Хаан банкны виза картыг нууцаар хулгайлан авч, түүний дансанд байсан 3.200.000 төгрөгийг тус дүүргийн Нисэх буудлын дэргэдэх Хаан банкны АТМ-ээс өөрийн данс руу шилжүүлж авсан,

мөн 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 13 удаагийн үйлдлээр бусдын өмчлөлийн орон сууц, хашааг өөрийн өмч мэтээр бусдад итгүүлж худалдах санал тавих, мөн хямд үнэтэй мах зарах, түрээсийн байранд хамруулах, гадаад улсад зорчих виз гаргуулж өгөх, мөн бусдаас мөнгө болон дэлгүүрийн барааг зээлээр авах, гар утсыг нь түр хэрэглэхээр авах зэргээр хуурч мэхлэн хохирогч Б.А, О.Э, Ц.О, Г.О, М.У, Ш.Цд, Б.Б, М.А, Б.О, Ж.Х, П.М, Н.Д, Г.П нарт нийт 15.909.750 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Мгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хуулийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийн материалыг судалж үзэхэд шүүгдэгч Т.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд 13 удаагийн үйлдлээр, өөр өөр арга хэрэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч тэдгээр үйлдлүүд нь хоорондоо шууд харилцан хамааралгүй, тэрээр гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл ашиг олох зорилго бүхий үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж байгаа эсэхийг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Т.М урьд нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 510 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн нь түүнд сүүлийн тогтоолоор оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэхэд саад болохгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 449 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 867 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоос “…хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулах” талаар гаргасан гомдлын хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН