Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00391

 

 

 

 

 

 

 

 

 

 “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16ы өдрийн 102/ШШ2021/03439 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “Д” ХХК-ийн хариуцагч М.Ат холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1,778,080 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, хариуцагч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

1.   Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани хариуцагч М.Атай зээлийн гэрээ байгуулж 1,200,000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дуусч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар М.Аын “Iрhone-XS-Max” маркийн гар утсыг худалдан борлуулах гэсэн боловч уг утас хуурамч гар утас тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй болсон. Хуурамч утас барьцаанд тавьж зээлийн гэрээ байгуулсан болох нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Иймд хариуцагч М.Атай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 818 дугаартай зээлийн гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд “Д” ХХК-д учруулсан 1,200,000 төгрөгийн хохирол, шуудангийн зардал 9,280 төгрөг, эрэн сурвалжилсан 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Орхон аймгаас Улаанбаатар хот руу шүүх хуралдаанд оролцохоор 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ирэхэд зарцуулсан зардалд 19,600 төгрөг, буцахад зарцуулсан зардалд 19,000 төгрөг, ПСР шинжилгээний төлбөр 25,000 төгрөг, түргэвчилсэн шинжилгээний төлбөр 35,000 төгрөг, өмгөөллийн хөлс 400,000 төгрөг нийт 1,778,080 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэгч зээлийн хүү авахаасаа татгалзаж байгаа бөгөөд манай талаас гар утсанд наасан лацыг хөндөөгүй, цэнэглэгчийн оролт орох завсар гаргасан. Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт дээр гар утасны лацыг хөндөөгүй байгаа зургийг баримтжуулж авсан байдаг. Утас солигдсон гэж хэлж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээнд заасны дагуу утсыг барьцаанд авахдаа үнэлж шалгаж авах үүрэг “Д” ХХК-д байсан. Тухайн үед утсыг барьцаанд тавих гэж очиход нэхэмжлэгч цаг гаруй шалгаж, Улаанбаатар хотод байгаа хүн рүү залгаж утасны талаар асууж байж 1,200,000 төгрөгт хүрнэ гэж үнэлээд гэрээнд гарын үсэг зуруулсан. Хөрөнгийн үнэлгээний байгууллагад шинжилгээнд явуулахаас өмнө гар утас лацтай байхад нэхэмжлэгч утсыг хуурамч утас байсныг яаж мэдсэн нь тодорхойгүй. Магадгүй утсыг шинжилгээнд явуулахдаа өөр утсаар сольсон байж мэднэ. Би “Iрhone-XS-Max” маркийн гар утсыг “Тэди” төвийн утасны лангуунаас авсан. Хуурамч утас худалдаж аваагүй. Ломбардад өгөхдөө хуурамч утас өгөөгүй. Миний утас холбогдохгүй байсан шалтгаан нь би ажлаа сольсон болохоор утасны дугаараа сольсон байсан. Барьцаанд утсыг авахдаа ягаан цаасан дээр миний нэрийг бичиж авч байсан. Шүүх хуралдаан болохоос өмнө утсан дээр үнийн цаасыг нааж туршиж үзэхэд солих боломжтой байсан. Нэхэмжлэгч жинхэнэ утас байсан бол нэхэмжлэл гаргахгүй гэж ярьж байгаа боловч шинжилгээнд утсыг өгөхдөө хуурамч утсаар сольсон гэж сэжиглэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ааас 1,309,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 468,680 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,873 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж 35,900 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч талаас шүүхэд хариуцагчийн барьцаанд тавьсан гар утас хуурамч, албан ёсны компаниас гарсан биш гэж үзэж байгаа тул барьцаа хөрөнгийг худалдан борлуулаад үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэх тайлбарыг гаргадаг боловч тухайн гар утсыг шалгаж хүлээн авсны дараа барьцаанд тавьсан гар утас нь хуурамч болохыг хэзээ хэрхэн мэдсэн болохоо тодорхой тайлбарлаж баримтаар нотлож чадаагүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдгийн хувьд барьцааны зүйл болох гар утсыг шалгаж авах үедээ хуурамч эсэхийг мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан нь уг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтойг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байдаг.

4б. Түүнчлэн зээлийн гэрээнд “хугацаа дууссанаас хойш 7 хоног хүлээх ба 8 дахь өдрөөс байгууллагын орлого болно” гэж зааснаар барьцааны зүйл болох “Iphопе ХS Mах” загварын гар утас нь нэхэмжпэгч “Д” ХХК-ийн орлого болж, улмаар зээлдэгчийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байгаа болно.

Гэтэл анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр барьцааны зүйлийн чанар болон доголдлын талаар талуудын хооронд тусгайлсан тохиролцоо байсан эсэх талаар огт дүгнээгүйгээс гадна талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний тохиролцоог харгалзан үзээгүй атлаа Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулах эрхтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн гар утсанд шинжээч томилсон бөгөөд уг дүгнэлтээр “Iрhone-XS-Max” маркийн гар утсыг дуурайлгаж хийсэн хуурамч утас болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч талаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй учраас компанид учирсан хохирлыг шаардсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. “Д” ХХК нь М.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,870,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 1,778,080 төгрөг нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 1,200,000 төгрөг, зээлийн хүү 600,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 1,870,200 төгрөг гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол 1,200,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, шуудангийн зардал 9,280 төгрөг, замын зардал 38,600 төгрөг, түргэвчилсэн шинжилгээний төлбөр 60,000 төгрөг, өмгөөллийн хөлс 400,000 төгрөг, нийт 1,778,080 төгрөг гаргуулахаар багасгасан байна.    

 

  1. Хариуцагч М.А нь нэхэмжлэгч “Д” ХХК-тай байгуулсан 2019 оны 03

сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр 1,200,000 төгрөгийг 50,000 төгрөгийн хүүтэй, 7 хоногийн хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Iphone XS Max маркийн гар утсыг барьцаалахаар тохиролцсон байна. /хх-6/

           

Нэхэмжлэгч компани барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-3/ Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч М.А үүргээ зөрчснөөс зээлдүүлэгч компанид гэрээнээс татгалзсантай холбогдон хохирол учирсан гэж тус тус дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

4. Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт барьцааны зүйл болох гар утсыг тооцон өгсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч няцааж хариуцагчийн барьцаалсан гар утас хуурамч тул үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй гэх тайлбарыг гаргасан. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т заасан барьцааны зүйлээр үүргээ хангуулах нь барьцаалагчийн эрх бөгөөд үүрэг биш юм. Барьцаалагч уг утсыг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн биш гэж үзэж уг зүйлээр үүргийг хангуулахаас татгалзаж байх тул хариуцагчийн  зээлийн үүрэг дуусгавар болоогүй байна. Иймд үүрэг дуусгавар болсон гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

   

5. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 1,778,080 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлээс 1,309,400 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдсэн 468,680 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэн хариуцагчийн зээлсэн мөнгө, хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж, шуудангийн зардал, замын зардал зэрэг нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан хохиролд хамаарч байх тул эдгээрийг хариуцагчаас гаргуулсан, харин өмгөөллийн хөлс, PCR шинжилгээний төлбөр нь хохиролд хамаарахгүй ба унааны нэг талын зардал нь нотлогдоогүй тул хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/03439 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Аын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                ШҮҮГЧИД                            Ч.ЦЭНД

                                                 Д.БЯМБАСҮРЭН