Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/2022/00272

 

 

 

 

 

 

                                 А.Тийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/02348 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Тийн хариуцагч МД ХК-д холбогдуулан гаргасан 86,133,116 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Болдбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан, Ө.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: МД ХК-аас 2018, 2019 оны жилийн эцсийн урамшуулалд 86,133,116 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: А.Т 2012 оноос хойш МД ХК-д андеррайтер, ахлах андеррайтерын албан тушаалд ажиллаж байгаад 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. МД ХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 04/86 дугаар орлогын төлөвлөгөө батлах тухай тушаалаар А.Тийн жилийн орлогын төлөвлөгөөг 1,000,000,000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд тэрээр тус компанид ажиллаж байхдаа 2018 онд батлагдсан жилийн орлогын 1,000,000,000 төгрөгийн төлөвлөгөөг 1,651,048,232 төгрөгөөр давуулан биелүүлж, нийт 2,651,048,232 төгрөгийн орлого оруулсан, 2019 онд батлагдсан жилийн орлогын 1,000,000,000 төгрөгийн төлөвлөгөөг 73,335,959 төгрөгөөр давуулан биелүүлж, нийт 1,073,335,959 төгрөгийн орлого тус тус оруулсан. Гэтэл МД ХК хөдөлмөрийн гэрээ болон даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журамд заасны дагуу борлуулалтын ажилтны жилийн борлуулалтын мөнгөн урамшууллыг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд 2018 оны жилийн эцсийн урамшуулалд байгууллагаас батлагдсан 1,000,000,000 төгрөгийн төлөвлөгөөг бүрэн биелүүлсний 1.2 хувьтай тэнцэх урамшуулал болох 12,000,000 төгрөг, байгууллагаас батлагдсан төлөвлөгөөг 1,651,048,232 төгрөгөөр давуулан биелүүлсний 5 хувьтай тэнцэх урамшуулал болох 82,552,441 төгрөг, нийт 94,552,411 төгрөгийг, 2019 онд жилийн эцсийн урамшуулалд байгууллагаас батлагдсан 1,000,000,000 төгрөгийн төлөвлөгөөг бүрэн биелүүлсний 1.2 хувьтай тэнцэх урамшуулал болох 12,000,000 төгрөг, байгууллагаас батлагдсан төлөвлөгөөг 73,335,959 төгрөгөөр давуулан биелүүлсний 5 хувьтай тэнцэх урамшуулал болох 3,666,797 төгрөг, нийт 15,666,797 төгрөг болно. МД ХК-аас 2018 оны жилийн эцсийн урамшуулалд байгууллагаас батлагдсан төлөвлөгөөг бүрэн биелүүлсний цэвэр хураамж болох 2,090,243,232 төгрөгийн 1,2 хувьтай тэнцэх урамшуулал болох /2,090,243,232*1.2%=25,082,918/ 25,082,918 төгрөг, байгууллагаас батлагдсан төлөвлөгөөг 1,090,243,223 төгрөгөөр давуулан биелүүлсний 5 хувьтай тэнцэх урамшуулал болох /1,090,243,233*5%=54,512,161/ 54,512,161 төгрөг, нийт 79,595,079 төгрөгийг, 2019 онд жилийн эцсийн урамшуулалд байгууллагаас батлагдсан төлөвлөгөөг бүрэн биелүүлсний цэвэр хураамж болох 544,836,425 төгрөгийн 1.2 хувьтай тэнцэх урамшуулал /544.836.425*1.2%=6.538.037/ 6,538, 037 төгрөг, 2018, 2019 оны жилийн эцсийн урамшуулал 86,133,116 төгрөг болно. Нэхэмжлэгч нь тухайн байгууллагад ажиллаж байхдаа 2018, 2019 онд урамшууллаа авах талаар хандаж байсан, энэ талаар баримт байхгүй. МД ХК нь 2018, 2019 онд урамшуулал олгож байгаагүй, зөвхөн сар болгон урамшуулал олгож байсан. Жилийн эцсийн цэвэр хураамж дээр маргадаггүй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. А.Т нь МД ХК-д байгууллагын даатгалын хэлтсийн ахлах андеррайтерээр ажиллаж байгаад 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой үүссэн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэхээр заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага шүүхийн хянан шийдвэрлэх маргаан бус хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрлэх маргаан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасны дагуу заасны нэхэмжлэгч жилийн эцсийн урамшууллыг олгохгүй гэдгийг мэдсэн, мэдэх ёстой байснаас хойш хугацаа тоологдож эхэлнэ. Нэхэмжлэгч нь 2018-2019 оны жилийн эцэст олгох урамшууллын талаар тухайн үед гомдол гаргаагүй атлаа 2 жилийн дараа нэхэмжилсэн нь үндэслэлгүй, уг маргааныг хөдөлмөрийн маргаан таслах байгууллагаар шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Нэхэмжлэгчид тухайн цаг хугацаанд нь үндсэн цалин болон сар, жилийн урамшууллыг нь олгож байсан. Урамшууллыг буруу тооцсон гэх аливаа нэгэн маргааныг 2018 оноос хойш гаргаж байгаагүй. 2019 оны 3 сард баталсан захирлын тушаалаар 2018 оны урамшууллыг олгосон. Монгол даатгал компани жилийн эцсийн урамшууллыг эхний улиралд багтааж олгодог. Нэхэмжлэгч 2018 оны урамшууллыг Худалдаа хөгжлийн банкны дансаараа авсан. 2019 онд тухайн жилийн төлөвлөгөөг батлуулаагүй, 1,000,000,000 төгрөгөөс тооцож гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулсан зүйл байхгүй. Урамшуулал авахгүй байсан гэдгээ нэхэмжлэгч мэдэж байсан бол яагаад эрхээ хамгаалах талаар гомдол гаргаагүй гэдэг асуудал яригдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МД ХК-аас нийт 82,197,406 /наян хоёр сая нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Тд олгож, үлдсэн 3,935,710 /гурван сая есөн зуун гучин таван мянга долоон зуун арав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч А.Тийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709,047 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч МД ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 568,937 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Тд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 Шүүхийн шийдвэрт хариуцагчийн гаргасан тайлбарыг гуйвуулан үгүйсгэж, шүүх хуралдааны тэмдэглэлд дурдагдаагүй зүйлийг ярьсан мэтээр зохион бичиж, өөрийн дотоод итгэлийг тулгаж, нэхэмжлэгчийн тайлбарыг шууд үнэлж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Гэтэл ажилтан төлөвлөгөө гаргаж батлуулаагүй байхад хэн, хэдэн төгрөгийн даатгалын бүтээгдэхүүний борлуулалт хийсэн, хэдэн төгрөгийн урамшууллын болзол хангасныг хэмжих боломжгүй нөхцөл байдал үүснэ. Даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал тооцох, олгох журмын 3.1.3, 3.2.1, 3.2.2-т заасан үндэслэлээр урамшуулал олгохоор зохицуулсан. Шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн дотоод журмын 6.1, 6.2 дах хэсгийг иш татсан боловч уг зохицуулалтын агуулгыг буруу тайлбарлан, ажилтан ажлаа төлөвлөх үүрэггүй гэх үндэслэлгүй, бодит байдлыг илт гуйвуулсан шинжтэй дүгнэлт хийсэн. Даатгалын салбарт борлуулалтын ажилтны хувьд орлогын төлөвлөгөө батлагдаж байх байгууллагын орлогын нийт төсөөллийг бий болгох чухал ач холбогдолтой. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2019 онд 1,000,000,000 төгрөгийн ... ажилласан гэж үзэх үндэслэлтэй болох нь А.Тийн 2018, 2019, 2020 оны хураамжийн тооцооллоор тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл энэ нь баримтад тулгуурлаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн баримтаар тогтоогдохгүй тайлбараас шууд иш татсан. Компанийн хувьд 1,000,000,000 төгрөг гэсэн нийтлэг гүйцэтгэлийн босго байхгүй бөгөөд харин ажилтан бүр жилд гүйцэтгэх борлуулалтын төлөвлөгөөг батлуулж, уг төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгэдэг журамтай байхад шүүх бодит үнэнд нийцэхгүй, хийсвэр дүгнэлтийг хураамжийн тооцооллоос 1,000,000,000 төгрөгийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн. 2019 онд А.Т төлөвлөгөө гаргаж батлуулаагүй, мөн удирдлагаас удаа дараа шаардсан боловч төлөвлөгөөг батлуулаагүй тул урамшуулал тооцох боломжгүй нөхцөл байдал үүсч урамшууллыг олгоогүй.

4.2 А.Т нь 2018 оны хураамжийн төлөвлөгөөгөө биелүүлсэн учир түүний урамшуулал тооцох цэвэр хураамжийн 483,007,528 төгрөгийн орлогын 1.2% буюу 5,796,090 төгрөгийн урамшуулал тооцогдсоныг гүйцэтгэлийн /КР1/ үнэлгээний 85%-д харгалзуулан 4,926,677 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэж, тухайн дүнгээс нийгмийн даатгалын шимтгэл болон ХХОАТ, Мобикомын төлбөр зэрэгт нийт 990,967.70 төгрөг суутгаж, 3,935,709.30 төгрөгийг МД ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 04/71 тоот тушаалын 1, 2 дугаар хавсралтын дагуу олгосон. Ингэхдээ түүний эхнэр Т.Тунгалагт бодогдсон урамшуулал 841,490.11 төгрөг, нийт 4,777,199.51 төгрөгийг өөрсдийнх нь хүсэлт гаргасан данс руу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн.  

“Урамшууллын журам”-ийн 3.2.1,3.2.2-т заасныг хангасан менежерүүдэд хавсралтын дагуу урамшуулал олгохоор шийдвэрлэсний дотор А.Тд 1.2%-ийн урамшуулал бодогдсоноос биш төлөвлөгөө давсан 5%-ийн урамшуулал огт бодогдоогүй. Хэрэв төлөвлөгөө давуулсан 5%-ийн урамшуулал авах ёстой байсан гэж үзэж байсан бол тухайн үедээ энэ талаарх санал, хүсэлт, тайлбараа МД ХК-д гаргаж шийдвэрлүүлэх ёстой байсан. Гэтэл энэ талаар хандаж байгаагүй, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасанд нийцэхгүй. Хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт өнгөрсөн тул 2018 оны жилийн эцсийн төлөвлөгөө давсан 5%-ийн урамшуулал 54,512,161 төгрөгийг шаардах үндэслэлгүй.

4.3 Мөн оны төлөвлөгөө биелсэн 1.2%-тай тэнцэх урамшууллаа зохих ёсоор авсан атлаа аваагүй мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 04/71 тоот тушаалаар бодогдож, олгогдсон 1,2%-ийн урамшууллын хэмжээг зөвшөөрөхгүй, буруу, дутуу бодогдсон гэх маргаан байсан бол тухайн үедээ “Монгол даатгал" ХК-д мэдэгдэж, урамшууллын тооцоог нягтлан шалгуулах, дахин тооцоог бодуулж нэг талдаа гарах бүрэн боломж байсан. Гэтэл энэ талаар хандаагүй атлаа 1 жил 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасанд нийцэхгүй.

4.4 2018 онд урамшуулалд 3,935,709 төгрөг олгосон болохыг шүүх дүгнэсэн бөгөөд талууд уг үйл баримтад маргаагүй. Уг дүнтэй урамшуулал олгосон шалтгааныг нэхэмжлэгч А.Т мэдэж байсан учир урамшуулал олгосон өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан талаар хариуцагч талаас шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бичгээр гаргасан нэмэлт тайлбартаа энэ талаар дэлгэрэнгүй дурдсан байхад шүүх энэ тухай дүгнээгүй.  2018 онд А.Тийн борлуулалтын орлого зөвхөн тоон үзүүлэлтийн хувьд өндөр мэт харагдаж байх боловч компанид учруулсан бодит эрсдэл нь түүнээс өндөр байсан тул А.Тд уг нөхцөл байдлыг тайлбарлан 3,935,709 төгрөгийн урамшуулал олгосон.

4.5 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт логикийн зөрчилтэй дүгнэлт хийж, хариуцагч талаас огт дурдаагүй үйл баримтыг маргаагүй гэж өөрийн үзэмжээр зохиож бичсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч нь маргаан таслан комисс байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь уг комисст хандах боломжгүй байсан байна” гэж, “Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг... шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлүүлнэ.” гэж дүгнэсэн. Уг дүгнэлтээс үзэхэд маргаан таслах комисс байхгүй бол шүүх шийдвэрлэх нь зүйн хэрэг бөгөөд шүүхийн практикт цалин хөлс, урамшуулалтай холбоотой маргааныг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар заавал урьдчилан шийдвэрлэх журам шаардахгүйгээр шууд харьяалан авч шийдвэрлэдэг жишиг тогтсон.

А.Т нь 2018 онд урамшуулал авсан, мөн 2019 онд төлөвлөгөө батлуулаагүй тул урамшуулал аваагүй гэдгийг мэдэж байсан атлаа гэнэт 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2018, 2019 онуудад урамшуулал аваагүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх бодит байдалд үл нийцэх дүгнэлт хийсэн. Даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал тооцох, олгох журамд төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд олгох урамшууллын хэмжээг тодорхой зохицуулсан байхад урамшуулал авах эрх нь хөндөгдсөн гэж нэгээс хоёр жилийн дараа шаардаж байгааг шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс МД ХК-д урамшуулалтай холбоотой ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй, хуулийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь баримтаар тогтоогддог.  Шүүх хуралдааны тэмдэглэлийн 7 дахь талд “хариуцагч талаас: 2018 оны жилийн эцсийн 5 хувийн урамшууллыг бодож олгоогүй гэдгийг мэдэж байсан уу гэж асуухад нэхэмжлэгч: олгоогүй гэдгийг мэдэж байсан, гүйцэтгэх захирал дээр амаар болон бичгээр мэдэгдэж байсан” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь мэдэж байсан болохыг хангалттай илэрхийлж байна. Хуулийг ойлгоогүй буюу мэдээгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд захиралдаа хандаад олгоогүй гэж үзсэн бол хандсан өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор шүүхэд шаардах эрх нээлттэй байсан бөгөөд шүүхэд мэдүүлэх, шаардах эрхийг нь хэн ч хязгаарлаагүй.

4.6 Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3 дах хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг нэрлэн заасан. Ажил олгогч байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй байсныг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэг нь шүүхээр хэлэлцэгдэж буй эрх зүйн маргааны талаар шүүх ямар дүгнэлт гаргаж байгаа, энэхүү дүгнэлт нь ямар бодит нөхцөл байдалд тулгуурлаж, хуулийн ямар зүйл, заалтад үндэслэсэн гэдгийг илэрхийлдэг чухал ач холбогдолтой болохоос богино хугацаанд гаргасан зөрүүтэй шийдвэртээ тааруулан хууль болон нотлох баримтыг дур зоргоороо тайлбарлан, гуйвуулж, дураар тайлбарлах талбар биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч 2019 оны урамшууллыг олгохоос татгалзсан. Хөдөлмөрийн дотоод журмын 6-д “жилийн эцсийн стратеги төлөвлөгөө бүх зүйлийг компанийн удирдлага буюу гүйцэтгэх захирал батлах” үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч А.Т урамшуулал авахгүй байх үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Хариуцагчаас МД ХК-ийн эдийн засагч н.Бат-Өлзий, санхүү албаны захирал н.Батбаярын гарын үсэгтэй нэхэмжлэгч А.Тийн 2018, 2019, 2020 оны жилийн хураамжийн тооцоолол, мөн цэвэр ашгийн тооцоо зэргийг дэлгэрэнгүй задаргаа хийж баримтаар өгсөн. Уг баримтаар “Монгол даатгал” ХХК нь 2018, 2019, 2020 онд жилийн эцсийн орлогын төлөвлөгөөг батлаагүй гэдэг нь үндэслэлгүй. МД ХК-д маргаан таслах комисс, Үйлдвэрчний эвлэл байдаггүй А.Т нь ажиллаж байх хугацаандаа удирдлагадаа 2018, 2019 оны урамшуулал авах хүсэлтийг тавьсан боловч удирдлагууд нь тухайн урамшууллыг өгөхгүй гэж хэлдэггүй, өгнө гэдэг. МД ХК-аас баталсан даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлж урамшуулал олгох, тооцоо тооцох, урамшуулал олгох журмын 5.4-д “тухайн ажилтныг урамшуулах эсэх асуудлыг захирал тушаал гаргаж шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл 2018, 2019 оны урамшуулал олгох асуудлаар хариуцагч байгууллагаас тушаал гаргасан зүйл байхгүй, нэхэмжлэгчид танилцуулаагүй. Нэхэмжлэгчид урамшууллыг нь өгөхгүй байсан учраас 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажлаас гарч, мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 онд урамшуулалд 3,710,000 төгрөг өгсөн гэж байна. Гэтэл 2018 онд 1 тэрбум төгрөгөөр жилийн орлогын төлөвлөгөө батлагдсан. Нэхэмжлэгчийн хувьд 1,6 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн ба энэ талаар талууд маргахгүй. 3,710,000 төгрөгийн хувьд урамшуулал олгох журамд зааснаар жилийн эцэст нэг урамшуулал олгох ба сар бүр давхар урамшуулал олгодог. Хариуцагч талаас 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр олгосон 3,710,000 төгрөгийг тухайн сарын урамшуулал байсан гэж тайлбарладаг. Гэхдээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тухайн урамшууллыг жилийн эцсийн урамшууллаас хасч тооцсонд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч А.Т хариуцагч МД ХК-д холбогдуулан 2018-2019 оны жилийн эцсийн урамшуулалд 86,133,116 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдсон байна. Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч МД ХК-д ахлах андеррайтераар ажиллаж байгаад 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2018 оны 1,000,000,000 төгрөгийн борлуулалтын төлөвлөгөөг 1,090,243,233 төгрөгөөр давуулан биелүүлж, ажил олгогчоос 2018 оны борлуулалтын урамшуулалд 3,935,709 төгрөг олгосон, 2019 онд 1,073,382,205 төгрөгийн орлого төвлөрүүлснээс 544,836,425 төгрөгийн цэвэр хураамжтай ажиллажээ. /1хх5-9, 26-28, 95, 2хх95-98/

4. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, хариуцагч байгууллагын даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал тооцох, олгох журмын 3.2.1, 3.2.2-т “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, “ажилтны цалин хөлсийг хийснээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, “жилийн эцэст борлуулалтын ажилтан борлуулалтын төлөвлөгөөгөө бүрэн биелүүлсэн бол тухайн ажилтны жилийн даатгалын цэвэр хураамжийн орлогын 1,2 хувьтай тэнцэх урамшууллыг ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний дундаж хувьд харгалзах хэмжээгээр олгоно”, “борлуулалтын ажилтан жилийн орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол давсан эзлэх цэвэр хураамжийн орлогын дүнгээс 5,0 хувиар тооцож ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний дундаж хувьд харгалзах хэмжээгээр олгоно” гэж заасан.

4.а. Дээрх хууль болон журмын дагуу хэргийн 1 дүгээр хавтасны 95-98 дугаар талд авагдсан ажил олгогчоос ажилтны ажлын үр дүнг тооцсон хүснэгтийг харьцуулан дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийн талаар 2018 оны төлөвлөгөөг биелүүлсэн урамшуулалд 25,082,918 төгрөг /цэвэр хураамж 2,090,243,223 төгрөг*1,2 хувь/, төлөвлөгөөг давуулан биелүүлсэн урамшуулалд 54,512,161 төгрөг /төлөвлөгөөг давуулан биелүүлсэн дүн 1,090,243,233 төгрөг*5 хувь/, 2019 оны төлөвлөгөөг биелүүлсэн урамшуулалд 6,538,037 төгрөг /цэвэр хураамж 544,836,425 төгрөг*1,2 хувь/-ийг авахаар байна. Борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал тооцох, олгох журмын 3.2.1, 3.2.2-т заасан урамшууллыг ажилтанд олгосон баримтгүй байна. МД ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.1, 6.2-т зааснаар компанийн стратеги төлөвлөгөөг гүйцэтгэх захирал, төсөв, төлөвлөгөөг компанийн захиргаа, удирдлагын асуудал хариуцсан нэгж нэгтгэн боловсруулж, гүйцэтгэх захиралд танилцуулах үүрэгтэй байна. /2хх8-13/

4.б. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн хууль болон журамд заасан үндсэн цалингаас гадна, нэмэгдэл, шагнал урамшуулал авах гэрээгээр тогтоосон эрх нь зөрчигдсөн байна. Гэвч нэхэмжлэгч нь 2018, 2019 оны урамшуулалтай холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй.

4.в. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь “ ... 2018 оны жилийн эцсийн 5 хувийн урамшууллыг бодож олгоогүй гэдгийг мэдэж байсан, гүйцэтгэх захиралтай уулзаад бичгээр болон амаар хэлж байсан .., 2018, 2019 оны урамшууллын талаар удаа дараа н.Ч болон гүйцэтгэх захиралтай уулзаж ярилцдаг байсан ...” гэж тайлбарлах боловч хэрэгт энэ талаарх нотлох баримтгүй байна. /2хх106-107/

4.г. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2018 оны урамшууллыг 2019 оны 03 дугаар сарын тушаалаар олгосон, 2019 оны урамшууллыг 2020 оны 03 дугаар сараас хойш тооцож нэхэмжлэх ёстой байсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй. Хэргийн 95 дугаар талд МД ХК-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “2018 оны байгууллагын даатгалын газрын хураамжийн төлөвлөгөө биелэлтийн урамшууллыг олгох тухай” тушаал байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийг 2018 оны урамшууллын талаар 2019 оны 03 дугаар сараас, 2019 оны урамшууллын талаар 2020 оны 03 дугаар сараас мэдсэн гэж үзэх буюу энэ үеэс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоологдох байжээ. Хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаарх баримтгүй ба нэхэмжлэгч нь ажил олгогчийн зүгээс урамшуулал авах эрхийг нь зөрчсөн үеэс эхлэн 3 сарын дотор шаардлага гаргах хугацааг хэтрүүлж 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ханджээ. /2хх106-109/

Талууд хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаггүй гэж тайлбарласан тул нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан цаг хугацаанаас хойш 3 сарын дотор шүүхэд хандах журамтай. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/02348 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Тийн хариуцагч МД ХК-д холбогдуулан гаргасан 86,133,116 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 568,940 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

               ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

                                                              А.МӨНХЗУЛ