Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00719

 

А.Т ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/02348 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 474 дүгээр магадлалтай,

А.Т ийн нэхэмжлэлтэй,

“М” ХК-д холбогдох,

86,133,116 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Т , түүний өмгөөлөгч Т.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Т  нь “М” ХК-д холбогдуулан 86,133,116 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/02348 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХК-иас нийт 82,197,406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Т д олгож, үлдсэн 3,935,710 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Т ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 568,937 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Т д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 474 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/02348 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Т ийн хариуцагч “М” ХК-д холбогдуулан гаргасан 86,133,116 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 568,940 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч А.Т  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.14-ний өдрийн 00474 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Хэргийн үйл баримтын талаар: А.Т  нь 2012 оноос хойш “М” ХК-д андеррайтер, ахлах андеррайтерын албан тушаалд тус тус ажиллаж байсан бөгөөд 2020.06.18-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Ийнхүү ажлаас гарах шалтгаан нь ажил олгогч “М” ХК ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал тооцох, олгох журамд заасны дагуу нэхэмжлэгч А.Т ийн 2018, 2019 оны жилийн эцсийн урамшуулал нийт 86,133,116 төгрөг олгох ёстойг үндэслэлгүйгээр өгөхөөс татгалзсаны улмаас арга буюу ажлаасаа гарч шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хуульд нийцүүлэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж үзээд хууль буруу хэрэглэж буюу өөрөөр хэлбэл хуулийг зөрүүтэй хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.2. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны субьект нь нэг талаас ажил олгогч, нөгөө талаас ажилтан буюу захирах захирагдах ёсны харилцаанд тулгуурладгаараа бусад эрх зүйн харилцаанаас онцлог шинжтэй бөгөөд энэ ч утгаараа хөдөлмөрийн гэрээнд ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгчийн хууль болон журамд заасны дагуу урамшуулал авах эрх нь зөрчигдсөн байна” гэж зөв дүгнэсэн атлаа “...урамшуулалтай холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг буруу тайлбарласан хэрэглэсэн...” гэх ганцхан үндэслэлийг заан, хөдөлмөрийн эрх зүйн харилцааны бусад эрх зүйн харилцаанаас ялгарах онцлог, ажилтан, ажил олгогч нарын хооронд тухайн үед бий болсон бодит нөхцөл байдал зэргийг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. А.Т ийн хувьд хууль болоод компанийн дүрэм журамд заасны дагуу 2018, 2019 оны урамшууллаа авах талаар компанийн удирдлагуудад байнга саналаа гаргадаг байсан. Тухайн үед компанийн удирдлагын зүгээс түүний урамшууллыг “олгоно” гэсэн хариуг өгдөг байснаас биш “өгөхгүй ээ” гэсэн хариуг нэг удаа хэлж байгаагүй бөгөөд М” ХК-ийн даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал тооцох, олгох журмын 5.4-т “Жилийн эцэст газрын төлөвлөгөө болон нэгж, багийн борлуулалтын төлөвлөгөө биелсэн тохиолдолд мөнгөн болон мөнгөн бус урамшууллыг гүйцэтгэх захирал тушаал гарган олгоно.” гэж заасны дагуу дээрх жилүүдийн урамшууллыг олгох, олгохгүй талаараа компанийн зүгээс ямар нэг тушаал шийдвэр гаргаж А.Т д танилцуулсан зүйл огт байдаггүй. Үүнээс харахад “...нэхэмжлэгчийг 2018 оны урамшууллын талаар 2019.03 сараас, 2019 оны урамшууллын талаар 2020.03 сараас мэдсэн гэж үзэх буюу энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай юм. Түүнчлэн “М” ХК-ийн хувьд ажилтны эрх ашгийг хамгаалах хөдөлмөрийн маргаан таслах комисс болон үйлдвэрчний эвлэл байдаггүй бөгөөд А.Т  нь тус байгууллагад ахлах андеррайтерын албан тушаал эрхэлдэг байсан зэрэг нөхцөл байдлууд болон 2018, 2019 онуудын урамшууллын төлбөрийг шууд удирдлага болох захирал нь өгөхгүй талаар татгалзсан хариу нэг ч удаа өгдөггүй “2018, 2019 оны жилийн эцсийн урамшууллыг олгоно хүлээж бай” гэж хэлсээр байхад нь үгнээс зөрж маргаан үүсгэх боломжгүй тул “М” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7.1.1-д “Компанийн ажиллагсад хоорондын харилцаа нь ...захирах захирагдах ёсыг дээдэлж ажиллана.” гэж заасны дагуу ажилтан, ажил олгогч нарын хоорондох захирах захирагдах ёсны харилцааг эрхэмлэн тухайн үедээ маргаан шийдвэрлэх байгууллагад хандаагүй, ингэх боломж ч байхгүй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ийнхүү хүлээсээр компанийн удирдлагууд өөрчлөгдөж, улмаар А.Т ийн 2018, 2019 оны жилийн эцсийн урамшууллыг үндэслэлгүйгээр өгөхгүй гэж түүнд мэдэгдсэн даруйд 2020.06.18-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 3 сарын дотор шүүхэд хандсан явдлыг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгаж хуулийг өөрөөр тайлбарлан зөрүүтэй хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.14-ний өдрийн 00474 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.01-ний өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ШХТ2022/00442 дугаар тогтоол гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч А.Т  нь “М” ХК-д холбогдуулан 86,133,116 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...2012 оноос хойш “М” ХК-д андеррайтер, ахлах андеррайтерын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2020.06.18-ны өдөр хариуцагч байгууллагатай харилцан тохиролцож, өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. ... 2018, 2019 онуудад батлагдсан жилийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж, компанид ихээхэн хэмжээний орлого оруулсан, иймд Хөдөлмөрийн гэрээний 5.1, “Даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журам”-ын 3.2.1, 3.2.2-т заасны дагуу борлуулалтын мөнгөн урамшууллыг өгөхгүй хохироож байна гэж тодорхойлжээ.  

8. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч нь 2018, 2019 оны жилийн эцэст олгох урамшууллын талаар тухайн үедээ аливаа гомдол гаргаагүй атлаа 2 жилийн дараа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, энэхүү маргааныг хөдөлмөрийн маргаан таслах байгууллагаар шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ...2018 оны урамшууллыг 2019 оны 3 сард баталсан захирлын тушаалаар олгосныг нэхэмжлэгч хүлээж авсан, харин 2019 онд тухайн жилийн төлөвлөгөөг батлуулаагүй, ... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн тайлбар гарган маргасан байна. 

9. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 125 дугаар зүйлийн 125.1-д заасныг баримтлан хариуцагчаас  82,197,406 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 3,935,710 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

10. Нэхэмжлэгчийн “...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, урамшуулалтай холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. ...2018, 2019 оны урамшуулал авах талаар компанийн удирдлагад байнга саналаа гаргаж байсан, тухайн үед удирдлагын зүгээс урамшууллыг “олгоно” гэсэн хариу өгдөг байсныг хүлээсээр, ...компанийн удирдлага өөрчлөгдөж, 2018, 2019 оны жилийн эцсийн урамшууллыг өгөхгүй гэж мэдэгдсэн даруйд ажлаасаа гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 3 сарын дотор шүүхэд хандсан. ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үүгэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

11. Нэхэмжлэгч А.Т  болон “М” ХК-ийн хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5.1-д “Ажилтны сарын үндсэн цалин болон нэмэгдэл хангамжийг Хавсралт 2-т заасны дагуу олгоно” гэж, гэрээний хавсралт 2-т “Жилийн эцэст ажилтны борлуулалтын төлөвлөгөө биелсэн тохиолдолд жилийн цэвэр борлуулалтын орлогын нийт дүнгийн 1.2 хувиар тооцон урамшуулал олгоно” гэж, түүнчлэн “М” ХК-ийн 2018.05.01-ний өдрийн 04/89 тоот тушаалаар батлагдсан “Даатгалын борлуулалтын ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулал олгох журам”-ын 3.2.1-д “Жилийн эцэст борлуулалтын ажилтан борлуулалтын төлөвлөгөөгөө бүрэн биелүүлсэн бол тухайн ажилтны жилийн даатгалын цэвэр хураамжийн орлогын 1.2 хувьтай тэнцэх урамшууллыг ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний дундаж хувьд харгалзах хэмжээгээр олгоно”, 3.2.2-т “Борлуулалтын ажилтан жилийн орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол давсан дүнд эзлэх цэвэр хураамжийн орлогын дүнгээс 5.0 хувиар тооцож ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний дундаж хувьд харгалзах хэмжээгээр олгоно” гэж тус тус заасан.

12. Нэхэмжлэгч А.Т ээс ...тус компанид ажиллаж байхдаа 2018 онд батлагдсан жилийн орлогын төлөвлөгөөг 1,651,048,232 төгрөгөөр давуулан биелүүлж, нийт 2,651,048,232 төгрөгийн, мөн 2019 онд батлагдсан жилийн орлогын төлөвлөгөөг 73,335,959 төгрөгөөр давуулан биелүүлж, нийт 1,073,335.959 төгрөгийн орлогыг тус тус оруулсан байхад хариуцагч хөдөлмөрийн гэрээ болон журамд заасны дагуу жилийн борлуулалтын орлогоос тооцож мөнгөн урамшууллыг олгохгүй хохироож байна гэж маргажээ. 

13. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ...нэхэмжлэгчийн 2018, 2019 оны жилийн эцэст олгох урамшууллын талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн тайлбар үндэслэлтэй, давж заалдах шатны шүүх маргаанд хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

 

14. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан.

15. Давж заалдах шатны шүүхээс ...хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хууль болон журамд заасан үндсэн цалингаас гадна, нэмэгдэл, шагнал урамшуулал авах хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон эрх зөрчигдсөн нь тогтоогдсон, гэвч нэхэмжлэгч нь 2018, 2019 оны урамшуулалтай холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, анхан шатны шүүх маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Учир нь, нэхэмжлэгчийг 2018 оны урамшууллын талаар 2019 оны 3 дугаар сараас, 2019 оны урамшууллын талаар 2020 оны 03 дугаар сараас мэдсэн гэж үзэх бөгөөд энэ үеэс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно, хэрэгт нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаарх баримт авагдаагүй, иймд нэхэмжлэгч нь хуульд заасан 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

16. Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 474 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.04.13-ны өдөр төлсөн 568,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                             

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД