Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/01418

 

Б.Тунгалаг, З.Аадар нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 909 дүгээр шийдвэр,        

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 152 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Тунгалаг, З.Аадар нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Минж проперти” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 9 250 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас алданги 3 237 960 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, нарийн бичгийн даргаар Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Тунгалаг, З.Аадар нар нь “Минж проперти” ХХК-ийн барьж буй “Park town” хотхонд 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1 мкв нь 1 350 000 төгрөг байхаар тохиролцож, нийт 79.95 мкв талбайтай, 107 932 500 төгрөгийн үнэ бүхий, 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Тус гэрээнд гэрээ байгуулсан өдөр буюу 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр урьдчилгаа 30 хувь буюу 32 379 750 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орон сууц бүрэн ашиглалтад oрсны дараа үлдэгдэл 70 хувь буюу 75 552 750 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон байдаг. Ингээд амьдарч байх хугацаанд 3 өрөө орон сууцны талбайн хэмжээнд эргэлзээ төрөх болсон тул 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөл бүхий “Уран-Асар” ХХК-иар хэмжилт хийлгэхэд 3 өрөө байрны нийт талбай нь 73.21 мкв болох нь тогтоогдсон.Иймд орон сууц захиалгаар барих гэрээнд зааснаас 6.74 мкв зөрүү гарч дутуу талбайтай орон сууц шилжүүлсэн байдаг. Энэхүү мкв-ийн зөрүүнээс болж банк дахь зээлийн хүү, дулааны төлбөр, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр гэх мэт илүү төлбөр төлж хохирч байгаа тул “Минж проперти” ХХК-иас гэрээний үүрэг зөрчиж дутуу талбайтай орон сууц шилжүүлсэн 6.74 мкв x 1.350.000=9.099.000 төгрөг, “Уран-Асар” ХХК-иар хэмжилт хийлгэсэн төлбөр 146 000 төгрөг, бичиг баримт нотариатаар батлуулсан 5 000 төгрөг, нийт 9 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Тунгалаг нь нэхэмжлэл гаргах эрхгүй хүн. Гэрээг З.Аадартай хийсэн. Орон сууц захиалгаар барих гэрээ гэж бичигдсэн болохоос биш гэрээний агуулга нь худалдах- худалдан авах гэрээ юм. Тухайн үед гэрээнд заасан үүргээ манай компани гүйцэтгэж хугацаанд нь хүлээлгэж өгсөн. Гэрээ хийх үед уг байр нь 75 хувийн гүйцэтгэлтэй байсан. Тийм болохоор бид уг гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж хэлж байгаа юм. Байрыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын комиссд хүлээлгэж өгөөд тэр өдрөө З.Аадарт байрыг хүлээлгэн өгсөн. Харин З.Аадараас 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үлдэгдэл 70 хувийн төлбөрөө төлж барагдуулсан. Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авснаа тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авснаар тооцно гэж заасан байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар З.Аадар нь гомдол гаргах эрхээ алдсан гэж үзэж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр иргэн З.Аадар болон “Минж Проперти” ХХК-ийн хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулагдаж, гэрээний 2.4-т заасан хуваарийн дагуу урьдчилгаа 30 хувь болох 32 379 750 төгрөгийг 6 дугаар сарын 18-ны өдөр, үлдэгдэл төлбөр болох 75 552 740 төгрөгийг манай компанийн дансанд тушаасан байдаг. Энэ гэрээнд зааснаар 12 дугаар сарын 01-ний өдөр биш 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлөхдөө 39 хоног хэтрүүлж төлсөн бөгөөд гэрээний дагуу 0,1 хувийн алданги болох 4 209 348 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа алдангийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсон бөгөөд манай зүгээс орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу улсын комисс хүлээн авсан өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Тиймээс алдангийг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс тооцож, нийт 3 237 960 төгрөгийг гэрээнд заасан хувиар тооцож алдангийг нэхэмжилж байна. Алдангийг тооцохдоо гэрээнд гэрээний үнийн дүн гэж тохирсон тул нийт гэрээний нийт дүнгээс бодсон. Иймээс 3 237 960 төгрөгийн алдангийг З.Аадараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б.Тунгалаг, З.Аадар нар нь “Минж Проперти” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 18-ний өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, гэрээний 2.4-т заасан хуваарийн дагуу 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр захиалга хүлээж авахад 30 хувь буюу 32 379 750 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл 70 хувь 75 552 750 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон байдаг. Тус орон сууц захиалгаар барих гэрээний 6.2-т захиалагч нь гэрээний 4.7-д заасан үүргээ биелүүлээгүй 45 хоногоос дээш хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 45 хоног дуусч, 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш алданги бодохоор зохицуулж өгсөн байна.Мөн гэрээний 4.8-т захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 70 хувийн төлбөрийг Улсын комисс хүлээн авснаас хойш нэг сарын дотор “Минж проперти” ХХК-ийн дансанд төлөх үүрэгтэй гэтэл Улсын комисс барилгыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээж авсан бөгөөд нэг сарын дотор гэсэн нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлөх ёстой байснаас Б.Тунгалаг, З.Аадар нар нь гэрээнд заасан хугацааны дотроо буюу 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн тул “Минж проперти” ХХК-иас нэхэмжлээд байгаа алдангийг төлөх үндэслэл огт байхгүй.Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 909 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 353 дугаар зүйлийн 353.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Минж проперти” ХХК-аас нийт 9 250 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тунгалаг, З.Аадар нарт олгож, хариуцагч “Минж проперти” ХХК-ийн нэхэмжлэгч З.Аадарт холбогдуулан гаргасан 3 237 960 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Тунгалаг, З.Аадар нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 950 төгрөг, хариуцагч “Минж проперти” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 290 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Минж проперти” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 162 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тунгалаг, З.Аадар нарт олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 152 дугаар магадлалаар хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 909 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь Дархан-Уул аймгийн Архивын газраас гаргуулж авсан архивын дардас дарагдсан хуулийн шаардлага хангасан нотлох баримт байхад анхан шатны шүүх үнэлээгүй, давж заалдах шатны шүүх “нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийг уг нотлох баримтыг үнэлээгүй гэж буруутгах боломжгүй юм” гэж үзэж байгаа нь хэт нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэн Аадар нь “Орон сууц” худалдаж авахаар “Минж-Проперти” ХХК-тай гэрээ хийсэн өдөр уг барилга нь 80%-н гүйцэтгэлтэй явагдаж байсан бөгөөд бараг баригдаад бэлэн болж байгаа барилга дээр “Ажил гүйцэтгэх гэрээ” яригдахгүй бөгөөд уг гэрээ нь худалдах-худалдан авах гэрээ болно гэсэн үндэслэлээр уг гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж үзэж байгаа ба нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан нь иргэн Аадар нь нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй байна. Мөн талбайн хэмжилт хийсэн “Уран-Асар” ХХК нь дүгнэлт гаргасан ба гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тогтвортой тайлбар өгч байсан бөгөөд дүгнэлтэнд хавсаргасан тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй байх шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх уг хэргийн хамгийн гол нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчиж үнэлж мкв зөрөөтэй байна гэж үзэж хэргийг шийдсэн нь хуулийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Энэ талаар анхан шатны болон давж заалдах шатны хурал дээр удаа дараа тайлбар гаргасан боловч шүүх авч үзээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээний зарим нөхцлийг анхааралгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь учир дутагдалтай болжээ. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.Тунгалаг, З.Аадар нар нь хариуцагч “Минж проперти” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 79.95 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулж, орон сууцны нийт үнэ болох 107 932 500 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу хоёр хэсэг болгон хуваан төлжээ. Хүлээн авсан орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас бага болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч зөрүүтэй талбайд ногдох төлбөрийг, гарсан зардлын хамт буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Харин хариуцагч “Минж проперти” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй татгалзсанаас гадна төлбөрийн зарим хэсгийг нэхэмжлэгч хугацаа хэтрүүлэн төлсөн гэж үзэж, алданги гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн актад “энэхүү барилга байгууламжийг ANEE01\14 дугаартай зураг төслөөр 2014 оны 3 дугаар сараас барьж эхэлсэн ба 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр барьж дуусгасан” гэж заажээ. Мөн актад “захиалагч байгууллагын 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14\640 тоот мэдэгдлийн дагуу 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 250 өдөрт багтаан шинээр барьсан” гэж заасан байна. 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс барьж эхэлсэн барилгад орон сууц захиалсан 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх, гэрээ байгуулах үед барилга 80%-ийн гүйцэтгэлтэй байсан гэх хариуцагчийн тайлбар, гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын гэрээний 6.2.-т заасан “захиалагч нь гэрээний 4.7.-д заасан үүргээ биелүүлээгүй 45 хоногоос дээш хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэх тохиролцоог үндэслэн нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Гэтэл гэрээний 6.4.-т “орон сууцны талбайн хэмжээ нь барилга угсралтын болон заслын ажлын алдаанаас шалтгаалж, гэрээгээр тохирсон хэмжээнээс 1 мкв хүрэхгүй хэмжээнд зөрсөн нөхцөлд талууд гомдол гаргахгүй. Энэ тохиолдолд орон сууцны үнэд өөрчлөлт орохгүй” гэж заасныг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, орон сууцны талбайн хэмжээ 6.74 мкв дутсан бол орон сууцны үнийн дүнг өөрчлөх тухай шаардлагыг нэхэмжлэгч зөвхөн 5.74 мкв талаар гаргах эрхтэйгээр гэрээнд заасан гэж үзэхээр байна. Энэ нь 7 749 000 төгрөг болох ба үүн дээр мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэсэн 146 000 төгрөг, нотариатын зардал 5 000 төгрөгийг нэмэхэд хариуцагчаас гаргуулах төлбөр 7 900 000 төгрөг болно.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 152 дугаар магадлал, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 909 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “9 250 000 төгрөг” гэснийг “7 900 000 төгрөг” гэж, 2 дахь заалтын ““162 950 төгрөг” гэснийг “141 350 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.        

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 162 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН