Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 152

 

Б.Т- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00583/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн  давж  заалдах шатны шүүхийн  шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч С.Оюунцэцэг нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

     Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 909 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Харчин овогт Б-ын Т,

Нэхэмжлэгч Барга овогт З-ын А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д  холбогдох

           “Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 9.250.000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “гэрээний үүрэг зөрчсөний улмаас алданги 3.237.960 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

З.А-, Б.Т- нар нь “*******” ХХК-ийн барьж буй “Park town” хотхонд 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1мкв нь 1.350.000 төгрөг байхаар тохиролцож нийт 79.95 мкв талбайтай, 107.932.500 төгрөгийн үнэ бүхий, 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Тус гэрээнд гэрээ байгуулсан өдөр буюу 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр урьдчилгаа 30 хувь буюу 32.379.750 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орон сууц бүрэн ашиглалтад oрсны дараа үлдэгдэл 70 хувь буюу 75.552.750 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон байдаг. Ингээд амьдарч байх хугацаанд 3 өрөө орон сууцны талбайн хэмжээнд эргэлзээ төрөх болсон тул 2016 оны 02 дугаар сарын 21-ний  өдөр орон  сууцны талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөл бүхий “*******” ХХК-аар хэмжилт хийлгэхэд 3 өрөө байрны нийт талбай нь 73.21 мкв болох нь тогтоогдсон.

Иймд орон сууц захиалгаар барих гэрээнд зааснаас 6.74 мкв зөрүү гарч дутуу талбайтай орон сууц шилжүүлсэн байдаг. Энэхүү мкв-ийн зөрүүнээс болж банк дахь зээлийн хүү, дулааны төлбөр, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр гэх мэт илүү төлбөр төлж хохирч байгаа тул “*******” ХХК-аас гэрээний үүрэг зөрчиж дутуу талбайтай орон сууц шилжүүлсэн 6.74 мкв x 1.350.000=9.099.000 төгрөг, “*******” ХХК-аар хэмжилт хийлгэсэн төлбөр 146.000 төгрөг, бичиг баримт нотариатаар батлуулсан 5000 төгрөг, нийт 9.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 

          З.А-, Б.Т- нар нь “Минж Проперти” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 18-ний өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж гэрээний 2.4-т заасан хуваарийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр захиалга хүлээж авахад 30 хувь буюу 32.379.750 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл 70 хувь 75.552.750 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон байдаг. “*******” ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ иргэн З.А- нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 75.552.750 төгрөгийг манай компаний дансанд тушаасан байдаг.Энэ гэрээнд зааснаар 12 дугаар сарын 01-ний өдөр биш 2015 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр төлөхдөө 39 хоног хэтрүүлж төлсөн бөгөөд гэрээний дагуу 0,1%-ийн алданги болох 4.209.348 төгрөгийг нэхэмжилж байгаа болно гэсэн байдаг. Гэтэл тус орон сууц захиалгаар барих гэрээний 6.2-т захиалагч нь гэрээний 4.7-д /захиалагч нь орон сууцны үнийг хавсралтад заагдсан хугацааны хуваарийн дагуу төлөх үүрэгтэй/ заасан үүргээ биелүүлээгүй 45 хоногоос дээш хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 45 хоног дуусаж 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш алданги бодохоор зохицуулж өгсөн байна. Мөн гэрээний 4.8-т захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 70 хувийн төлбөрийг Улсын комисс хүлээн авснаас хойш нэг сарын дотор “*******” ХХК-ийн дансанд төлөх үүрэгтэй гэтэл Улсын комисс барилгыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээж авсан бөгөөд нэг сарын дотор гэсэн нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлөх ёстой байснаас З.А-, Б.Т- нар нь гэрээнд заасан хугацааны дотроо буюу 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн тул “*******” ХХК-aас нэхэмжлээд байгаа алдангийг төлөх үндэслэл огт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Т- нь нэхэмжлэл гаргах эрхгүй хүн. Гэрээг З.А-тай хийсэн. Орон сууц захиалгаар барих гэрээ гэж бичигдсэн болохоос биш гэрээний агуулга нь худалдах, худалдан авах гэрээ юм. Тухайн үед гэрээнд заасан үүргээ манай компани гүйцэтгэж хугацаанд нь хүлээлгэж өгсөн. Гэрээ хийх үед уг байр нь 75 хувийн гүйцэтгэлтэй байсан. Тийм болохоор бид уг гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж хэлж байгаа юм. Байрыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын комисс-д хүлээлгэж өгөөд тэр өдрөө З.А-т байрыг хүлээлгэн өгсөн. Харин З.А-аас 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үлдэгдэл 70 хувийн төлбөрөө төлж барагдуулсан. Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авснаа тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авснаар тооцно гэж заасан байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар З.А- нь гомдол гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэн З.А- болон “Минж Проперти” ХХК-ийн хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж гэрээний 2.4-т заасан хуваарийн дагуу урьдчилгаа 30 хувь болох 32.379.750 төгрөгийг 06 дугаар сарын 18-ны өдөр, үлдэгдэл төлбөр болох 75.552.740 төгрөгийг манай компаний дансанд тушаасан байдаг. Энэ гэрээнд зааснаар 12 дугаар сарын 01-ний өдөр биш 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлөхдөө 39 хоног хэтрүүлж төлсөн бөгөөд гэрээний дагуу 0,1 хувийн алданги болох 4.209.348 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа алдангийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсон бөгөөд манай зүгээс орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу улсын комисс хүлээн авсан өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Тиймээс алдангийг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс тооцож, нийт 3.237.960 төгрөгийг гэрээнд заасан хувиар тооцож алдангийг нэхэмжилж байна. Алдангийг тооцохдоо гэрээнд гэрээний үнийн дүн гэж тохирсон тул нийт гэрээний нийт дүнгээс бодсон. Иймээс 3.237.960 төгрөгийн алдангийг З.А-аас гаргуулж өгнө үү гэжээ.

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 909 дүгээр шийдвэрээр:

           Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 353 дугаар зүйлийн 353.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас нийт 9.250.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.А-, Б.Т- нарт олгож, хариуцагч “*******” ХХК-ийн нэхэмжлэгч З.А-т холбогдуулан гаргасан 3.237.960 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч З.А-, Б.Т- нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.950 төгрөг, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.290 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 162.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.А-, Б.Т- нарт олгож шийдвэрлэжээ.         

            Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 909 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Иргэн  З.А-, “*******” ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулсан өдөр орон сууцны барилгын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байсан ба хавтаст хэрэгт барилгын ажлын гүйцэтгэлийг бичиж тэмдэглэдэг байсан дэвтрээс фото зураг, гүйцэтгэлийн тэмдэглэлийг нотлох баримтын хүрээнд гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх уг нотлох баримтыг авч үнэлээгүй. Бараг баригдаад дуусаж байгаа барилгын хувьд ажил гүйцэтгэх гэрээ байгуулах тухай ойлголт байж болохгүй. Ийм тохиолдолд гэрээний талуудын хэрэглэсэн нэр үл хамааран худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Уг гэрээ нь нэр болон ашигласан маягт зэргээс үл хамаарч худалдах, худалдан авах гэрээ юм. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-д заасан үндэслэлийг авч хэрэглээгүй ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэхээр байна гэж тайлбарласан мөртлөө 343.4 дэх заалтыг хэрэглээгүй нь хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан. Учир нь уг орон сууц  нэг бүрийн шинжээр бус төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 343.4-т зааснаар энэ тохиолдолд худалдах, худалдах авах гэрээний журам мөрдөгдөхөөр заагдсан бөгөөд анхан шатны шүүх хуулийг илт зөрчиж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Талбайн хэмжилт хийсэн гэх “*******” ХХК нь дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтэд хавсаргасан гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар нь хуулийн шаардлага хангаагүй, тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй байх шаардлага хангаагүй зэрэг процессын алдаатай байхад анхан шатны шүүх “*******” ХХК-ийн гаргасан дүгнэлтийг нотлох баримтын хүрээнд үнэлж, хуулийг ноцтой зөрчиж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Гэрээ байгуулсан өдөр орон сууцны барилгын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байсан гэдэг боловч Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал дээр болон шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрээ байгуулах үед 70 хувийн гүйцэтгэлтэй байсан гэж хоорондоо зөрж байгаа нь тодорхой нотлох баримт байхгүй гэдгийг харуулж байна. Мөн барилгын гүйцэтгэл тэдэн хувьтай байсан гэдгийг  барилгын ажлын зургийг бичиж тэмдэглэдэг байсан дэвтрээс мөн фото зургийн талаар дурдсан байх боловч тэмдэглэдэг дэвтэр нь бүдэг, огноо тодорхойгүй, зураг нь огноо болон аль байр гэдэг нь тодорхойгүй нотлох баримт шүүхэд гаргаж өгчихөөд шүүх үнэлээгүй гэдэг нь хуульд нийцэхгүй байна.

            Иргэний хуулийн 343.4 дэх хэсэгт заасан заалтыг авч хэрэглээгүй учир нь уг орон сууц нэг бүрийн шинжээр бус төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө гэх боловч шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасныг хэрэглэх шаардлагагүй учир нь тэрхүү орон сууц нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд юмс юм.

            “*******” ХХК-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол анхан шатны шүүх хурал болохоос өмнө эрх бүхий шинжээч томилуулах эрх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид байсан. Энэ талаар анхан шатны шүүх хурал дээр огт маргаагүй байж давж заалдах гомдолд дурдсан. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 909 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч Б.Т-, З.А- нар хариуцагч “*******” ХХК-д  холбогдуулан “Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 9.250.000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээний агуулга нь худалдах, худалдан авах гэрээ, Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар З.А- нь гомдол гаргах эрхээ алдсан гэж маргасан байна.

            Хариуцагч “гэрээний үүрэг зөрчсөний улмаас алданги 3.237.960 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч тал 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлөх ёстой байснаас З.А-, Б.Т- нар нь гэрээнд заасан хугацааны дотроо буюу 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн тул “*******” ХХК-aас нэхэмжлээд байгаа алдангийг төлөх үндэслэл байхгүй гэж маргажээ.

           З.А-, Б.Т- нар нь “*******” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр захиалга хүлээж авахад 30 хувь буюу 32.379.750 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл 70 хувь 75.552.750 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон байна.

            Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-т захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 70 хувийн төлбөрийг Улсын комисс хүлээн авснаас хойш нэг сарын дотор “*******” ХХК-ийн дансанд төлөх үүрэгтэй бөгөөд Улсын комисс тухайн барилгыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээж авсан ба нэг сарын дотор буюу 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн тул хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг  үндэслэлгүй гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

           Хариуцагчийн давж заалдсан гомдолдоо дурдсан “2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр орон сууцны барилгын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байсан ба хавтаст хэрэгт барилгын ажлын гүйцэтгэлийг бичиж тэмдэглэдэг байсан дэвтэр, фото зураг, гүйцэтгэлийн тэмдэглэл нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийг уг нотлох баримтыг үнэлээгүй гэж буруутгах боломжгүй юм.

           Хариуцагч тал орон сууцны талбайн хэмжилт хийсэн байгууллагын тусгай зөвшөөрөл болон орон сууцны метр кватратын талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул энэ талаар гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

           Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбогдуулан зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтуудад  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн мөн хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-т зааснаар давж заалдах гомдол хүлээн авснаас хойш анхан шатны шүүх 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хэргийг хүргүүлэхээр заасан хугацааг анхан шатны шүүх хэтрүүлсэнг дурдах нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 909 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХЖАРГАЛ  

                           ШҮҮГЧИД                                                  Г.ДАВААРЕНЧИН 

                                                                                              С.ОЮУНЦЭЦЭГ