Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 909

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00583/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, **дугаар хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух, Х*** овогт Б*** Т*** /РД: ТГ****/,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, ***7 дугаар байр, *** тоотод оршин суух, Б*** овогт З*** А*** /РД: ТБ80072871/ нарын   нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг, “***” ХХК /Компанийн РД: ****/-д холбогдох,

 

“Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 9,250,000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “гэрээний үүрэг зөрчсөний улмаас алданги 3,237,960 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З.А***, Б.Т*** нар нь *** ХХК-ийн барьж буй “Park town “хотхонд 2014 оны 06 дугаар сарын 18-нд 1м2-ыг нь 1,350,000 төгрөг байхаар тохиролцож нийт 79.95 м2 талбайтай 107,932,500 төгрөгний үнэ бүхий 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Тус гэрээнд гэрээ байгуулсан өдөр буюу 2014 оны 06 дугаар сарын 18-нд  урьдчилгаа 30 хувь буюу 32,379,750 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 01-нд орон сууц бүрэн ашиглалтанд oрсны дараа үлдэгдэл 70 хувь буюу 75,552,750 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон байдаг. Ингээд амьдарч байх хугацаанд 3 өрөө орон сууцны талбайн хэмжээнд эргэлзээ төрөх болсон тул 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Орон сууцны талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөл бүхий “***” ХХК-аар хэмжилт хийлгэхэд 3 өрөө байрны нийт нийлбэр талбай нь 73.21 м2 болох нь тогтоогдсон. Иймд орон сууц захиалгаар барих гэрээнд зааснаас 6.74 м2-ийн зөрүү гарч дутуу талбайтай орон сууц шилжүүлсэн байдаг. Энэхүү м2-ийн зөрүүнээс болж банк дахь зээлийн хүү дулааны төлбөр,СӨХ-ийн төлбөр гэх мэт илүү төлбөр төлж хохирч байгаа тул “***” ХХК-иас гэрээний үүрэг зөрчиж дутуу талбайтай орон сууц шилжүүлсэн 6.74 м2x1350000=9099000 төгрөг, *** ХХК-иар хэмжилт хийлгэсэн төлбөр 146,000 төгрөг, бичиг баримт нотариатаар 5000 төгрөг нийт 9,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч З.А*** шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г*** шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “З.А***,Б.Т*** нар нь “***” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 18-ний өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж гэрээний 2.4-т заасан хуваарийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр захиалга хүлээж авахад 30 хувь буюу  32,379,750 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл 70 хувь 75,552,750 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон байдаг. *** ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ ...... иргэн З.А*** нь 20*** оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 75,552,750 төгрөгийг манай компаний дансанд тушаасан байдаг.Энэ гэрээнд зааснаар 12 дугаар сарын 01-ний өдөр биш 20*** оны 01 дүгээр сарын -8-ний өдөр төлөхдөө 39 хоног хэтрүүлж төлсөн бөгөөд гэрээний дагуу 0,1%-ийн алданги болох 4.209,348 төгрөгийг нэхэмжилж байгаа болно гэсэн байдаг. Гэтэл тус Орон сууц захиалгаар барих гэрээ -ний 6.2-т “Захиалагч нь гэрээний 4.7-д /захиалагч нь орон сууцны үнийг хавсралтад заагдсан хугацааны хуваарийн дагуу төлөх үүрэгтэй/ заасан үүргээ биелүүлээгүй 45 хоногоос дээш хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1% тай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж заасан нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 20*** оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 45 хоног дуусаж 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш алданги бодохоор зохицуулж өгсөн байна. Мөн гэрээний 4.8-т  Захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 70 хувийн төлбөрийг Улсын комисс хүлээн авснаас хойш нэг сарын дотор “***” ХХК-ний дансанд төлөх үүрэгтэй гэтэл Улсын комисс барилгыг 2014 оны 12 дугаар сарын 10-ний өдөр хүлээж авсан бөгөөд нэг сарын дотор гэсэн нь 20*** оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн дотор үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлөх ёстой байснаас З.А***,Б.Т*** нар нь гэрээнд заасан хугацаанд дотроо буюу 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн тул “***” ХХК-aас нэхэмжлээд байгаа алдангийг төлөх үндэслэл огт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болнo” гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Т*** нь нэхэмжлэл гаргах эрхгүй хүн. Гэрээг З.А***тай хийсэн. Орон сууц захиалгаар барих гэрээ гэж бичигдсэн болохоос биш гэрээний агуулга нь худалдах, худалдан авах гэрээ юм. Тухайн үед гэрээнд заасан үүргээ манай компани гүйцэтгэж хугацаанд нь хүлээлгэж өгсөн. Гэрээ хийх үед уг байр нь 75 хувийн гүйцэтгэлтэй байсан. Тийм болохоор бид уг гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж хэлж байгаа юм. Байрыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын комиссд хүлээлгэж өгөөд тэр өдрөө З.А***т байрыг хүлээлгэн өгсөн. Харин З.А***аас 20*** оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үлдэгдэл 70 хувийн төлбөрөө төлж барагдуулсан. Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авснаа тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авснаар тооцно гэж заасан байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар З.А*** нь гомдол гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И*** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “2014 оны 06 дугаар  сарын 18-ны өдөр иргэн Зунры овогтой А*** болон *** ХХК-ийн хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж гэрээний 2.4-т заасан хуваарийн дагуу урдьчилгаа 30% болох 32.379.750 төгрөгийг 06-р сарын 18-ны өдөр,үлдэгдэл төлбөр болох 75,552,740 төгрөгийг манай компаний дансанд тушаасан байдаг.Энэ гэрээнд зааснаар 12 дугаар сарын 01-ний өдөр биш 20*** оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлөхдөө 39 хоног хэтрүүлж төлсөн бөгөөд гэрээний дагуу 0,1%-н алданги болох 4,209,348 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа алдангийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсон бөгөөд манай зүгээс орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу улсын комисс хүлээн авсан өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Тиймээс алдангийг 2014 оны 12 сарын 10-ны өдрөөс тооцож, нийт 3,237,960 төгрөгийг гэрээнд заасан хувиар тооцож алдангийг нэхэмжилж байна. Алдангийг тооцохдоо гэрээнд гэрээний үнийн дүн гэж тохирсон тул нийт гэрээний нийт дүнгээс бодсон. Иймээс 3,237,960 төгрөгийн алдангийг З.А***аас гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч З.А***, Б.Т*** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г*** нь 2016 оны 04 сарын 04-ний өдрийн итгэмжлэлийн үндсэн дээр “***” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд орон сууцны талбайн хэмжээний дутуу 6,74 мкв-ийн үнэ болох 9,099,000 төгрөг, “У***” ХХК-иар хэмжилт хийлгэсний төлбөр 146,000 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 9,250,000 төгрөг гаргуулах, хариуцагч “Минж

проперти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И*** нь тус компаниас 2016 оны 04 сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэгч З.А***т холбогдуулан, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн алданги 3,237,960 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.  

           

            Хариуцагч “***” ХХК нь орон сууцны талбайн зөрүүтэй байдал нь далд доголдол биш, талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нь нэрний хувьд захиалгаар барих гэрээ гэсэн боловч гэрээ байгуулах үед 70 хувийн гүйцэтгэлтэй байсан байрыг худалдан авч, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

           

            Талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хорооллын нутагт баригдаж байгаа Парк таун хотхоны *** дугаар байрны 2 дугаар давхарт байрлах ** тоот, 3 өрөө, 79,95 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохирч, орон сууцны нийт үнэ болох 107,932,500 төгрөгийн 30 хувь болох 32,379,750 төгрөгийг захиалга авахад буюу 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр, 70 хувь болох 75,552,750 төгрөгийг 2014 оны 12 сарын 01-ний өдөр түлхүүр хүлээлгэн өгөхөд төлөхөөр, “***” ХХК нь орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу Монгол улсын барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, чанар, стандартад нийцүүлэн 2013 оны 04 дүгээр улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай “Орон сууц захиалгаар барих гэрээ”, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “тус компани З.А***тай гэрээ байгуулсан бөгөөд Б.Т***тай гэрээ байгуулаагүй тул Б.Т*** нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан орон сууц захиалгаар барих гэрээнд энэхүү гэрээг нэг талаас “***” ХХК-ийг төлөөлж Б***, нөгөө талаас иргэн Б*** овогт З***овогтой А*** нар тохиролцож гэрээг байгуулав гэсэн хэдий ч гэрээ байгуулсан гэсэн хэсэгт захиалагчаар З.А***, хамтран захиалагчаар Б.Т*** гэж гарын үсэг зуржээ.

 

            Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол нэг баримт үйлдэж, гарын зурснаар гэрээг байгуулсанд тооцохоор заасан бөгөөд дээрх гэрээнд нэхэмжлэгч Б.Т*** нь хамтран захиалагчаар гарын үсэг зурсан байна. Мөн хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000366*** дугаар гэрчилгээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 47 байрны ** тоот 79,95 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б.Т***, З.А*** нар болох нь тогтоогдож байна.

            Иймд Б.Т*** нь энэхүү Орон сууц захиалгаар барих гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И*** нь дээрх гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарлаж байгаа боловч гэрээнд гүйцэтгэгч болох “***” ХХК нь 2014 оны 04 дүгээр улиралд багтаан, гэрээнд заасан орон сууцыг барьж, захиалагч болох З.А***, Б.Т*** нарт хүлээлгэн өгөхөөр тохирч, тус орон сууц баригдаж бий болохоос өмнө буюу 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрээг байгуулсан, мөн орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын комиссын бүрэлдэхүүн шалгаж, мөн өдрөөс ашиглалтанд оруулахыг зөвшөөрсний дагуу нэхэмжлэгч тал орон сууцыг хүлээн авч, 20*** оны 01 сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан зэрэг нь хэрэгт авагдсан орон сууц захиалгаар барих тухай *** дугаартай гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн акт, Эрхийн улсын бүртгэлийн Ү-200301*** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

            Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь тодорхой эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг бол талуудын хооронд байгуулсан Орон

сууц захиалгаар барих гэрээний агуулгыг дүгнэвэл гэрээгээр тохирсон талуудын тохиролцоо, тодорхой цаг хугацааны дотор гэрээний зүйлийг шинээр бий болгож байгаа үйл явц, тийнхүү бий болсон үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгч байгаа зэргээс энэхүү гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байна гэж үзэхээр байна.

 

            Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

            Хариуцагч “***” ХХК нь гэрээнд заасны дагуу Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны 2 давхрын ** тоот 3 өрөө орон сууцыг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу улсын комисс хүлээн авсан өдөр нэхэмжлэгч З.А***т хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч нар үүнийг үгүйсгээгүй байх тул хариуцагч нь орон сууцыг гэрээнд заасан 2014 оны 04 дүгээр улиралд багтаан барьж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ, нэхэмжлэгч нь дээрх орон сууцны нийт үнэ болох 107,932,500 төгрөгийг төлж, талууд гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.

           

            Харин нэхэмжлэгч нар нь хариуцагч “***” ХХК гэрээнд заасан хэмжээнээс дутуу талбай бүхий орон сууц шилжүүлсэн гэж, хариуцагч нь нэхэмжлэгч нар нь гэрээний үнийг хугацаа хэтрүүлж төлсөн гэж тус тус маргаж байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр 79,95 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барихаар тохирсон байх боловч тус орон сууцны талбайн хэмжээ 73,21 мкв буюу гэрээнд зааснаас 6,74 мкв-аар дутуу болох нь хэрэгт авагдсан “У***” ХХК-ийн сууцны нийт талбайн хэмжилт хийсэн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэхүүхэмжилт хийсэн дүгнэлтийг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэж маргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар эрх бүхий шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, үүнийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл дээрх “У***” ХХК-ийн талбайн хэмжээг тогтоосон баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт биш боловч нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт тул хариуцагч тал үүнийг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад шүүх энэхүү нотлох баримтыг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлгүй юм.            

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т: “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хэмжээ буюу 79,95 мкв талбай бүхий орон сууцны нийт талбайн хэмжээнээс 6,74 мкв дутуу байгаа нь энэхүү хуульд зааснаар ажлын үр дүн биет байдлын доголдолтой байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч буюу хариуцагч “***” ХХК нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч З.А***, Б.Т*** нар нь орон сууцны талбайн дутуу метр квадратын үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.  

            Мөн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т доголдлын улмаас ажмлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахыг захиалагч шаардах эрхтэй байхаар заажээ.

            Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн тайлбараас үзэхэд нийт 79,95 мкв талбай бүхий орон сууцыг захиалж, энэ хэмжээнд тохирох үнэ болох нийт 107,932,500 төгрөгийг хариуцагчид төлсөн, харин талбайн хэмжээ гэрээнд зааснаас 6,74 мкв-аар дутуу  байгаа тул дутуу хэмжээний төлбөр 9,099,000 төгрөгийг гаргуулна гэж байгаа бөгөөд энэ нь дээрх хуульд заасан доголдлын улмаас орон сууцны үнэ буурсан гэж үзэж, илүү төлсөн хөлсийг буцаан гаргуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлтэй байна. 

 

 Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т зааснаар гүйцэтгэсэн ажилд нь ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш энэ зүйлд заасан хугацааны дотор гаргах бөгөөд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь орон сууц тул орон сууцыг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот гэрээнд заасан орон сууцны талбайн дутуу хэмжээнд буюу нийт 6,74 мкв-д ногдох 9,099,000 төгрөг /орон сууны нийт үнэ хэмжээгээр тооцож, 107,932,500 төгрөг / 79,95 мкв x 6.74 мкв/-ийг хариуцагч “***” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч З.А***, Б.Т*** нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Мөн нэхэмжлэгч нар нь “У***” ХХК-иар хэмжилт хийлгэхэд төлсөн 146,000 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөгийг тус тус хохиролд тооцож нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан “У***” ХХК-ийн 2016 оны 02 сарын 21-ний өдрийн кассын орлогын ордер, 2016 оны 04 сарын 04-ний өдрийн Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбараар дээрх зардлууд нэхэмжлэгч нараас гарсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-т: “ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ” гэж заажээ.

Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч “***” ХХК нь гэрээнд заасан хэмжээнээс дутуу үр дүн хүлээлгэн өгч, гэрээний үүргээ зөрчсөн байх тул үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч З.А***, Б.Т*** нар учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцохоор заасан байгаа тул хариуцагч “***” ХХК-иас хэмжилт хийлгэсний төлбөр 146,000 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй байна.   

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч З.А***, Б.Т*** нарын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч “***” ХХК нь нэхэмжлэгч З.А***аас гэрээний үүрэг зөрчсөний алданги 4,209,348 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад 3,237,960 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул энэхүү багасгасан хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэсэн болно.

            Хариуцагч “***” ХХК нь сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг З.А*** нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл 75,552,750 төгрөгийг төлөхөөр тохирсон боловч компани орон сууцыг 2014 оны 12 сарын 10-ны өдөр З.А***т хүлээлгэн өгсөн, харин З.А*** нь дээрх төлбөрийг 20*** оны 01 сарын 08-ны өдөр төлж, гэрээнд заасан хугацаанаас буюу орон сууцыг хүлээн авсан өдөр болох 2014 оны 12 сарын 10-ны өдрөөс 20*** оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаа хэтрүүлэн төлсөн тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу тооцож, алданги 3,237,960 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

            Нэхэмжлэгч нар нь гэрээнд заасны дагуу 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр урьдчилгаа 30 хувь болох 32,379,750 төгрөг, 20*** оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үлдэгдэл төлбөр 70 хувь болох 75,552,750 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны орлогын мэдүүлэг, Голомт банкны дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд төлсөн төлбөрийн хэмжээ, хугацааны талаар маргаагүй болно.

            З.А***, Б.Т*** болон “***” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.2-т: “Захиалагч нь гэрээний 4.7-д заасан үүргээ биелүүлээгүй 45 хоногоос дээш хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж заажээ.

           

            Дээрх гэрээний заалтаас үзэхэд захиалагч нь гэрээнд заасан хугацааг 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь урьдчилгаа төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлсөн, үлдэгдэл төлбөрөө гэрээнд заасан хугацаанаас 30 хоног хэтрүүлэн төлсөн байгаа нь дээрх гэрээний заалтын дагуу алданги тооцох үндэслэл үүсээгүй байна.

            Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д “захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 70 хувийн төлбөрийг Улсын комисс хүлээн авсанаас хойш 1 сарын дотор “***” ХХК-ийн дансанд төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтанд

оруулах улсын комиссын актаар орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн, нэхэмжлэгч нар нь үлдэгдэл төлбөрийг 20*** оны 01 сарын 08-ны өдөр төлсөн байгаа нь нэхэмжлэгч нарыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нар нь гэрээнд заасан хугацаандаа үүргээ бүрэн биелүүлсэн байх тул энэхүү хуульд заасны дагуу алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Иймд хариуцагч “***” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*** дугаар зүйлийн 1***.1, 1***.2.1, 1***.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 353 дугаар зүйлийн 353.2-т тус тус заасныг баримтлан  хариуцагч “***” ХХК-иас нийт 9,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.А***, Б.Т*** нарт олгож, хариуцагч “***” ХХК-ийн нэхэмжлэгч З.А***т холбогдуулан гаргасан 3,237,960 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч З.А***, Б.Т*** нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,950 төгрөг, хариуцагч “***” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,290 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “***” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 162,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.А***, Б.Т*** нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.ОЮУНЦЭЦЭГ