Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 352

 

 “А м” ХХК-ийн гомдолтойТатварын ерөнхий

газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын

газрын татварын улсын ахлах байцаагч

Д.Б, татварын улсын байцаагч Б.Т нарт

холбогдох зөрчлийн хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                        Д.Мөнхтуяа

                                              П.Соёл-Эрдэнэ

                                              Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

Гомдлын шаардлага: "Татварын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 211820055 тоот шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсгийн 3-т заасан зөрчилд ногдуулсан 1,664,614,603.30 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0423 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0468 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, А.И, Р.Х, Э.У, хариуцагч Д.Б, Б.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0423 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.3.4-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “А м”ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Д.Б, татварын улсын байцаагч Б.Т нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 211820055 тоот шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсгийн 3-т заасан зөрчилд ногдуулсан 1,664,614,603.30 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0468 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэмжээний актын бүртгэлд бүртгэгдээгүй Сангийн сайдын 2007 оны 86 дугаар  тушаалаар батлагдсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал”, 2015 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Бодит үнэ тооцох аргачлал” зэрэг нь хэдий эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй буюу хуулийн хүчин төгөлдөр бус журмаар татвар ногдуулж болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа шийдвэр гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлээр тус тус хүүгийн орлогын хэмжээг тооцох боломжтой байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Харин давж заалдах шатны шүүхээс зээл болон зээлийн хүүг тооцоход анхан шатны шүүхээс хангалтгүй нотлох баримтыг цуглуулж, үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэн хэргийг анхан шатны шүүхэд буцаасан шийдвэрийг гаргасан байдаг.

Давж заалдах шатны шүүхийн магадлалтай холбоотойгоор, нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй гэсэн үндэслэлийг няцаах нь:

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүнээс үүдэлтэй хохирол бий эсэх, хууль, журмаар хангалттай зохицуулагдсан болон өөрийн эрх чиг үүрэгт хамааралтай эсэх зэрэг нөхцөл байдлыг олж тогтоон, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д “энэ хуулийн 24.1-д бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу татварын байцаагч нар өөрийн үйлдсэн шийтгэлийн хуудасны үндэслэлээ нотлох баримтаа хангалттай, хуулийн дагуу цуглуулсан байх үүрэгтэй юм.

4. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж зааснаар зөрчил шалгах явцдаа нотлох баримтаа цуглуулан зөрчлийг баримтжуулах бөгөөд  мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д ”эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж тус тус заасан бөгөөд эдгээрээс үзэхэд татварын байцаагч нар нь шийтгэлээ ногдуулах (шийтгэлийн хуудас үйлдэх)-аас өмнө нотлох баримтаа аль хэдийн бүрэн, хангалттай бүрдүүлсэн байх шаардлагатай, хэрэв бүрдээгүй бол шийтгэл ногдуулж болохгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нотлох баримт дахин бүрдүүлэхээр буцааж байгаа нь хариуцагчийг нотлох баримтыг нөхөж цуглуулах, шинээр бий болгохыг оролдох, улмаар манай компанийг заавал буруутгахыг хичээсэн, захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг илтэд хамгаалсан магадлалыг гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, байцаагч нарын зүгээс манай компанийн зээлд тооцох зах зээлийн хүүг тогтоохдоо Сангийн сайдын 2007 оны 86, 2015 оны 323 дугаар тушаалаар батлагдсан журмуудыг баримталсан, уг журамд заасан харьцуулагдах үнийн аргыг ашигласан, энэ аргын дагуу бусад (“М с”, “О т”, “Э Ж Э” зэрэг) компаниудын зээлийн хүүгийн хэмжээг жишиг болгон тогтоосон гэдэг тайлбарыг анхнаасаа байцаагч нар хийдэг боловч, харин тухайн харьцуулалт хийсэн зээл нь үнэхээр тийм хүүтэй, харьцуулалт хийх боломжтой эсэхээ нотолсон гэрээ зэрэг бичгийн нотлох баримт байгаа эсэхийг өмнөх шатны шүүхүүдээс шаардахад “тухайн мэдээлэл нь байгууллагын нууц учраас та нарт өгөх боломжгүй” гэсэн тайлбар (үүнийг өмнөх шатны хурлын дуу бичлэгээс сонсож болно)-ыг хийсээр байхад давж заалдах шатны шүүхээс тухайн байцаагч нарт ерөөс байгаагүй, одоо ч гаргах боломжгүй, анхнаасаа ийм харьцуулалтыг хийгээгүй гэдэг нь маш тодорхой байхад уг мэдээллийг шаардан анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь манай компанийг заавал буруутгах зорилго агуулж, хүндрэл чирэгдэл учруулсан үйлдэл болсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

5. Мөн харьцуулсан гэгдэж байгаа тэдгээр зээл нь тухайн компаниудын гадаад улсын хөрөнгө оруулагч нараас авсан зээл бөгөөд харин дотоодын болох өөрийн охин компаниудад дамжуулан олгосон зээл огтоос биш юм. Тиймээс манай тохиолдол бол Монгол Улсын 2 аж ахуйн нэгжийн хоорондын зээлийн асуудал учраас анхан шатны шүүхээс тухайн гэрээ нь хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж үзэн хууль тайлбарлах, түүний хэрэглээний асуудлаар илүүтэй үнэлэлт, дүгнэлт хийсэн гэж ойлгож байна. Харин хууль хэрэглээний асуудалд давж заалдах шатны шүүхээс нарийн дүгнэлт хийгээгүй ба нэхэмжлэл болон давж заалдах гомдлын үндэслэл болох татварын байцаагчийн хуулиас давсан ажиллагааг хуулиар зөвшөөрөгдөөгүй аргачлал ашиглан гүйцэтгэж, түүндээ тулгуурлан үлэмж хэмжээний төлбөрийг манай байгууллагаас гаргуулах захиргааны акт үйлдсэн тухай асуудлыг огт авч хэлэлцээгүй бөгөөд харин ч эсрэгээр нь тухайн хууль бус үйлдлийг зөв хэмээн баталгаажуулах гэсэн мэт нотлох баримт дээр ач холбогдол өгсөн байдаг. Хэрэв актын үндэслэлээ нотолж чадахгүй байгаа бол “А м” ХХК-ийг буруутгах үндэслэл огт байхгүй. Харин актаа гаргасныхаа дараа, араас нь нотлох баримтаа цуглуулдаг үйлдэл хууль тогтоомж, захиргааны эрх зүйд байж болохгүй. Энэ үйлдлийг таслан зогсоох ёстой, захиргааны шүүх хараагүй мэтээр дахин шалгах ажиллагаа явуулах ёсгүй юм. Хэрэв актаа үйлдсэнийхээ дараа нотлох баримтаа цуглуулбал, процессын хувьд ноцтой алдаа гарган, тухайн акт илт хууль бус болох асуудал хүртэл яригдах учиртай. Энэ утгаараа бид давж заалдах шатны шүүхэд хариуцагч нарт анхнаасаа нотлох баримт ерөөс байхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэснээс бус, харин шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэдэг утгаар гомдол гаргаагүй.

 6. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээний актын бүртгэл хийгдээгүй буюу хуулийн хүчин төгөлдөр бус журмаар татвар ногдуулсан талаар гомдлыг давж заалдах шатны шүүх авч хэлэлцээгүй талаар, Татварын ерөнхий хууль /2008/-ийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно”,  мөн хуулийн 48.1.1-д “бодит үнийн арга”,  48.1.2-т “жишиг үнийн арга” 48.6-д  “Татварын ногдлыг шууд бүс аргаар тодорхойлох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус заасан байдаг. Эндээс үзэхэд шууд бус ногдлыг тодорхойлохын тулд тодорхой аргачлалын дагуу заавал хийх ёстой. Хэрэв энэ аргачлал байхгүй бол яаж, хэрхэн, хэн, хэзээ, ямар арга ашиглах нь тодорхой бус болж, хүчээр, дур зоргоор авирлах нөхцөл байдал бий болох аюултай. Уг аргачлал үнэхээр хэрэггүй, уг 48 дугаар зүйлээр дангаар нь татварыг хангалттай ногдуулж болдог юм бол Засгийн газрын гишүүнд аргачлал гаргахыг хуульд заавал заах шаардлагагүй. Тиймээс энэ бол хуулиар заасан гарцаагүй шаардлага, үүрэг юм.

7. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 18 дугаар хуудасны 2 дахь дэд хэсэгт “хуулиар эрх олгогдсон этгээдийн тушаалаар батлагдсан аргачлал нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй, дээрх аргачлалууд нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй” гээд аргачлал нь хүчингүй гэж тодорхой дүгнэсэн хирнээ, яагаад дээр дурдсан, хэрхэн, яаж ажиллах нь тодорхой бус асуудлууд хэвээр байхад, түүнд дүгнэлт хийлгүйгээр хариуцагч нарт Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 болон 48.1.2-т зааснаар шууд бусаар татварыг ногдуулж болно гэж үзэж шийдвэрээ гаргасныг  бид ойлгоогүй. Гэтэл дээрх хуулийн 48 дугаар зүйлд зээлийн зах зээлийн хүүгийн хувь, татварын хэмжээ нь ямар байх, ямар аргаар хэн тооцох  зэрэг чухал асуудал огт тусгагдаж, тодорхойлогдоогүй байна. Эдгээр нь байцаагч нарт хуульгүйгээр, дураараа ажиллаж болохыг зөвшөөрсөнтэй адил бөгөөд энэ мэт зүйлийг гаргахгүйн үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйл “хуулиар ногдох татвар төлөх”, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйл “татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэж хууль бус аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус заасан байдаг. Энэ талаар бид давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо тусгасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-д “захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д “энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж тодорхой заасан байтал давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй орхигдуулсан.

8. Мөн хариуцагч, нарын зүгээс “А м” ХХК-ийн хөрөнгө оруулагч болох Агеva mines SA болон Mitsubishi корпорацаас авсан Либор+6 хувийн хүүтэй зээлтэй харьцуулан 6 хувь байх ёстой гэдэг /шийдвэрийн 12 хуудас/ боловч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан этгээдүүд хоорондоо зах зээлийнхээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан буюу шилжүүлсэн, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварын алба нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно” гэж заасан, үүнээс харахад тухайн харьцуулагдаж байгаа этгээдүүд нь хоорондоо ямар нэгэн хамааралгүй этгээдүүд байхаар заасан. Гэвч байцаагч нарын тайлбараар өөрийг нь өөртэй харьцуулаад энэ бол зах зээлийг үнэ гэж болохгүй. Тиймээс уг заалтын дагуу шууд бус үнийг тодорхойлсон гэдэг нь шууд үгүйсгэгдэх бөгөөд харин шүүхийн шийдвэрт тусгасан /хуудас 18/ шиг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтаар дангаар нь нөхөн татварыг тооцож болохгүй. Дээрх үндэслэлийг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган хэргийг нэг мөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.

10. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнээгүй болон буруу дүгнэсэн зарим үндэслэлийг тодруулах шаардлагатай гэж үзлээ. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал”, 2015 оны 353 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Бодит үнэ тооцох аргачлал” нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний актад хамаарахгүй.

11. Учир нь, дээрх аргачлал нь захиргааны хэм хэмжээний актад байх “нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан”, “гадагш чиглэсэн” гэсэн шинжийг агуулахгүй, тодруулбал, эдгээр аргачлалаар татвар төлөгчид шинээр эрх, үүргийг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгоогүй буюу шинээр эрх зүйн харилцаа үүсгээгүй, харин хуулиар нэгэнт тогтоосон татварыг тооцох жишиг буюу бодит үнийг тодорхойлоход чиглэгдсэн, хуулийг хэрхэн хэрэглэх талаар татварын байцаагч нарт тайлбарласан буюу чиглэл болгосон шинжтэй дотогш чиглэсэн акт юм.

12. Иймд, дээрх аргачлалыг бусад захиргааны хэм хэмжээний актын адил Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх шаардлагагүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан “эдгээр аргачлалуудыг ямар шалтгаанаар бүртгээгүй болохыг анхан шатны шүүх тодруулаагүй, бүртгээгүй шалтгааныг тодруулах” гэсэн нь шаардлагагүй, харин “анхан шатны шүүх хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй учраас эрх зүйн үйлчлэлгүй гэж дүгнэн, уг аргачлалыг хэрэглээгүй нь үндэслэл муутай байна, “шууд бус үнийг тогтооход уг аргачлалыг хэрэглэсэн нь буруу” гэх гомдлын үндэслэлд дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай” гэсэн нь зөв байна.

13. Тодруулбал, хариуцагч нараас маргаан бүхий актаар ногдуулсан төлбөрийг тооцохдоо Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал”, 2015 оны 353 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Бодит үнэ тооцох аргачлал”-аар жишиг үнийг тооцсон гэж маргаж байхад анхан шатны шүүх эдгээр аргачлалуудыг “эрх зүйн үйлчлэлгүй” гэсэн үндэслэлээр огт дүгнэлт өгөөгүй нь буруу байна. Иймд, “аргачлал хүчин төгөлдөр бус тул хэрэглэх ёсгүй” гэсэн утгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 6, 7-д заасан гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй. 

14. Нэхэмжлэгч анхнаасаа “А м” ХХК болон “К г” ХХК-иудын хооронд хийгдсэн зээлийг хөрөнгө оруулалт гэж маргасан байхад анхан шатны шүүх улсын байцаагчийн үндэслэсэн гэх тус компаниудын санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл, ерөнхий дэвтэр, холбогдох санхүүгийн баримтуудыг цуглуулж дүгнэлт өгөөгүй нь, мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-ийн дагуу маргаан бүхий акт хууль ёсны гэж дүгнэсэн атлаа уг зүйлд заасан “...татварын алба нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно” гэснийг хариуцагч хэрхэн хэрэгжүүлсэн, өөрөөр хэлбэл зээлийн хүүг 6 хувиар тооцохдоо “ижил төрлийн ажил үйлчилгээ үзүүлж буй харилцан хамааралгүй этгээдүүдийг хэрхэн сонгосон, ямар ажил, үйлчилгээг үндэслэл болгосон” талаарх нотлох баримтуудыг хэрэгт цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн.

15. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “шүүх нотлох зарчим”-ыг бүрэн хэрэгжүүлсний үндсэн дээр хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа, тухайлбал хүн, хуулийн этгээд зөрчил гаргасныг тогтоож, шийтгэл ногдуулахдаа нотлох баримтаа хангалттай бүрдүүлсэн эсэх, тухайн баримт нь үндэслэлтэй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

16. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан болон магадлалд заасан бусад үндэслэлийг шалгаж тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул “давж заалдах шатны шүүх нотлох баримтыг дахин бүрдүүлэхээр буцааж байгаа нь хариуцагчид нотлох баримтыг нөхөж цуглуулах, шинээр бий болгохыг оролдох боломжийг олгосон, улмаар манай компанийг заавал буруутгахыг хичээсэн, захиргааны хууль бус шийдвэрийг илтэд хамгаалсан магадлал гаргасан...” гэх /Тодорхойлох хэсгийн 4, 5, 8/ гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, харин уг гомдолд заасан эргэлзээтэй асуудлуудыг бүрэн тодруулахын тулд холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгөх шаардлагатай.

17. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0468 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ