Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/01455

 

Д.Буянхишигийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04884 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1761 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Буянхишигийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Оюунчимэгт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 410 010 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Буянхишиг, хариуцагч Л.Оюунчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бүрнээ, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Оюунчимэг нь надаас 2015 оны 5 дугаар сараас эхлэн 30 000 000 төгрөгөөс 350 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулан, гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Хамгийн сүүлд надаас 340 000 000 төгрөгийг авч, 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай зээлийн гэрээг байгуулсан.Зээлдэгч Л.Оюунчимэг нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн гэрээнд заасны дагуу өдөр бүр 3 400 000 төгрөгийн эргэн төлөлт хийж байсан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, 3 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг, 3 дугаар сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг, 3 дугаар сарын 09-ний өдөр 5 000 000 төгрөг, 3 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөг, 3 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг нэмж зээлээд, зээлийн нийт дүн 400 000 000 төгрөг болсон.Зээлийн дүн өссөн учир эргэн төлөлтийн хэмжээ өсч хоногт 4 000 000 төгрөг болсон байсан. Зээлдэгч Л.Оюунчимэг нь эргэн төлөлтөө 3 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг төлөөд, түүнээс хойш эргэн төлөлтөө зогсоон, 4 дүгээр сарын 25-ны өдөр нэг удаа 700 000 төгрөг өгч, гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрээд байна. Дээрх зээлийн гэрээг 2015 оны 5 дугаар сараас хойш хийсэн зээлийн гэрээнүүдийн нэгэн адилаар 3 сарын хугацаатай, сарын буюу 30 хоногийн 5 хувийн хүүтэй, зээлийн эхний 30 хоногт өдөр бүр зээлийн гэрээний мөнгөн дүнгийн 1 хувиар эргэн төлөлт хийж явах, зээлийн сүүлчийн 2 сард багтаан зээлийн үлдэгдэл мөнгийг бүрэн төлж дуусгах, нэмж зээл авсан тохиолдолд үндсэн зээлийн хугацааны хүрээнд, гэрээний хавсралтад мөнгө хүлээлцсэн талаар баримт хөтөлж баталгаажуулснаар зээлсэн мөнгөний нийт дүн тодорхойлогдохоор гэрээ хийж байсан. Би өөрийн нөхрийн хамт Л.Оюунчимэг, түүний нөхөртэй удаа дараа уулзаж, утсаар ярьж мөнгөө нэхдэг боловч биднээс авсан мөнгийг бусдад зээлсэн, бусдад хөрөнгө оруулсан, удахгүй өгнө, жаахан хүлээчих гэсээр өдий хүрсэн. Сүүлд гэрээ байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 24 хоногийн хугацаанд нийт 89 250 000 төгрөгийг төлсөн, 3 дугаар сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөг төлөхөөс 1 000 000 төгрөгийг төлж, 3 000 000 төгрөг дутуу төлсөн ба нийт 90 250 000 төгрөгийг эргүүлэн төлж, 309 750 000 төгрөгийн үлдэгдэл дээр зээлийн эхний сарын хүү 18 874 700 төгрөгийг нэмж нийт 328 624 700 төгрөгийн үлдэгдэл болно.Л.Оюунчимэг нь 4 дүгээр сарын 25-ны өдөр 700 000 төгрөг төлснийг хасч, сүүлийн 2 сарын хүү 32 792 470 төгрөгийг нэмж, нийт 360 717 170 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний 5-д заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 328 624 700 төгрөгөөс 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх 30 хоногийн 49 293 690 төгрөгийн алданги тооцож, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн, хариуцагч Л.Оюунчимэгээс нийт 410 010 860 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Буянхишигээс их хэмжээний мөнгө зээлж аваад, буцааж төлөх зээлийн гэрээ биш, хамтран ажиллаж, хамтарч ашиг харсан. Ингээд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Д.Буянхишигээс 30 000 000 төгрөг гэрээ хийж аваад, 5 дугаар сарын 23-наас өдөр бүр 300 000 төгрөг төлдөг болсон. Миний өдөрт хийсэн мөнгийг бөөгнүүлж байгаад 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 30 000 000 төгрөгийг, 6 дугаар сарын 23-ны өдөр 50 000 000 төгрөг, 70 000 000 төгрөгийг тус тус миний дансанд хийсэн. 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1 700 000 төгрөгийг, 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл өдөр бүр 3 000 000 - 4 200 000 төгрөгийг өдөр төлдөг байсан. 265 хоног 3 400 000 – 4 200 000 = 927 500 000 төгрөг ойролцоогоор төлсөн. Д.Буянхишиг нь миний төлсөн зээл, зээлийн хүүг дахин надад зээлж мөнгөө өсгөн 5 хувь нэртэй 12 хувь болгон өсгөж, би тохиролцсондоо хүрэх гэж бусдаас мөнгө зээлж, өөрийн хамаг хөрөнгөө банк, ломбарданд тавьж, өөрт байсан орлогоо бүгдийг Д.Буянхишигт өгч, сүүлдээ дампуурч хүнд байдалд орсон.Гол нь бид хоёрын үндсэн мөнгөөс зээл авсан хүмүүс хугацаандаа мөнгөө өгөхгүй хохирол, алдагдалд орсон. Өнөөдрийн байдлаар би үндсэн мөнгөө ч авч чадахгүй байна. Тухайн үед өөрийгөө хуульч гэх Д.Буянхишигт итгэж өөртөө маш хохиролтой гэрээ хийсэн болохоо өөрөө дарамтлуулж ашиг орлогогүй болсон хойноо ойлгож байна. Энэ үеэс би хүнд байдалд орж эхэлсэн бөгөөд Д.Буянхишиг нь мөнгийг 5 хувь нэртэй 12 хувиар эрчимтэй хүүлж, намайг хохироож эхэлсэн. Түүнээс би хүүтэй мөнгө зээлж аваад ашиглаж хэрэглэсэн зүйлгүй. Харин энэ хүн цаг минут, хоног тутамд маш их ашиг олсон. Би Д.Буянхишигийн нэхэмжлэлд дурдаад байгаа 360 000 000 төгрөг, мөн шаардлагын хэмжээ нэмэгдүүлсэн нийт 410 010 860 төгрөг огт аваагүй.Иймд Д.Буянхишигийн үндэслэлгүй нэхэмжлээд байгаа мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04884 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Оюунчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 407 050 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Буянхишигт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 936 190 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 208 070 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 2 193 323 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1761 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Оюунчимэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 208 004 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасныг шүүх зөрчсөн гэж үзнэ. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос үзвэл мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, сөрөг нэхэмжлэл гаргах гэж байсан талаар, нотлох баримтын үнэлгээний асуудлыг хөндсөн байна. Иймд шүүх хариуцагчийн гомдлын дээрх 3 агуулгад хариулт өгсөн хууль зүйн дүгнэлтийг хийж, гомдолд хамаарал бүхий асуудлыг бүрэн шийдвэрлэх, хэргийг бүхэлд нь хууль зүйн талаас дүгнэлт хийгээгүй алдаа гаргалаа.Магадлалын хянавал хэсгээс үзэхэд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж үзэхгүй” гэж холбогдох хуулийн ерөнхий заалтыг баримтлан дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хайнга, ёс төдий шийдвэр гаргасан гэж үзнэ. Зүй нь анхан шатны шүүх мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй нь ямар үйл баримтаар нотлогдсон, хариуцагчийн зүгээс шүүхэд мэтгэлцэхийн тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан ямар эрх, үүргээ хэрэгжүүлснийг шүүх хүлээн авсан, хариуцагчийн зүгээс гаргасан ямар хүсэлтийг хангасан эсэх, тэр нь хууль зүйн ундэслэлтэй зэрэг хэрэгт цугларсан үйл баримт, цаг хугацааны асуудалтай холбон үндэслэл бүхий дүгнэлт хийх албаны үүргээ хэрэгжүүлээгүй байна.Хариуцагчийн гомдлын нөгөө нэг агуулга болох сөрөг нэхэмжлэл гаргах асуудал нь давж заалдах шатны шүүхийн дүгнээд байгаа мэтгэлцэх зарчимд огт хамааралгүй. Энэ талаар ч шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явц болон шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэж, түүнийгээ албан ёсоор баталгаажуулсан баримт хэрэгт байхад ирээдүйд сөрөг нэхэижлэл гаргаж магадгүй гэх таамаг бодлогоор мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэсэн нэг утгын дор шүүх дүгнэлт хийсэн нь харин гомдл гаргагч хариуцагчийн талд үйлчилсэн шударга бус дүгнэлт боллоо гэж үзэж байна.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч Л.Оюунчимэг нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, татгалзаж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол түүний үндэслэл, нотлох баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцэх үүрэгтэй. Харин шүүх хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үүрэгтэй. Хариуцагчийн мэтгэлцэх эрхийг шүүх хууль бусаар хорьсон, боломж олгоогүй талаар хариуцагч гомдолдоо ямар нэг үндэслэл заагаагүй байна. Иймд хариуцагчид хуулиар олгосон үүргийг эсрэгээр шүүхийн үүрэг болгох хэлбэрээр холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнд холбогдох нотлох баримтыг шүүхэд бүрэн гаргаж мэтгэлцсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт зохигчдоос гаргасан тайлбар, баримтыг шинжлэн судалсан талаар дэлгэрэнгүй заасан. Үүнд хариуцагч Л.Оюунчимэгийн тайлбар, гаргасан нотлох баримтууд ч орж байгаа. Зөвхөн нэхэмжпэгчийн зүгээс гаргасан нотлох баримтыг шүүх дүгнээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх, 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх заалтуудыг хэрэгжүүлээгүй байна.Иймд ямар үндэслэл зааж, шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэдгийг тухайн магадлалаас олж үзэх боломжгүй байна. Зээлийн гэрээний талаар хариуцагч огт маргаагүй тул хүчин төгөлдөр гэрээ болно. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд үндэслэсэн зээлийн мөнгө, тохирсон хүү, түүний тооцоо, төлбөрийн үлдэгдэлийг Л.Оюунчимэг хүлээн зөвшөөрч, гарын үсгээр баталгаажуулсан үйл баримтуудын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 283 дугаар зүйл зэрэг зээлийн гэрээний харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг талууд зөрчөөгүй. Энэ талаар хариуцагч тухай бүр хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулсаар одоо мөнгө хүүлэх ажлаа үргэлжлүүлж, ашиг олсоор байна. Хариуцагч зээл авахгүй байх, төлбөр тооцоог зөвшөөрч баталгаажуулахгүй байх, зээлийн хүүний талаар саналаа хэлж тохиролцох зэрэг эрх нь бүрэн нээлттэй байсан. Харин анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч төлбөрийн чадварын талаар тайлбарлах нь зээлийн гэрээний үүрэг хамааралгүй юм.Хэрэгт цугларсан нотлох баримыг дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, үнэлэлт, дүгнэлт, хууль хэрэглээний асуудлыг давж заалдах шатны шүүх хянахгүй байх эрх зүйн боломжгүй. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсанаар дүгнэлт өгөөгүй бол шүүхийн шийдэрийн үндэслэлийг давж заалдах шатны шүүх буруутгаагүй гэж үзнэ.Иймд давж заалдах шатны шүүхийн 1761 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.Буянхишиг нь хариуцагч Л.Оюунчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 410 010 860 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй болно. Анхан шатны шүүх хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлыг нотолж гаргасан 77 хуудас баримтыг үнэлэхгүй орхигдуулснаар талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн байх ба энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1., 6.3., 6.4.-т зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх ба зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэж, зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох ёстой байна.

Мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.3.-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1761 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 193 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН