Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1761

 

Д.Буянхишигийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04884 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Буянхишигийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Оюунчимэгт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 410 010 860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Буянхишиг

Хариуцагч: Л.Оюунчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Бүрнээ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Буянхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Оюунчимэг нь надаас 2015 оны 5 дугаар сараас эхлэн 30 000 000 төгрөгөөс 350 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулан, гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Хамгийн сүүлд надаас 340 000 000 төгрөгийг авч, 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай зээлийн гэрээг байгуулсан. Зээлдэгч Л.Оюунчимэг нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн гэрээнд заасны дагуу өдөр бүр                  3 400 000 төгрөгийн эргэн төлөлт хийж байсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, 03 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг, 03 дугаар сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг, 03 дугаар сарын 09-ний өдөр 5 000 000 төгрөг, 03 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөг, 03 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг нэмж зээлээд, зээлийн нийт дүн 400 000 000 төгрөг болсон. Зээлийн дүн өссөн учир эргэн төлөлтийн хэмжээ өсч хоногт 4 000 000 төгрөг болсон байсан. Зээлдэгч Л.Оюунчимэг нь эргэн төлөлтөө 03 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг төлөөд, түүнээс хойш эргэн төлөлтөө зогсоон, 04 дүгээр сарын 25-ны өдөр нэг удаа        700 000 төгрөг өгч, гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрээд байна. Дээрх зээлийн гэрээг 2015 оны 05 дугаар сараас хойш хийсэн зээлийн гэрээнүүдийн нэгэн адилаар 3 сарын хугацаатай, сарын буюу 30 хоногийн 5 хувийн хүүтэй, зээлийн эхний 30 хоногт өдөр бүр зээлийн гэрээний мөнгөн дүнгийн 1 хувиар эргэн төлөлт хийж явах, зээлийн сүүлчийн 2 сард багтаан зээлийн үлдэгдэл мөнгийг бүрэн төлж дуусгах, нэмж зээл авсан тохиолдолд үндсэн зээлийн хугацааны хүрээнд, гэрээний хавсралтад мөнгө хүлээлцсэн талаар баримт хөтөлж баталгаажуулснаар зээлсэн мөнгөний нийт дүн тодорхойлогдохоор гэрээ хийж байсан. Би өөрийн нөхрийн хамт Л.Оюунчимэг, түүний нөхөртэй удаа дараа уулзаж, утсаар ярьж мөнгөө нэхдэг боловч биднээс авсан мөнгийг бусдад зээлсэн, бусдад хөрөнгө оруулсан, удахгүй өгнө, жаахан хүлээчих гэсээр өдий хүрсэн. Сүүлд гэрээ байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 2016 оны 03 дугаар сарын    23-ны өдрийг дуустал 24 хоногийн хугацаанд нийт 89 250 000 төгрөгийг төлсөн, 03 дугаар сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөг төлөхөөс 1 000 000 төгрөгийг төлж 3 000 000 төгрөг дутуу төлсөн ба нийт 90 250 000 төгрөгийг эргүүлэн төлж, 309 750 000 төгрөгийн үлдэгдэл дээр зээлийн эхний сарын хүү 18 874 700 төгрөгийг нэмж нийт 328 624 700 төгрөгийн үлдэгдэл болно. Л.Оюунчимэг нь 04 дүгээр сарын 25-ны өдөр 700 000 төгрөг төлснийг хасч, сүүлийн 2 сарын хүү /16 396 235 х 2 = 32 792 470/ төгрөгийг нэмж, нийт 360 717 170 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан.

Зээлийн гэрээний 5-д заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу             328 624 700 төгрөгөөс 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх 30 хоногийн 49 293 690 төгрөгийн алданги тооцож, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн, хариуцагч Л.Оюунчимэгээс нийт 410 010 860 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Буянхишигээс их хэмжээний мөнгө зээлж аваад, буцааж төлөх зээлийн гэрээ биш, хамтран ажиллаж, хамтарч ашиг харсан. Ингээд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Д.Буянхишигээс          30 000 000 төгрөг гэрээ хийж аваад, 05 дугаар сарын 23-наас өдөр бүр 300 000 төгрөг төлдөг болсон. Миний өдөрт хийсэн мөнгийг бөөгнүүлж байгаад 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 30 000 000 төгрөгийг, 06 дугаар сарын 23-ны өдөр 50 000 000 төгрөг, 70 000 000 төгрөгийг тус тус миний дансанд хийсэн. 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1 700 000 төгрөгийг, 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл өдөр бүр 3 000 000 - 4 200 000 төгрөгийг өдөр төлдөг байсан. 265 хоног                              3 400 000 – 4 200 000 = 927 500 000 төгрөг ойролцоогоор төлсөн. Д.Буянхишиг нь миний төлсөн зээл, зээлийн хүүг дахин надад зээлж мөнгөө өсгөн 5 хувь нэртэй 12 хувь болгон өсгөж, би тохиролцсондоо хүрэх гэж бусдаас мөнгө зээлж, өөрийн хамаг хөрөнгөө банк, ломбарданд тавьж, өөрт байсан орлогоо бүгдийг Д.Буянхишигт өгч, сүүлдээ дампуурч хүнд байдалд орсон. Гол нь бид хоёрын үндсэн мөнгөөс зээл авсан хүмүүс хугацаандаа мөнгөө өгөхгүй хохирол, алдагдалд орсон. Өнөөдрийн байдлаар би үндсэн мөнгөө ч авч чадахгүй байна. Тухайн үед өөрийгөө хуульч гэх Д.Буянхишигт итгэж өөртөө маш хохиролтой гэрээ хийсэн болохоо өөрөө дарамтлуулж ашиг орлогогүй болсон хойноо ойлгож байна. Энэ үеэс би хүнд байдалд орж эхэлсэн бөгөөд Д.Буянхишиг нь мөнгийг 5 хувь нэртэй 12 хувиар эрчимтэй хүүлж, намайг хохироож эхэлсэн. Түүнээс би хүүтэй мөнгө зээлж аваад ашиглаж хэрэглэсэн зүйлгүй. Харин энэ хүн цаг минут, хоног тутамд маш их ашиг олсон. Би Д.Буянхишигийн нэхэмжлэлд дурдаад байгаа 360 000 000 төгрөг, мөн шаардлагын хэмжээ нэмэгдүүлсэн нийт 410 010 860 төгрөг огт аваагүй. Иймд Д.Буянхишигийн үндэслэлгүй нэхэмжлээд байгаа мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Оюунчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 407 050 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Буянхишигт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 936 190 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн          2 208 070 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 2 193 323 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулж, мэтгэлцэх боломжоор хангаагүй. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож, нэхэмжлэгчийн гэрээнд өөртөө ашигтай байдлаар засвар оруулснаас маргаан үүссэн талаар тайлбар хийж сөрөг нэхэмжлэл гаргах, нотлох баримт бүрдүүлэх, шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан. Сөрөг нэхэмжлэл гаргахын улсын тэмдэгтийн хураамжид их хэмжээний мөнгө төлөх болж хүнээс мөнгө зээлж 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр буюу шүүх хуралдааны өмнөх өдөр өгөхөд шүүгчийн туслах “өглөө хурал дээр өг” гээд хүлээж аваагүй. Өглөө мөнгөө банкинд мөнгөө тушаагаад 10 минут хоцроод ирэхэд шүүх хурал эхлээгүй байхад орсон боловч намайг оролцуулсангүй. Шүүх хуралдаанаас хоцорсон нь миний буруу боловч учирлаж гуйсаар байтал надад анхааруулга өгөөд оролцуулж болох байсан. Шүүх намайг оролцуулж мэтгэлцэх зарчмыг баримтлан шударга шийдвэр гаргахыг хүсээгүй гэж үзэж байна.

Бидний хооронд байгуулсан гэрээ нь сарын 5 хувийн хүүтэй байсан боловч өдрөөр хүүлж үндсэндээ 12-13 хувийн хүүтэйгээр зээлээ буцаан төлсөн. Түүнчлэн эхний 3 зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан. 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 30 000 000 төгрөгийг 300 000 000 төгрөг болгосон зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулаагүй. Зээлийн гэрээ байгуулсан бүхий л хугацаанд нэхэмжлэгч Д.Буянхишигийн дансанд 300 000 000 төгрөг байгаагүй гэдгийг би баримтаар гаргаж өгсөн. Мөн Д.Буянхишиг 70 гаруй удаагийн үйлдлээр миний дансанд мөнгө шилжүүлсэн, би 300 гаруй удаагийн үйлдлээр түүний дансанд мөнгө шилжүүлсэн байхад шүүх бодит байдалд тулгуурлан нотлох баримтыг үнэлж үзэхгүйгээр, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

Иймд хэт нэг талд илт үйлчилж, хариуцагч талыг мэтгэлцэх, хүсэлт, тайлбар гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах боломж олгоогүй, үндэслэлгүй, шударга бус шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Буянхишиг нь хариуцагч Л.Оюунчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 410 010 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Л.Оюунчимэг нь өөрийн татгалзлаа үндэслэж Хаан банкны депозит дансны хуулга гэх хэргийн 165 – 242 дугаар талд авагдсан 77 хуудас баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ. Эдгээр баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан боловч дүгнээгүй, нэхэмжлэгч нь уг баримтыг үгүйсгэсэн тайлбар гаргаагүй, шүүх асууж тодруулаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

 

Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй гэх гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ..

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Оюунчимэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 208 004 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

 

                                          ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА