Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/01746

 

  2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/01746

              Улаанбаатар хот

    

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                          

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 49/25 тоотод оршин суух, Бэсүд овогт Дамчаабадгарын Буянхишиг /РД-ВС74030909/-ийн,

          Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 59 дүгээр байрны 65 тоотод оршин суух, Их хойд овогт Лагнайдоржийн Оюунчимэг /РД-ДЮ71111381/-т холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 538,244,500 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Хариуцагчийн, зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Буянхишиг, хариуцагч Л.Оюунчимэг, өмгөөлөгч Б.Бүрнээ /шүүхэд төлөөлөх эрх-0315/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Буянхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Оюунчимэг надаас 2015 оны 5 дугаар сараас эхлэн 30 саяас 350 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулан гэрээний үүргээ биелүүлж ирсэн.

Хамгийн сүүлд надаас 340 сая төгрөг авч 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэй, зээлийн эхний 30 хоногт өдөр бүр зээлийн гэрээний мөнгөн дүнгийн 1 хувиар эгүүлэн төлөлт хийх, зээлийн сүүлчийн 2 сард багтаан зээлийн үлдэгдэл, мөнгийг бүрэн төлж дуусгах, зээлийг сар бүрийн 30-ны дотор төлөх нөхцөлтэйгээр, нэмж зээл авсан тохиолдолд үндсэн зээлийн хугацааны хүрээнд дээрх нөхцлөөр гэрээний хавсралтад мөнгө хүлээлцсэн талаар баримт хөтөлж баталгаажуулснаар зээлсэн мөнгөний нийт дүн тодорхойлохоор тохиролцож, гэрээ байгуулсан.

Урд өмнө нь авч байсан зээл гэсэн ийм нөхцлөөр байгуулагдаж, талууд үүргээ биелүүлж хэвшсэн уламжлал тогтсон байсан.

Хариуцагч нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн гэрээнд заасны дагуу өдөр бүр 3,400,000 төгрөг эргүүлэн төлж байсан бөгөөд мөн оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 18-ны хооронд нийт 60 сая төгрөг нэмж зээлээд зээлийн нийт дүн 400 сая төгрөг болсон, мэдээж зээлийн дүн өссөн тул эргэн төлөлтийн хэмжээ өсч хоногт 4 сая төгрөг болсон байсан.

Зээлдэгч нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1 сая төгрөг төлснөөр эргэн төлөлтөө зогсоож, 4 дүгээр сарын 25-ны өдөр 700,000 өгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Би Л.Оюунчимэгтэй 12 удаа зээлийн гэрээ байгуулсан бөгөөд хамгийн сүүлд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан. Анх Л.Оюунчимэгээс зээлийн гэрээний гүйцэтгэлд 360,717,170 төгрөг нэхэмжилж байсан.

Анхны нэхэмжлэлээс харахад зээлийн нийт үлдэгдэл 309,750,000 төгрөг, зээлийн эхний сарын хүү 18,874,700 төгрөг, сүүлийн 2 сарын хүү 32,792,470 төгрөг, нийт 360,717,170 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 30 хоногийн алданги 49,293,690 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 410,010,860 төгрөг болсон.

Дээрх бодолтоос харахад зээлийн нийт үлдэгдэл дээр эхний сарын хүүг нэмээд /309,750,000+18,874,700=328,624,700 төгрөг/, түүнээсээ сүүлийн 2 сарын хүүг бодож алдаа гаргасан байна. өөрөөр хэлбэл 328,624,700 төгрөгөөс бус 309,750,000 төгрөгөөс сүүлийн 2 сарын хүүг бодохдоо 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 700,000 төгрөгийг хасч 309,050,000 төгрөгөөс хүү тооцохоор байна. Ингэхээр сүүлийн 2 сарын хүү 30,905,000 төгрөг болохын зэрэгцээ нэхэмжлэлийн нийт дүн /309,050,000+18,874,700+30,905,000/  358,829,700 төгрөг болж байна.

Энэхүү 358,829,700 төгрөг нь хариуцагч Л.Оюунчимэгийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн юм. Эндээс зээлийн гэрээний 5-д зааснаар алданги тооцоход нэг хоногийн 1,794,148 төгрөг болж байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 100 хоногийн алданги тооцож 179,414,800 төгрөгийн алдангийг нэхэмжлэл дээрээ нэмж нэхэмжилнэ.

Иймд хариуцагч Л.Оюунчимэгээс 538,244,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь энэ нэг жилийн хугацаанд надаас мөнгө зээлж мөнгө хүүлэх ажилдаа хөрөнгө болгож, бусдад цааш нь 10 хувийн хүүтэй зээлж ашиг орлого хангалттай олсоор байгаа болно гэв.

Хариуцагч Л.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Д.Буянхишигээс 350,000,000 төгрөг авч байгаагүй. Анх би 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 30 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, миний дансаар уг мөнгийг шилжүүлж авсан. Би гэрээний дагуу өдөр бүр нэхэмжлэгчийн данс руу 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл өдөр бүр 300,000 төгрөг хийж байсан.

 2015 оны 6 дугаар сарын 17-нд дахин 30 сая төгрөг зээлж дансаар авсан. Ингээд өдөр бүр Д.Буянхишигийн дансанд 600,000 төгрөг хийдэг байсан. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өмнөх зээлээ нэгтгэн тооцоод 50 сая төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн.

Мөн өдрөө 70 сая төгрөг, 50 сая төгрөгийг цувуулж нийт 120,000,000 сая төгрөгийг өглөө, орой хоёр нэхэмжлэгчийн дансаар шилжүүлэн аваад бид нийт 170,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд би “Гэрээ, хэлцэл” гэж бичсэн баримт үйлдэн 170 сая төгрөгийг дансаар авсан, өдөрт 1,700,000 төгрөгөөр төлнө гэж бичиж өгсөн. Гэтэл 50 сая төгрөгийг бэлнээр гэж бичээд будлиан үүсгэсэн. Д.Буянхишиг үүнийг өөрөө гараараа бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Зээлийн гэрээнд бэлнээр гэж бичсэн боловч уг мөнгийг би бэлнээр шилжүүлж аваагүй.

Д.Буянхишигийн 5 хувийн мөнгө нь 12-15 хувь болон өдрийн мөнгө болон өсөж түүний дансанд өдөр бүр мөнгө ордог болсон. Нэхэмжлэгч нь миний түүнд төлж байгаа мөнгийг эргүүлээд надруу хоногоор хүү тооцон шилжүүлдэг байсан. Тэрнээс бөөнд нь ийм бэлэн мөнгө байгаагүй.  Би авсан мөнгөө бүгдийг буцаагаад хүү, алдангитай нь төлж барагдуулсан. Мөнгийг дандаа дансаар авч байсан.

Би нэхэмжлэгчид 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 1,800,000 төгрөг, 6 дугаар сарын 17-ноос 23-ны өдрийг хүртэл 5 удаа 600,000 төгрөг буюу 3 сая төгрөг, 1 удаа 883,750 төгрөг, 83,000 төгрөг, нийт 3,966,750  төгрөг дансаар төлсөн.

2015 оны 6 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 9 удаа 1,700,000 төгрөг, 2,800,000, 3,000,000 төгрөг гээд нийт 22,100,000 төгрөг төлсөн.

Тэгээд нэхэмжлэгч Д.Буянхишиг 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 300 сая төгрөгийн гэрээ хийсэн. Би яаж тооцоод ийм мөнгө гарсныг ойлгоогүй. 

8 дугаар сард Д.Буянхишигээс нийт 127,167,000 төгрөг орж ирсэн, би буцаагаад 143 сая төгрөг төлсөн, 9 сард 173,904,000 төгрөг орж ирснээс 173,900,000 төгрөг, 10 сард 116,350,000 төгрөг орж ирснээс буцаагаад 137 сая төгрөг, 12 дугаар сард 100,500,000 төгрөг орж ирсэн, үүнээс 117,800,000 төгрөг болгон буцааж төлсөн. 2016 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд 42,285,000 төгрөг орж ирсэн, буцаагаад 66,400,000 төгрөг тус тус төлсөн.

Үүнээс харахад нэхэмжлэгчээс 895,490,000 төгрөг орж ирснийг би 908,667,000 төгрөг болгон төлсөн байдаг. Нэхэмжлэгч Д.Буянхишигт 12,576,750 төгрөг илүү шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Оюунчимэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Би Д.Буянхишигтэй 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 30 сая төгрөгийг бэлнээр хүлээн авч зээлийн гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн, гэрээний үүргээ тухай бүрт нь биелүүлж байсан.

Гэтэл 6 дугаар сарын 23-ны өдөр 170 сая төгрөгийг дансаар хүлээж авсан гэсэн утгатай хэлцэл хийж гарын үсэг зурсан. Үнэн хэрэгтээ уг мөнгийг бодитоор аваагүй. Үүнээс хойш гэнэт асар их мөнгөний төлбөрт орж, тооцоо, өглөг, авлага нь учир утгаа алдаж эхэлсэн. Д.Буянхишигийн шүүхэд гаргаж өгсөн материалд миний гараар бичсэн “Гэрээ, хэлцэл”-д “бэлэн” гэдэг үг нэмэгдэж би төөрөгдсөн болохоо олж мэдсэн.

Энэ хэлцлээс болж би асар их хэмжээний хохиролд орж, нэхэмжлэгч үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна.

Иймээс 170 сая төгрөгийг бэлнээр аваагүй байж авсан мэтээр өөрт илт хохиролтой хийсэн гэрээ хэлцэл гэх баталгаа бичиж өгсөн, үүнийг үндэслэн хийсэн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.Буянхишиг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ. Бид өмнөх зээлийн гэрээг дүгнээд Л.Оюунчимэг нь надад 50 сая төгрөг өгөх үлдэгдэлтэй байсан. Нэмээд би дансанд нь 120 сая төгрөг шилжүүлэн нийт 170 сая төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ шинээр байгуулж, гарын үсгээ зурцгаасан бөгөөд хариуцагч нь мөнгө авснаа баталгаажуулан өдрийн 1,700,000 төгрөг төлөхөөр тохиролцон авсан тухай баримтыг өөрийн гараар үйлдэж өгсөн.

Тухайн үед энэ бичиг дээр өмнөх тооцоог бэлэн авснаар тооцож явна гэчихээд бичихдээ орхигдуулахаар нь би хэлж байгаад нэмж бичсэн байсан. Ер нь бол маргаад байгаа бэлэн гэсэн үг байсан байгаагүй 170 сая төгрөгийг хүлээж авсан гээд Л.Оюунчимэгийн бичиж өгсөн дээрх баримтуудын агуулга өөрчлөгдөнө гэж байхгүй.

Сая шүүх хурал дээр 170 сая  төгрөг зээлж авсан гэдгээ өрөө хэлчихлээ. Хэрэгт нотлох баримт байгаа

Хариуцагч нь надад 800 гаруй сая төгрөгийг төлсөн гэж бичжээ. Төлсөн зээлээ буцааж зээлээд байхаар давхардсан тооцоогоор ийм дүн гарах нь ойлгомжтой шүү дээ. Би ч гэсэн Л.Оюунчимэгт өгсөн нийт зээлээ нэмээд бодохоор 3 тэрбум гаруй төгрөг өгсөн дүн гарч байна.

Иймд үндэслэлгүй зүйл ярьж байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.Буянхишиг нь Л.Оюунчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 538,244,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл /хх-1, 295 дугаар хуудас/,

          Хариуцагч Л.Оюунчимэг, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. /хх-352 дугаар хуудас/

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Буянхишиг нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийг гэрээг үндэслэн хариуцагчаас үүргийн гүйцэтгэл шаарддаг бөгөөд хариуцагч тал татгалзаж, үндэслэлээ “... зээлийг бэлнээр хүлээж аваагүй, ... ийм хэмжээний мөнгө авч байгаагүй, миний төлж байсан мөнгийг буцаан шилжүүлж байсан ..., ... зээлийг алдангийн хамт төлж дууссан,  ...” гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох”-оор заажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд зохигчид нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 340,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр төлөх нөхцөлтэйгээр байгуулж, мөнгө хүлээлцсэн баримт үйлдэн гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /хх-4-5 дугаар тал/

Дээрх гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байгаа хэдий ч уг гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Буянхишиг нь хариуцагч Д.Оюунчимэгт 340 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх үйл баримт баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн үндэслэлээ үнэн зөв болохыг нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Учир нь Л.Оюунчимэг, Д.Буянхишигээс анх 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 30 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, зээлийн гэрээ байгуулан, улмаар мөнгийг хүлээж авснаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

Үүнээс хойш талууд хэд хэдэн удаа зээлийн гэрээ бичгээр байгуулан, мөнгө хүлээлцсэн баримт үйлдсэн байх боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Буянхишигийн ХААН банкны 5006590665 тоот, хариуцагч Л.Оюунчимэгийн ХААН банкны 5315226890 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад нэхэмжлэгч хариуцагч нар нь өмнө өгсөн зээлийн үлдэгдэл, эргэн төлөлтийг хасч тооцохгүйгээр өссөн дүнгээр зээлийн гэрээ байгуулсан болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараар нотлогдож байна. /хх-...

Тухайлбал, хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны хуулгаас харахад 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны туршид нэхэмжлэгч нь зээлийг цувуулан олгож, хариуцагч Л.Оюунчимэг нь буцаан төлөлт хийсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь бусад этгээдээс орсон орлого болон хариуцагчийн төлсөн мөнгийг буцаан шилжүүлж, хариуцагч нь эргэн цувруулан төлж байжээ. /хх-34-94, 98-147, 165-242 дугаар тал/

Шүүх, ХААН банкны депозит дансны хуулгаас нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө, хариуцагчийн төлсөн төлөлтийг тооцоход өссөн дүнгээр нэхэмжлэгч Д.Буянхишиг нь хугацааны туршид хариуцагч Л.Оюунчимэгт 848,678,000 төгрөг шилжүүлж, хариуцагч Л.Оюунчимэг нь нэхэмжлэгчид 849,433,750 төгрөгийн буцаан төлөлтийг тус тус хийсэн байна.

Хэдийгээр зохигчид 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 340 сая төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулж, улмаар хариуцагч нь мөнгө хүлээлцсэн баримт үйлдэн гарын үсэг зурсан байгаа хэдий ч уг мөнгийг бэлнээр шилжүүлж аваагүй болох нь тэдгээрийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болон тайлбараар тогтоогдож байх тул уг гэрээгээр Д.Буянхишиг, Л.Оюунчимэг нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа шинээр үүссэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Д.Буянхишиг нь хариуцагч Л.Оюунчимэгээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу зээл,  зээлийн хүү, алданги шаардах хуулийн үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Л.Оюунчимэг нь нэхэмжлэгч Д.Буянхишигт холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 170,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлээ “... мөнгийг бэлнээр шилжүүлж аваагүй, ... ноцтой төөрөгдсөн, ... миний бичсэн гэрээ, хэлцэл гэсэн баримтад нэхэмжлэгч өөрөө “бэлэн” гэж бичсэн...” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үндэслэлээ “... хүчин төгөлдөр гэрээ, ... “Гэрээ хэлцэл”-д бэлэн гэж миний гараар бичсэн боловч мөнгийг хүлээн авч тооцоо нийлсэн тул ач холбогдолгүй ...” гэж тайлбарлан мэтгэлцдэг.

Шүүх, хариуцагч Л.Оюунчимэгийг зээлийн гэрээ байгуулахдаа ноцтой төөрөгдсөн буюу Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Учир нь Л.Оюунчимэг, нэхэмжлэгч Д.Буянхишигээс 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 30 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, мөн оны 6 дугаар сарын 17-ны өдөр дахин бичгээр гэрээ байгуулан 30 сая төгрөгийг дээрх нөхцлөөр зээлж, мөн оны 6 дугаар сарын 23-ны өдөр 70,000,000, 50,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч улмаар мөн өдрөө өмнөх 60 сая төгрөгийн зээлийн гэрээгээ нэгтгэн дүгнээд зээлийн үлдэгдлээ 50 са төгрөгөөр тооцон, сүүлд цувруулан шилжүүлсэн 120,000,000 төгрөгөө нэмж, 170,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь хэргийн 34-44 дүгээр хуудсан авагдсан бичгийн нотлох баримт болон хариуцагч Л.Оюунчимэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-..../

Хариуцагч Л.Оюунчимэг нь нэхэмжлэгчээс 170,000,000 төгрөгийг хүлээж авснаа баталгаажуулан “Гэрээ, хэлцэл” гэх баримт гараар үйлдсэн байх ба уг баримтад Д.Буянхишиг нь “бэлэн” гэдэг үг нэмж бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүйн гадна хариуцагч өөрөө уг мөнгийг зээлсэн, талууд тооцоо нийлж 170 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг тул гэрээнд “бэлэн” гэж бичигдсэн нь хариуцагчийг ноцтой төөрөгдүүлсэн гэх үндэслэл болохгүй юм. /хх-44 дүгээр тал/

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр  гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасан бөгөөд шүүх талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь уг хуулийн заалтад нийцэж байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч Д.Буянхишигээс зээлсэн 60 сая төгрөгийн үлдэгдлээ тооцон, нэмж зээлсэн зээлийн дүнг оруулан, 170,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг бичгээр байгуулснаар Л.Оюунчимэгийг шилжүүлэн авсан хөрөнгө болох мөнгийг буцаан төлөх үүргээ хүлээн зөвшөөрч, бичгээр мэдэгдсэн гэж үзнэ. 

Иймээс Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Оюунчимэгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,007,189 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 1,007,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Буянхишигийн, хариуцагч Л.Оюунчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 538,244,500 /таван зуун гучин найман сая хоёр зуун дөчин дөрвөн мянга таван зуун/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу хариуцагч Л.Оюунчимэгийн, 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,007,189 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,007,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

               

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ЦЭНД