| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2021/03527/и |
| Дугаар | 210/МА2022/00538 |
| Огноо | 2022-03-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2022/00538
Б.Р-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/00407 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч АНУ-ын иргэн Б.Р-ын нэхэмжлэлтэй хариуцагч “О” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б , Ч.Л , Д.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Америк улсын АНУ-ын иргэн Б.Р-ын нь 2019 оноос эхлэн О сургуульд англи хэлний багшаар ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон ажилтныг ажил олгогчийн санаачилгаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө 30 хоногийн өмнө мэдэгдээгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгчид бичгээр гардуулж өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож байгааг амаар мэдэгдсэн. Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, албан тушаал нь байнгын ажлын байр байхад хариуцагч нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж хууль зөрчсөн атлаа гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуулийг ноцтой зөрчсөн. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалыг захирал Д.Г гэж гаргасан байдаг. Гэтэл тус сургуулийн гүйцэтгэх захирал Б.Б болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог. Тушаал гаргах эргүй этгээд тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна. Ээлжийн амралттай ажилтныг ажлаас чөлөөлөхийг хориглодог байтал уг хугацаанд нь ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт ажлын 6 хоногийн цалин 1,714,284 төгрөг гаргуулах болон ээлжийн амралтын дутуу олгосон зөрүү 2,045,325 төгрөг гаргуулах тухай шаардлагуудаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийг англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Хатчаар уламжлан гадаад багш нарын хөдөлмөрийн харилцааны асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд АНУ-ын иргэн Б.Р-ын хөдөлмөрийн гэрээг сургууль сунгахгүй талаар багш нарт мэдэгдсэн. АНУ-ын иргэн Б.Р-ын “Хатч бид нарын хөдөлмөрийн гэрээг дахин сунгахгүй болсон талаар надад мэдэгдсэн, ажилгүйдлийн тэтгэмж авахад хэрэгтэй бичиг баримтуудаа авъя, миний амралтын мөнгийг бүтнээр нь олговол надад өөр сургуулиас хүсэх зүйл байхгүй, гомдолгүй” гэж дэд захиралд и-мэйл илгээсэн. АНУ-ын иргэн Б.Р-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул талууд гэрээг шинэчлэх, өөрчлөх, сунгах эсэх талаар ийнхүү 30-аас доошгүй хоногийн өмнө ажилтанд мэдэгдсэн, гэрээг түүнээс сарын дараа цуцлах эрх ажил олгогчид үүссэн. Багш нарын ээлжийн амралт 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлсэн, ээлжийн амралтын олговрыг уг өдрөөс ажлын 48 хоногоор тооцож бүрэн олгох тул 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр гэрээг цуцлахад ажилтанд ямар нэг хохирол учрахгүй бөгөөд хугацаа олгож 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр албан тушаалаас нь чөлөөлсөн. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс бүх багш нарын ээлжийн амралт эхэлсэн бөгөөд АНУ-ын иргэн Б.Р-д ажлын 48 хоногоор тооцож ээлжийн амралтын олговрыг бүрэн олгосон, уг олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, тайланг хүргүүлсэн. Бүх ажилчид 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс ээлжийн амралтаа авч, амралтын мөнгөө бодуулж авсан. Иймд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 6 өдрийн цалин дутуу олгосон гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Ажлаас чөлөөлсөн тушаалыг Д.Г гэх нэрээр гаргасан боловч гарын үсгийг түүний өмнөөс Б.Б захирал зурсан. Д.Г нь манай сургуулийн захирлаар ажилладаг. АНУ-ын иргэн Б.Р-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг ч Д.Г захирал байгуулсан. Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл нь хэлбэрийн болон хуульд заасан шаардлага хангахгүй байна. АНУ-ын иргэн Б.Р-той хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах зайлшгүй шаардлагатай байсан. Учир нь гадаадын иргэн тул Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авдаг. Уг зөвшөөрлийг 6 сараар авдаг тул Гадаадын иргэн харьяатын газраас зөвшөөрөл олгох эсэх нь ирээдүйд тодорхойгүй байдаг тул хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцоод хугацаатай байсан. Ингээд хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дууссан тул тухайн жилийн ээлжийн амралтын мөнгөө бүтэн бодуулаад харилцан тохиролцоод ажлаас нь чөлөөлсөн. АНУ-ын иргэн Б.Рнь Монгол Улсад байхгүй, АНУ руу явсан тул ажилдаа буцаж орох сонирхол байгаа эсэх нь тодорхойгүй, ажилдаа орлоо гэж бодоход түүнийг Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг өгөх эсэх нь тодорхойгүй байна. Тэрээр Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хугацаагаа хэтрүүлэн, хууль зөрчиж байсан тул түүнд оршин суух зөвшөөрөл өгнө гэдэг нь эргэлзээтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 14/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч О ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч АНУ-ын иргэн Б.Р-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т гээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т гээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 75,104 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаатай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус гэрээний дагуу нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр буюу хариуцагч хөдөлмөрийн гэрээг хууль бусаар цуцлах хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн ажлын байрыг байнгын ажлын байр гэж зөв дүгнэсэн боловч хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь алдаатай байна. Ийнхүү дүгнэхдээ “Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа 6 сар байдаг, уг хугацааг 6 сараар сунгах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас олгох эсэхээс хамааран ажилтны Монгол Улсад оршин суух хугацаа өөрчлөгдөж болох шаардлага, шалтгааныг харгалзан хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна” гэж үзсэн. Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.3-т заасны дагуу хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух этгээдэд 5 хүртэл жилээр оршин суух зөвшөөрөл олгож болдог. Шүүх эдгээр хуулийн заалтыг огтхон ч харалгүй, ямар нэг нотлох баримтаар баталгаажаагүй хариуцагчийн тайлбарт үндэслэн 6 сараар олгоно гэж дүгнэсэн нь илт алдаатай бөгөөд сонирхлын зөрчилтэй эсхүл илт хууль хэрэглээний чадваргүй ажиллагаа болсон гэж үзэж байна.
Шүүх хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр гэж үзсэн. Гэтэл энэхүү шаардлага, шалтгаан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд байхгүй. Энэхүү нөхцөлийг заагаагүй бол хөдөлмөрийн гэрээг хугацаагүй гэрээ гэж үзэх ёстой байсан боловч шүүх илт хууль хэрэглээний алдаа гаргаж, зөвхөн гарын үсэг зурснаар байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болно гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Шүүх “хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсон талаар талууд харилцан тохиролцсон, зөвшөөрсөн” гэж үзсэн нь алдаатай байна. Хугацаагүй хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуцлах ёстой байсан боловч тухайн арга хэмжээг хэрэглээгүй үйлдлийг талуудын тохиролцоо гэдэг үгээр халхавчилсан нь хуульд нийцэхгүй байна.
4.2.Шүүгч илтэд нэг талыг барьж хуулийг илтэд санаатайгаар буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуралдаанд илтэд нэг талыг баримталсан. Шүүх талууд ажилтныг ажлаас чөлөөлөх өдөр хүртэлх ажилласан хугацааны цалин хөлсийг бүрэн олгосон, ажилтанд 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ээлжийн амралтын олговорт 15,728,243 төгрөг олгосон учраас 2021 оны 09 дүгээр сард цуцлах ёстой байсан. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 30 хоногийн өмнө мэдэгдэл аваагүй, гэрээний хугацааг дуусгавар болгож цуцлах тухай нэмэлт өөрчлөлтөд огт гарын үсэг зураагүй, тийм бичиг баримт байхгүй. Иймд хариуцагч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа хууль буюу гэрээнд заасан журмыг дагаж мөрдөөгүй бөгөөд ээлжийн амралттай байгаа ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж ажлаас халсан. Хэрэглэх ёстой хуулийг шүүх хэрэглээгүй, хуулийн хориглосон заалтыг үл тоож алдаатай дүгнэлт гаргасан гэж үзэж байна.
4.3.“О” ХХК-ийн захирлын тушаал гэх 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тушаал гэх бичмэл баримт нь хуульд заасан эрх зүйн актын шаардлагыг хангаагүй, эрх бүхий этгээд гаргаагүй. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тушаал гаргахдаа 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тасалбар болгон халсан гэж байгаа нь хууль бус байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-д заасныг зөрчиж хуулийг Монгол Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Тушаал гаргасан гэх Д.Г д хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах ямар нэг эрх олгогдоогүй, мөн Д.Г г захирлаар томилсон гэх тушаалыг хариуцагч нөхөж хийх бүрэн боломжтой “нотлох баримт” гэж үнэлэх боломжгүй, мөн уг тушаалаар Д.Г д аль нэг ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх олгоогүй байна. Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Б гэх хүн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байна. Мөн компанийн дүрмээр компанийн гүйцэтгэх захирлын эрх үүргийг тогтоосон байна. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нотлох баримтын хэмжээнд авч үзсэн нь үндэслэлгүй. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон бусад хуулийг баримталсан шийдвэр гаргана гэж заасныг зөрчсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-д заасныг зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хөдөлмөрийн гэрээтэй холбоотойгоор маргах эрхгүй. Учир нь хөдөлмөрийн гэрээний хугацааны асуудал нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 3 сарын дотор шүүхэд гомдол гаргана. Хэрэв энэ талаар маргаан гарсан, хэрвээ ажилтны эрх зүйн байдал дордсон гэж үзвэл хөдөлмөрийн гэрээнд дордсон байгаа асуудлаар 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл 3 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар маргаан үүсгэх ямар ч эрхгүй болсон. Тохиролцоо гэдэг нь гарын үсэг зурсан байгааг тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасантай нийцсэн. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан асуудлаар маргах, гомдох эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилж ажиллуулах боломжгүй ба энэ шаардлага нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ажилдаа эргэж орох сонирхолгүй, өөрөө ажлаа яаж хийдэг байснаа мэдэж байгаа учраас ажилдаа орохгүй гэдгээ хүлээн зөвшөөрч явсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардсан нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй, тохирохгүй гэж үзэж байна. Гадаадын оршин суугч болохоор нь 6 сар, 1 жилээр гэрээ байгуулсан нь хариуцагчаас хамаарч байгаа асуудал биш, хэрэгт авагдсан Б.Р-ын оршин суух зөвшөөрлийн хуудсан дээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэж гадаадад оршин суух зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас 6 сараар олгосоны үндсэн дээр гэрээг хугацаатай байгуулдаг. Манай байгууллага гадаадын иргэдийг ялгаварлан гадуурхсан асуудал байхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч АНУ-ын иргэн Б.Рнь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
1. АНУ-ын иргэн Б.Рнь О сургуулийн англи хэлний багшаар 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад “О” ХХК-ийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, сургуулийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.13.2-т заасныг тус тус үндэслэн Б.Р-ыг англи хэлний багшийн үүрэгт ажлаас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, чөлөөлсөн байна. /хх-44/
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаан, хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсныг дараах байдлаар залруулна.
3. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын дээрх 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалд “захирал Д.Г ” гэж албан тушаал, гарын үсгийн тайлал бичигдсэн боловч уг тушаалд хариуцагч “О” ХХК-ийн захирал Б.Б гарын үсэг зурсан нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон.
“О” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Б.Б болох нь хэргийн 21-22 дугаар талд авагдсан тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримтаар тогтоогдсон бөгөөд тус компани нь ном хэвлэл болон ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулах чиглэлээр “О” бүрэн дунд сургуулийг байгуулсан байна.
Тус компанийн үүсгэн байгуулагч Б.Б нь Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын “О” сургуулийн захирлаар Д.Г г 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/01 дугаар тушаалаар томилсон нь Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийг үүсгэн байгуулагчийн томилсон захирал удирдахаар, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт захирал нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй” гэж тус тус заасан байтал хариуцагч байгууллагын дээрх Б/08 дугаар тушаалд ажилтныг ажлаас чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй “О” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Б гарын үсэг зурсан нь хуульд нийцэхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй. /4.3/
Түүнчлэн, Бага, дунд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт зааснаар үүсгэн байгуулагчаас томилсон сургуулийн захирал Д.Г нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй тул “тушаал гаргасан гэх Д.Г д хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрх олгогдоогүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4.3/
Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар цуцлахдаа уг гэрээг дуусгавар болох үндэслэл болон түүнийг хэрэгжүүлэх журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэг нь бий болсон нөхцөлд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан атал энэ хуулийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болоогүй байхад ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал ажил олгогчийн зүгээс гаргасан нь үндэслэлгүй болжээ.
4. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй байгуулах бөгөөд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох талаар зохицуулсан.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан англи хэлний багшийн ажлын байр нь байнгын ажлын байр байх бөгөөд талууд тохиролцож хөдөлмөрийн гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан атлаа уг гэрээг хугацаанаас нь өмнө 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй үндэслэлээ тушаалд заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т нийцээгүй гэж үзнэ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байна. /4.1/
Хэргийн 174-175 дахь талд авагдсан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хариуцагч сургуулийн дэд захирал Б.И-ний /Irmuun Bay/ цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрүүдэд талууд хоорондоо харилцаж байсан бөгөөд нэхэмжлэгч нь “ирэх жил хөдөлмөрийн гэрээ сунгахгүй гэж хэлсэн, хэрвээ гэрээ сунгагдахгүй бол сургууль ажлаас халсан тушаал өгөх, нийгмийн даатгалд хандах” талаар цахим захидал бичиж байсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болсон гэж дүгнэхгүй.
5. Хэргийн 31, 35, 67-68, 92 дугаар тал дахь ээлжийн амралтын мөнгө бодсон тооцоолол, “О” сургуулийн багш нарын амрах хуваарь, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Б.Рнь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс ээлжийн амралт олгосон гэж үзэх үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ээлжийн амралттай байгаа ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хадгална гэж, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосныг ажил олгогч зөрчсөн гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан үндэслэлээр цуцалсан нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б.Р-ыг “О” ХХК-ийн англи хэлний багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцнэ. Шүүх хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх асуудал нь зохигчдын хүсэл зоригоос хамаарах тул уг асуудлыг шүүхийн шийдвэрээр хязгаарлах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. /4.3/
Хэргийн 167 дугаар тал дахь Б.Р нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын цалингийн дундажаар /7,195,000 + 7,195,000 + 5,396,250 = 19,786,250 төгрөг:3 = 6,595,416:21,5 = 306,763 төгрөг/ тооцож нэг сарын цалинг 6,595,416 төгрөг гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нь 50,769,357 төгрөг болох бөгөөд түүнд олгосон ээлжийн амралтын мөнгө 15,728,243 төгрөгийг хасч тооцоход 35,041,114 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт ажлын 6 хоногийн цалин 1,714,284 төгрөг гаргуулах болон ээлжийн амралтын дутуу олгосон зөрүү 2,045,325 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/00407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Р-ыг “О” ХХК-ийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 35,041,114 төгрөгийг хариуцагч “О” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Р-д олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг нөхөн төлж, төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “О” ХХК-д даалгасугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт ажлын 6 хоногийн цалин 1,714,284 төгрөг гаргуулах болон ээлжийн амралтын дутуу олгосон зөрүү 2,045,325 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж,
2 дахь заалтыг “3” гэж дугаарлан, 3 дахь заалтын “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т гээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 75,104 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж олгосугай.” гэснийг “хариуцагч “О” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 333,156 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж, 4 дэх заалтын дугаарыг “5” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ