Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 223/МА2022/00004

 

                                                          

 

Н.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2021/00867 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Жд холбогдох,

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, хариуцагч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр В.Сайнхүүгийн хамтаар 2019 оны 04 дүгээр сард хариуцагч нарт 61 000 000 төгрөг төлж, хариуцагч нараас эрх шилжүүлэх гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамж, 45-51 тоотод байрлах 7 айлын 4900 м.кв талбай бүхий газрыг худалдан авсан. ...Шүүхийн шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Газрын алба эрх шилжүүлэхээр гаргасан өргөдлийг шийдвэрлэж, тус дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/163 тоот захирамжаар уг газрыг 15 жилийн хугацаатай миний бие болон нөхөр В.Сайнхүү нар эзэмшихээр болсон. Хариуцагч Тухайн хашаан дотор байрлах гэрийг захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн тул түр зуур байлгаж байгаач, маргаан дууссаны дараа гэрээ нүүлгэнэ гэсэн боловч өдий хүртэл гэрээ нүүлгээгүй. Тухайн газартаа бид 60 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бетон хашаа барьж, мод тарьж тохижуулсан. Тухайн газар дээрээ байшин барих гэхээр хариуцагчийн бариатай байгаа гэр саад болоод байгаа тул удаа дараа гэрээ нүүлгэхийг шаардсан боловч шаардлага биелүүлэхгүй чирэгдэл учруулж байна. Энэ асуудлаар тус дүүргийн Газрын албанд хандсан боловч Шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгч Н.О надад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/163 тоот захирамжаар эзэмшүүлсэн тус дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан гудамж, 45 тоот хаягт байрлах 1801602312 тоот нэгж талбарын дугаартай эзэмшлийн газарт хууль бусаар байрлаж буй хариуцагч Д.Жгийн гэрийг албадан буулгаж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Жд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба миний бие дараах хүсэлтийг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Н.Оийн нэхэмжлэлийг харьяалал зөрчиж, иргэний хэрэг үүсгэсэн. Миний ээж Д.Ж 2018 онд Улаанбаатар хот руу шилжиж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд амьдардаг болсон. Энэ нь Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05/81 тоот тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Иймд Н.Оийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхийг хүсэж энэхүү тайлбарыг гаргав гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамжны 45 тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий, нэгж талбарын 1801602312 дугаартай, эзэмших эрхтэй газарт байрлах хариуцагч Д.Жгийн гэрийг албадан буулгаж, хууль бус эзэмшлээс газар чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жгаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.От олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг гаргасан давж заалдах гомдолдоо: ...1. Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамж 45-51 тоотод байрлах 7 айлын Д.Ж, Г.Цогтдэлгэр, Д.Гүррагчаа, Д.Отгонтөгс, Д.Цогт-Очир, Э.Ган-Эрдэнэ, Д.Оюунцэцэг нарын эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний газрыг иргэн Сайнхүү нь зарчихаач би авъя гээд удаа дараа 2 жил гуйж биднээс асуугаад байдаг байсан. Манайх ах дүү нарын газар нийтдээ 90 сая төгрөгөөр зарна, газрын маргаантай гэдгээ ч хэлсэн. Тэд биеэрээ ирж нүдээрээ харсан. Дэмбэрэлсүрэн манай хашаанд байхгүй хойгуур гэрээ бариад, нохой тавиад гэрт оруулахгүй байсныг тэд өөрсдөө мэдсээр байж Сайнхүү, түүний эхнэр О нар нь гуйсаар байгаад 30 сая төгрөг буулгаж 61 сая төгрөгөөр, үүнээс 3 сая төгрөгийг татварт өгдөг гээд манайх уг татварын мөнгийг Д.Оюунцэцэг надаас гаргуулж, 58 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. Манай 6 дүү нар илтэд доогуур хямд үнэтэй зарлаа гээд зөвшөөрөхгүй байсан ч за яах вэ гээд зарсан. Зарсны дараа газраа буцааж авъя, гэрээгээ цуцалж, мөнгөө буцааж өгөөд, газраа авна гээд дахин дахин шаардаад байсан.

Ингээд Сайнхүү, түүний эхнэр О нар нь Захиргааны хэргийн шүүхэд манай асуудлаар гуравдагч этгээдээр оролцохдоо хүний хэрүүл уруултай газраа буцааж ав. Мөнгөө авъя гээд худлаа ярьж луйвардаж, мэхэлж авсан байна, газраа буцааж ав гэхээр нь би ах дүү нартай яриад газраа ч авъя, мөнгийг нь өгье, харин ч хямдхан зарсан, зах зээлийн үнээс доогуур зарсан учраас газраа авъя гэж тэдэнд хэлж байсан. Гэтэл Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр манай талд шийдэгдсэн чинь газраа буцаахгүй мөнгөө авахгүй, газар чөлөөл, гэрээ ав гээд байна. Ингэж анхнаасаа дарамтад оруулж, настай ээжийг минь айлгаж ичээснээс болж даралт нь харвасан тул маш их гомдолтой байдаг.

Иймд Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамж, 45-51 тоотод байрлах 7 айлын 4900 м.кв талбайтай газрыг зах зээлийн үнээс хэт доогуур зарж, хэл амаар хэтэрхий их доромжлуулж, гүтгүүлсэн учраас газраа буцааж авахыг манай дүү нар шаарддаг тул манай дээрх газрыг Н.О, түүний нөхөр Сайнхүү нараас буцааж олгуулж авна. Мөнгийг нь бэлнээр буцааж өгч, газрын нэр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч Н.Одоэнчимэгийн гаргасан нэхэмжлэлд дурдсанаар Төв аймгийн Баянчадмань сумын 3 дугаар баг, Нарстын адаг гэх газарт оршин суугч Д.Жд холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Хайрхан 6 дугаар гудамж 45 тоотод байрлах 1801602312 тоот нэгж талбарын дугаартай эзэмшлийн газарт хууль бусаар байрлаж буй хариуцагч Д.Жгийн эзэмшлийн гэрийг албадан буулгаж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлөх шийдвэр гаргуулна уу гэсэн нь үндэслэлгүй. Д.Жгийн оршин сууж буй хаяг Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Хайрхан 6 дугаар гудамж 48 тоот хаягтаа 2018 оноос оршин сууж, амьдарч байгаа учраас нэхэмжлэлийг хариуцагчийн оршин сууж буй харьяалах хаягаар нь шүүхэд нэхэмжлэл гаргах байсан нь хууль зөрчиж Төв аймгийн шүүхэд хандаж, харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд зааснаар хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргана гэснийг зөрчсөн. Энэ талаар Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор Д.Ж нь 2018 онд шилжиж ирсэн, бүх үйлчилгээг энэ хаягаар авдаг, үндсэн иргэн юм гэсээр байтал харьяалал зөрчиж шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өндөр настай ээжийг маань баривчилна гэж айлгаж байгаад нэхэмжлэлийг гарлуулж өгсөн. Настай хүнийг эрэн сурвалжилна гэж дарамталж байгаад 2 цагдаа гэрт нь оруулж, айсандаа бичиг баримтаа ч үзүүлж чадаагүй, хэлж тайлбарлаагүй, шүүхэд өөрөө очиж чадахгүй, охин Оюунцэцэг намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явуулсан. Миний бие Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг даргын тодорхойлолт, Төв аймгийн Чандмань сумын Засаг даргын тодорхойлолт, цахим иргэний үнэмлэхний лавлагааг нь явуулж, шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй, биеийн эрүүл мэндийн хувьд даралт ихсээд, зүрх хүчтэй дэлсээд 11 сарын 12-ны өдрийн 11 цагт цаг авсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг цахимаар явуулсан байхад уг хурлыг хойшлуулаагүй, намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ бүх асуудлыг бичгээр болон амаар дэлгэрэнгүй тайлбарлаж биечлэн шүүх хуралдаанд оролцуулах бололцоогоор хангаагүй, хуульд заасан эрхийг минь 1 талыг барьж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. Уг нэхэмжлэлд дурдагдсан гэр манай ээж Д.Жгийн гэр биш охин Д.Оюунцэцэг миний гэр тул нэхэмжлэлд Д.Жд холбогдуулсан нь үндэслэлгүй юм. Энэ талаар баримт байгаа. Гаргаж өгөх болно гэжээ.

 

                                                     ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Д.Жд холбогдуулан “Н.О надад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/163 тоот захирамжаар эзэмшүүлсэн тус дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан гудамж, 45 тоот хаягт байрлах 1801602312 тоот нэг талбарын дугаартай эзэмшлийн газарт хууль бусаар байрлаж буй хариуцагч Д.Жгийн гэрийг албадан буулгаж, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч Н.Оийн нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд 2021 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирэхийг хариуцагч Д.Жд утсаар удаа дараа мэдэгдсэн, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Хариуцагчийг албадан  ирүүлэх  тухай “ захирамж гаргасан байх бөгөөд  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэгт   2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хуульд заасан эрх, үүргийг  тайлбарлаж танилцуулсан, шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдэж хэргийн материалтай танилцуулсан баримт хэрэгт авагдсан байна.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор буюу 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн атлаа дээрх хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, зөвхөн “...СХД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү“ гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан, байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийнхээ дагуу мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т заасантай нийцэж байна.

Мөн түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж өгөхийг хүссэн   хүсэлтийг шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 20  дугаар зүйлийн 20.1.2-т заасантай нийцсэн,  шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байх ба энэ талаар шүүх  үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэгийн “шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байсан, эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт явуулсан боловч шүүх хуралдааныг хойшлуулалгүйгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийнхээ дагуу мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэгээс “эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтээ бичгээр гаргасан байх боловч уг үйл баримтыг нотлох баримтыг хавсаргаж шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хариуцагчийг хүсэлтийг хүлээн аваагүй нь буруу биш байна.

            Дээрхээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг хүлээн авсан атлаа шүүх хуралдаанд  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийнхээ дагуу мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасантай нийцэж байна.           

Нэхэмжлэгч Н.О нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамжны 45, 46, 47, 48, 49, 50, 51 тоотод байрлах нийт 4900 м.кв талбай бүхий  газрын хууль ёсны эзэмшигч болох нь нэхэмжлэгчийн тайлбар, эрх шилжүүлэгч, эрх хүлээн авагч нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/163 тоот захирамж, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, талбай тус бүрийн нэгж талбарын дугаар,талбайн хэмжээг харуулсан кадастрын зургууд, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан иргэн,  хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнүүд, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд  зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Н.Оийн хууль ёсоор эзэмшилдээ шилжүүлсэн авсан газарт Д.Жавмаагийн гэр байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрэл зургаар тогтоогдож байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Н.О нь  эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд  саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгож, уг саадыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд  энэ талаарх анхан шатны шүүх  дүгнэлт нь Газрын тухай хуул ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасантай нийцэж байна.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хууль болон Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан тухайн маргаанд хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.  

Талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ  маргаантай байгаа болон уг хэлцлийн талаар маргаан үүссэн  хянагдаж байгаа  гэх   үйл баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд уг маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...газраа хямдхан зарсан тул шүүхэд хандаж гэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Н.Оийн хууль ёсны эзэмшил газарт байрлаж байгаа албадан чөлөөлүүлэхийг шаардсан “гэр” нь Д.Жгийн биш болох талаар  хариуцагчаас тайлбар гаргаж мэтгэлцээгүйн дээр Захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдээр оролцсон Д.Ж болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд “...тус газарт Д.Ж нарын 7 иргэний эзэмших Засаг даргын зөвшөөрөлтэй газартаа 2011 оны 10 дугаар сард хашаа тойруулж барьсан .2015 оны 4 дүгээр сард гэр барьж охин Д.Оюунцэцэгийн хамт өнөөдрийг хүртэл байнга оршин сууж байна” гэсэн тайлбар ирүүлсэн зэргээр /1-р хх-55-57тал/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Уг нэхэмжлэлд дурдсан гэр манай ээж Д.Жгийн гэр биш охин Д.Оюунцэцэг миний гэр тул нэхэмжлэлд Д.Жг холбогдуулсан нь үндэслэлгүй“ гэх гомдол үгүйсгэгдэж байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзвэл анхан шатны шүүх Иргэний хууль болон Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчдын хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2021/00867 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

         ШҮҮГЧИД                                                                  М.МӨНХДАВАА

                                                                                            Т.ЭНХМАА